ВИДЕО КОНТЕНТНийгмийнЯрилцлага

Эко хэв маяг, энгийн бүхнээс амьдралын үнэ цэнийг мэдэрч, байгальд ээлтэй дэлгүүр нээсэн хос

“Хөөх, энэ цэцгийн сав руу хог хийчихэж. Яана аа, ээж ээ” хэмээн нэгэн хүү гайхашран дуу алдав. Их л гайхсан янзтай ээжийнхээ гараас угзарсаар, дэргэд нь аваачлаа. Ээж, хүү хоёр ийн сонжин, гайхах зүгт харвал жижиг савтай гурван цэцэг өрөөтэй байв.

Хамгийн захынх нь саванд ундааны сав, гялгар уут гэх мэт хог байлаа. Гэхдээ тэдгээрийг шороогоор булсныг нь бодоход зүгээр нэг санамсаргүй орчихоогүй ч юм шиг. Тэднийхээр үйлчлүүлсэн хүн бүхэн шахам ингэж гайхаж, эргэлздэг гэхэд мөрийцөхөд ч бэлэн.

Дээрх гурван цэцэгний нөгөөгийнх нь саванд цаасаар хийсэн элдэв зүйлс мөн хийж. Харин гурав дахьд нь ямар нэгэн юм хийгээгүй. Энэ гурван цэцэгний аль нь хамгийн сайн ургаж байгаа бол. Мэдээж элдэв юм хийгээгүй саванд ургаж буй цэцэг нь. Гурвууланг нь адилхан усалж, тордоод байхад ундааны сав, гялгар уут гэх мэт элдэв зүйл хийсэн савтай цэцэг өнгөө алдаж, нэлээд гунджээ. Цаасан бүтээгдэхүүн хийсэн савтай цэцэг мөн л өнгөө алдаж.

Нээгдээд хэдхэн хонож буй “Eco life Mongolia” дэлгүүрийн хамт олон иргэдэд хог хаягдлын хор хөнөөл, байгальд ээлтэй байхын чухлыг үзүүлэхийн тулд үүдээ ингэж тохижуулжээ. Үүний сацуу байгальд ээлтэй байлгахыг чухалчилж хогон дээрээс төмөр түүн, янзалж, өнгөлөөд тавиураа угсран, кабель утасны дамран дээр бүтээгдэхүүнээ өрж, голдоо байрлуулсан нь тун чиг зөв шийдэл болж.

Хог хаягдлыг дахин боловсруулж, байгальд ээлтэй бүтээгдэхүүн хийгээд борлуулж буй Монголын анхны дэлгүүр гэдгээрээ онцлогтой “Eco life Mоngolia”-д ороход тэдний брэндүүдээс гадна хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хувиараа бизнес эрхлэгчдийн урласан зүйлс өрөөтэй байв. Өрөөлд тус нэмэр, дэм, бизнесийнх нь гүүр болох нь тэдний бас нэгэн зорилго гэдгийг Ерөнхий захирал Б.Намуун нь онцолсон. Тэрбээр хань Г.Гантулгын хамт “Eco life Mongolia” брэндийг 2017 онд үүсгэн байгуулжээ.

Байгальд ээлтэй бүтээгдэхүүн хэрэглэхийн чухлыг, эко амьдрал, энгийн зүйлс хамгийн үнэ цэнэтэй байдгийг үлгэрлэж, дуу хоолой нь болж яваа тэд өнөөг хүртэл хөдөлмөрлөн, зүтгэсээр мөрөөдлийнхөө дэлгүүрийг нээгээд байгаа нь энэ.

“Манайх Монголдоо анхных. Ийм эко дэлгүүр дахиад нээгдээсэй. Манайхыг дуурайлаа гэх мэтээр юун хэлэх, барьцах. Харин ч эсрэгээрээ баярлана. Эко хэрэглээ, байгальд ээлтэй амьдралыг чухалчлахын тулд бүх талаар хамтрахад бэлэн” гээд инээмсэглэж буй тэдэнтэй ярилцлаа.

-Ханилсан жилээ буюу 2017 онд “Eco life Mongolia”-г үүсгэн байгуулсан юм билээ. Тэгэхээр танай компани, та хоёрын хамтын амьдрал чацуу байх нь. Эко хэв маяг, энгийн амьдралыг чухалчлан, компаниа байгуулах санаа хэзээ, хэрхэн төрсөн бэ?

Г.Гантулга (Г.Г) -: Би цэргийн, хань минь Био технологийн сургууль Москвад төгссөн юм. Зорилгодоо хүрээд 2017 онд эх орондоо ирсэн. Тэр жилээс өнөөг хүртэл ханьтайгаа ханилж, амьдралын төлөө хамтдаа зүтгэж явна. Монголд ирснийхээ дараа “Eco life Mongolia”-г байгуулсан. Байгууллагын үйл ажиллагаа, бид хоёрын амьдрал зэрэг “цэцэглэсэн” болохоор сайхан санагддаг.

“Эко дэлгүүр нээх үү. Нээе” гээд шүүд үйл ажиллагаагаа эхлүүлээгүй. Олон жил төлөвлөж, тууштай зүтгэсний маань үр дүн.

Б.Намуун (Б.Н) :- Бид хоёр Монголд ирсэн даруйдаа энэ ажлыг эхлүүлээгүй. Нөхөр маань Зэвсэгт хүчний 084 дүгээр ангид шүхэрчин, би “Талх чихэр” компанид мастераар ажилладаг байв. Орост сурч байхдаа тэндхийн соёл, амьдралын хэв маяг, шинэ, шинэлэг зүйлсээс аль болох суралцахыг хичээдэг байлаа. Эх орондоо ирээд монголчууд эдэлж, хэрэглэх, өмсөж зүүх зүйлээрээ нэгнийхээ дээр нь гарах гэсэн хандлагыг нь анзаарсан. Энэ бол аз жаргал биш. Аз жаргал энгийн зүйлээс эхэлдэг. Гар утасны дугаар, сүүлийн үеийн машин, брэндийн бүтээгдэхүүнээс бус энгийн зүйлээс ч сэтгэл ханамж мэдэрч болно шүү дээ, уг нь.

Нөгөө талаар Монгол Улсад тулгамдаж буй гол асуудлын нэг нь хог хаягдал. Гадаах хогоо цэмцийтэл нь цэвэрлэсэн мөртлөө жалганд аваачаад хаянгуутаа байхгүй болчихсон мэт хайнга ханддаг. Гэтэл тийм биш. Хог, хаягдал байгальд шингэхэд хэчнээн хугацаа зарцуулдаг гэж санана. Жирийн нэг хуванцар сав байгальд шингэж, задрахад 1000-5000 жил шаарлагатай. Тэр хэрээр байгаль бохирдоно, дэлхий дээрх бүхий л амьтан, ургамалд сөргөөр нөлөөлнө. Тэгэхээр ирээдүй хойчдоо ямар байгаль дэлхий, уул ус, ургамал, амьтан үлдээх нь биднээс шалтгаална. Тийм учраас эко хэв маяг, энгийн амьдралын онцлог, ингэж амьдрахын сайхныг хүмүүст уриалахын тулд “Eco life Mongolia”-г үүсгэн байгуулсан юм.

Г.Г :- Манайх 2017 онд анх үйл ажиллагаагаа онлайнаар эхлүүлэхэд эко бүтээгдэхүүн, эко хэрэглээний талаар хүмүүсийн ойлголт бага байсан. “Eco life Mongolia”-гаар үйлчлүүлдэг хэдхэн хүн байдаг байлаа, анхандаа. Тэгэхэд манайх модон сойз л борлуулдаг байсан юм. Одоо  бол манайхын мэдэхгүй үгүй гэдэгт итгэлтэй байна. Бүр гадаадаас захиалж авдаг, “Өөр оронд салбараа нээх үү” гэж асуудаг болсон.

Б.Н :- Манайх дэлгүүрээ нээгээд долоо хонож байна, орон нутагт гэрээт найман салбартай. Бид бүтээгдэхүүнээ хоёр дахь түүхий эдээр, байгалийн гаралтай эко бүтээгдэхүүнээр хийдэг. Манай брэнд нэрийн 80 гаруй бүтээгдэхүүнтэй. Дэлгүүрт маань нийт 100 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн бий.

-Танайх “Eco life Mongolia” брэндээс гадна иргэдийн хийсэн бүтээгдэхүүнийг борлуулдаг. Хүссэн хүн бүхэн танайхаар бүтээгдэхүүнээ борлуулж болох уу?

Г.Г :- Бололгүй яах вэ, 100 хувь дэмжинэ. Оёсон, урласан зүйлээ хэрхэн борлуулах, хаана худалдах учир, аргаа олохгүй яваа хүмүүс бидэнтэй холбоо барих, хамтран ажиллах боломжтой. Мэдээж хүссэн ээж бүхнийг дэмжих боломжгүй. Бидний боломж, бололцоо, хүчин чадал ямар билээ. Гэхдээ боломжийнхоо хэрээр бүх талаар туслаж, дэмжихэд бэлэн. Хэрвээ та гар урлал хийдэг, юмхнаар юм урладаг бол бидэнтэй холбогдоорой.

Б.Н:- Манайх худалдааны хоёр зөвлөхтэй. Хоёулаа гарын дүйтэй. Нэг нь нэхмэл тоглоом оёдог. Үйлчлүүлэгчдэд үйлчлэхийнхээ хажуугаар чихмэлээ урладаг. Нөгөө худалдааны зөвлөх маань 50 нас хүрч байгаа. Өнөө цагт ахимаг настай хүмүүсийг ажилд авах нь улам ховордсоор байгаа. Бид үүний халж, чин сэтгэлээсээ ажиллаж л чадвал нас хамаагүй гэдгийг үлгэрлэхийг хүссэн. Энэ эгч маань мөн ажлынхаа хажуугаар тааран уут урладаг.

-Дэлгүүрээ тохижуулахдаа ч мөн хуучин эд, зүйлсийг тордоод хийсэн нь сонирхол татаж байна. Өөрсдөө хийсэн юм уу?

Г.Г:- Тэгсэн. Бид хоёр хамт олонтойгоо хамтраад дэлгүүрээ өөрсдөө засварлаж, тохижуулсан. Хогийн цэг дээрээс сангийн турбайнуудыг цуглуулж байгаад хөрөөдөн, цэвэрлэж, өнгөлөөд янзалсан. Саяхан зохион байгуулсан хүнсний ногооны үзэсгэлэнд ашигласан поддонуудаа янзлаад, тавиур хийн, дээр нь тавьлаа.

Гэрлийн шилнүүд нь бүгд варейны шил. Адилхан хэлбэртэй шилнүүдээр өөрсдөө хийсэн юм.

Дэлгүүрийн маань голд байгаа энэ тавиур бол кабелын утасны дамар. Эд зүйлс өлгөх шруп тогтоохоос авхуулаад үнэхээр их ажилтай юм байна, дэлгүүрийн дизайныг гарган, тохижуулахад. Ер нь дэлгүүрийнхээ тохижилтын бүх зүйлийг гар доорх материалуудыг ашиглаад хийсэн.

Б.Н :- Манайх оффисын өрөөнийхөө шалыг хүртэл үлдэгдэл дрожнуудыг эвлүүлээд хийсэн.

-Хөөх, ёстой гоё хийжээ. Эко хэв маяг, энгийн амьдралыг чухалчилж, хэвшил болгосноор та хоёрын амьдралд гарсан томоохон өөрчлөлт юу вэ?

Б.Н :- Би багаасаа орос школиор хүмүүжсэн учраас өмнө нь хээнцэр, брэндийн хувцас өмсөх дуртай байлаа. Эко хэрэглээ, эко бүтээгдэхүүн гэхээр анхандаа мэдэхгүй, тодорхой ойлголт надад байгаагүй. Миний төрсөн эгч Сингапур улсад амьдардаг. Сингапур хог хаягдалгүй амьдралыг эрхэмлэсэн улс. Эгч минь хог хаягдлаар юу хийж болох, тэгснээр бидний ирээдүйд ямар эерэг нөлөөтэй талаар надад ярьж, зөвлөгөө өгсөн юм. Тухайн үед надад төсөөлөгдөөгүй.

Харин үрийн зулай үнэрлэн, эх болсны дараа хүний бодол өөрчлөгддөг юм билээ. “Бид байгаль дэлхийгээ хайрлаж чадаж байна уу. Би өөд болно. Тэгэхэд миний хүүхдэд юу үлдэх вэ, ямар орчинд амьдрах вэ, цэвэр агаарт, эрүүл чийрэг байж чадах уу” гэх мэт олон зүйлийн талаар эргэцүүлсэн. Хүн төрөлхтөн бидэнд хоёр дахь дэлхий гэж байхгүй. Бид ганцхан дэлхийтэй. Тэгэхээр одоо бид яах вэ. Бүр аймар том юм бодож, надаар дутахгүй гэж болохгүй. Хүн бүхнээс шалтгаална.

Та магадгүй хогоо гудамжинд хаячихлаа гэж бодъё. Тэр хогийг өөр хэн нэгэн аваад хогийн саванд хийтэл тухайн газарт байсаар л байна. Магадгүй салхинд хийсээд өөр газарт бууна. Тэнд таны хүүхэд тоглож байвал яах вэ. Эко хэв маяг, энгийн амьдралыг чухалчилж аж төрснөөр үүнийг ойлгож, ухаарсан.

Г.Г :- Би Архангай аймгийнх, хань минь Улаанбаатар хотынх. Үнэнийг хэлэхэд би анхандаа эко хэв маягийн талаар тодорхой төсөөлөлгүй, амьдралдаа хэвшил болгохгүй байв. Амьдралдаа хэрэгжүүлдэггүй байсан юм л даа. Жишээлбэл, би пластик сойз хэрэглээд хэвшчихсэн байв. Хань минь “Хулсан сойз хэрэглэ. Хүний эрүүл мэндэд ээлтэй” гэж зөвлөсөн ч хэрэглэж дадахгүй байлаа. Яг хэрэглээд хэвшсэний дараа үнэхээр эвтэйхэн санагдсан. Одоо бүр сурчихсан.

Б.Н :- Есдүгээр сарын 1-нд юу билээ. Монголын бараг бүх эцэг, эхчүүд хүүхэддээ шинэ хувцас авч өгдөг. Мэдээж аав, ээж хүн хүүхдээ өнгөтэй, өөдтэй явуулахыг хүсэлгүй яах вэ. Гэхдээ энэ нь эргээд өмссөн, зүүснээрээ уралдах, нэгнийхээ дээр гарахын эхлэл болоод байх шиг. Гадаадын орныхон тэгдэггүй. Хуучин хувцсыг нь угааж, эндүүдэж өгөөд л хүүхдээ сургуульд нь явуулдаг. Тэгэхээр эцэг, эхчүүд хүүхдийнхээ өмсөж, зүүсэнд бус боловсролд нь анхаараасай. Хэр ухамсартай, зөв хүн болж төлөвшиж буйд анхаарал хандуулах чухал.

Би өмнө нь тансаг хэрэглээнд дуртай байсан. Одоо энгийн хэв маягт дурлаж байна. Хоёулангаар нь амьдраад үзсэн хүний хувьд хэлэхэд, эко хэв маяг, энгийн амьдрал намайг илүү аз жаргалтай, амар тайван, өөрийнхөөрөө байлгадаг. Тиймээс хүн бүхэн үүнийг ухамсарлаасай, амьдралдаа хэвшил болгоосой.

-Танайх бүтээгдэхүүнээ хэрхэн хийдэг вэ. Эко бүтээгдэхүүний ач, тусыг талаар сонирхуулна уу?

Б.Н :- Эко, байгалийн гаралтай бүтээгдэхүүн хүний эрүүл мэндэд ээлтэйгээс гадна удаан хугацаанд хэрэглэх боломжтой. Бид бүх бүтээгдэхүүнээ хайрлаж, сэтгэл шингээж хийсэн. Манай дэлгүүрээр үйлчлүүлж, бүтээгдэхүүн авч буй үйлчлүүлэгчид сэтгэл ханамжийг мэдэрч, сэтгэл хангалуун гардагт үнэхээр баяртай байна.

Ийнхүү хэлээд тэрбээр хажуу талын тавиур дээрээс нэгэн шилтэй лааг харуулав. Хэрэглэсэн сокны шилийг угааж, цэвэрлэн, ариутгаад эл лааг савлажээ. Шилэн дээр нь “Би хүүхдийн сок байсан” гэж бичсэн байв. Тэд гурван хүүхдээ хардаг нэгэн ээжийг дэмжин, түүнээс шилээ авдгаа онцолсон юм.

Г.Г :- “Eco life Mongolia” брэнд “Хүний эрүүл мэнд байгалиас. Байгалийн эрүүл мэнд хүнээс” гэсэн уриатай. Эрүүл агаарт гаргахад, байгальд аялахад хүний сэтгэл санаа хэчнээн сайхан болж, тайвширдаг билээ. Эргээд хүмүүс бид байгалиа хайрлах, хамгаалах чухал. Ингэж хэн бүхэн боддог, хэлдэг. Гэтэл үүнийгээ үйлдэл болгодог нь хэд билээ. Ганцхан ширхэг чихрийн цаасыг ч хогийн саванд хийхээс энэ бүхэн эхэлнэ. “Өө, энэ хогийг би хаяагүй” гээд өнгөрөөд явах бус хогийн сав руу аваад хийчихэд нэг их хугацаа орохгүй шүү дээ.

Ханьтайгаа хамт нэгэн зорилгын төлөө хөдөлмөрлөх, зүтгэх сайхан. Бид орчлонгийн жамаар өөд болно, үр минь үлдэнэ. Зөв амьдрах юм сан, сайхан эх дэлхийг үр хүүхэддээ өвлүүлэх сэн гэж хүсдэг.

Б.Н :- Монголчуудын байгальд дасан зохицох чадвар маш өндөр. Жилийн дөрвөн улиралд нүүдэллэн амьдардаг. Авдар, ширээ гэх мэт нүүдлийн амьдралд зохицсон тоймтой хэдхэн зүйл хэрэглэдэг. Эрт дээр үеэс минималист байсных нь илрэл.

-Б.Намуун тун завгүй, хөдөлмөрч эмэгтэй. Энэ их ажлыг хэрхэн амжуулдаг вэ?

-Би энэ ажлынхаа хажуугаар монголчуудыгаа эрүүл хэв маягт суралцуулахын тулд өөрийнхөө "Nambeau" цахим хуудсаараа дамжуулан дасгал хөдөлгөөн, эрүүл хооллолт гэх олон төрлийн хичээл заадаг. Хүмүүст аль болох хэрэгтэй мэдээлэл хүргэхийг хүсдэг. Охин минь удахгүй гурван нас хүрнэ. Сайн ээж, халамжтай хань байхыг хичээдэг. Аль алийг нь зохицуулаад л явна. Аз жаргалыг цаг ямагт мэдрэх чухал. Хүмүүс бид хэзээ үхэхээ мэдэхгүй. Тиймээс ямар мөр үлдээж яваа вэ, үр минь үлдэх хорвоод хүн шиг хүн явж чадсан эсэх л чухал.

-Дахин боловсруулсан хог хаягдлаар урласан, эко бүтээгдэхүүний дэлгүүр Монголд танайхаас өөр бий юү?

Б.Н :- Байхгүй. Манайх анхных. Эко бүтээгдэхүүн хийдэг, онлайнаар борлуулдаг хүн олон бий. Манайх шиг ийм эко дэлгүүр нээгдвэл би үнэхээр баярлана. Адилхан үйл ажиллагаа эрхэллээ, манайхыг дуурайлаа гэж өрсөлдөгч талаас нь харахгүй. Харин ч эсрэгээрээ бүх талаар нь хамтарч, тэсрэлт хийхийн төлөө хамт зүтгэхийг хүснэ.

-Цар тахлын нөхцөл байдал өдрөөс өдөрт хүндэрч буй өнөө цагт дэлгүүр нээсэн нь эрсдэлтэй алхам. Компани, брэндийнхээ алсын хараа, хэтийн зорилгыг хэрхэн тодорхойлж байна вэ?

Г.Г :- Цар тахлын нөхцөл байдал хүнд байгаа. Ялангуяа аж ахуйн нэгжүүдэд улам хүнд туссаар. Мэдээж хүнд хэцүү зүйл, бэрхшээл их байна. Гэхдээ одоо аль болох гэгээлэг талаас нь хараад зүтгэнэ.

Бид салбартаа тэргүүлсэн, олон улсын жишиг компани үргэлж байхыг хүсдэг. Бүтээгдэхүүнээ олон улсад гаргах, дэлхийд таниулах нь бидний гол зорилго.

Манайх энд дэлгүүрийн үйл ажиллагаанаас гадна нийгэмд гэгээлэг, эерэг бүхнийг уриалсан эвентүүд зохион байгуулахаар төлөвлөгөө бий.

ГЭРЭЛ ЗУРАГ, БИЧЛЭГИЙГ Б.ЭРДЭНЭБАЯР

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-09-24 09:57

120 мянгатын автобусны буудлын зүүн т�##�д оршдог юм билээ. Би дугуйгаар явж байхдаа харсан. би өөрөө одоогоор орж үзээгүй л дээ. тэгэхдээ заав�##� орж үзнээ. Сайхан санаа, зорилгоор мундаг з�##�уучууд нээжээ. Амжилт хүсье

Эба
Эба
2021-09-24 10:49

Ёстой хөөрхөн юм билээ. Өшөө олон нэр төрлийн бүтээгэхүүн гаргаарай амжилт хүсье

Зочин
Зочин
2021-10-02 13:18

эко дэлгүүр нээсэн эко зүйлсийг сурт�##�чилж байгаа нь сайн боловч дэлгүүрийнх нв доод давхарт хүмүүсийн агуулах агуулахад нь хүний хөрөнгө байдаг гэдгийг тоохгүй байнга ус �##�дуулна ариун цэврийн өрөөний бохир усны хоолой зорул�##�тын бусаар цоолж гаргаад тэрүүгээрээ бохир гоожуулдаг гэдгээ мэдэж байгаа болов уу энэ хүмүүс

Дэлгүүрийн эздэд хэлэх зүйл байна аа
Дэлгүүрийн эздэд хэлэх зүйл байна аа
2021-10-02 13:19

эко дэлгүүр нээсэн эко зүйлсийг сурт�##�чилж байгаа нь сайн боловч дэлгүүрийнх нв доод давхарт хүмүүсийн агуулах агуулахад нь хүний хөрөнгө байдаг гэдгийг тоохгүй байнга ус �##�дуулна ариун цэврийн өрөөний бохир усны хоолой зорул�##�тын бусаар цоолж гаргаад тэрүүгээрээ бохир гоожуулдаг гэдгээ мэдэж байгаа болов уу энэ хүмүүс

Холбоотой мэдээ

Back to top button