Ярилцлага

Өвөрлөгч Б.Болд: Хэрэв ҮНЭН БОЛ монгол хүүхдүүд 10-20 жилийн дараа МОНГОЛООР ярьж чадахаа болино

БНХАУ-ын Засгийн газар ӨМӨЗО-ны Түнляао хотын бага сургуульд монгол хэлээр хичээл орохыг болиулах гэж буй тухай мэдээлэл цацагдсан. Үүнийг эсэргүүцсэн ар, өвөр монголчуудын давалгаа ч сошиал орчинд нэг хэсэг өрнөөд, одоо зогсонгишоод байна. Эсэргүүцсэн постуудыг Фэйсбүүк орчноос устгаж, дахин түгээх боломжгүй тохиргоотой болгож буй нь хятад талаас троллчид ажиллаж байна уу гэх хардлагыг ч төрүүлээд амжсан. Бид энэ сэдвээр Монгол хэлээр “ярих” эрхээ хасуулсан Өвөр Монгол үрс та бидэнд хандан “хашгирч” байна нийтлэлээр бичиж байсан билээ.

Сэдвийн залгамж болгож энэ удаа Өвөр Монголд төрж, өссөн, өдгөө Япон улсын Эрүүл Мэнд, Спортын Их Сургуулийн профессороор ажилладаг Б.Болд багштай цахимаар холбогдож ярилцлаа. Өвөрлөгч түмний төлөөллийн хувьд тэр илүү бодитой ярилаа.


- Юуны өмнө та уншигчдад өөрийгөө танилцуулна уу?

-Намайг Бат-Очирын Болд гэдэг. Одоо Японы Эрүүл Мэнд Спортын Их Сургуульд профессор, багшаар ажиллаж байгаа. Япон улсын иргэншилтэй.

-БНХАУ-ын Засгийн газар ӨМӨЗО-ны Түнляао хотын бага, дунд сургуульд монгол хэлээр хичээл орохыг хориглох гэж байна. Энэ үйл явдалтай холбогдуулж танаас ярилцлага авахаар холбогдлоо. Та энэ мэдээг анх хэзээ дуулав?

-Энэ оны зургаадугаар сард байх аа. “Wechat” сүлжээгээр цацагдсан болохоор эхлээд итгээгүй л дээ.

-Хувь хүн талдаа хэр эмзэглэж хүлээж авсан бэ. Ийм төрлийн бодлого, шийдвэр зөвхөн өнөө жил биш, урьд өмнө ч чимээгүй байдлаар хэрэгжиж байсан гэгдэж байна?

-Мэдээж их эмзэглэсэн. Тэгээд Засгийн газрын ямар нэг албан бичиг баримт байгаа эсэхийг өвөр монголчуудаасаа асуусан. Гэвч яг тийм бичиг баримт бол гараагүй гээд байдаг. Тэгвэл худал мэдээлэл байх даа гэж анхандаа найдлаа. Гэтэл тийм биш байж. Бүх Өвөр Монголоороо үймэлдээд эхлэхээр байдал биш байна гэдгийг ойлгосон. Хэдэн жилийн өмнө Шинжааны Баянгол зэрэг газар баруун монголчуудын монгол хэлний хичээлийг зогсоосныг сонсож байсан болохоор одоо Өвөр Монголд тэр бодлого эхэлж байна гэж бодоход айдас хүрсэн.

-Багш хүний хувьд багачуудад монгол хэлээр хичээл орохгүй байх нь ямар бодит үр дагавар дагуулна гэж харж байна вэ?

-Сонсох нь ээ, Түнляао хотоос эхлэн энэ есдүгээр сараас зөвхөн монгол хэл бичгийн хичээлийг монгол хэлээр, бусад ерөнхий эрдмийн бүх хичээлийг хятад хэлээр заахаар болсон юм байна. Хэрвээ үнэн бол 10, 20 жилийн дараа монгол хүүхдүүд маань мэндчилэх зэрэг ойр зуурын ярианаас өөр юуг ч монголоор ярьж чадахгүй болно. Тэгээд аяндаа эх хэлээ мартана гэсэн үг. Эх хэлээ мартвал нэг үндэстэн мөхнө л гэсэн үг шүү дээ. 

-Та арлын Японд ажиллаж амьдардаг бидний нэгэн монгол хүн. Өвөр Монгол дахь монгол хэлний эмзэг байдлыг багаасаа мэдэрч өссөн болов уу гэж бодож байна. Хятад хүмүүсийн дунд, хан үндэстний хэл, соёлын нөлөөнд монгол хэлээ “хадгалах” хэр хэцүү байдаг вэ?

-Уг нь Өвөр Монголд хүүхдийн цэцэрлэгээс аваад доктор зэрэг эрдмийн цол хамгаалах хүртэл монгол хэлээрээ сурч судлах боломж хангалтай байдаг. Тийм тогтолцоо бий. Миний хувьд хөдөө өссөн болохоор их сургуульд орох хүртэл хятад хэлээр ярьж чаддаггүй байсан. Их сургуульд орсныхоо дараа хятад, япон хоёр хэлийг зэрэг эзэмшсэн. Харин хот суурин газар өссөн хүмүүс, ялангуяа анхнаасаа хятадаар сурсан хүүхдүүд бол монгол хэлээрээ ярьж чадахгүй нь олон.

Эх хэлээ хэр дээдлэх вэ гэдэг бол тухайн хүний үзэл бодол, гэр бүл зэрэг амьдарч буй орчноос шалтгаалдаг. Гэхдээ ажлын байр олоход хятадаар сурсан хүүхдийн сонголт нь монголоор сурсан хүүхдээс хол илүү байдаг учир бодит амьдралаа бодон хүүхдүүддээ хятад боловсрол эзэмшүүлдэг аав ээж нар байдгийг ч нуугаад яах вэ. Хэдий тийм боловч, ер нь манай өвөр монголчууд өв соёлоо хамгаалах, өвлүүлж үлдээх талаар чамлахгүй сайн зүтгэсээр л байгаа. Гэхдээ өвөр монголчууд хятад боловсролд шилжвэл ямар үр дагавартай болохыг зүрхээрээ мэдэрч байгаа болохоор, тархиараа мэдэж байгаа болохоор тэмцэнэ дээ.

-Түнляао дахь үйл явдал сая л нэг Өвөр Монгол дахь монгол хэлний асуудлыг босгох аядлаа. Түүнээс өмнө өвөр монголчуудын монгол хэлний асуудлыг сөхөж ярьдаг хүн Монголд цөөхөн байв. “Тэд хэл, бичгээ хадгалаад үлдчихсэн хүмүүс. Алзахгүй” гэж л харцгаадаг шиг. Үнэн хэрэгтээ их дарамт, хавчлагыг туулж, тэсдэг юм билээ?

-Мэдээж олон олон зүйлийг туулж ирсэн дээ. Нүүдлийн соёл, амьдралын хэв маягаа хүчинд автсаар бараг л алдсан. Бэлчээр нутгийг маань хаа сайгүй хашаалсан. Сумын сургуулиудыг хаасан гээд тоочвол их. Тэр болгонд өвөр монголчууд оршин амьдрах ухаан хайж, мөн хятадуудтай хятад хуулийнх нь дагуу тэмцэж, соёл амьдралаа хамгаалсаар л ирсэн.

-Монгол хэлтэй холбоотой хамгийн тод дурсамжаасаа та хуваалцана уу?

-Бага сургуульд орохоос өмнө багш маань морьтой ирээд хичээл заагаад явдаг үеийн дурсамж маш тодхон. Том биетэй, ухаа морьтой багш ирэхээр ухаангүй гүйж очоод л монгол гэртээ сурдаг байсан. Үсэг бичиг, тоо заагаад даалгавар үлдээж, өөр хүүхдэд заахаар яваад 10 шахам хоногийн дараа эргэж ирдэг байв. Багшаа их хүлээдэг байсан сан.

-Өвөр Монголчуудыг хэл соёлыг нь дарангуйлах замаар өөртөө уусан нэгтгэх БНХАУ-ын бодлогын талаарх бодитой зүйлсийг та өөрийн мэдэх, зохих хэмжээнд ярьж өгч чадах уу?

-Ер нь бол Хятадын Засгийн газраас цөөнх үндэстний тухай тогтоосон нэлээд олон хууль журам байдаг. Жишээ нь БНХАУ-ын Үндсэн хуульд бүх үндэстэн ястнууд тэгш эрхтэй хэмээн заасан байгаа. Цаашлаад “Монгол үндэстэн үсэг соёлоо дээдэлж, чөлөөтэй хэрэглэх эрхтэй” гэж заасан Өвөр Монголын Өөртөө Засах Орны хууль байна. Мөн монгол хэл, үсэг бичиг хэрэглэх тухай өөртөө засах орны хууль ч байна. Энэ хуулиар Өвөр Монгол дахь монгол хэлний давуу байдлыг заан тогтоосон байдаг. Гэтэл харамсалтай нь манай монголчууд хууль, эрх зүйн талаас хөөцөлдөн тэмцэх боломж байгааг мэдэх нь цөөн. Мэддэг хүмүүс байлаа гэхэд хууль, эрх зүйн хүрээнд тэмцэл өрнүүлэх чадвартай, чадалтай мэргэжилтэн дутуу байгаа юм. Бас чадвартай, чадалтай хүмүүсийг бүх шатанд дарах тал байдгийг ч хэлэх нь зүйтэй.

Нөгөө талаас Хятадад төр засгийн бодлогыг орон нутгийн түвшин, бодлого хэрэгжүүлэх үндсэн шатанд урвуулан ашиглах явдал зөндөө байдаг. Тэр талаар тэмцээд дийлдэггүй нь хятадын ялзармал нийгэмтэй холбоотой. Энэ удаагийн Түнляаогийн эх хэлний асуудал ч тийм. Засгийн газрын ямар нэгэн тодорхой бичиг, тушаал асуухаар “Байхгүй” гэнэ. Хэрэв байхгүй бол Түнляао хот боловсролын асуудлыг өөрсдөө дураараа шийдэж, бодлогын түвшинд хятад хэлний сургалт нэвтрүүлэх эрхгүй. Гэтэл есдүгээр сараас хятад хэлний боловсрол хэрэгжүүлэх гэж байгаа нь ойлгомжтой болов. Тэгвэл хаанаас, хэн, юунд үндэслэн энэ бүхнийг хийж байна вэ гэхээр тодорхой хариулт олдохгүй байна. Тодорхойгүй учир хүмүүсийн тэмцэл ч зүг чигээ олоход хэцүү байна. Ямар ч байсан ӨМӨЗО-ы Сурган Хүмүүжлийн Танхим буюу боловсрол хариуцсан дээд байгууллагаас энэ талаар ямар нэгэн тайлбар хийсэнгүй. Тийм учир магадгүй, нууц бодлого байж мэднэ гэж хардаж сэрдэхээс өөр аргагүй. Нөгөө талаас, монголчуудын эсэргүүцлийг ихэсгэхгүй, дэвэргэхгүй байх арга биз.

-Бодлогын түвшинд харахад энэ асуудалд ар монголчуудын оролцоо зайлшгүй эхний дугаарт бичигдэнэ. Гэвч тэднийг хатгах, сэрээх, ойлгуулах чухал байна. Ар монголчуудад хандан юу хэлэхийг, юуг ойлгуулахыг хүсдэг вэ. Та бүхэнд заримдаа гомдох, урам хугарах үе тохиодог уу?

-“Уруул нимгэрвэл шүд чимчигнэнэ” гэх хятадын зүйр цэцэн үг байдаг. Уруул шүдийг хамгаална, уруул нимгэрвэл шүд даарч чимчигнэнэ гэсэн утгатай үг юм. Яаж ч бодсон Өвөрлөгч чинь дуусвал Монгол Улсын ирээдүйд ч сайн юм лав үгүй шүү дээ. Одоо ч монголчууд газар нутгаа хятад иргэдэд худалдсан гэсэн мэдээ мэр сэр дуулдаж санаа зовоох юм. Бас газрын баялгаа ухуулж, байгалаа сүйтгэж байгаа. Гар бариад бугуй барина гэж үг байдаг шүү дээ. Монголчууд минь өнөөдрийн өвөрлөгч түмнээ хараад өөрсдийгөө бод гэж хэлмээр байна. Зарим нэг боловсролгүй монголчууд өвөрлөгчөө “хужаа” гэж гутааж гомдоодог. Тэрэнд нь бид хужаад алуулснаас илүү эмзэглэдэг. Хатуухан хэлэхэд “хужаа”-ийн “хуу” нь Өвөр монгол бол “жаа” нь Ар монгол гэсэн үг шүү дээ. Танаар минь УРУУЛ-аа сайн хамгаалахыг бод л доо.

- Ер нь Өвөр монголчууд монгол хэл, бичгээ хадгалж үлдэх нь чухам яг ямар ач холбогдолтой вэ. Өөрөөр хэлбэл хэнд хэрэгтэй вэ?

-Хэдэн зууны түүх дамжсан өв соёл, хэл бичгээ орхино гэдэг чинь сүнсээ гээсэнтэй адил. Үр ач нартаа өв соёлоо өвлүүлж өгнө гэдэг бол тэр чигээрээ Чингисийн Монголоо үргэлжлүүлнэ гэсэн үг. Өөрөөр хэлбэл зөвхөн өөрийн төлөө биш, үеийн үед уламжлан үлдээх нь улс Монголоо авч үлдэнэ гэсэн үг. Монголоо хадгалж үлдэх нь үр ач нарт маань хэрэгтэй, үр ач нарын маань үр ач нарт ч хэрэгтэй. Монгол хэл, үсэг бол бидний өөр нэгэн амь юм. Махан бие, махбод сөнөж болно. Соёл сөнөж болохгүй. Хэл бичиг сөнөвөл соёл сөнөнө. Хэл, соёл сөнөвөл үндэстэн үндсээрээ мөхнө.

-“Хятад гэх их гүрний бодлого бидэнд падгүй. Өөрсдийгөө л хичээ” гэх хандлагатай хүмүүс харамсалтай нь Монголд байдаг. Та энэ тухай бодлоо хэлнэ үү?

-Түрүүн хэлсэн “уруул нимгэрвэл шүд чимчигнэнэ” гэдэг хятадын зүйр цэцэн үгийг хэлмээр байна. Өөр юу хэлэх вэ дээ? Гэхдээ би монгол түмнийхээ цэцэн ухаанд итгэж байна.

-Хүүхдийн сэтгэхүй, төлөвшилд хэл гэдэг амин чухал. Таны үеийн хүмүүс багаасаа монголоор ярьж, “монгол” гэсэн итгэл үнэмшил, сэтгэлтэй өсөцгөөсөн. Харин шинэ үеийн залуус, хүүхдүүдийн тухайд ямар байдаг бол гэдэг бидэнд их сонин байна. Хүчирхэг талд сэтгэл татагдаж, хятад талыг дагах нь дээр гэсэн бодолтой хүмүүс байж магадгүйг үгүйсгэж бас болохгүй юм?

-Над шиг Японд 20, 30 жил амьдарсан өвөр монголчууд хүүхдүүддээ монгол хэл заахыг их хичээдэг. Одоо Японд 10 хэдэн эх хэлний анги байна. Хүүхдүүдээ монголоор сургана гээд энд 10-аад жил болоод нутаг буцсан хүмүүс ч зөндөө байна. Хүчирхэг улсын хэл, соёлд сэтгэл татагдаж болно л доо. Гэхдээ нутаг, соёлоо хэзээ ч мартаж болохгүй. Би Японд 28 жил амьдарсан ч гэлээ эх хэлээсээ төсөөрөхгүйн тулд уран зохиол орчуулаад, харин ч монгол хэлээ бүр баяжуулсан шүү. Өөр улсын соёлыг өөрийн соёл шиг сурч эзэмшиж болно. Гэвч өөрийн соёлыг хүнийх шиг хаяж гээж яасан ч болохгүй.

-Логикоор харахад Түнляао хотын асуудал дээр дорвитой нөлөөлөл үзүүлж чадахгүй бол цаашид яаж ч чадахгүй. Бүх сургуулиудын монгол хэлний хичээлийн цаг аажимдаа танагдсаар байгаад дуусах ирээдүй харагдаж байна. Яг ямар арга хэмжээ авч, яаж хөдөлбөл зүйн хэрэг гэж та хувьдаа бодож байна вэ?

-Миний хувьд хүчээр тэмцээд лав ялахгүй гэж бодож байна. Харин Хятад ард улсын хууль, эрх зүйн хүрээнд бүгдээр сэтгэл санаа нэгдээд тэмцвэл зөвөө олох боломж бол байгаа. Нэг үхрийн эвэр доргивол мянган үхрийн эвэр доргино гэгчээр монголчууд хэлнийхээ боловсролын төлөө тэмцвэл бусад үндэстэн ястад ч эсэргүүцэж магад. Эх хэлний асуудлаас болоод Хятадын Засгийн газар цөөн үндэстнүүдийн эсэргүүцэл, тэр тусмаа бусад улс, дэлхий нийтийн эсэргүүцэлтэй учрахыг хүсэхгүй байх гэж бодож байна. Тийм учир тэмцлийг дан ганц өвөр монголчуудад даатгаж болохгүй. Монгол Улсын иргэд байдлыг мэдэж, эсэргүүцэж байна гэдэг маш чухал юм.

Яг одоохондоо тодорхой бичиг баримтгүй болохоор хүмүүс ямар нэгэн хэмжээгээр эргэлзэж, үнэхээр есдүгээр сараас бүх хичээл хятад болох эсэхэд эргэлзээтэй байгаа нь үнэн. Гэхдээ сүх далайтал үхэр амар, сүүж автал чөмөг амар гэгчээр зүгээр суух арга алга. Удахгүй есдүгээр сар болоод асуудал тодрох ёстой. Үнэхээр хятад боловсролыг хэрэгжүүлж эхлэх юм бол зүгээр өнгөрөөнө гэж байхгүй. Өвөр монголчууд маань нэгдэн босох байх аа гэж бодож байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

М. Тэнгис

Олон улсын харилцааны мэргэжилтэй, сэтгүүл зүйн салбарт таван жил ажиллаж байна. Нийгэм, улс төрийн сэдвээс гадна дүрслэх урлагийн шүүмж, ярилцлага бэлтгэдэг. Eguur.mn сайтын Ерөнхий редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
12 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Монгол хүн
Монгол хүн
2020-08-14 11:51

одоо энэ өмхий хятад хэл заадаг хятад сургуулиудыг хаа. Эс чадв�##� хохь нь болно доо. Үхэр Монголчуудыян өөрсдийнх нь хүссэн үхэж д�##�д орсон ардчил�##� энэ биз дээ. Ардчилсан намыг нэн даруй татан буулгаж ардчиллыг устгахгүй бол сөнөлөө. АНХАА

Зочин
Зочин
2020-08-14 14:22

Хятадтай ч ганцхан МАН л их саамганадаг даа. Ардчилсан нам ардчил�##�гүй улстай хань�####�г гэхэд нэг л итгэл төрөхгүй байна. Юу л бол?

Зочин
Зочин
2020-08-14 13:24

Нэг хэсэг шуугиад жаахан намжсан. Гэтэл 9 сар болох гэж байдаг. Ганц нэг шуугиад болох асууд�##� биш. Үүнээс хойш хэдэн жил, хэдэн арван жил байнга хэлж, бичиж, ярьж, эсэргүүцэх ёстой асууд�##�. Хятадууд удаан бодлоготой шдэ

Зохиолч Лувсангийн Пүрэвдорж
Зохиолч Лувсангийн Пүрэвдорж
2020-08-14 14:26

Монгол хэл хаа нэгтээ мөхөж байхыг хараад монгол хүмүүс дуугүй байв�##� гутамшиг байгаа даа. Олон нийт энэ ярианд өргөн оролцъё. Англи хэл мэддэг з�##�уучууд монголчуудын эсэргүүцлийн т�##�аар англиар гадагш нь мэдээлмээр байна.

Зочин
Зочин
2020-08-15 02:25

Дан Англиар уриа лоозон бариад гадны хэвлэл мэдээллийг дуудаад Хятадын ЭСЯ-ны гадаа маш олон Монголчууд жагсв�##� яах бол ?

Монгол
Монгол
2020-08-15 13:53
Reply to  Зочин

Бололгүй яах вэ. Манайх чинь дэлхийд нэртэй ардчилсан улс. Иргэд нь эрх чөлөөтэй, эх оронч хүмүүс гэдгээ харуулна. Америк, Европ тосож аваад л мэдээлнэ, дэмжинэ. Юун төлөө ардчилсан улсын иргэд билээ. Энэ илүү боломжоо эрх чөлөөгүй улсын

Үргэлжлэл
Үргэлжлэл
2020-08-15 13:57
Reply to  Монгол

хүмүүсд харуулж, зоригжуулж үлгэрлэх ёстой. Үүгээрээ бид дэлхийн ардчилсан үйлсэд хувь нэмэр оруулах нэр хүндтэй үйл хэрэг шүү дээ. Бид ийм үйл хэрэгт сур�##�цмаар байдаг юм даа.

Zochin
Zochin
2020-08-15 12:17

Hel soyoloo geej martah yum bol ter uls muhuh ayuld hurdeg gee biz de yrilgui yahaw angliar geh de hel soyolo martdal busadiin heleer yrij bolohgui bha

зочин
зочин
2020-08-19 21:47

Хятад хэлийг монгол хэл шигээ эзэмшиж байж л гайгүй ажил төрөлтэй болох байх, зүйрлүүлбэл манай казак иргэд монгол хэлгүй бол ажил олж хийх боломжгүйтэй адил.

Зочин
Зочин
2020-08-25 23:57
Reply to  зочин

Өвөр монголчууд ямар Бээжинд монгол хэлний сургуульд явъя гэсэн биш. Өвөр монголдоо монгол сургуульд явахыг хүсэж байна шдэ. Казахууд Баян-Өлгийдөө казах арван жилдээ явдагтай адил.

Зочин
Зочин
2020-08-25 23:56
Reply to  зочин

Юун д�##�ий коммент вэ. Баян-Өлгийд казах арван жилтэй, тэд өөрсдийн хэлээр боловсрол эзэмшиж байна. Монгол улс тэрийг нь хаана х�##�на гэвэл юу болов вэ?

Зохиолч Лувсангийн Пүрэвдорж
Зохиолч Лувсангийн Пүрэвдорж
2020-08-20 00:00
Reply to  зочин

Хятад хэл сайн сурахад монгол мэддэг саад болохгүй л дээ.

Холбоотой мэдээ

Back to top button