НийгмийнСурвалжилга, НийтлэлЯрилцлага

Гэрэл зурагчин Э.ХАРЦАГА: Дэвжээн дээр л гараагүй болохоос яг адилхан ялж, ялагддаг

Дэлхийн дэвжээн дээр хүч үзэж буй монгол тамирчдын алдаа, оноог нүдээр харж, дусалж буй хөлс, нулимс бүхнийг нь гэрэл сүүдрээр “урлагч” нэгэн эрхэмтэй та бүхнийг уулзуулж байна.  Энэ хүн бол 20 хавар, 20 намар “Өнөөдөр” сониноор овоглож яваа Энхбаатарын Харцага. Тэрбээр “Токио 2020” Олимпын наадмыг сурвалжилсан фото сэтгүүлч.

“Өнөөдөр” сонины сэтгүүлч, гэрэл зурагчин тэрбээр цаг хугацааны галт тэргэнд суугаад өнгөрсөн рүүгээ аялах гэж байна. Та хамт аялалд гарахад бэлэн үү...


Өнгөрсөн цаг гэдэг хайрлам. Ямагт хайрлам зүйл. Тиймдээ ч, гэрэл зурагчин Э.Харцага нууж, хаалгүйгээр бүхнээ ярив. Тэр бүхнийг хэрхэн эвлүүлж бичих вэ гэж хэдэн өдөр гашилж, эцэст нь бичихээр суулаа.

“Хүн зовлон даадаг юм билээ. Харин жаргал даадаггүй юм билээ” хэмээн ярих нь түүнийг ямар амьдрал туулж өнгөрүүлснийг өгүүлээд ч байх шиг. Гэвч бичихгүй бол болохгүй.

Тэрбээр багаасаа л хар бор ажил хийдэг байж. Вокзалаас 50 төгрөгийн ундаа худалдаж аваад зах дээр аваачиж зарна. Зайрмагийн цехэд мод хийж зарна. Сургуульдаа явахын хажуугаар дүүгээ цэцэрлэгт нь хүргэж өгнө. Орой нь дүүгээ очиж аваад хоолоо хийнэ. Аравхан настай ч, аав, ээж ажилтай тул очиж картын бараа авна. Өөрөөсөө том шуудай аваад очиход хүмүүс заримдаа өхөөрдөөд дарааллын урдуур оруулчихна. Өвөл нь шуудайтай хүнсээ цас мөсөн дээр гулгуулаад чирээд явна. Харин зун нь хэцүү. Тэр ингэж л хөдөлмөрлөсөн, хөлсөө дуслуулсан. 

ЯАЖ ЯВААД...

1997 оны хавар. Аравдугаар ангийн сурагч Э.Харцага би чухам юу хийхээр ертөнцөд ирсэн юм бол гэх бодолтой нүүр тулжээ. Тухайн үед шар сонин, сэтгүүлүүд мандаж байсан цаг. Сонин, сэтгүүлүүдийг хэвлэлтээс дөнгөж гарч байхад нь борлуулагч нар ирээд хуу хамаад явдаг байж. Гэтэл нэгэн өдөр сэтгүүлч, гэрэл зурагчин Р.Даваажав Э.Харцагын ангийнханд сургуульдаа зориулж сонин хийгээч гэж зөвлөжээ. Тэд ч сэтгүүлч, гэрэл зурагчин Р.Даваажаваас гэрэл зургийг хэрхэн авах, мэдээ, сурвалжилга хэрхэн бэлтгэхийг заалгаж, “Өсөх нахиа” нэртэй сонин гаргажээ. Тус сонинд сургуулийн захирлын ярилцлага, сургуулийн хамгийн муу хүүхэд, хамгийн атаман сурагчийн тухай бичсэн мэдээ, нийтлэлүүд багтжээ.

Тэр үед Э.Харцага О.Болд хэмээх гоё зурдаг, сургуулийнхаа шилдэг хүүхдээс ярилцлага явсан байна. О.Болд хожим нь “Торго” салоны загвар зохион бүтээгч болсон бөгөөд тэд дахин ярилцлагын ширээний ард суужээ. Анх 80-р сургуулийн сэтгүүл зүйн дугуйлангийн гишүүн Э.Харцага яриа авч байсан бол сүүлд “Өнөөдөр” сонины сэтгүүлч, гэрэл зурагчин болчхоод ярилцлага авчээ.

Ангиараа сонин гаргасан цагаас хойш сэтгүүлчийн мэргэжилд дурлаж, МУИС-т элсэхээр шалгалт өгсөн ч тэнцээгүй аж. Гэсэн ч, тэрбээр “Их Монгол” дээд сургуульд элсэн оржээ. Улмаар 2001 онд сургуулиа амжилттай төгсөж, сэтгүүлч боллоо. Мөн тэрбээр их сургуульд суралцаж байх үедээ Өсвөрийн зохион бүтээгчдийн ордны Гэрэл зургийн сурвалжлагчийн гурван сарын курс төгссөн байна. Ийнхүү өөрийгөө хичээлийнхээ хажуугаар өөрийгөө хөгжүүлж, хоёр ажил давхар хийдэг байжээ. Өглөө 08:00 цагт хичээлдээ яваад, өдөр нь гэрэл зургийн студид цээж зураг, уран сайхны зураг авч, орой нь “Топ Тен” бүжгийн клуб руу орж, зураг дарна. Бүжгийн клуб өглөө 06:00 цагт хааж, заримдаа шууд л тэндээсээ сургууль руугаа явна. Харин заримдаа гэр рүүгээ очиж, хоёр цаг нүдий хор гаргачхаад сургууль руугаа явдаг байжээ. 

Тэрбээр тухайн үед өвөөгийнхөө аппаратаар зургаа дардаг байсан аж. Түүний өвөө Д.Цэрэндорж МАХН-ын нөлөө бүхий гишүүн, Вьетнам улсад худалдааны төлөөлөгч, Элчин сайдаар ажиллаж байсан дипломатч хүн байсан бөгөөд Вьетнамаас ирэхдээ нэг гэрэл зургийн аппарат авчирчээ. Тэр аппаратыг одоог хүртэл хадгалдаг тухайгаа Э.Харцага дурссан юм.

Өглөө нь сургуульдаа явж, өдөр, шөнөгүй ажилласаар тэрбээр нэг л мэдэхэд, гуравдугаар дамжааны оюутан болжээ. Тэгээд амьдралын хэмнэлээ өөрчилж, өдөр тутмын сонинд гэрэл зургуудаа нийтлүүлдэг болжээ. Цаг хугацаа урьдынхаараа урсан өнгөрч тэрбээр их сургуулиа төгслөө.

Харин энэ үед түүний ээж Ц.Ганчимэг “Би энэ сонинд чамгүй удаан хугацаанд ажиллалаа. Ц.Балдорж эрхлэгч маань маш мундаг сонин байгуулсан. Ямар ч нийгмийн үед нугарахааргүй хүчирхэг сонин байгаа юм. Миний хүү ийшээ ор. Би Гэрэл зургийн албаны дарга Р.Чулуун гуайтай ярилаа. Эрхлэгч ч дэмжиж байна. Ээж, хүү хоёр нэг газар ажиллах дэмий. Миний хүү алдаа гаргавал ээж нь өмөөрөхгүй байж чадахгүй” гээд ажлаасаа гарч, Э.Харцага "Өнөөдөр” сонины нэгэн эд, эс нь болжээ. Тэрбээр хонхны баярынхаа маргааш шараа тайлж амжаагүй "Өнөөдөр” сонины хаалгыг татсан тухайгаа дурссан юм.

ХОНОГ ӨДРҮҮДИЙН ХЭЛХЭЭС 20 ЖИЛ

Ажлын анхны өдөр. Костюм, зангиа, лакан гуталтай ажилдаа ирсэн түүнийг хогийн цэг рүү зурганд явуулжээ. Өмсөж явсан хувцас “будаа” . Хими цэвэрлэгээнд өгчээ. Тэгээд маргааш спорт өмд, цамц өмсөөд очлоо. Гэтэл Засгийн газрын ордон руу орж, зураг авах үүрэг иржээ. Мөн орой нь Спортын төв ордон руу орж, зураг авах болов. Тэгж байтал хөдөө явах томилолт ирлээ. Тэр үеэс байнгын бэлэн байдалд байхгүй бол болохгүй юм байна гэж бодон ажил дээрээ заалны хувцас, оффис хувцас, аялалын хувцас авчирч, тавьжээ.

Түүнийг сонинд ороод удаагүй байхад нэгэн хөгжилтэй, сонихон явдал болжээ. “Өнөөдөр” сонины нэгэн сэтгүүлч гадаадаас авчирсан ганц шил юмаа гэрэл зургийн албаны өрөөнд задлажээ. Гэтэл гаднаас Ц.Балдорж эрхлэгч ороод ирж гэнэ. Эрхлэгч бага зэрэг уурссан мөртлөө задласан архинаас хүмүүст өөрөө хундгалж өгч дуусгаад бүгдийг нь гэрт нь хүргэжээ. Маргааш нь өглөөний хурал болж, сэтгүүлч нар харсан сэдвүүдээ хэллээ. Гэрэл зурагчин Э.Харцага харсан сэдвүүдээ хэлжээ. Харин хурлын төгсглөд Ц.Балдорж эрхлэгч “Өчигдөр өрөөндөө архидалт зохион байгуулсан Р.Чулууныг торго. Мэдээний сэдэв сайн хэлсэн Э.Харцагыг шагна” гэж хэлжээ. Гэтэл нарийн бичгийн дарга тушаал гаргахдаа “Өрөөндөө архидалт зохион байгуулсан Р.Чулууныг торгосугай. Мэдээлсэн Э.Харцагыг шагнасугай” гээд биччихэж. Цаасан дээр гарсан тэр тушаалыг Р.Чулуун гуай маш удаан хадгалж, өрөөгөөр нь орж гарсан хүмүүст үзүүлж, хошигнодог болжээ.

ХАРЬД ӨНГӨРҮҮЛСЭН ГУРВАН ЖИЛ

Энэ мэт өдөр хоногууд өнгөрч, Э.Харцага “Өнөөдөр”-т 20 жил тасралтгүй ажиллажээ. Өнгөрсөн 20 жилийн гурван жилийг тэрбээр харь нутагт хөдөлмөрлөж өнгөрүүлжээ. Ганц охин дүү нь оюутан болж байсан үе тул аав, ээжийнхээ байрыг ломбарданд тавиад БНСУ руу ажил хийхээр явжээ. Байгууллагынхаа компаниар гадагшаа явсан тул ажлаас нь халаагүй, нийгмийн даатгалыг нь ч тасралтгүй төлсөөр байж.

Тэрбээр аав, ээжийнхээ байрыг ломбарданд тавьчихсан тул өдөр бүр 12 цаг ажилладаг байжээ. Бүтэн жил ажилласан цалингаараа ломбарднаас байраа буцааж авч, чаджээ. Гэвч түүний ээж цөсний чулуу авхуулах хагалгаанд орж, олон сар эмнэлгээр явсаны эцэст 2005 онд буюу хүүгээ гадагш яваад нэг жил болж байхад нь тэнгэр болжээ. Энэ тухайгаа тэрбээр “Ээжийнхээ бурхан болсоныг сонсоод уйлах юмсан гэж бодсон. Даанч уйлж чадахгүй байсан. Харамсаад л. Ээжгүйгээр хорвоог туулаад 16 жил болжээ” хэмээн дурсав.

Ээжгүйгээр хорвоог туулж буй ч түүнд амин хайрт аав нь бий. Түүний аав Д.Энхбаатар насаараа модон тавилгын үйлдвэрт ажиллаж, өдгөө гавьяаныхаа амралтыг авчээ.

“ӨНӨӨДӨР”-ӨӨС ЯВДАГГҮЙН ШАЛТГААН

Өдөр тутмын сонинд удаан ажиллана гэдэг хэр баргын хүний хийх ажил биш. Гэвч Э.Харцага 20 жил ажиллажээ. Одоо ч ажилласаар. Түүнээс ажлаа солих тухай бодож байсан уу хэмээн асуухад,

“Мэдээж бодогдоно. Тэр бодлыг олон, олон хүмүүсийн итгэл нураана. Ер нь хүн заавал өндөр цалинтай газар очоод баян амьдрахдаа сонин биш. Хамт олон дотроо нэр хүндтэй, нүүр бардам сайхан амьдрах гоё. Өдөр болгон өөр, өөр газраар явж, өөр хүмүүстэй уулздаг болохоор ажлаасаа ер залхдаггүй. Хүн дуртай юмаа хийгээд цалин авна гэдэг чинь сайхан. Надад байр амлаж байсан хүн байхгүй. Гэхдээ сайхан машин өгье, аппарат өгье, чи надтай ажиллачих гэсэн улс төрчид байсан. Би үгүй гэж хэлсэн. Ипотекийн зээлтэй ч надад байр байна. Муу ч гэсэн машин байна. Сайхан хань ижил, үр хүүхэд минь байна” гэв.

УЧРАЛЫН ХАРГУЙД...УУЧЛААРАЙ

Э.Харцага гэргийтэйгээ их сургуульд танилцаж, ханилжээ. Түүний гэргийг Чойсүрэнгийн Энхтуул гэдэг аж. Тэд нэг анги байсан бөгөөд өдгөө хоёр хөөрхөн хүүхэдтэй. Том хүү нь 2008 оны Бээжингийн Олимпоор, бага хүү нь 2016 оны Риогийн Олимпоор төрж байжээ. Тэрбээр хүүхдийнхээ мэндэлсэн жилүүдийг билэгшээн ярьж байснаа гэнэтхэн нэгэн түүх сөхөв.

“Том хүүг мэндэлснээс хойш нэг сарын дараа буюу долдугаар сарын 1-нд аймшигт үйл явдал Улаанбаатар хотын төв цэгт болсон. Иргэд намын байр руу дайрч, МАХН-ын төв байрыг шатааж, сеф ухаж байхад би баримтжуулж, зураг авч байсан. Тухайн өдөр сандаалтай явж байсан болохоор хагарсан хаалганы шилэнд хөл бага зэрэг зүсэгдсэн. Тэгээд дотор зураг аваад явж байтал цагдаа нар утаатай газан буугаар буудаж эхэлсэн. Хоолой аргаад нулимс гоожиж, нүдээ нээх аргагүй болсон. Тэндээс гарч ирээд утсаа шалгатал эхнэрээс маань 40 гаруй дуудлага ирсэн байсан. Тухайн үед телевизээр шууд дамжуулалт үзээд айж, сандарсан байх. Надад утсаар “Чи ганцхан сартай нялх хүүхэдтэй хүн. Наана чинь хүн буудуулаад үхчихлээ. Зургаа авчихсан бол наанаасаа холд” гэж  гэсэн. Би зураг дарах гээд бүр улайрчихсан явж байснаа тэгэхэд л ойлгосон” хэмээв.

Тэрбээр үргэлжлүүлэн “Гэр бүлийнхэн маань их азгүй хүмүүс юм. Бусад аав амралтын өдөр хүүхдүүдтэйгээ ууланд гарч, зугаална. Харин би хүүхдүүддээ амлах гэхээр чадахгүй. Амралтын өдөр болох баасан гарагт урлагийн тоглолт, хагас сайнд тэмцээн уралдаан болно. Тэр бүхний зургийг очиж, дарна. Тэгээд ням гарагт ажилдаа явна. Тийм болохоор гэргий болон хүүхдүүдээсээ уучлал хүсмээр байна. Намайг ойлгож, ажлыг маань байнга дэмждэг ханьдаа баярлалаа гэж хэлмээр байна” гэлээ.

СПОРТЫН ТӨЛӨӨХ ХАЛУУН СЭТГЭЛ...

“...Өнөөдөр” сонинд 20 гаруй жил ажиллахдаа хариуцлага алдаж байгаагүй. Муу зураг бол авч байсан байх” хэмээн ярьж буй тэрбээр спортын гэрэл зураг дарах дуртай. Өөрөө спортын хэд хэдэн төрлөөр хичээллэдэг болохоор ч тэр байж мэдэх юм. Зав гарвал зааланд очихыг боддог гэнэ. Тэрбээр ширээний теннис, агаарын теннис, боулингээр хичээллэдэг бөгөөд боулингийн цол зэрэгтэй аж.

Түүний хамгийн анх явж, сурвалжилж байсан наадам бол 2010 оны Гуанжоугийн наадам.

2008 онд Н.Түвшинбаяр, Э.Бадар-Ууган нар Бээжингийн олимпын аварга болж байсан тул үзүүлээд өгөх байх гэсэн итгэлтэй очсон ч хамгийн сүүлд Г.Мандахнаран аварга болжээ. Г.Мандахнарангийн аварга болж буй агшныг гэрэл зургийн хальснаа буулгаж, уйлаад л спортын зураг авах ямар сайхан юм бэ гэж бодон огшжээ. Түүнээс хойш хоёр удаа Азийн наадам, Өвлийн болон Зуны олимпод нэг, нэг удаа явжээ. Тэрбээр энэ тухайгаа “Хожигдож байгаа тамирчин өөдтэй гарахгүй. Гэхдээ яаж, ийж байгаад монголынхоо тамирчны зургийг хожиж байгаа юм шиг авахыг хичээдэг. Харин монголын тамирчин ялчихвал нулимс, инээд зэрэг л халгина. Дэвжээн дээр л гараагүй болохоос биш яг л адилхан ялж, ялагддаг.

Социализмын үед тамирчид болон гэрэл зурагчдын зардлыг улсаас даагаад авч явдаг байсан. Харин одоо тамирчдыгаа арай чүү авч яваад, зурагчдыгаа хаячихсан. Намайг Олимпын Хороо дэмжсэн учраас би явж чадсан. Яахав, мөнгөтэй бол 100 хувь өөрийнхөө зардлаар явж болох л байх. Ер нь бол Олимпын гэрэл зурагчид сэтгэлийн сайхнаар ажилладаг. Ямар ч ашгийн төлөө ажилладаггүй.

2010 оноос хойш намайг Олимп, Азийн наадмуудыг сурвалжлахаар явахад Олимпын Хороо дэмжиж байгаа. Гэхдээ бүтэн дэмжихгүй шүү дээ. Азийн наадамд явж байхдаа гадаа гудамжинд хонож байсан тохиолдол бий. 2018 онд өвлийн олимп, Азийн наадамд явахаар зардал өндөр гарахаар байсан тул машинаа зараад явсан. Тэгж очоод үзэсгэлэн гаргаж байсан. Ер нь гэрэл зурагчид бид үзэсгэлэн гаргадаг ч нэг ч зургаа зардаггүй, бэлэглээд дуусчихдаг. Спортын гэрэл зураг гэдэг ямар ч ашгийн төлөө биш. Тийм учраас, спортын гэрэл зураг дагнаж дарахыг хүссэн залуус байхгүй байна” хэмээв.

АНДУУРАЛ

“Ямар ч ид шидтэн цаг хугацааг ухрааж чаддаггүй. Гэтэл би аливаа үйл явдлыг гэрэл зурагт буулгаад, хэвлэл мэдээллээр дамжуулан түгээж, түүх болгон үлдээж байна”. Тэрбээр дээр хэлсэнчлэн чухал агшин хормыг алдалгүй дарахыг хичээдэг. Би таны зургийг дарсан гээд хүн болгонтой дотносоод байдаггүй. Тамирчид өөрсдөө тэр зургийг аль хэдийн олоод үзчихсэн, үзчихээд баярлалаа гэж хэлдэг. Ойр дотно байдаг аж.

2010 оны Гуанжоугийн наадмаас ирээд Г.Мандахнаран гавьяат тамирчин болж, гавьяатынхаа найрын урилгыг өөрийн биеэр Э.Харцагад авчирч өгчээ. Түүний дарсан зургаар урилгаа хэвлүүлээд “Би таныг зураг ав гэж урьж байгаа юм биш шүү. Та аппаратгүй ирээд сайхан суу. Зэрэгцээд сайхан юм яриад сууя” гэж хэлжээ. Э.Харцагын сэтгэл дүүрээд л ирж. Үүгээр ч зогсохгүй хоёр жилийн өмнө боксчин Д.Отгондалай бага хүүгийнх нь үсний найранд ирж, хөндөж өгчээ. Найранд ирсэн хүмүүс ч дэлхийн хэмжээний од ирлээ хэмээн Д.Отгондалайтай хамт зургаа татуулж, бөөн баяртай өдрийг үджээ.

Мөн Э.Харцагыг бөхийн галаар явж байхад “Э.Харцага нааш ир” хэмээн сэтгүүлч эсвэл зураглаач дуудах үед бөхчүүд босож, Харцага цолтон ирлээ гэж хүндэтгэдэг аж. Зарим нь "Э.Харцага гэж та юм уу. Тантай танилцах юмсан гэж бодож байсан юм. Та миний зургийг дарж байсан юм байна” гэж яриа өрнүүлдэг ажээ.


Тэр дан ганц спортын зураг дардаггүй. Нийгмийн олон ч асуудлыг хөндөж тавьж, шийдүүлж чадсан эрхэм. Тэдгээр зургуудыг нь бүтсэн түүхтэй нь хүргэж байна.

Өнөөдөр сонины сэтгүүлч Ж.Сувдмаа “Та сонирхогчийн аппаратаа өгөөч” гэлээ. Яах гэж байгааг нь лавлавал, “Амралтын өдөр хогийн цэг дээр очиж, зураг авна” гэж байна. Хогийн цэг дээр өмнө нь би өөрөө очоод нохойд бариулаад хүмүүст хөөгдөж байсан учир ганцааранг нь явуулаагүй. Хамт явсан. Тухайн үед “Жүр үр”-ээс “Аз жаргалтай гэр бүл” гэсэн уралдаан зарлачихсан байсныг санаад хогийн цэг рүү торт, ундаа аваад очиж. Хогийн цэг дээр очоод нэг ахад хэрэг зоригоо тайлбарлаж, тодорхой хэмжээний төлбөр өгч дарсан. Энэ ах архи уудаггүй байсан. Хоёр хүүхдээс нь мөн зөвшөөрөл авсан.

Тэгээд зургийнхаа найруулгыг бодчихоод араас хогийн машин гарч ирэхийг хүлээсэн. Тэгээд машин гарч ирэх агшинд “Танай аавын чинь шүд хааччихсан юм бэ. Арай чи цохичихсон юм биш биз дээ” гэж хүүхдээс нь асуусан. Тэгээд бүгд инээсэн.

Энэ өвөө “Намайг залууд энэ гол их устай, цэнгэг байсан” гээд хэн нэгэнд залуу байх үеийнхээ зургийг харуулаад ярьж буй юм. Түүнийг наанаас нь дарахдаа ширгэж, бохирдсон, хогийг оруулж өгсөн. Монгол цөлжиж байгааг харуулахыг хичээсэн.

Хархорин захын ард талын замаар явж байсан. Гэтэл энэ эмэгтэй тасраад уначихсан байсан. Охин нь "Ээж ээ, гэртээ харья” гээд уйлж байсан. Надад маш хүнд туссан учраас зургийг нь авсан.

Хулгайгаар авсан зураг.

Нэг цонхны үйлчилгээ нээгдэж эхэлсэн. Би нэг цонхны газрын даргаас ярилцлага авах гээд очсон юм. Дарга нь хуралтай байсан тул нарийн бичгийнх нь өрөөнд хүлээгээд сууж байтал нэг ажилтан нь тоглоом тоглоод, эр бэлэг эрхтний задаргаа үзээд, порно сайт орж байсан. Гадаа нь өчнөөн хүн дугаарлаад зогсож байхад ийм юм хийгээд сууж байсан. Би энэ залуугийн зургийг дараад тавьсан. Шууд халагдсан.

Зүгээр нэг хөлгүй таяг тулаад явж буй хүний зургийг авсан бол хүмүүс байдаг л нэг зүйл гэж харна. Үйлчилгээний байгууллагуудыг налуу шаттай болоосой, хөгжлийн бэрхшээлтэй хүнээ боддог байгаасай гэсэндээ хөлгүй, таяг тулаад явж буй ахаас гуйж байгаад ийм зураг дарж, нийгэмд асуудал болгож тавьсан.

2018

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын үүдэнд архичид цуглаад нэг, нэгээрээ доошоо траншейн руу ороод байсан. Энэ охин удалгүй нүцгэн биен дээрээ дан дээл нөмөрчихсөн гарч ирсэн. Тэгсэнээ энэ охины энгэрийг нь нээж үзээд байсан. Би очоод та нар болиоч гэвэл зодуулна. Тэгэхээр баримтжуулан зураг авч гаргаж тавьсан.

Э.Харцага гэх эгэл боловч эгэлгүй хүмүүний ажил, амьдралынх нь түүхээс өгүүлэхэд ийм байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-09-10 18:24

Түгжрэл дунд гайх�##�тай сайхан хөрөг уншлаа

Зочин
Зочин
2021-09-11 08:01

Gerel zuragchin hartsaga gj tom hvn dee

Жагаа
Жагаа
2021-09-11 08:09

Тэр траншейнд байсан охинд цагдаа дуудаж тусламж үзүүлсэн болов уу? Яасан бол... Сэтгэл их сонин болчихлоо????

Холбоотой мэдээ

Back to top button