Нийгмийн

Бяр чадлаараа домог болж мөнхөрсөн бөхчүүд

Монгол бөхийн түүхэнд бяр чадлаараа домог болон мөнхөрсөн олон хүчтэн бий. Баавгайтай ноцолдож дийлсэн, бараг тонн шахуу ачааг өргөсөн гээд хүн итгэхэд бэрх ч өнөө хүртэл олны дунд үлгэр домог мэт яригдсаар. Уран мэх, хэмжээлшгүй бяр тэнхээгээрээ гайхагдаж, бөхийн хорхойтнуудын дунд домог болсон мөнхөрсөн зарим хүчтний тухай дурсамжийг уншигч та бүхэнд сонирхуулъя.

АНХНЫ ДАРХАН АВАРГЫН ААТАЙ ТЭНХЭЭ

Монголын үндэсний бөхийн түүхэнд олон анхдагч амжилтын эзэн бол яах аргагүй Б.Түвдэндорж аварга. Дархан аварга цол хүртсэн анхны бөх тэрбээр 19 настайдаа дамжлага баазад ачигч хийж байхдаа 70 кг-ын дөрвөн шуудай гурилыг хоёр хоёроор нь зэрэгцүүлж тавиад, үзүүрээс атган түүртсэн шинжгүй зөөдөг байсан гэдэг. Тэгэхээр нэг гараараа 140 кг өргөдөг байсан гэсэн үг. Хүдэр чийрэг, томируун бие, эгнэшгүй бяраараа олны хүндлэл хүлээж эхэлсэн тэрбээр 1939 онд цэргийн албанд татагдан очжээ. Тэр жилээ улсын наадамд анх удаа зодоглохоор явахынх нь өмнө салаан дарга нь “Заавал түрүүл” хэмээн тушаасан байна. Б.Түвдэндорж аварга алдарт цуут аварга, арслангуудыг өвдөг шороодуулсаар, их шөвөгт улсын арслан М.Лхагвыг давж, түрүүлжээ. Халх голын дайны гал дүрэлзэж байсан 1939 онд сумын заан хүү салаан даргынхаа тушаалыг биелүүлэн түрүүлсэн нь тэр.

Ө.ЭРДЭНЭ-ОЧИР АРСЛАН СУВАЙ ҮНЭЭ, ЭР ХОНИНЫ МАХЫГ ШИРЭНД БООГООД МАШИНЫ ТЭВШИН ДЭЭР ГАНЦХАН ӨРГӨӨД ТАВЬЖЭЭ

Түүнээс хойшхи хүчтнүүдийн томоохон төлөөлөл бол улсын арслан Ө.Эрдэнэ-Очир. Тэрбээр улсын заан Ч.Адъяагийн хамт сувай үнээ, эр хонь төхөөрч, ширэнд нь боон хөлдөөжээ. Улмаар өнөөхөө машины тэвшин дээр гаргахаар болж. Хавь ойрын хүмүүс цуглаж, элбэж байгаад гаргачихъя хэмээж байтал Ө.Эрдэнэ-Очир арслан сураар сайтар баглаж байгаад ганцхан өргөөд тавьчихсан гэдэг. Хожим түүний тухай Ч.Адъяа заан “Асар их бяртай мөртлөө түүнийгээ мэддэггүй. Хэн нэгэнд унасныхаа дараа “Яагаад ч хүчрэхгүй юм байна” гэчихсэн инээгээд зогсож байдаг сан. Уг нь нягт, бяраа зөв ашиглаад барилдвал дийлэлгүй яах вэ” хэмээн дурссан удаатай.

Ө.ТУЛГАА ЗААН 156 КГ ЖИНТЭЙ ЧУЛУУГ ӨРГӨН, 100 УДАА АЛХЖЭЭ

-Увс аймгийн уран барилдаант заан Ө.Тулгаагийн тухай дурсамж чамгүй олон. Үүний нэг нь 156 кг жинтэй чулууг зөөн, бооцооны мөнгө авсан явдал. 1985 онд болсон нэгэн баярын үеэр Монгол, Оросын дарга нар хоёр хилийн зааг дээр уулзжээ. Гэтэл Оросын нэг дарга хилийн зааг дахь уулан дээр байсан том чулууг заан “Үүнийг өргөөд 100 удаа алхсан хүнд 500 рубль өгье” гэж ам гарчээ. Тувагийн том биетэй нэгэн залуу өнөөх чулууг өргөсөн ч арваадхан алхаад алдчихав. Харин түүний дараа Тулгаа заан өргөж, 100 удаа алхжээ. Өнөөх дарга толгой сэгсэрсээр амласан мөнгөө түүнд өгсөн гэдэг. Хажуу талдаа “Монголын хүчит заан Өлзийн Тулгаа өргөсөн” хэмээх бичигтэй тус чулуу өдгөө Тувагийн музейд хадгалагдаж байна.

М.ГОМБОДОРЖ ЗААН ШАРЫН МАХЫГ ШҮДЭЭРЭЭ ЗУУН ӨРГӨӨД ГЭР ТОЙРЖЭЭ

Булган аймгийн Орхон сумын харьяат олноо хөнхөр хэмээн алдаршсан улсын заан М.Гомбодоржийг энгүй бяртай байсан гэдэг. Тэрбээр нэгэн өвөл ширэнд нь боосон бүдүүн шарын мах пүнзэнд оруулах гэж байтал саахалт айлынх нь залуу “Наадахаа шүдээрээ зуун өргөөд гэрээ бүтэн тойрвол бод мал өгье” гэжээ. Үнэндээ тэрбээр зааныг бассандаа бус, бярыг нь сорих гэсэндээ л тэгсэн гэдэг. М.Гомбодорж заан эргэлзсэн шинжгүй “Эр хүн хэлсэндээ байх сайхан шүү” гээд өнөөх махаа сураар сайтар хүлж, гогцоо гаргаж байгаад шүдээрээ зуун өргөж, гэр тойрч алхан, мөрийгөө авсан гэдэг.

БҮТЭН ГЭР ҮҮРЭН, ХОЁР ГАРТАА 50 КГ-ЫН ТУХАЙ БАРИАД АЛХСАН Д.ПЭРЭНЛЭЙДОРЖ

Дээхэн үед бөхчүүд эхээ, гэрийн хамт үүрч явдаг байсан тухай түүхийг орчин үед бодит биелэл болгосон хүчтэн бол Архангай аймгийн харьяат улсын начин Д.Пэрэнлэйдорж. Тэрбээр 2006 онд “Монгол гайхамшиг” нэвтрүүлэгт орохдоо дөрвөн ханатай гэр үүрэн, Хүүхдийн ордноос парк хүртэл алхсан юм. Бүр зүгээр нэг гэр үүрээд бус, хоёр гартаа 50 кг-ын туухай өргөөд алхсан гэдэг. Д.Пэрэнлэйдорж тийнхүү нэг км гаруй замыг туулахдаа дөрвөн удаа амарчээ. Хожим өргөсөн ачааг нь жигнэж үзэхэд 400 гаруй кг болсон байна. Баргийн хүнд заяахгүй бяр гэж үүнийг л хэлэх биз ээ.

Тэрбээр энэ тухай “Нэг өдөр манай найз, улсын заан Б.Гончигсүрэн “Монгол гайхамшиг” гэдэг цуврал нэвтрүүлэг хийхээр болсноо дуулгаж, зочноор оролцон, гэр үүрэх санал надад тавьсан юм. Тэр нэвтрүүлэг монгол хүн юу ч хийж чаддаг, монгол бөх их бяртай гэдгийг нотлох  зорилготой байсан л даа. “Нарантуул” захаас нэг гэр авч, нөгөөхөө үүрээд Хүүхдийн ордноос парк хүртэл алхсан юм. Шинэ гэр шороо тоос чихээгүй болохоор гайгүй байх гэж бодож байв. Гэтэл хана, хаалганы мод нь нойтон, овор ихтэй болохоор савлаад өргөхөд амаргүй байсан шүү. Залуудаа “Онгироо юм аа гэж хүмүүс бодох вий” гээд бяр гаргахаас ичдэг байлаа. Одоо эргээд бодох нь ээ гэр үүрч, монгол бөхийн эд хавыг бусдад харуулсан нь зөв болжээ гэж санагддаг. Хүн үргэлж чадал тэнхээтэй байх биш дээ” хэмээн дурсамжаасаа хуваалцсан удаатай.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button