Ярилцлага

Хүн чулууны “хэлмэрч”

Уншигчдыг өнөөдөр хүн чулууны “хэлмэрч”-тэй уулзуулж байна. Хоёр жил хээрээр гэр, хэцээр дэр хийж яван цуглуулсан хүн чулууны гэрэл зургуудаараа “Хаадын хөрөг” нэртэй үзэсгэлэн дэлгэсэн гэдгийг нь дуулаад л Д.Амараатай холбогдов. Бид анх удаа уулзаж ярилцсан нь энэ. Миний өмнө тэр зураач, монументалист гэхээс илүү хүн чулуудаас даалгавар авсан, “хэлмэрч” нь болчихсон уран бүтээлчийн дүрээр суулаа.

Биднийг ярилцаж байх хооронд олон зуун жилийн настай өтгөс буурал хүн чулуунууд ширтэж байв. Монголчуудын хаа нэг тааралдахдаа “Хүн чулуу байна” гээд л өнгөрдөг тэдний гэрэл зургийг цуглуулж хураагаад нэг өрөөнд өлгөчихсөн нь маш шинэ сэрэл мэдрэмжүүдийг үзэгчдэд өгч байна.

Д.Амараатай хүн чулууны тухай бас уран бүтээлч хүний өөрийгөө таних гэдэг ойлголтын тухай энгийн хэр нь ээ амтшин хөөрөлдсөнөө хүргэе.


-Хүн чулуу таныг хэзээнээс татав аа?

-Ингээд л шууд эхэлчхэж байгаа юм уу /инээв, Сурв/?

-Үзэсгэлэнг үзээд дуусахад яагаад ч юм таныг олон жил гэрэл зураг, ялангуяа хүн чулууны зураг дарж яваагүй байх гэх бодол төрлөө?

-Тийм ээ. Зураг дарах бол “дараа нь” хийдэг ажил шүү дээ. Харин эхлээд тухайн зүйлтэйгээ харьцаж, танин мэдэх хэрэгтэй. Зураг авах нь таньж мэдсэний дараа хийх, сэтгэгдлээ буулгах тухай ажил.

Хүн чулуу их сонин. Цаг хугацааны хувьд 13-14-р зууны үед монголчуудын бүтээсэн бүтээл. Магадгүй тийм ч учраас үзэсгэлэнгээ “Хаадын хөрөг” гэж нэрлэсэн. Манай улсад 100 орчим онцлох хүн чулуу бийгээс 80 орчим нь Сүхбаатар аймгийн Дарьганга сумд оршдог. Би тэнд төрж, өссөн. Сумын захад ойр, хүн чулуу өдөр бүр харагддаг байлаа. Анх хүн чулуутай танилцсан үе минь юм уу даа.

-Хүн чулуутай холбогдсон анхны дурсамж байх нь?

-Тийм. Одоо бодоход анхны кадр бол сэтгэлд тэгж буусан шиг байгаа юм. Долдугаар ангидаа хүн чулууны хажууд морь зогсож буй зураг зурж байснаа санадаг. Одоо бодох нь ээ, багадаа тэгж хүн чулуугаар бяцхан уран бүтээл хийж байж. Харин одоо дахин давтагдаж байх шиг.

-Үүнийг таны гэрэл зургийн анхны үзэсгэлэн гэж ойлгож болох уу?

-1993 онд их сургуулиа төгссөнөөс хойш 2013 он хүртэл гэрэл зурагтай төдийлөн ажиллаагүй. Нэг өдөр нутгийнхаа тухай гэрэл зургийн альбом гаргах бодол төрсөн. Ингээд 2013 оноос энэ ажилдаа шамдаж, 2015 онд “Дарьганга нутгийн өнгө” нэртэй үзэсгэлэн дэлгэсэн. Хамт альбомоо ч гаргасан. Уран бүтээлч хүн явах, аялах ёстой гэж би боддог. Ингэснээр учиргүй өөрийгөө танина гэж айхавтар яриад яах вэ. Гэхдээ дотоод сэтгэлээ нэг хөглөх ёстой шүү дээ. Урландаа ганцаар суудаг уран бүтээлчид бий. Тэднийг үгүйсгэж буй хэрэг биш ч аль болох явж хийж, задрах хэрэгтэй гэж боддог. Энэ үүднээс сүүлийн жилүүдэд аймаг, сумдаар их явсан. Байгальд түргэн хугацаанд судалбар хийхэд усан будаг хамгийн тохиромжтой байдаг. Тийм болохоор аялах замдаа хийсэн усан будгийн судалбаруудаараа 2018 онд “Дөрвөн зүгийн аяс” нэртэй үзэсгэлэн гаргасан. Харин сүүлийн хоёр жил ерөөсөө нутгийнхаа энэ хүн чулуугаар л дагнаж ажиллалаа.

Хүн чулуу гэдэг тухайн үеийнхээ хаан юм уу язгууртанд зориулагдсан дурсгал хэдий боловч энэ бол урлагийн бүтээл байхгүй юу. Хийсэн хүн нь барималч, сийлбэрч, уран бүтээлч байж таарна. Тэр өнцгөөс нь, урлагийн бүтээл юм шүү гэдгээр нь судалж таниулъя, гаргаж ирье, хүмүүст үзүүлье гэж зорьсон хэрэг. Би гэхэд нутгийнхаа хүн чулуунууд дээр олон очиж, үзэж байсан хэдий ч яг гэрэл зургийг нь дарах гээд фокуслахад огт хараагүй төрхүүдийг олж харсан. Зураг дарах зорилгогүй байлаа ч очих бүрд шинэ дүрс, шинэ өнгө харагддаг. Өглөө нэг өөр, өдөр нэг өөр. Шөнийн цагаар гэрэл тусгаж харвал бас нэг өөр харагдах жишээтэй. Очих бүрдээ хүн чулууг шинээр таньдаг гэсэн үг юм даа.

-Зүгээр л хаа нэг тааралдахдаа зургийг нь дарж хадгалаад явсан биш, бүр зориуд ажил болгосон, эрж хайж явсан хэрэг байх нь?

-Тийм ээ. Мэдээж хүн чулуу “Намайг аваарай” гээд зам дээр зогсож байхгүй. Тэгэхээр эхлээд төлөвлөгөө гаргах хэрэгтэй болсон. Хамгийн эхлээд энэ хүн чулууг ямар ямар эрдэмтэд судалж байж вэ гэдгийг харна. Оросын, Монголын эрдэмтдийн судалгааны ном, бүтээлийг үзнэ. Эдгээр хүн чулуунуудаас хэдийг нь би үзэж вэ, хэдийг нь үзээгүй явна вэ гэхчлэн судалсан. Ингээд хаанаас эхлээд явах гэдэг төлөвлөгөөгөө гаргаад замдаа гарсан. Зарим хүн чулуутай өглөө таарна. Заримтай нь шөнө таарна. Нэг очоод л гоё зураг дарчихна гэж барагтай үгүй. Дор хаяж л хоёр, гурав эргэж очно шүү дээ.

Хамгийн хол зам туулж очсон хүн чулуу бол Дорнод аймгийн Халх гол сумаас цааш 60-аад км яваад хүрдэг нутаг дахь хүн чулуу. Анх зэрэгцээ хоёр хүн чулуу байсных нь нэгийг музейд авчирсан байдаг. Нөгөөхийг нь байгаль дээр нь үзэхийн тулд 1000-аад км туулж очсон. Замдаа Халх гол сумын нэг залуугаар хөтөч хийлгэсэн. Хүн чулуундаа хүрсний дараа тэр залуу “Одоо ингээд л болоо юу. Ингэх гэж л тэр холоос ирсэн хэрэг үү” гээд инээж байсан.

-Хүн чулууны өөдөөс, нүд рүү нь хараад зогсож байхад танд нэг мэдрэмж төрж буй. Харин зургийг нь авахдаа яг тэр өөрийн мэдрэмжээ буулгаж чадсан уу. Хэр боломжтой гэж бодож байна вэ?

-Би хүн чулууг амьтай гэж боддог. Тэд бодит хүний дүртэй. Үүний дээр он цагийн хувьд бараг 800 жилийн өмнөх асуудал яригдаж байна. Тал нутагт тэднийг амьтай гэж үзэж, шүтдэг. Гаднын хүмүүст үзүүлдэггүй, нуудаг барьдаг, байршлыг нь хэлж өгдөггүй гэхчлэн зүйлс бий. Яваад очиход тэд чинь гэрийн буурь шиг сонин тойрог дотор зоолттой байгаа. Тэр тойрог дотор орохоор нэг мэдрэмж төрдөг байхгүй юу. Яагаад ч юм өөр нэг ертөнцөд ороод ирлээ гэдэг нь мэдэгддэг. Айх, гайхах ч юм уу. Эсвэл эмээх. Нэг удаа санаандгүй хартал нэг бүдүүн могой хүн чулууг нар зөв тойроод явж байна. Тэгэнгүүт бид “Эзэн нь юм байна” гэж бодох жишээтэй. Тэгээд бодонгуут сэтгэлд арай өөр харагдах. Зарим зургийг маш олон удаа авсан, олон ч очиж үзсэн. Очих бүрд, авах бүрд л өөр төрх. Харин тэр кадруудын аль нь зөв бэ гэдгийг ялгаж би чадахгүй.

-Уран бүтээлчид өөрсдийн тусгай мэдрэмжтэй хүмүүс. Гол нь өөрөө өөртөө л мэдрээд суух биш түүнийгээ бусдад илэрхийлэх асуудал яригддаг шүү дээ. Хүн чулууны юуг нь хүмүүст илэрхийлж үзүүлье гэж хоёр жил гэрэл зургийн аппараттай найзлав?

-Ер нь хүмүүс хүн чулуун дээр очоод буцахдаа нэг бүрчлэн, нарийвчлан харж амждаггүй юм билээ. Яг нарийн төвлөрвөл тэдний дээлийн хээ хуар, гартаа барьсан аяга, сахал үс гээд бүгд нарийн утга агуулга илэрхийлж байдаг. Тэгэхээр тэдгээр зурвас харахад үзэгддэггүй нарийн дүрслэлүүдийг нь, хамгийн гоё хийцийг нь цогцоор харуулж чадах тэр өнцгийг олох гэж л хичээсэн. Тэр өнцгийг л хайж ажилласан.

-Өнцөг маш чухал байжээ?

-Тийм.

-Яах ч аргагүй гэрэл зураг гэдэг үзэгчдийн хувьд юмсыг цор ганц өнцгөөс л харах боломж юм даа.

-Яг тийм шүү. Тэр өнцөг юу хэлж байна вэ гэдэг асуудлын хүрээ их том. Түүнчлэн хүн чулуунууд өөрсдөө байгаль дээр байгаа учраас байгалийн гэрэл, нар салхийг ч тооцож зургаа дарах шаардлага үүсэж байгаа юм.

-Зориуд хиймэл гэрэл тусгаад ч юм уу, байгалийн бусаар нөлөөлж авах гэж оролдсон уу?

-Тэгж үзсэн. Зарим нэгийг нь шөнө, хоёр талаас нь машины гэрэл тусгаж байгаад авсан нь ч байна. Гэтэл тэр нь өдөр авсан зургаасаа тэнгэр, газар шиг ондоо. Өөр хүн чулуу юм уу гэж андуурмаар харагдаж байгаа юм.

-Ингэж очиж үзэх бүрд, зургийг нь дарах тоолонд өөр өөр харагддаг учир нь хүн чулуундаа л байх шиг. Ямар ч гэрэл тусгаж, өөр орчинд авсан тэр хэвээрээ харагддаг зүйлс бий шүү дээ?

-Харин тийм ээ. Ерөөсөө энэ хүн чулуунуудыг хэн, хэнд зориулж, яагаад бүтээв. Яг ямар түүхийг хадгалж, ямар утга агуулга тээж байна вэ гээд л сонирхолтой сэдэв хөвөрч гарна. Хэзээ бүтээгдэв гэдэг нь л өөрөө том асуулт. 800 жилийн турш хээр хөдөө, түүх өгүүлээд л байж байна гээд бодохоор гайхамшигтай. Үнэхээр урлагийн бүтээл гэдэг ингээд байж л байдаг. Тэгэхээр би үүнийг тал нутгийн тамга, тал нутагт өвөг дээдсийн тамгалж үлдээсэн тамга юм гэж үзээд байгаа.

-Хүн чулуунд татагдаж, энэ ертөнцийн нэлээд гүн рүү хуруугаа дүрчихсэн яваа хүн юм гэдэг тань асаж, оволзож ярих ярианаас тань төвөггүй ойлгогдож байна...

-/Инээв, Сурв/. Энэ нөхдүүдийг урласан чулуу нь хүртэл өөр өөр байх жишээтэй. Манай Монголд байхгүй цагаан гантиг, саарал гантиг гэхчлэн чулуугаар хийчихсэн байгаа юм. Урласан хийц нь бас чулуугаа дагаад өөр өөр байна. Цагаан гантигаар ихэвчлэн луу хээтэй дээл өмсөж, эсэр сандал дээр суусан, барын арьс нөмөрсөн, хаад язгууртан хүний хөргийг урладаг гэдэг нь илэрхий. Харин хүрмэн чулуу бол хөөсөрхөг, амархан бутардаг учраас түүгээр маш ерөнхий дүрсэлж хийсэн байгаа юм. Гэхдээ одооны школ гэдэг шиг тэр үед хүн чулуу урладаг тогтсон нэг дэг жаяг байсан шиг. Хааны хөргийг яг ингэж л урлана гэдэг ч юм уу. Тэр нь энэ хөргүүдээс тодорхой харагддаг.

Өвөр монголын Шилийн гол аймгаар явж хүн чулуунууд үзэхэд бас их сонин юм билээ. Тэнд газар дээрээ байдаг хүн чулуунууд ховор болчхож. Бүгдийг нь шахуу музейдээ татаад авчхаж. Тэгэнгүүт хүн чулуу нь алга болчихоор хүн чулуу гэдэг ойлголт нь ч байхгүй болчихдог юм байна. Манайхан бол хөдөө замд явж байгаад л нэг тааралддаг учраас мэдээд байна.

-Хаа нэг нүдэнд нь харагдаад байдаг учраас?

-Тийм. Хараад, харьцаад байна гэдэг чинь ондоо. Өдөр бүр очоод мөргөөд байхдаа гол биш ч харагдаад байна гэдэг чинь. Харин өвөр монголчуудаас асуухад сайн мэдэхгүй, музейд байдаг байх гэж байсан. Тэгэхээр байгаа газраа байж байж л юмны үнэ цэн оршдог. Музейд тавьчихаар үзмэр төдий болж, сүнслэг байдлаа алдчихдаг юм шиг санагдсан.

-Хагарч, бутраад элэгдчихсэн, хүн чулуу гэдэг нь дөнгөн данган танигдахуйц хүн чулуунуудыг харахад танд ямар сэтгэгдэл төрдөг вэ?

-Өрөөсөн нүдтэй ч бай, ямар ч дүрстэй болж элэгдэж, бутарсан бай тэр урлагийн л бүтээл байхгүй юу. Заавал төгс байх албагүй. Нүүр дүрсэлсэн л бол тэр урлагийн бүтээл. Өөрийн хэллэгтэй, өвөрмөц төрхтэй.

Сүүлд манай нутгийн нэг найз, “Чамайг хүн чулуу гээд байдаг болохоор хэлье гэж бодлоо. Нэг шинэ хүн чулуу олдсон” гээд дуудлаа. Хамт очтол нөхөр хэлж байна. “Эхэндээ хүн биш үхэр дүрсэлчихсэн юм уу гэж харсан” гэнэ. Үнэхээр хамрыг нь нэг их том дүрслээд чихийг нь хоёр талд нь хийчхэж. Нарийн хартал бөөгийн малгайн дүрслэл болж таарсан. Тэгэхээр магад тэнгэр шүтлэгтэй хүнд зориулж энэ хүн чулууг бүтээсэн ч байж болох. Иймд заавал уран тансаг хийцтэй нь гоё, болхи нь муухай гэдэг ойлголт биш юм билээ.

-Та эдгээр хөргүүдээсээ нэгийг нь онцолж яриач. Сэтгэлд тань нэг нь арай илүү үнэ цэнтэй байр эзэлж буй байх?

-Эд бүгд өөр өөрсдийн гэсэн өгүүлэмжтэй хөргүүд л дээ. Яах вэ, адилхан хүн чулуу мэт л харагдаж болох ч тус тусдаа маш сонин сонин юм өгүүлж чадна.

Хамгийн сор болсон нь гэж үзээд нэгийг нь онцолбол, Сүхбаатар аймгийн Онгон сумын таван толгой гэдэг газар байдаг хоёр хүн чулуу байна. Цагаан гантиг, нөгөө нь саарал гантиг. Газар дээр нь очиж үзвэл бас их сонин. Анхандаа дөрвөн эгнээ булшин дээр дөрвөн хүн чулуу байсан бололтой харагддаг. Археологичид малтлага хийхэд тэдний эдэлж, хэрэглэж байсан зүйлс нь олдсон байдаг. Нэг онцлог нь энэ хүн чулуун дээр барын арьс дүрсэлсэн байдаг. Нэг нь барын арьсаа сандал дээрээ тохчихсон, харин нөгөө нь барынхаа толгой дээр гишгэчихсэн дүрслэлтэй.  

-Дан хүн чулуунуудын зураг дарж явах нь хувь уран бүтээлчид ямар зүйлсийг шинээр өгөв?

-Ер нь би “Зөвхөн зургаа л зурдаг, ингэж тэгдэггүй” гэх мэт ярианд дургүй хүн л дээ. Эсрэгээрээ нэг ч гэсэн шинэ юм сурч, явах ёстой, үзэх ёстой гэж боддог. Уран бүтээлч хүн бүх л төрлөөр оролдож, өөрийгөө олон өнцгөөс таних ёстой шиг байгаа юм. Гэрэл зураг авснаар надад наад зах нь эрэл хайгуул хийх мэдрэмж суусан. Зураачид бол шууд сандал дэлгэж суугаад л зураад эхэлнэ шүү дээ.

-Та өөрөө их эрэл хайгуулч уран бүтээлч юм байна. Гэхдээ үүнийг тань өөрийгөө таних гэсэн л эрэл, хайгуул болов уу гэж бодно. Өөрийгөө танихын тулд бид яах ч аргагүй угсаа гарвал руугаа, нүүдэлчин соёл, хөдөө тал руу, мал аж ахуй руугаа орж таарна. Та уран бүтээлчийн хувьд өөрийгөө таних гэдгийг юу гэж ойлгодог вэ?

-Өөрийгөө олох, таних гэдэг ялангуяа уран бүтээлчдэд нэн чухал зүйл шиг. Зургийг нь хараад тэр байна гэж танихаар, нэг тийм өөрийн гэсэн онцлог байдаг даа. Уран бүтээлч хүнд бусдаас ялгарах онцлог заавал байж таардаг. Төрөлхөөсөө нэг өөрийн гэсэн өнгөтэй. Бусдын юмыг хуулбарласан ч өөрийнх нь өнгө цухалзаад байдаг. Харин тэр чанараа л яаж таних вэ, олж, гаргаж ирэх вэ гэдэг л өөрийгөө таних гэсэн ойлголт болов уу гэж бодогдох юм.

-Та өөрийнхөө ялгарах онцлогийг олсон гэж хэлэх үү?

-Ер нэг их айхтар “Би өөрийгөө олчихсон” гэдэг уран бүтээлч ховор байх. Мэдээж эрэл хайгуул хийгээд явж л байна. Өөрийнхөө өнцгийг олох гээд л. Болоогүй л дээ. Олсон эсэхээ би өөрөө хэлэх нь ч бас учир дутагдалтай хэрэг.

-Уран бүтээлчид нэг тийм сүнслэг байдлаараа танигдах нь чухал байх л даа. Тэгэхгүй “Дан хүн чулуугаар л дагная” гэчихвэл тэр их хуурамч өөрийгөө танилт байх. Хүн чулуугаар нь л тэр уран бүтээлчийг таньдаг байвал харамсалтай ч юм шиг.

-Харин тийм. Тэгэхээр яг тэр жинхэнэ юмаа олохын тулд хүн өөрийнхөө гүн рүү орж, сайн чагнаж, чих тавих хэрэгтэй байх. Ер нь хүн гэдэг өөрөө өөртэйгөө, хувь хүнтэйгээ л сайн ажиллаж чадвал өөрийгөө нээдэг, таньдаг гэх ойлголт юм уу даа.

-Гэхдээ хоёр үг солингоо бодож байх нь ээ, энэ их сонин ажил болжээ. Хүн чулуу өөрөө урлагийн бүтээл. Тэгтэл та 800 жилийн өмнө өрөөлийн хийчихсэн уран бүтээлийг хүмүүст харуулах гэдэг бас нэгэн уран бүтээл хийсэн байна. Дамжуулагчийн үүрэг гүйцэтгэсэн юм шиг мөртлөө уран бүтээл?

-Давхцал шиг байгаа биз.

-Давхцал шиг, дамжуулсан юм шиг сонин мөртлөө олон нийтэд маш ач холбогдолтой. Бултаар нь авчраад энд тавьчихаар хүмүүс нээрэн хүн чулуу гэдэг чинь зүгээргүй, бас нэг сонин өв соёл, ертөнц байна шүү гэж бодож байгаа байх. Хүмүүст шинийг өгч буй нь гарцаагүй...

-Энэ бол маш сонин ертөнц. Би ийш яаж ч юм явж байгаад орчихсон юм. Дараа нь бодсон. Би хүн чулууг сонирхов уу, хүн чулуу намайг чи бэлэн болжээ гээд дуудав уу. Бараг дуудаад байдаг байхгүй юу /Инээв, Сурв/. Тэнд нэг хүн чулуу шинээр олдлоо гэж дуулвал барагтай нойр хүрэхгүй. Би өөрөө, өмнө нь зөндөө зураг хөргийг нь авч, үзэж хараад л явдаг байсан хэрнээ яг хоёр жилийн өмнөөс энэ ертөнц рүү бүр орчихсон. Манай нэг настай ах хүү намайг дуулаад “Тэр хүү хүн чулуу гэж яваад байгаа сурагтай. Боль гэж хэлээрэй. Болохгүй газраар яваад байна” гэж манай ээжид хэлсэн байсан. Яг очоод үзэхэд зарим хүн чулуу тахилын онгонтой, хоригтой байдаг. Тэр талаас нь бодоход эвгүй шүү. Жихүүцмээр. Би чинь одоо юу хийж яваад байна вэ. Ингээд явах ёстой хүн нь би мөн ч юм уу гэж бодогдоно. Өөрийнхөө сонирхлоор л нэг нөхөр яваад байдаг. Гэхдээ яах ч аргагүй хүсэл нь дийлэх юм.

-Тэгэхээр л эргээд таны хүүхэд нас руу ормоор байгаа юм. Хүүхэд байхдаа хардаг, зурдаг байсан гэсэн шүү дээ. Түүнээс хойш хүн чулуу таны мэдрэмжээс алдагдаж явсаар хоёр жилийн өмнө дахиад тааралдчихав уу. Юу таараад дахин таныг ингэтэл зүггүйтэн татав гэдэг миний хамгийн мэдэхийг хүсэж буй асуулт?

-Би зүгээр сүүлд бодоод байхад, багад хүн чулуу гэдэг нэг юм миний ой санамжид үлдсэн шиг байгаа юм. Харин хоёр жилийн өмнөөс тэр нэг юм нь эргээд сэргэсэн. Сэргээд, яагаад ч юм өөрийн мэдэлгүй ороод явчихсан. Уг нь Улаанбаатарт ид уран бүтээл туурвиж, энд амьдардаг хүн чинь сүүлийн хоёр жилийг бараг Сүхбаатарт л өнгөрөөсөн дөө.

-Хүн чулууны дэргэд та өөрөө юу вэ. Өөрийнхөө үнэ цэнийг хүн чулууныхтай харьцуулж бодож үзсэн үү?

-Ёстой сонин асуулт байна аа /Инээв, Сурв/.

-Энэ өөрөө их нууцлаг мэдрэмж өгдөг. Яалт ч үгүй нэг толгой бөхиймөөр, хүндэлмээр, би дэргэд нь жижигхэн амьтан гэж бодогдмоор ч юм шиг санагдчихлаа л даа. Тэгээд ингэж асуулаа. Та яг ийм мэдрэмж авдаг уу?

-Би хоёрдугаар ангид байлуу даа. Тэгсэн манай сургуулийн хүүхдүүд дунд хамраа ингэж мааждаг моод дэлгэрэхгүй юу.

-Ямар сонин моод вэ.

-Тэгсэн намайг нэг нөхөр дуурайгаад маажчих гээд. Тэгтэл шархлаад тав тогтчихдог юм байна. Гэтэл ингэж маажсан хүүхдүүдийг бөөнөөр нь шийтгэх юм дуулдаад л явчихлаа. Ингээд орой гэртээ иртэл гэнэтхэн хүн чулуунд очиж мөргөвөл арилах байх гэсэн бодол төрөхгүй юу. Тэгээд хоёр, гурван зоосон мөнгө аваад оройхон сумын захад байдаг хүн чулуун дээр очлоо шүү. Мөнгөө тавиад мөргөлөө. Тэр үед чинь мөргөх залбирах гэдэг ямар ч ойлголт байхгүй шүү дээ. Тэгсэн мөртлөө гуйгаад мөрөнд нь юм уу тосонд нь хүрвэл /тос түрчихсэн байдаг байсан/ арилна гэх бодол төрсөн. Ингээд хамраа жаахан үрэнгээ, бодвол гуйсан шиг байгаа юм. Маргааш өглөө нь бостол нээрэн тав нь уначихсан байсан. Жирийн биш эд байна гэдэг мэдрэмж тэр үед л төрсөн. Ингээд нэг их айхтар бодож, хийлгүй явсаар хоёр жилийн өмнөөс л татагдчихлаа.

-Та ингээд өөрийгөө хүн чулуугаар дагнаж уран бүтээл хийх ёстой хүн гэдгээ олчхож байгаа юм биш үү. Та ер нь тэгж бодсон уу?

-Би яг тэгж хэлж мэдэхгүй, таашгүй. Цаашид энэ чиглэлийн судалгаа мэдээж үргэлжилнэ. Өшөө цааш нь таньж мэдэх хүсэл бол хэвээр. Орхихгүй судална. Давхар уран бүтээлээ хийгээд явна даа. Харин өөрөө зурах юм уу, усан будгаар ч зурах юм уу, мэдэхгүй. Ямар ч байсан миний цаашдын уран бүтээлийн салшгүй нэг хэсэг байх нь гарцаагүй.

-Хүн чулууны Амараа нэртэй болчихвол танд ямар байх вэ?

-Намайг одоо ер нь тийм хандлагаар хардаг болсон л доо. Нутагтаа очихоор өө нөгөө чулуу хайгаад явж байдаг хүү байна гэнэ. Энэ бол миний дурласан ажил. Тийм болохоор надад зүгээр л буудаг. Айхавтар сайн, муу мэдрэмжээр хүлээж авдаггүй.

-Энэ хүн чулуунууд танд юу гэж хэлээд байх шиг санагддаг вэ?

-Энэ их сонин. Би амьдралдаа шүлэг мүлэг бичнэ гэж төсөөлж ч яваагүй хүн.

-Байзаарай, хөргүүдийн доорх тайлбар шүлгүүдийг арай та өөрөө бичсэн юм биш биз дээ?

-Харин тэгсэн чинь нэг удаа сууж байгаад хоёр мөрт шиг юм бичихгүй юу. “Хүн чулуу урласан хүнийг таних уу. Хэдэн зүйл асууя” ч бил үү. Тэгээд цааш нь бичээд байсан чинь нэг өдөр би 60-аадыг биччихсэн. Энэ тайлбар шүлгүүдийг би өөрөө бичсэн юм.

-Хэн бичсэнийг нь асууя гээд бэлдчихсэн байсан юм аа.

-Тэгсэн манай эхнэр уншаад хүний юм хуулчхаагүй биз дээ. Чи ингэж бичдэг байсан юм уу гэсэн. Дараа нь дахиад бичих гэтэл нэг л болж өгдөггүй. Тэгэхээр нь хаячихлаа. Тэгсэн дахиад нэг өдөр хоёр мөр юм бичтэл цаашаа яваад 30-аадыг биччихсэн. Ингээд одоо нэг 120-130-аад ийм, дан хүн чулуутай холбоотой шүлэг маягийн зүйлтэй болсон. Хүссэн үедээ биччихье гэвэл чаддаггүй, ер болдоггүй. Магадгүй хүн чулуунуудын дэргэд нь очоод миний бодож байсан бодлууд энэ дотор хураагдаж байгаад гэнэтхэн шүлэг болж тэсэрсэн юм болов уу гэж бодсон. Түүнээс би амьдралдаа шүлэг зохиолоор оролдож байгаагүй хүн.

-Уншихад лав зүгээргүй шүлгүүд байсан юм. Хэн бичсэнийг нь асууя гэж ирсэн. Их сонин юм байна.

-Шүлгүүдээ нийлүүлээд эсээ маягийн зүйл ч бичсэн. Бичсэн ч гэж дээ, өөртөө л. Тийм хэдэн бичвэрүүд бий. Хүн амьтанд үзүүлээгүй.

-Хүн чулуу танаар бүр шүлэг бичүүлжээ.

-Надаар дамжуулж хүмүүст хүргэсэн яриа ч юм уу, мессеж ч юм уу. “Хөргийн хөндийд долоон хүн чулуу байдаг. Хөргийн хөндийн долоон нар жаргадаггүй” гээд л бичигдчих жишээтэй. Тиймэрхүү маягийн /инээв, Сурв/ шүлэг гэх юм уу, хайку гэх юм уу, мэдэхгүй.

-Хамгийн анх бичигдсэн мөрт нь ямар мөрт байсан бэ?

-Ингэсэн юм.

“Хүн чулуун дээр дуссан ганц нулимс

Хун шувууных байсан ажээ”. Тэр үед ганга нуур ширгэлээ гээд олон нийт ид сенсацалж байсан. Тэгсэн яагаад ч юм холбогдоод. Одоо ухаандаа хун шувуу хүн чулуугаар дамжуулж, хүмүүст үгээ хэлж байна гэсэн санаа.

-“Давхцал”, “Огтлолцол” гээд гарчиглачихмаар яриа өрнөж байна. Хүн чулуунууд ч бас өөрсдөө дамжуулагчид шүү дээ. Тухай цаг үеийнхээ мэдээллийг хадгалж, бидэнд дамжуулж байгаа. Тэрийг та гэрэл зургийг нь дарж, энд авчирснаараа дамжуулж байгаа маягтай. Ер нь хүн чулууны тухай аман яриан дахь тэр нэг увдислаг, шидлэг байдлыг нь та юу гэж харав?

-Хүн чулууг хөдөлгөвөл ган зуд болдог. Урагшаа харж байсан чулууг хойш нь харуулаад тавьчихвал осол аваарт ордог ч гэдэг юм уу. Энэ нэг ийм яриа юм шиг боловч, зарим үед үнэн болоод байгаа явдлууд олон юм билээ. Дорнодын Матадад байдаг хүн чулууг зуны сүүл сард бүр наадам хийж тахидаг. Ингээд бодоход, яагаад заавал уул овоог биш хүн чулууг тахина вэ. Тэгэхээр эртнээсээ тахилга, тайлгын газар байсан гэдэг уламжлал нь хадгалагдаж ирсний баталгаа шиг. Анхнаасаа тийм, тахилга тайлга хийх зориулалттай байсан нь өнөөдөр ч уламжлагдаж ирсэн байх магадлалтай. Ер нь хүн чулуу өөртөө маш их мэдээлэл агуулдаг гэдэг нь мэдрэгддэг. Бидний ихэнх нь ямар нэг юм гуйх, ахуй амьдралаа даатгах ч гэдэг юм уу хандлагаар хүн чулуун дээр очдог л доо. Энэ хэдий бидний өнөөдрийн хандлага боловч цаана нь өвөг дээдсээс кодлогдож ирсэн уламжлал байх магадлалтай. Мөн нэг талын өвөг дээдсээ л эргэж очиж байгаа хэлбэр юм шиг.

-Хоёр жилийн турш явахад хүн чулуунууд элэгдэж, баларсан байх нь хэр олонтой байна вэ. Соёлын үнэт өвөө байгальд нь хөсөр хаях нэг бодлын зөв ч, нөгөө бодлын маш хайхрамжгүй, цаг хугацаа алдсан хэрэг биш үү?

-Хүн чулууны зураг худалдаж авдаг хүн байхгүй. Тэгэхээр миний үзэсгэлэн бол ашгийн бус. Гагцхүү энэ соёлын үнэт өвөө бусдад таниулж сурталчлах хэрэгтэй юм байна гэдэг үндсэн дээр л үзэсгэлэнгээ дэлгэсэн. Таньж мэдсэн хүн гэдэг өөрөө эргээд хамгаалалт болдог. Мэддэг хүн дээр нь нэрээ бичихгүй нь ойлгомжтой. Ер л эвдрэх, элэгдэх тал нь дийлж байна шүү дээ. Цаашид хамгаалах, судлах ажлаа үр дүнтэй үргэлжлүүлнэ гэвэл ганцаар биш багаар ажиллах хэрэгтэй юм билээ.

-Яг үүгээр амьсгалж буй хүнийх нь хувьд дотроо эмзэглэсэн зүйлсийг тань яриулах хэрэгтэй байх. Ер нь төр засаг ингэвэл зүгээр юм билээ гэхчлэн, та чөлөөтэй ярьж болно?

-Газар дээр нь очоод үзэхээр ихэнх нь цуурчихсан л байдаг. Боржин чулууг 800 жилийн насжилттай гэдэг. Тэгэхээр боржин хүн чулуунуудын насжилт дуусах дөхөж буй гэсэн үг. Эд халуунд тэлж, хүйтэнд агшина. Ингээд ан цав үүсдэг. Дээр нь хүмүүс тахин шүтнэ гээд өрөм тос нялдаг, түүнд нь өт хорхой үүрлэж чулуугаа иддэг. Хашаагүй учраас үхэр мал шөргөөж унагана. Толгой түрүү нь гэмтэнэ, хагарна. Ер нь ядаж л эхний ээлжид хүн чулуу бүрийн гадуур хашаа хороо татаж малаас хамгаалах ёстой. Харин болж өгвөл музейдээ аваад, оронд нь хуулбар хийгээд тавих хэрэгтэй. Оронд нь заавал хийж тавих ёстой. Яагаад гэвэл тухайн орон зайдаа байхдаа хүн чулуу маш их мэдээлэл өгдөг. Зүгээр харсан зүг гэдэг нь л өөрөө учиртай. Ер нь бид түүхэн дурсгалаа санаатай, санаагүй янз бүр байдлаар устгачихдаг улс. Музейд ийн төвлөрүүлбэл гадна дотнын хүмүүс ирж үзнэ, сонирхоно, эргэлтэд орно. Тэгэхгүй бол хол газар явна гэдэг хэцүү, явлаа ч олоо ч уу, үгүй ч үү.

-Танд одоо очиж үзээгүй хүн чулуу бий юу?

-Энэ чинь их сонин юм билээ шүү дээ. Очиж үзээгүй гэхээс илүү хайж байгаа хүн чулуу зөндөө байна. Хайгаад олдоггүй. Эрдэмтэд олоод, хар зургийг нь зурчихсан байдаг. Гэтэл олддоггүй. Хавар шороо шуурахаар зарим нь дарагдах эрсдэлтэй, ер дарагдчихсан байна. Нэг шороо шуурахаар буцаад ил гараад ирж байна. Тэгэхээр багцаа газраар хайгаад л, сураг тавиад явж байгаа хүн чулуунууд байна. Саяхан нэг хүнтэй уулзтал нөгөө хамгийн хол явж хүрсэн Дорнодын хүн чулуунаас цаашаа дахиад нэг байна гэнэ. Тэрийг очиж үзэж л таарна даа.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: С.БОРГИЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

М. Тэнгис

Олон улсын харилцааны мэргэжилтэй, сэтгүүл зүйн салбарт таван жил ажиллаж байна. Нийгэм, улс төрийн сэдвээс гадна дүрслэх урлагийн шүүмж, ярилцлага бэлтгэдэг. Eguur.mn сайтын Ерөнхий редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
зочин
зочин
2020-11-05 13:29

Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын 4-р бригадын Улаан Эрэг хэмээх газар тээр жил айлын довжоо хийчихсэн чулуу байсан шороог нь цэвэрлэхэд тэр чулуун дээр г�##� нар сарны дүрс бүхий зурагнууд байсан. Бид босгох гээд өргөөд дийлээгүй гэх мэт хөшөөнүүд Монгол орны хаа сайгүй байгаа хамга�##�ах т�##�аар төр засаг нутгийн захиргаа иргэд анхаарах цаг болсон

Зочин
Зочин
2020-11-05 16:33

Өөртөө хүн чулуунуудын �##�бин шидийг шингээсэн болоод тэр юмуу нэг л биширмээр сэтгэл татаад байх юм

Зочин
Зочин
2020-11-05 16:37
Reply to  Зочин

Яг хаана болж байгаая

Зочин
Зочин
2020-11-06 14:06
Reply to  Зочин

Занабазарын музейд үзэсгэлэн тавигдсан

Зочин
Зочин
2020-11-06 00:30

Бүгдийг нь эхлээд нутгийн удирдлагад тойруулж хашаа барих да�##�гавар өг ! Тос юм хум түрхэхгүй байх сануулга бичих ! Уг нь нэг хүн скэинэрдээд байсан. Тэр хүнээр бүгдийг скэинэрдүүлж авч байршил мэдээлэлтэй хадг�##�ах чух�##�. Энэ санд�##�тай гартаа хундагатай хүмүүс чинь бүгд хаан хүмүүс. Энэ иймэрхүү хундага одоо ч бодитоор Оросын музеэд байгаа. Зураг нь интернетээр байдаг. Санд�##� нь нөгөө Рашид ад дины номын зураг дээр дүрсэлдэг санд�##�тай жижиг л болохооос адил байна. Бусад юу дүрслэгдсэн байна бүгдийг олж болно тэээд тэр бүх мэдээллээрээ 3 хэмжээст зураг үүсгэж болно (нүдэнд харахад амар) Тэгээд ямар хүнийх байж болох вэ түүхчид суд�##�ж болно. Чулуун хөшөө хийдэг хүмүүс хуулбар дууриамлыг хийгээд УБ нь ойролцоо нэг газар бүгдийг нь байрлуулж болно.

bat
bat
2020-11-06 14:21

bayarlalaa tand ikh gaihaltai sunsleg uran buteelch damjuulagch hun baina. Amjilt husie tusul hutulbur bolgoj hamgaalaj hugjuuleh yumsan.

Холбоотой мэдээ

Back to top button