НИЙГЭМ

“Чамаас болж халдвар авчихлаа, чи буруутай” гэх олны хандлага эдгэрсэн иргэдийн өмнө “хана” босгож байна”

Цар тахалтай байгаа өнөө цагт хамгийн тулгамдсан асуудлуудын нэг нь коронавирус туссан, эдгэрсэн иргэний сэтгэл зүй. Халдвар авснаа мэдсэн иргэн гэр бүлдээ, бусдад халдаасан байх вий, бусад хүмүүс өөрийг нь буруутгах вий гэж санаа зовдог, сэтгэлээр унадаг.

Эдгэрснийхээ дараа нийгмийн амьдралд эргээд орох, урьдынх шигээ байх шиг хэцүү зүйл үгүй байгааг халдвар авсан иргэд учирласаар буй. Олон нийт “Энэ халдвар тараачихаж, эдгэрсэн ч гэсэн халдвар авчихаж магадгүй” гэж өндөр хана босгосон тул адлах, буруушаахаас нь эмээн ил гарахгүй байгааг мэргэжилтнүүд тодотгодог.

“Коронавирус тусаад эдгэрсэн иргэд яагаад ил гарахгүй, бусдадаа зөвлөгөө өгч, хэрхэх талаар хэлэхгүй байна вэ” гэж олон нийт гайхдаг. Улсаас битгий ил гар, ярь гэж нууцалсандаа бус олон нийтийн хандлага л тэднийг нийгэмд ил гарахгүй байхад нөлөөлж, айдас, түгшүүр бий болгосоор байгаа юм.

Тэгвэл бид одоо хэрхэх нь зөв бэ. Эдгэрсэн иргэдийн сэтгэл зүйн асуудал ямархуу байна вэ. Энэ асуудлаар судалгаа хийсэн, СЭМҮТ-ийн эмч Б.Нацагсүрэнтэй ярилцлаа.

-Коронавирус тусаад эдгэрсэн иргэдийн сэтгэл зүйн асуудлаар судалгаа хийсэн тань сонирхол татаж байна. Хийсэн судалгааныхаа талаар сонирхуулна уу?

-Бид халдвар аваад эдгэрсэн иргэдийн сэтгэл зүйн асуудлыг өнгөрсөн оны наймдугаар сарын 25-нд судалсан. Тухайн үед Монгол Улсад дотоодод халдвар бүртгэгдээгүй, зөөвөрлөгдөж орж ирсэн 298 тохиолдол бүртгэгдсэн байсан. Тэдгээрээс 289 нь эдгэрсэн байсан юм. Судалгаандаа тухайн үед эдгэрсэн байсан 289 иргэнийг хамруулахыг хичээлээ.

-Судалгаанд хамруулах санал тавихад хэрхэн хүлээж авав. Бүгдийг нь хамруулсан уу?

-Эдгэрсэн 289 тохиолдлыг бүгдийг нь хамруулж чадаагүй. Монголдоо түр ирээд буцсан иргэн цөөнгүй байлаа. Зарим иргэн зөвшөөрөөгүй, утсаа сольсон гэх мэт шалтгааны улмаас 147 иргэнийг хамруулсан.

Бид тухайн иргэдтэй утсаар холбогдон, судалгаагаа авсан. Яг СЭМҮТ-ээс холбогдож байгаад иргэд их эргэлзсэн. Итгэлцлийн асуудал үүссэн л дээ. Олонх иргэн “Та нар эмч бус сэтгүүлч юм биш биз” гэж их асууж, эргэлзсэн. Тиймээс бид таниулсан зөвшөөрлийн хуудсыг уншиж танилцуулаад, судалгааныхаа зорилго, үр дүнгийн талаар сайтар хэлж, ойлгуулсан.

Судалгаанд хамрагдсан иргэдийн мэдээллийг зөвхөн эрдэм шинжилгээ, судалгаанд л ашиглана, хэнд ч задруулахгүй гэж тайлбарласан юм. Хамгийн гол нь халдвар аваад эдгэх олон олон хүнд тустай, сэтгэл зүйд нь тус, нэмэр болохын тулд хийж буйгаа хэлэхэд тэдний бодол өөрчлөгдөн, зөвшөөрсөн.

-Халдвар авсан иргэдийн олонх нь бусдаас нуудаг, хэлдэггүй юм билээ. Та бүхэнд өгсөн мэдээлэл нь задарчих вий гэх болгоомжлол судалгаанд хамрагдсан иргэдэд хэр байв?

-Коронавирус туссан иргэдийн 10-аад хувь нь халдвар авсан талаараа бусдад хэлээгүй байсан юм билээ. Яагаад гэвэл судлагаа хийсэн наймдугаар сарын үед иргэд коронавирусээс хэчнээн айж, болгоомжлон, эмчлэгдэх боломжтой эсэх нь тодорхойгүй байсан шүү дээ. Тиймээс зарим иргэн бусдад байтугай гэр бүлийнхэндээ ч хэлээгүй байсан. Тэгэх эсэх нь хувь хүний эрх. Гэр бүлийнхнийхээ санааг нь зовоочихно гэсэндээ тэгсэн байхгүй юу.

-Судалгааныхаа үр дүнгийн талаар сонирхуулна уу. Эдгэрсэн иргэдийн сэтгэл зүйд тулгамдаж буй ямар асуудлууд байна вэ?

-Судалгаанд хамрагдсан таван хүн тутмын нэг нь сэтгэл зүйн ямар нэгэн асуудалтай байсан. Тухайн иргэдэд тулгамдсан хэдэн асуудал байгаа нь өөр, өөр. Зарим хүнд нэг, заримд нь 4-5. Үүнийг задлаад судлахад 74.5 хувь нэг л тулгамдсан асуудалтай байсан. Бусдад нь нэгээс олон асуудал хавсран тохиолдож байсан.

-Эдгэрсэн иргэдэд нэг болон түүнээс олон тулгамдсан асуудал үүсэхэд юу нөлөөлдөг вэ?

-Сэтгэл түгшилт, сэтгэл гутрал, нойргүйдэл. Сэтгэл түгшилт 21, нойргүйдэл дөрөв, сэтгэл гутрал долоон хувьтай байсан.

-Эдгээрт юу голчлон нөлөөлсөн байв?

-Хүйсийн хувьд эмэгтэй байх, коронавирусийн халдварын улмаас санхүүгийн хувьд хүнд байдалд орсон, ажлаа өөрчилсөн, сольсон нь нөлөөлсөн байсан. Эдгээр асуудлууд нойргүйдэлд мөн нөлөөлдөг юм билээ.

Харин сэтгэл түгшилтийн хувьд дээд боловсролтой байх, хүйсийн хувьд эмэгтэй байх, гэрлэсэн байдал, цар тахлын улмаас өрхийн орлого, ажил өөрчлөгдсөн байдал их нөлөөлсөн байсан.

-Анзаараад байхад сэтгэл гутрал, нойргүйдэл, сэтгэл түгшилт гурвуулаа эмэгтэй хүнд түлхүү илэрч. Эмэгтэй хүнээс голчлон эдгээр гурван хүчин зүйл илэрсэн гол шалтгаан юу байв?

-Түрүүн хэлсэнчлэн цар тахлын улмаас ажил, орлого өөрчлөгдсөн байдал нөлөөлсөн. Мөн дааврын өөрчлөлт, гэрлэсэн, хүүхэдтэй нь нөлөөлсөн байна лээ.

Эрэгтэй хүн төдийлөн сэтгэл гутрал, тулгамдсан асуудлаа ил гаргадаггүй, илэрхийлдэггүй. Гэхдээ судалгаанд илэрхийлээгүй, нуусан байх боломжгүй. Хэдийгээр утсаар авсан ч мэргэжлийн баг сорилын дагуу үнэлсэн.

БНХАУ-д хийсэн судалгаанд гэрлэсэн, нэгээс дээш хүүхэдтэй эмэгтэйд сэтгэл түгшилт түлхүү илэрсэн байна лээ. Ер нь дэлхий нийтээр эдгэрсэн эмэгтэй хүн сэтгэл зүйн тулгамдсан асуудалд түлхүү өртөж байна.

-Халдвар авсан, эдгэрсэн иргэд нийгэмд ил гарахгүй, бусдадаа заавар, зөвлөгөө өгч, эдгэсэн туршлагаасаа хуваалцахгүй байна гэх шүүмжлэл гардаг. Эдгэрсэн иргэдэд тулгамдаж буй гол асуудлууд юу байна вэ?

-Ерөөс нийгмээс ирэх ялгаварлан гадуурхалтаас айгаад ил гарч чадахгүй байна. Халдвар авсан, эдгэрсэн иргэд бидэнтэй л адилхан хүн. Сэтгэлээ онгойтол ярилцмаар байгаа нь мэдээж. Гэтэл монголчууд үүнийг нь ойлгохгүй байна. Эмчлүүлээд, эдгэрээд гарчихсан байхад л халдвартай иргэнтэй харилцаж буй мэт дөлөөд, жийрхэж буй нь эдгэрсэн иргэдийн хувьд гол асуудал болж байна. Олны ийм хандлагаас эмээгээд ил гарахгүй байгаа юм.

-“Энэ хавьд халдвар тараасан хүн нь чи юм байна. Чамаас болж би халдвар авчихлаа” гэх вий гэж их болгоомжилж байгаа нь анзаарагддаг.

-Ерөөсөө наадах чинь байхгүй юу. Коронавирус амьсгалын замын халдварт өвчин. Агаар дуслын замаар халдварладаг. Хэн, хэзээ ч халдвар авах эрсдэлтэй. Коронавирус туссан иргэн бусдад халдвар тараахгүй юм шүү гэж хэчнээн хичээгээд нэмэргүй. Халдвар, хамгааллын дэглэм сайтар баримтлан, амны хаалтаа тогтмол зүүсэн ч бусад хүмүүс назгай байвал тэгээд л халдвар тархана. Гэтэл халдвар авсан, бусдад халдаасан иргэнийг буруутгаж буй ялгаварлан гадуурхалт нь халдвар авсан иргэдийн сэтгэл зүйд их нөлөөлдөг.

Би судалгаагаа наймдугаар сард хийснийг ярилцлагынхаа эхэнд хэлсэн. Арваннэгдүгээр сард Монгол Улсад дотоодын анхны тохиолдол илрэхэд юу болов. Нийгэм даяараа тухайн иргэнийг хэчнээн буруутгаж, зүхэв. Тухайн иргэнд ямар хэцүү, хүнд байгааг бодолцох хэрэгтэй. Тэр хүний өмнө өөрийгөө тавиад үзэх хэрэгтэй. Нийтээрээ тэгж ялгаварлан гадуурхсаны улмаас халдвар авсан, эдгэрсэн иргэд нийгмийн өмнө ил гарч чаддаггүй. Энэ нь сэтгэл зүйн тулгамдсан асуудал болж байна.

“Энэнээс болж бид халдвар авч” гээд шүүмжлээд, дөлөөд байвал ямар санагдах вэ. Ханиад хүрсэн иргэнийг бид тэгж шүүмжилж, дөлдөг бил үү. Дөлдөггүй шүү дээ. Коронавирус ханиадтай л төстэй амьсгалын замын өвчин гэдгийг маш сайн ойлгох хэрэгтэй. Халдвар авсан иргэнээс, тэр голомтоос болоод л халдвар тархчихлаа, хөл хорио тогтоочихлоо гэж адалж, шүүмжилж байгаа нь өөрөө асуудал болоод байна.

-Халдвар авснаа дөнгөж мэдээд бусдад, гэр бүлдээ халдаачихсан байх вий гэж эмээж яваа, эдгэрээд нийгмийн амьдралд хэрхэн эргэж орох вэ гээд учраа олохгүй байгаа хүмүүст та ямар зөвлөгөө өгөх вэ?

-“Би халдвар авчихаж, бусдад халдаасан байх вий” гэж түгшлээ гээд асуудал шийдэгдэхгүй. Тиймээс тайван амьсгалж, тайвшраад юуны түрүүнд өөрийгөө гэр бүлээсээ тусгаарлах, халдвар, хамгааллын дэглэмээ сайтар баримтлах чухал.

“Манай гэр бүлийн хүн коронавирус тусчихлаа. Би халдвар авчихсан байх вий гэхээс айгаад байна” гэж хүмүүс их асууж, бидэнтэй холбоо барьдаг. Тэгээд цахим ертөнцөөс мэдээлэл хайдаг. Сөрөг мэдээллийг түлхүү онцолж хардаг. Энэ нь сэтгэл зүйг нь хямраан, дархлааг нь унагаадаг. Өөрийгөө хямраах мэдээллээс аль болох татгалзах хэрэгтэй.

За, эдгэрсэн иргэдийн хувьд бусдаас ер эмээх хэрэггүй. Бусдын өмнө буруутай, гэмтэй зүйл хийгээгүй шүү дээ. Халдвар авсан иргэн ямар ч буруугүй. Улаанбаатар хот бүхэлдээ халдварын голомт болсон. Тэгэхээр хэзээ ч, хаанаас ч халдвар авах эрсдэлтэй. Хүмүүс яаж хүлээж авах бол, дөлөх вий, буруутгах вий гэж айгаад, эмээгээд явбал нийгмийн амьдралд эргээд орж чадахгүй.

Хэнд хандах, яах учраа олохгүй яваа хүмүүс СЭМҮТ-ийн 18002000 гэсэн дугаар руу холбогдоод, зөвлөгөө авах боломжтой.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-04-03 14:30

За ёстой шааж өгөх юмаа тэр олон илэрсэн гээд байгаа хүмүүс гэж байхгүй шүү дээ яагаад ингэж худлаа яриад байдаг юм бэ

Zochin
Zochin
2021-04-03 14:32

Ene haldvart evchin garahad anh aasaa l huvi hunii nuuts gej DOH evchin tus hihsan yum shig l humuusiig ailgaad iim baidald hurgesen. Busad ornuudad cheleetei l medeelj baina shuu dee. Eruul mediin yamny buruu, anhnaas ni zev taniltsuulaagui.

Хариу
Хариу
2021-04-03 15:19

Бас боддог л зүйл хэлсэн байна. Х�##�двар авсан бол бу�####�д адлуулах нөхцөл байж таараа. Уг нь х�##�двар хамга�##�лын сайн бариад, болох болохгүй газраар тэнээд байхгүй бол өвчин авах магадл�##� буурна. Манайхан ч тэр, гадныхан ч тэр бүгд онц шаардлагагүй байхад гадуур тэнээд, олон хүнтэй уулзаад байгаа нь х�##�двар тараах суурь болоод байна л даа. Хүн гэж амьтан ухамсар муутай гэдгийг сайтар ойлгож авлаа. Иймд засаг нь хүчээр хөл хорих ёстой, иргэдийн ухамсарт итгэх хэрэггүй гэж бодож байна. Хөл хорио тогтоох хэрэгтэй.

Холбоотой мэдээ

Back to top button