НИЙГЭМ

Монголчуудад дархлаа үүссэн эсэхэд ДЭМБ-ын суурин төлөөлөгч тайлбар өгнө

ДЭМБ-ын Монгол Улс дахь суурин төлөөлөгч Сергей Диордица УИХ-ын даргын хүсэлтээр маргааш буюу тавдугаар сарын 15-ны өдөр Төрийн ордонд мэдээлэл хийхээр болжээ.

УИХ-ын дарга Г.Занданшатар монгол хүн дархлаа сайтай учраас энэ вирус тархах магадлал бага, өнгөрсөн 11-12-р сард энэ вирусээр халдварлаад эдгэсэн, дархлаа үүссэн, одоо байдал намжсан, халдварын эрсдэл үндсэндээ байхгүй болж байна гэсэн буруу ойлголтуудад шинжлэх ухааны үндэслэлтэй зөв мэдээлэл өгөх хүсэлт тавьсан байна.

Энэ дагуу ДЭМБ-ын суурин төлөөлөгч мэдээлэл хийхээр болжээ.

Цаг уурын нөхцөл байдлаас шалтгаалж энэ вирусийн эрсдэл ирэх өвөл гэхэд намжих магадлалтай гэж бид таамаглаж байна

УИХ-ын дарга өчигдөр ДЭМБ-ын суурин төлөөлөгчийг хүлээн авч уулзсан бөгөөд уулзалтын үеэр “Монгол Улсын хувьд хөл хорио тогтоогоогүй, үйлчилгээний байгууллагууд үндсэндээ хэвийн ажиллаж байгаа. Гэхдээ эрсдэл өндөр хэвээр байгаа гэж бид үзэж байна. Дэлхий даяар тархалт намжаагүй, урьдчилэн сэргийлэх вакцин гарч, хүн төрөлхтний амьдрал ахуй эргээд хэвийн байдалдаа орох хугацаа тодорхойгүй байсаар байна. Манай улсын иргэдийн хувьд зарим талаар анхаарал нь суларч, амны хаалт зүүхгүй байх, урин дулаан цаг ирж байгаатай холбогдуулан гадуур их явах зэрэг байдал ажиглагдаж эхэллээ. Иймээс бид Таныг иргэдэд хандан мэдээлэл, зөвлөгөө өгнө үү гэсэн хүсэлт тавихаар урьсан юм” гэжээ.

Ноён С.Диордица Монгол Улсын хувьд хугацаа алдалгүй хилээ хааж, урьдчилан сэргийлэх арга хэмжээг хойшлуулалгүй авч чадсаны зэрэгцээ гаднаас ирсэн болон сэжигтэй тохиолдлыг тусгаарлах, хүмүүс хоорондын харилцаанд зай барих зэрэг горимыг сайн мөрдөж ажилласнаар энэ стандарт зөв юм гэдгийг батлан харууллаа. Гэхдээ ийм хязгаарлалтын үйл ажиллагаа цаашид удаан үргэлжлэх юм бол нийгэм, эдийн засгийн олон салбарт муу нөлөө үзүүлнэ. Дэлхийн улс орнууд бодит жишээн дээр тулгуурлан төрөл бүрийн судалгаа хийж байгаа. Бидний зүгээс ч Монголд хэрхэн нөлөөлөх судалгааг хийж байна.  

БНХАУ-д “Covid-19”-ийн нөхцөл байдал харьцангуй хяналтад орж, харин ОХУ-д байдал амаргүй байна. Ийм үед Монгол Улсын төр, засгаас эдийн засгаа дэмжих арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаа нь сайшаалтай бөгөөд цаг уурын нөхцөл байдлаас шалтгаалж энэ вирусийн эрсдэл ирэх өвөл гэхэд намжих магадлалтай гэж бид таамаглаж байна гэлээ.

Халдвараас хамгаалах вакцин хэдий хугацааны дараа гарах тухай Г.Занданшатарын асуултад ДЭМБ вакциныг албан ёсоор бүртгэх хүртэл 12 сарын хугацаа шаардлагатай гэж үзсэн бөгөөд ирэх сараас тархалт багасна гэж таамаглаж байгаагаа илэрхийлжээ.

Эх сурвалж: УИХ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Нэг сэтгэгдэл

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button