НИЙГЭМСурвалжилга, Нийтлэл

СУРВАЛЖИЛГА: Коронавирусийн халдварын улмаас Замын-Үүдийн 2000-аад жолоочийн ажил нам зогсжээ

УЛСЫНХАА ХИЛИЙГ ТҮШСЭН, ХИЛЭЭС ХАМААРАЛТАЙ ЗАМЫН-ҮҮДЧҮҮД

Монгол Улс коронавирусийн халдварыг дотооддоо алдаагүй байгаа нь яахын аргагүй хамгийн сайхан мэдээ. Дэлхий даяар үүнийг шагшин, манай улсыг сонирхон, судалж байгаа билээ. Монгол орны цаг агаар, монголчуудын амьдралын хэв маяг, хоол хүнснээс авхуулаад гадаадынхны анхаарлыг татаж буй зүйлс олон. Тэглээ гээд Монголд бүх зүйл сайхан байгаа гэж дүгнэвэл өрөөсгөл. Эх орондоо амьдарч буй монголчууд коронавирус тусахгүй байгаа ч эл халдварын сүүдэр олон хүнийг сөхрүүлж, манай иргэдийн амьдралд ихээхэн сөргөөр нөлөөлсөөр байна. МҮХАҮТ-аас тавдугаар сарын эхээр гаргасан судалгаагаар “Коронавирусийн улмаас Монголд гуравхан сарын дотор 46 000 иргэн ажилгүй болсон” гэсэн баримт бий. Энэ тоо өдгөө хэд болсныг барагцаалахад бэрх, цаашид хэдэн орон тоонд хүрэхийг таамаглах аргагүй. Мэдээж коронавирусийн халдварыг ойрын хугацаанд дарахгүй бол шүү дээ.

Хөл хорио тогтоосны улмаас кино театр, музей, галерей зэрэг үзвэр, үйлчилгээний газруудыг түр хугацаанд хаасан. Тэгэхээр тэдгээрт ажилладаг бүх хүн ажилгүй, ажиллах боломжгүй, орлогогүй болсон гэсэн үг.

Коронавирусийн халдвар монголчуудын амьдралд хэрхэн нөлөөлж байна вэ. Уншигч та бүхнээс ингэж асуувал дор бүрнээ тодорхой хариу хэлэх нь тодорхой. Яагаад гэвэл бүх хүний амьдралд их, бага хэмжээгээр нөлөөлж байгаа учраас тэр. Бид энэ удаа коронавирус хөдөө орон нутагт тэр тусмаа Дорноговь аймгийн Замын-Үүд сумын иргэдэд хэрхэн нөлөөлж буйг сурвалжиллаа.

Замын-Үүд сумыг сонгосон нь их учиртай. Коронавирусийн халдварын сүүдэрт хамгийн их даруулж буй иргэдийн төлөөлөл бол яах аргагүй замын-үүдчүүд. Учир нь Замын-үүд сумын иргэдийн дийлэнх нь Монгол, Хятадын хилээс хамааралтай ажил хийж, амжиргаагаа залгуулдаг. Монгол Улс БНХАУ-тай хиллэдэг урд хилээ хоёрдугаар сарын 1-нд хаасан. Түүнээс хойш Замын-Үүд сумынхан хил хэзээ нээгдэх бол хэмээн харуулдан, тодорхой шийдвэр гарахыг хүлээж сууна. Түрүүн тодотгосончлон Замын-Үүд сумын дийлэнх иргэдийн ажил хилээс 100 хувь хамааралтай. Тиймээс тэр бүхний тухай бичвэл нэлээд урт сурвалжилга болох нь гарцаагүй. Тиймээс бид энэ удаа коронавирусийн халдвар Замын-Үүдийн ачаа тээврийн салбарт хэрхэн нөлөөлж буйг онцоллоо.

ХИЛ ХЭЗЭЭ НЭЭГДЭХ БОЛ...

Монгол Улсын ачаа эргэлтийн гол бүс бол Замын-Үүдийн хил. Манай улсын импорт, экспортын бараа бүтээгдэхүүний ихэнх хувь Монгол, Хятадын хилээр дамждаг. Замын-Үүдийн жолоочдыг “УАЗ-469” машинаар л төсөөлдөг байсан цаг саяхан. Тэгвэл БНХАУ-ын талаас “Istana”-г зөвшөөрснөөр эл маркийн машиныг мөн хөлөглөх болсон. Урд хөршөөс жижиглэнгийн ачааг дээрх хоёр маркийн машинаар зөөдөг. Замын-Үүд Эрээний хилээр ачаа зөөдөг, “Istana”-тай 800, “УАЗ-469”-тэй 700-гаад жолооч бий. Хил хааснаас хойш эдгээр иргэдийн ажил өнөөг хүртэл түр зогсоод байгаа юм. Нэг хүний ард нэг айлын амьдрал бий. Үүний сацуу хэдийгээр урдаас том тэргээр ачаа зөөж байгаа ч зөвхөн ТИР-нүүдийг оруулж байгаа юм. Тэгэхээр бага даацын, дан голтой том тэргүүд урд хөршөөс ачаа зөөх боломжгүй. Ийм машинтай 400-гаад жолоочийн ажил мөн зогсжээ. Ерөөсөө тэд хил хэзээ нээгдэхийг л хүлээж сууна. Хил нээгдвэл ажил нь эхэлнэ. Ажил нь эхэлвэл тогтмол орлоготой болж, амьдрал нь өмнөх гольдролоороо үргэлжилнэ.

 Бид жолоочдын төлөөлөл болгон “УАЗ-469” машинаар ачаа зөөдөг Г.Дашдоржтой ярилцлаа.

ЖОЛООЧ Г.ДАШДОРЖ: ХИЛ НЭЭГДЧИХЭЖ МАГАДГҮЙ ГЭЖ ХҮЛЭЭСЭЭР ӨДИЙ ХҮРТЭЛ АЖИЛД ОРООГҮЙ

-Та Зам-Үүдэд амьдраад хэдэн жил болж байгаа вэ?

-Манайх Дорнод аймгаас шилжиж ирсэн. Энд амьдраад таван жил болж байна. Би эхнэр, гурван хүүхдийн хамт амьдардаг.

-Коронавирусийн халдвар танд, танай гэр бүлд хэрхэн нөлөөлж байна вэ?

-Ерөөсөө коронавирусийн халдвар хэзээ дарагдан, Монгол Улс хилээ хэзээ нээх бол гэж л хүлээж сууна. Эхнэр маань Замын-Үүдийн сургуульд багшилдаг байсан. Хэдэн цаасны ашиг нь хамаагүй дээрийг бодолцоод өнгөрсөн жил ажлаас нь гарган, “Istana” авч өгсөн юм. Амьхандаа эхнэртэйгээ хамт Хятадаас ачаа зөөх гээд. Би Замын-Үүдэд ирснээсээ хойш урагшаа давхисан болохоор ачаа сайтай. Монголын хэд, хэдэн дэлгүүрийн обжур, гутлыг зөөдөг. Тэгээд ерөөсөө хоёулаа хамт урд хөршөөс ачаа зөөе гээд эхнэрээ ажлаас нь гаргасан юм.  Бас болоогүй ээ, эхнэртээ зээлээр машин аваад. Гэтэл хоёрдугаар сараас хойш ажил зогсчихлоо. Ядаж байхад сургууль, цэцэрлэгийг хаачихсан болохоор эхнэр ажилдаа буцаад орох боломжгүй. Хүүхдүүд маань нялх, манайх өөр ямар нэгэн орлогогүй. Дансанд хадгалсан хэдэн төгрөгөөрөө л болгож байна. Өөр ажилд орох талаар бодолгүй яах вэ. Сарын дараа хил нээгдчихэж магадгүй, тэгвэл бэлэн байх хэрэгтэй гэж хүлээсээр өдий хүрлээ.

-Тэгэхээр хоёрдугаар сараас хойш танайх ямар ч орлогогүй байгаа гэж ойлгож болох уу?

-Тийм ээ. Монгол Улс хилээ сар, сараар нэмж сунгасаар өдий хүрсэн шүү дээ. Тэр бүхэнд нь хил нээгдчих байх гэж хүлээсээр өнөөдрийг хүрсэн. Үнэнийг хэлэхэд би ямар нэгэн сургууль төгсөөгүй. Ганц чаддаг ажил маань машин барих. Дипломгүй мань мэтийн хүн ажилд орох өнөөгийн нийгэмд ямар хэцүү билээ. Хөөцөлдөж байгаад арайхийж ортол хил нээчихвэл яах вэ. Бусдын ажлыг тэгж “алаад” яах вэ гэж бодоод орохгүй байгаа юм шүү.

-Хил нээлттэй байхад сард хэдэн төгрөгний орлоготой байв?

-Манайх ачаа сайтай болохоор ер нь дажгүй шүү. Эхнэр, бид хоёр нэг өдөрт дунджаар 200-300 мянган төгрөг олчихдог байсан. Монголын томоохон хэдэн дэлгүүр бид хоёроор ачаагаа зөөлгөдөг. Одоо наймаачид ачаандаа явахаа больчихсон. Шууд Монголоос тийм өнгөтэй, тийм загварын бараа авъя гээд урагшаагаа захьчихна. Тэгэнгүүтээ надад “Тэндээс тэдэн ширхэг бараа ачаад, Улаанбаатар руу явуулаарай” гэнэ. Тэгээд л бүх тооцоогоо дансаар хийчихдэг. Хятад дэлгүүрийн эзэн захиалгынх нь дагуу бэлдсэнийг бид ачаад, Улаанбаатар руу илгээдэг. Ингээд ярихаар урдаас ачаа зөөх ёстой амархан, ашигтай юм байна гэж зарим хүн бодож магадгүй. Үнэндээ тийм биш ээ, хэцүү. Монгол, Хятадын байцаагч нарыг царайчлан, олон жолооч нартай зэрэгцэн ачаа олох хэцүү шүү дээ. Ёстой нөгөө Дагваа аваргын хэлдгээр ёстой жинхэнэ алаан байхгүй юу. Замын-Үүдийн жолооч нарын эрх ашгийн талаар дуугардаг хүн үнэндээ өнөөдөр алга. Ямар хүнд нөхцөлд ажилладаг гэж санана.

Байнгын завгүй, бусдын ачааг Улаанбаатар руу түргэн шуурхай илгээчих юм сан гээд цагтай уралдаж явдаг хүмүүс шүү дээ, бид. Наашаа ч, цаашаа ч хил хаах цагтай үргэлж уралдаж явдаг. Гэтэл тэр бүхний зовлонг наймаачид, монголчууд ойлгодоггүй. Монголын нэг наймаачин өнөөдөр урд хөршөөс бараагаа захиаллаа гэж бодъё. Тэрийг нь шууд тэр өдөрт нь Замын-Үүд рүү оруулж ирээд, том тэргэнд Улаанбаатар руу ачуулах үүрэгтэй. Тэгээд л шууд маргааш нь ачаагаа авах хүсэлтэй. Тэгэхгүй бол ачааг нь удаалаа гээд бөөн юм болдог. Бусадтай аятайхан харилцаад, ая эвээр нь байгаад ачаагаа өөр жолоочид алдчихгүй байхыг бодно шүү дээ. Тэгэхээр наймаачид давардаг. Үнэндээ хил хаалаа гэхээр эхэндээ баярласан. Хэд хоног сайхан амраад авъя л гэж бодсон. Гэтэл ийм юм болчихлоо.

-Коронавирусийн халдвар ойрын хугацаанд намжих магадлал бага. Та цаашид хэрхэхээр төлөвлөж байна вэ?

-Харин яадаг юм билээ, байз. Энэ хавар нутагтаа очиж, аавынхаа ямааг нь самналцсан. Үргэлж завгүй, ачаа, бараа гээд гүйж явдаг хүн чинь гэртээ суухаар ёстой эвгүй юм. Одоо хэр дасахгүй л байна. Эхнэрээ нэг дэлгүүрт худалдагчаар оруулахаар хөөцөлдөж байгаа. Би харин яадаг юм билээ. Юу хийх вэ гэж бодоод л байна. Өөр ажил хийх гэхээр цалин нь бага юм. “УАЗ-469”-өөрөө урдаас ачаа зөөх хамаагүй ашигтай, өөрийн дураар амар. Тэглээ гээд ингээд зүгээр суух цаг одоо биш. Хятадаас том тэргээр ачаа зөөхийг зөвшөөрч байгаа. Том тэрэг авдаг юм уу гэж хэсэг эргэлзлээ. Тэгээд том тэргээр Хятадаас Улаанбаатар руу ачаа зөөвөл зүгээр ч юм шиг. Гайгүйхэн ТИР машин авахад багадаа 100-гаад сая төгрөг шаардлагатай. Тэгэхээр бас чанга байна л даа.

-Тан шиг ийм байдалд орсон жолооч хэр олон байгаа бол?

-“Истана”, “УАЗ-469” машин барьдаг бүх жолооч миний адил ажил нь зогссон. Бага оврын ачааны машинтай хүмүүс ч мөн ажилгүй болсон, хил нээтэл. Хил хаасны дараа ихэнх жолооч нутаг руугаа яваад ирсэн. Замын-Үүдийн хөл хөдөлгөөн мэдэхүйц багассан шүү дээ, нэг хэсэг. Одоо үнэндээ хэцүү байна. Би үнэндээ яах учраа олж ядан сууна.

Коронавирусийн халдвар нэгэн жолоочийг ажилгүй, нэгэн гэр бүлийг орлогогүй болгосны нэгээхэн жишээ энэ. Ийм хүнд байдалд орсон, яах учраа олохгүй байгаа олон зуун гэр бүл Замын-Үүдэд бий.

АЧИГЧ Г.АМГАЛАН: ЗАРИМДАА АЧАА НЬ ДУТААД НЭГ МАШИНЫГ ГУРВАН ӨДӨР АЧДАГ

Замын-Үүд сум нэгдсэн карготой. Тус каргонд иргэд нэгдэн, хувиараа ачаа илгээдэг. Ийм төрлийн ажил эрхэлдэг 100-гаад хүн Замын-Үүдэд бий. “УАЗ-469”, “Istana”-гаар урдаас хилээр оруулж ирсэн ачааг Замын-Үүдээс Улаанбаатар рүү том машинаар зөөн, эзэнд нь хүргэж өгдөг гэж ойлгож болно. Тийм илгээгч нар нэг машинаа 200 мянган төгрөгөөр ачуулдаг. Тухайн машиныг ихэвчлэн дөрвөн хүн ачдаг. Нэг ачигч өдөрт тогтмол 50 мянган төгрөгийн цалинтай. Замын-Үүдээс өдөрт цөөндөө 50 гаруй машин Улаанбаатар руу ачаа ачаад гардаг. Тэгэхээр 200 ачигч өдөрт 50 мянган төгрөгийн цалин илгээгчээсээ авдаг гэсэн үг. Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид хүртэл ачаа ачиж өгөөд хэрэглээнийхээ мөнгийг хэнээс ч гуйхгүй олчихдог. Гэтэл хил хааснаас энэ бүхэн бас зогссон.

Ачигч Г.Энх-Амгалан “Би Улаанбаатар руу тогтмол ачаа илгээдэг нэг илгээгчийн ачааг нь ачиж өгдөг. Эхнэрийнхээ дүү, хоёр найзтайгаа хамт дөрвүүлээ ачдаг. Илгээгч ачаа сайтай болохоор машин нь хурдан дүүрдэг, өдөр бүр ачдаг байсан. Урдаас ачаа нь л тасалдахгүй ороод ирвэл машин ачих юухан байх вэ. Хил хааснаас хойш ажилгүй шахам байна. Энд ачаа ачдаг бүх залуус ажилгүй болсон. Жин тонн нь хэтэрсэн машинууд Замын-Үүдэд ачаагаа буулгадаг. Тэгж илүүчилж авсан ачааг л ачиж байгаа. Заримдаа нэг машиныг гурван өдөр ч ачдаг. Ачаа нь дүүрэхгүй, хүлээгдээд удчихдаг юм. За, өнөөдөр дүүрчих байх гээд ажилдаа очдог. Нэг машинтай гурван өдөр зууралдах хэцүү. Тэглээ гээд одоо яалтай билээ. Хийхгүй гээд өөр ажил олдохгүй юм чинь. Тиймээс хийхээс өөр аргагүй" гэв.

АЧАА ИЛГЭЭГЧ Г.МӨРӨН: ҮНЭНДЭЭ ХҮНД БАЙДАЛД ОРООД БАЙНА

Бид Замын-Үүдээс Улаанбаатар руу ачаа илгээдэг Г.Мөрөнтэй ярилцлаа.

-Таны ажил хил хаасны улмаас зогссон уу. Эсвэл тодорхой хэмжээнд хийх боломжтой байгаа юу?

-Ер нь урдаас жижиглэнгийн ачааг суудлын машинаар зөөхийг хориглон, хил хааснаас хойш ажлаа өмнөх шигээ хийх боломжгүй болсон. Хятадаас ТИР-ээр зөөж буй ачаануудыг бүгдийг нь пүүлж байгаад Улаанбаатар руу явах зөвшөөрөл олгодог. Урдаас тогтоосон жингээс илүү ачсан машин Замын-Үүдэд ачаанаасаа буулгадаг юм. Би тэгж үлдээсэн ачаануудыг цуглуулаад машинаа дүүргэн, хойш нь илгээж байна. Эхэндээ овоо дажгүй байсан. Одоо ч хүн бүхэн шахам Замын-Үүдэд ийм аргаар ачаа илгээгээд ханшийг нь унагаачихлаа. Үнэндээ хүнд байдалд ороод байна.

-Өдөр бүр ачаа илгээж байгаа юу?

-Манайх өөрийн гэсэн том тэрэгтэй. Үнэндээ өдөрт машинаа дүүргэж чадахгүй байна. Заримдаа бүр гурван өдөр ачдаг. Гялс дүүргээд хойш нь явуулахгүй бол эзэд нь ачаагаа удаалаа гэж уурладаг. Тэгэхээр их хэцүү байдаг юм. Ааштай авгайчууд ёстой барьж идэх шахдаг. Энд ийм хүнд нөхцөлд байгааг мэдэхгүй шүү дээ.

Замын-Үүдийн ачаа илгээгч нар том тэрэг хөлсөлдөг. Хил хаахаас өмнө бараг 1000-аад том тэрэг хөлсөнд ордог байж. Том тэрэгтэй жолооч нар Замын-Үүдэд очоод илгээгч нарын ачааг ачин, буцаад Улаанбаатарт хүргэдэг. Ачаагаа ачих, энд буулгах гээд бүх зүйлийг илгээгч хариуцна. Хөлс нь тогтсон үнэтэй. Нэг удаа явахдаа 1.5 сая төгрөгийн хөлстэй. Замын-Үүдэд танилгүй, ачаагүй хүнд уг нь их амар. Гэтэл хил хаасны улмаас ингэж ачаа зөөхөөр том тэрэг авсан жолооч нар хүнд байдалд оржээ. Тэдний нэг Х.Амгалантай ярилцлаа.

Х.АМГАЛАН: КОРОНАВИРУС ХАМАГ ТӨЛӨВЛӨГӨӨ НУРААЛАА, ЗЭЭЛЭЭ ЯАЖ ТӨЛНӨ ӨӨ

-Та машинаа хэзээ авсан бэ?

-Өнгөрсөн жилийн аравдугаар сард. Замын-Үүдээс том тэргээр ачаа зөөвөл ашигтай гэж хамаатнаасаа дуулсан. Танилгүй, тэнд амьдардаггүй надад хүмүүс ачаагаа өгөхгүй шүү дээ. Хөлсөнд орох нь шулуун. Нэлээд бодон, төлөвлөж байгаад дүүгийнхээ машиныг 120 сая төгрөгөөр худалдаж авсан юм. 50 сая төгрөгийг нь бэлэн төлөөд, сар бүр 2 сая төгрөг өгнө гэж тохирсон.

За, тэгээд Замын-Үүдийн ачаа сайтай нэг илгээгчтэй танилцав. Долоо хоногт 2-3, сард 10-12 удаа явдаг байв. Нэг удаагийн явалтаас дунджаар 700 мянган төгрөгний ашигтай. Яг сайхан жигдрээд, учраа олж байтал хил хаачихсан. Нөгөө илгээгчээсээ ачаа зөөх боломжгүй болов. Хил нээгдчих байх гэж дөрвөн сар гартал хүлээсэн. Энэ хооронд төлөхөөр тохирсон 2 сая төгрөгөө сар бүр төлсөөр байлаа. Гэтэл сүүлдээ бүр болохоо байгаад өөрөө Хятадаас шууд ачаа ачихаар явав. Хүний чадаж байгаа юмыг чадна гэж бодоод л. Гэтэл урд хөрш рүү ороод үнэндээ миний санаснаар болоогүй. Ганц ч хүн танихгүй надад хүмүүс ачаагаа өгөхгүй юм билээ. Наймаачид харилцдаг, таньдаг хүндээ л ачаагаа өгдөг юм байна. Тэр нь ч аргагүй. Танихгүй хүнд өгтөл ачааг нь дутаагаад, янз бүр болвол эргээд хаана, хаанаа хэцүү.

-Та дөрөвдүгээр сараас хойш Замын-Үүд Улаанбаатарын хооронд хэдэн удаа явав?

-Хоёрхон удаа. Эхлээд Хятад руу орохдоо ачаа олдохгүй 10 хоносон. Сүүлдээ бүр цөхрөөд хямдхан хөлстэй ачаад гарч ирсэн. Дараагийнхад нэг танил маань ачаа олж өгсөн. Үнэндээ урагшаа гараад нэмэргүй болчихлоо. Танил ихтэй, ачаа сайтай хүмүүс Хятадаас шууд Улаанбаатар руу байнга ачаа зөөж байна. Үнэндээ коронавирус гарч, хамаг төлөвлөгөө нураана гэж төсөөлсөнгүй.

-Одоо зээлээ хэрхэн төлж байгаа вэ?

-Би гурван хүүхэдтэй. Том маань наймдугаар ангид сурдаг. Эхнэр минь бурхан болоод гурван жил болж байна. Саяхан нэг харуул хамгаалалтын ажилд орсон. Дүүгээсээ гуйж байгаад сард сая төгрөг төлж байгаа. Хил нээгдэхээр том тэргээрээ ачаа ачна даа. Хил л нээгдчихвэл хамаг юм болчих гээд байна. Гэтэл коронавирус намжих сураг алга.

Дэлхий даяар аюулын харанга дэлдэж буй коронавирусийн халдвар ганцхан сумын тэр тусмаа зөвхөн Хятадаас ачаа зөөдөг жолооч нарын амьдралд ингэж нөлөөлж байна. Замын-Үүд Эрээний хилээс хамааралтай ажил хийдэг хүмүүс үнэхээр хүнд байдалд оржээ. Том тэрэгний жолоочдоос бусдынх нь ажил зогссон. Одоо тэдэнд тэс өөр ажил хийх эсвэл хил нээгдэхийг хүлээхээс өөр сонголт үлдсэнгүй. “Хил л нээгдчихвэл учиртай” гэж санаа алдсан хүмүүс олон байна, Замын-Үүдэд.

О.АМГАЛАНГЭРЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button