Нийгмийн

ТАНИЛЦ: Л.Цэдэвсүрэн сайд их, дээд сургуулийн захирлуудад өгсөн ЕСӨН үүрэг, чиглэл

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн төрийн болон төрийн бус өмчийн их, дээд сургуулийн төлөөлөлтэй цахим болон зайн сургалт, чанар, үр дүн, сургалтын төлбөрийн асуудлаар уулзалт хийлээ.  

Сайд яамнаас зохион байгуулж буй теле, цахим, зайн, холимог сургалтын талаар болон оюутны сургалтын төлбөрийн зээл, тусламжтай холбоотой авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээг уулзалтын эхэнд товч танилцуулан, сургуулиудын энэ талаар хийж байгаа ажлын мэдээлэл сонслоо.

“Этүгэн” их сургуулийн ТУЗ-ийн дарга академич С.Нямзагд “Сургуулиуд асар их зардал гаргаж, өөрийн программтай, системтэй, хүн хүчтэй цахим сургалтыг босгож ирж байна. Анх цахим сургалт эхэлж байсантай харьцуулахын аргагүй том алхам хийж чадлаа. Манай оюутнуудын 80 хувь нь цахим сургалтад сэтгэл хангалуун байгаа” гэсэн. Тодорхой хувийн шүүмжлэлийг нийт оюутны асуудал болгон дэвэргэж, улс төржүүлж, оюутнуудыг турхирах нь зохисгүй гэдгийг хэд хэдэн захирал нэмж хэллээ.

МУБИС-ийн захирал Д.Мандах “Манай сургуулийн хувьд 2019-2020 оны хичээлийн жилд хамаарах зээлтэй холбоотой маргаантай асуудал байхгүй. Энэ хичээлийн жилийн хувьд сая гарсан Засгийн газрын шийдвэрийн дагуу зээлд хамрагдах оюутнууд бий. Сургууль бүр удирдах зөвлөлтэй, өөрсдөө төлбөрөө тогтоож, оюутнуудаа элсүүлсэн. Тиймээс төлбөртэй холбоотой асуудлыг сургуулиуд өөрсдөө шийдэх нь зөв” гэсэн байр суурьтай байв.

Санхүү, эдийн засгийн их сургуулийн ректор Б.Мөнхбаяр цаашид оюутны зээлийг улсын төсвөөс санхүүжүүлээд байх нь хүндрэлтэй. Тиймээс зах зээлийнх нь зарчмаар арилжааны банкаар дамжуулах нь урт хугацаандаа зөв гарц болно гэсэн санал хэлэв.

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн уулзалтын төгсгөлд захирлуудад дараах үүрэг, чиглэл өгсөн байна. Үүнд:

  • Цахим, зайн сургалтын үр дүнг сайжруулах, багш нар оюутан нэг бүртэй эргэх холбоотой байж тэдэнд хичээл бататгах, ойлгуулах, зөвлөгөө өгөх
  • Багш нарын цахим, холимог хичээл бэлтгэх, заах арга зүйг сайжруулахад сургуулийн удирдлага дэмжлэг үзүүлж туслах
  • Оюутны төлбөр төлөлтөд хэрэглэж болох бүх уян хатан зохицуулалт хийх, олон үе шаттай хуваан төлөх боломж олгох, хөнгөлөлтийн бусад хэлбэрийн дэмжлэг үзүүлэх
  • Засгийн газраас үзүүлж байгаа оюутны төлбөрийн зээл олгох асуудлыг Боловсролын зээлийн сан, оюутантай хамтран зохион байгуулах
  • Удирдах зөвлөлөө хуралдуулан 2019-2020 оны хаврын улиралд төлөгдөөгүй сургалтын төлбөрийн асуудлыг хэлэлцэж, оюутанд санхүүгийн дарамт үүсгэхгүй хэлбэрээр шийдэх
  • Энэ хичээлийн жилийн 2 дугаар улирлын хичээл сонголт хийн баталгаажуулахад оюутнуудаас сургалтын төлбөр нэхэхгүй байхаар дотооддоо зохицуулалт хийх
  • Дотуур байранд амьдардаг оюутны байрны зардлын зөрүү болон илүү төлөлтийг оюутантай тохиролцон буцаан төлөх, дараагийн улирлын төлбөрт шилжүүлэх
  • Ирэх даваа гарагаас /2021.01.18/ сургууль тус бүр цахим, зайн хичээлийн үр дүн, төлбөрийн асуудлаар оюутан, багш нарын хамтын уулзалт хийж, дотоод зохион байгуулалтаа идэвхжүүлэх
  • Оюутныг тасралтгүй суралцах нөхцөл боломжоор хангах, тодорхой шалтгаанаар тухайн улиралд суралцаж чадаагүй хөтөлбөр хичээлийг дараагийн улиралд судлуулах, төлбөрийг шилжүүлэх зохицуулалт хийх

Уулзалтад Боловсрол, шинжлэх ухааны дэд сайд Г.Ганбаяр, БШУЯ-ны Дээд боловсролын газрын дарга Г.Батнэмэх, Боловсролын зээлийн сангийн захирал Ж.Ариунболд зэрэг албаны хүмүүс оролцож, захирлуудын асуултад хариулав.

Эх сурвалж: БШУЯ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button