ФИЛОСОФИЙН ЖҮЖГҮҮД

ФИЛОСОФИЙН ЖҮЖГҮҮД: Утга учиргүйгээс утга эрэх нь буюу Годоог энэрэхүй

Өнгөрөгч 2020 оны аравдугаар сарын 1-нд хийсэн контентыг сэргээн нийтлэв.

С. Кьеркёгэрын үндэслэсэн экзистэнциалист үзэл санааны салаа салбар хэмээн тайлбарлагдах абсурдизмыг Нобелын шагналт, зохиолч А. Камю жинхэнэ утгаар нь хөгжүүлэн хэд хэдэн роман туурвиж, абсурд шинжлэлүүд хийсэн байдаг. Гэхдээ үүнээс ч өмнө театрын тайзнаа абсурдизм биеллээ олсон байлаа. 1900 оны эхээс үүсэлтэй абсурд театр (Theatre of the absurd)-ын хамгийн алдартай бүтээл нь С. Бэккетийн “Годоог хүлээх зуур” (эмгэнэлт-инээдмийн жүжиг) болно.

“Годоог хүлээх зуур” жүжигт Владимир, Эстрагон хэмээх хоёр этгээд гардаг (судлаачид тэнүүлч, гуйранч гэх мэтээр тайлбарласан байдаг ч яг тийм, ийм хүн гэж бичсэн нь үгүй). Тэр хоёрын хэлж ярьж буй нь эмгэнэлтэй ч юм шиг, инээдтэй ч юм шиг бөгөөд үйлдэл нь хар ухаанд багтамгүй. Жүжиг хоёр үзэгдэл, таван дүртэй. Эзэн Поццо, түүний  хөтөлсөн Лакки (Lucky буюу азтай) гэдэг эр, Годоогийн явуулсан гэх Жаалхүү болон Владимир, Эстрагон  нар жүжгийн бүх дүр болно.

Ойлгоход нэн түвэгтэй (ерөөс ямар нэгэн байдлаар бүрэн ойлгосон гэж тайлбарлах боломжгүй), дорвитой үйл явдал гэх юмгүй, олигтой дүр ч гэх юмгүй ийм жүжгийг урлагийн агуу суут бүтээл гэж тооцох нь гайхалтай.  Урлаг янз бүрээр тайлан тайлбарлах боломж хүн бүрт олгож байдгаараа сайхан хэдий ч яаж ч тайлбарлаж болохооргүй байвал бас хэцүү юм шиг санагдуулна. С. Бэккет өөрийнх нь эл жүжгийг судлаачид тайлан тайлбарлахад дургүй байж л дээ. Нэг судлаач “Годоо бол бурхан юм. Бурхан хэзээ ч бидэн дээр ирэхгүйг ингэж илэрхийлжээ” гэж тайлжээ. Хариуд нь Бэккет “Яах вэ, тийм байж болох юм” гэж хүлээмэр аядсан ч иймэрхүү тайлбаруудыг уурсан үгүйсгэж байсан тухай нь үлдсэн байна. Харин миний бичиж буй “юм” бол тайлал бус зүгээр л ойлгоцоо илэрхийлж байгаа “арга” болно.

Абсурдын тухай анхан шатны ойлголтгүй хүн “Годоог хүлээх зуур” жүжгийг сонирхолгүй, үйл явдалгүй, уйтгартай, гажиг гэх нь дамжиггүй. Гэхдээ абсурд бол хүний амьдралын тухай л философи. Ямар л хүний амьдрал өдөр бүр адал явдлаар цалгиж, баяр баяслаар халгиж байдаг байлаа? Халгих нь халгиж, цалгих нь цалгиж л байдаг биз. Гэхдээ абсурд нь тэрхүү будаг шунх, баг зүүсгэлийн бадрангуй дүрийг бус амьдралын үнэнийг ил тодорхой харуулахыг илүүд үздэг.

Цөөхөн дүртэйд нь дулдуйдан тэднийг танилцуулбал:

Эстрагон болон Владимир: Дөч гаран жил Годоог хүлээж байгаа  хоёр эр. Жүжиг эхлэхэд хоёул нэгэн хувхай модны хажууд байна. Өдөр бүр чухам энэ газраа Годоог хүлээх боловч Годоо ирээгүй л байна. Энэ хоёр яагаад хүлээх ёстойгоо ч мэдэхгүй эцэс төгсгөлгүй, үр дүнгүй хүлээлтээсээ залхаж орхисон боловч хүлээхээ больж чадахгүй. Годоог хүлээгээд байна уу? Шөнө болохыг хүлээгээд байна уу? гэдэг нь ч эргэлзээтэй бөгөөд мань эрсийн хувьд аль нь эрхэм дээд болох нь ч маргаантай.

Поццо: Владимир, Эстрагон нартай таарсан хүн. Баян хөрөнгөтөн байртай энэ хүн  өөрийгөө хүн төрөлхтнөөс илүү дээгүүр байна гэж боддог. Нэгдүгээр үзэгдлийн дунд хэсэгт Эстрагоныг “суугаач” гэж гуйвал сууна гээд эхлээд нэг гуйхад “бүр хүчтэй гуйвал сууна” гэж байгаагаас, мөн өөрийгөө гайгүй цэцэн үг хэлчихлээ гэж баясаж байгаагаас харагдана. Гэхдээ тэр хоосон цэцэрхэгч бус түүний харанхуй болоод харанхуй (шөнө бол нэгэн символ болж байж болох ч зохиолч ийм тайлбарыг төдий л таашаадаггүй байсныг хүндэтгэн элдэв тайлал, тайлбар хийхгүйг илүүд үзлээ) биднийг хэрхэн нөмрөх тухай хүүрнэл жүжгийн хамгийн утга төгс (ойлгомжтой) хэсэг юм. Поццо жүжгийн 2 үзэгдэлд хоёр өөр хүний дүрээр гарах бөгөөд хоёрдугаар үзэгдэлд сохор хүн болсон байна (энэ хооронд зөвхөн нэг шөнийн л ялгаа бий).

Лакки: Эзэн Поццогийн хөтөлж явдаг (хоолойноос нь нарийн олсоор хөтөлж явах ажээ), үнэхээр золгүй хувь заяат, үтэл дорой, эмгэнэлт хүн. Анхандаа ганц ч үг дугарахгүй Поццогийн “ингэ, тэг” гэсэн тушаал бүрийг дуугүй биелүүлнэ. Харин Владимирын хүссэнээр Поццо Лаккиг “бод” гэж тушаахад ямар ч утга учиргүй, хачин балай, логик дүгнэлт гаргах өчүүхэн ч боломжгүй 700 гаруй үг урсгаж “бодсон шиг боддог” ажаам. Мөн Поццогийн нэгэн адил хоёрдугаар үзэгдэлд хэлгүй болсон байна. Үүний шалтгаан нь тодорхойгүй. Поццогийн хэлснээр “нэгэн нартай өдөр” л хэлгүй болжээ.

Жаалхүү: Годоогийн явуулсан байж магадгүй хүү. Тэр нэг л мэдээг өдөр бүр Эстрагон, Владимир хоёрт хэлэх үүрэгтэй. Тэр нь “Годоо өнөөдөр биш маргааш ирнэ” гэх мэдээ болой.

Жүжгийн дүрүүд нь товчдоо ийм.


Абсурд философи анхандаа нэн гутранги юм шиг санагддаг. Зах зухаас нь хэлэхэд л хүсэл зорилго хэрэггүй, амьдрал туулан өнгөрүүлэхүйц үнэ цэнтэй зүйл биш зэрэг айлдлууд болон “амиа хорлохуй”-г философийн категорийн түвшинд судалсан гэх мэтээр өөдрөг сайхан бүхнийг үгүйсгэсэн мэт л.

Камюгийн үзэж буйгаар бол философид ганцхан л ноцтой асуудал байдаг нь “амиа хорлохуй”-н тухай гэнэ. Бидний бодоход амьдрал туйлын үнэ цэнтэй, амьдралын баяр баясгаланг аль болох л урт удаан хүртэж, аз жаргалаа ханатлаа эдлэхийн тулд л оршицгоодог атал Камю, Бэккет нар үүнийг минь үгүйсгээд, тийнхүү үгүйсгэсэн нь сонгодгийн хэмжээнд хүрсэн нь гайхаш төрүүлэм. Эгэн “Годоог хүлээх зуур” лүгээ хандъя.

“Тэр бүх чулууг эргүүлж, ганц ч өт зүгээр үлдээсэнгүй” гэж Харолд Пинтэр гэх зохиолч С. Бэккетийн тухай ийн бахархан өгүүлжээ.

Энэ зурагтай адил жүжиг тойрог маягаар өрнөж байна. Тойрог хүлээлт, тойрог амиа хорлох бодол, тойрог залхалт. Абсурдын мэдрэмж зөрчлөөс үүдэлтэй. Эстрагон , Владимир хоёрын хүлээлт нь том зөрчил. Тэд Годоог ирэхгүйг мэднэ, гэхдээ хүлээх ёстойгоо мэднэ. Ийм тойрог, ийм зөрчил л тэдний амьдралын, мөн чанартаа бидний амьдралын гол зөрчил болжээ. Бидний мэдэх хамгийн агуу абсурд баатар Сизифийн зовлон зүдгүүр, жүжигт буй хоёр дүрийн хар дарсан хүлээлт бол хүний амьдралын л нэг хэлбэр лавшруулаад хэлбэл яг л “бидний амьдрал” билээ.

Бэккет: “Эстрагон: Бидний хууль ёсны эрх яах юм?

Владимир инээд алдсанаа урьдынх шигээ гэнэт инээдээ барина. Түрүүчийн хэсгийн бүх үйлдэл, нүүр амны хувирал инээмсэглэлээс бусад нь давтагдана.

Владимир: Хэрэв инээж болдог сон бол элэг хөшөөд үхчихмээр л байна санж.

Эстрагон: Бид эрхээ хасуулчихсан хэрэг үү?

Владимир:Үрэн таран хийгээд хаячихсан юм чинь

Эстрагон: (арга тасрангуй) Миний бодлоор тэр биднийг хүлээд хаячихсан”[1] хэмээн хэлж байна. А. Камюгийн “Абсурд биднийг чөлөөлдөггүй. Тэрбээр хүлж орхидог” гэсэн санаатай агаар нэг.

Хоёр суутны абсурдизмыг дараах маягаар адилтгахыг оролдлоо.

Дээрх хүснэгт бидний амьдралын анхдагч дүр төрх юм. Сайн сайхнаа хойш нь тавьж эрүүл ухаанаар хандах аваас бид Сизиф, Эстрагон, Владимир нараас ганц ч утгаар ялгаагүйг олж харна. Үнэхээр гутранги биш гэж үү?

Анхандаа энэ нь сэтгэл санаа тавгүйтүүлэм, эрч хүч, итгэлийг үгүйсгэсэн үзэл шиг санагддаг. Бидний амьдралд зөрчлийн дунд оршиж буй нь, амьдрал абсурд шинжтэй нь энэ. Эндээс хамгийн чухал асуулт гарна. Тэгээд зол жаргал, амьдралын утга учир минь хаа байна аа?

Бид ухамсартай учраас амьдралыг утгатай хэмээн хүлээн авдаг. Гэхдээ ертөнц бүхэлдээ утгагүй оршиж байна. Энэ бол зөрчил. Бидний амьдрал бол зөрчил. Сайн сайхан амьдрахын тулд бид энэ зөрчлийг даван туулах шаардлагатай. Оршихуйн утгагүй болохыг бүрэн дүүрэн хүлээн авсны үндсэн дээр бид үүнийг хийж чадна. Хэрэв амьдрал утгагүй байсан бол илүү дээр байх сан.  Энэ бол абсурд амьдрал. Эстрагон, Владимир нар хүлээлт нь утгагүй гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа учраас хүлээж байгаа юм. Хэрэв утгагүйтэй нүүр тулж чадахгүй байсан бол “боож үхэх бор шидэмс олдохгүй” байгаа ч гэсэн амиа хорлочихсон л байх байсан. Эсвэл хүлээхээ больчих байсан. Гэхдээ болиогүй л юм даа. Салж явъя гэж яриад яваагүй л юм даа.

Жүжиг ямар гайхамшигтай төгсөнө вэ? Ямар гайхамшигт үзэл санаа вэ?

1 дүгээр үзэгдэл

Эстрагон: Тэгвэл явах шив дээ
 Владимир: Явъя.    

2 дугаар үзэгдэл

Владимир: За явах уу?
Эстрагон: Явъя

Хүн төрөлхтний хурд гүйцэх аргагүй түргэсжээ. Сүүлийн арван жилд гарсан ШУ-ы нээлт, технологийн дэвшил л гэхэд хүн төрөлхтний өмнөх бүх түүхийн нээлт дэвшлүүдтэй тоо хэмжээний хувьд харьцуулж болохоор (бүүр даваад ч гараа биз дээ!)  байна. Энэ хэрээрээ тэргүүн эгнээний эрхэмнэл, чухалчлах ёстой зүйл болж байна. Гэхдээ ямар ч цаг үед мартагдах ёсгүй зүйл бол “хүн”-ий асуудал билээ.

Биднийг үтэл дорой, бэртэгчин, адгийн шаар болгож буй зүйл бол “горь найдлагагүй өөдрөг үзэл, итгэл үнэмшил” гэж абсурд онолчид лүндэн буулгаж байна. Харин Эстрагон, Владимир хоёрт ийм  “тэнэг” өөдрөг үзэл, итгэл үнэмшил үгүй. Тэд Годоог ирэхгүй гэдгийг бэлхнээ мэдэж байна. Оршихуйнхаа бат тогтвортой биш гэдгийг мэдэж байна. Хүн ямар нэгэн зорилгын тулд төрөөгүй гэдгийг мэдэж байна. Амьдралд утга учир оноох нь тэнэглэл гэдгийг мэдэж байна. Ийм ч учраас тэр хоёр биднээс оюун санааны өндөр дээд түвшинд байна.

Бул чулууг уулан дээр арайхийн гаргаж тавингуут гайт чулуу амьсгаа авахын хооронд бэл рүү дэгдэхэд араас нь бууж яваа Сизиф сая өөрийнхөө эцэс төгсгөлгүй зовлонт амьдралаа ухаарч байсан, тэрбээр бүр дуу аялан нуруу тэнэгэр уруудсан. Гэхдээ тэр дахиад чулуугаа гаргана. Мах зулгаасан гаслант үйл гэдгийг нь мэдсээр байж. Энд л түүний аз жаргал оршиж байсан. Эстрагон, Владимир хоёр мөн ялгаагүй. Хэзээ ч ирэхгүй гэдгийг нь мэдэж байгаа учраас Годоог хүлээж байгаа юм, хүлээхээ болихгүй байгаа юм. Сизифт чулууны хэлтэрхий бүр бүхэл ертөнцийг бүрдүүлж байсан шиг, Эстрагон, Владимир хоёрын утгагүй удаан хүлээлт, түүнийг амирлуулах шөнө бүх л ертөнцийг нь бүрдүүлж, амьдралыг нь орлох ажээ. Харин өнөөгийн агуу их хүн төрөлхтөнд өөрсдийн амьдралын утга учиргүйг ухаарах ямар ч сөхөө алга даа.

Дээр нэг бус удаа абсурд нь урам зориг хугалсан үзэл шиг санагддаг гэж дурдсан. Ингэж бичиж бичиж харах юм бол хамгийн урам зориг сэргээсэн, хамгийн ахуйч, хамгийн хүмүүнлэг үзэл абсурд юм биш үү? гэсэн бодол төрж байна. Даанч абсурд үзэл түүхийнхээ бүх үед (100 гаруйхан л жил л дээ) ойлгомжгүй, гажиг, эсэргүү, тэрс үзэл хэмээхийн оргилыг хуваарьгүй эзэгнэсээр л байна.

Бидний “амьдралын утга” хэмээн нэрлэж буй зүйл ертөнцөд биш бидний оюун санаанд оршдог аж. Ертөнцөд утга үгүй, зорилго ч үгүй байгаа нь энэ. Амьдрал утгагүй болох баримтыг хүлээн авсан тохиолдолд л бид бүрэн дүүрэн амьдрах байр суурин дээр очлоо гэсэн үг.

Байрнаасаа эс хөдөлцгөөнө

ХӨШИГ...

С.БАТЗОРИГ


[1] Бэккет, С., “Годоог хүлээх зуур”., (Монсудар, Дэлхийн сонгодог УЗ-ын 50боть)., Орч Ц. Цэнгэл. Уб., 2009 он. 31 тал.

[2] Камю, А., Сизифийн тухай домог., (Орч, Ж. Отгонбаяр “Софило” цуврал 4)., Уб., 2018 он., 168 тал.

Eguur.mn сайт “Black Box” театрын “Годог хүлээсэн нь” жүжгийг албан ёсны эрхтэйгээр, анх удаа нийтэлснийг энд дарж үзнэ үү.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button