Нийгмийн

ЕБС-ИЙН СЭТГЭЛЗҮЙЧ С.Сарантуяа: Сурагчид санаатай, санамсаргүй байдлаар нэгнийхээ сэтгэлийг гэмтээдэг

Энэ хичээлийн жилээс эхлэн Ерөнхий боловсролын 72 сургуульд Боловсролын сэтгэл зүйчдийг мэргэшүүлэн ажиллуулж байгаа. Иймээс сурагчдад ямар төрлийн сэтгэл зүйн асуудал түлхүү байдаг тухай ЕБС-ийн лаборатори 93 дугаар сургуулийн сэтгэл зүйч С.Сарантуяатай ярилцлаа.

-Таны хувьд ЕБС-д Боловсролын сэтгэл зүйчээр ажиллаад 21 хоносон байна. Боловсролын сэтгэл зүйч сургуулийн орчинд хэрхэн ажилладаг юм бэ?

-Боловсролын сэтгэл зүйчид сургууль дээр сэтгэл зүйн сургалт хийж байгаа. Ингэхдээ сэтгэл зүйн ганцаарчилсан болон бүлгийн сургалтыг өгнө. Үүний дараа оношлогоо үнэлгээ, соён гэгээрүүлэх гэсэн үндсэн дөрвөн чиглэлийг баримталж буй. Үүнд боловсролын харилцаанд оролцогч талуудад дээрх цогц ажлыг хүртээж, мэдээллээр хангах үүрэгтэйгээр ажиллаж байна.

-93 дугаар сургуулийн сурагчид ямар асуудлаар түлхүү танд хандаж байна вэ?

-Дийлэнхээс анзаарагдаж буй эхний гурван шинжийг дурдъя. Нэгдүгээрт, дэлгэцтэй холбоотой ямар нэгэн зүйлийн хамаарал буюу донтолттой байх магадлал өндөр байна. Хоёрдугаарт, гэр бүлийн таагүй уур амьсгалаас болж ойлголцож чадахгүй, сэтгэл зүйн өөрчлөлтөд орж байна. Дараа нь үе тэнгийнхний дундах харилцааны зөрчил гэсэн нийтлэг гурван асуудлууд бий.

-Дэлгэцийн хамааралтай болсноо мэдэхгүй байгаа олон хүүхдүүд байдаг байх. Ийм хамааралд ороод нэг төрлийн донтолттой болсноо ямар шинж тэмдгээр мэдэх вэ?

-Өдөрт цахим орчинд хэчнээн цагийг өнгөрөөж байна вэ гэдгээ анзаарах хэрэгтэй. Бага дунд ангийнхан өдөрт 1-2 цаг, дундаас дээш ангийнхан 3-4 цаг утас оролдохыг хэвийн гэж үздэг. Наймаас дээш цагаар дэлгэц үзэж байвал та дэлгэцийн хамааралтай болжээ гэж өөрийгөө оношлох хэрэгтэй.

Цар тахлын нөхцөл байдлаас болж сурагчид цахимаар хичээллэж байгаа. Үүнээс болж тэдний дэлгэцийн хэрэглээ нэмэгдсэн. Энэ нь ч цахим хэрэглээнд тооцогдоно. Хичээлийн шугамаар өдрийн 4-5 цаг дэлгэц үзэж буй. Энэ хэрэглээний араас өдрийн бүтээлч өнгөрүүлэх цагаараа дэлгэц сайн дураараа үзсээр байвал энэ нь хамааралтай байж болзошгүйн илрэл.

-Дэлгэцийн хамааралтай хүүхдэд ямар шинж илрэх вэ?

-Ганцаардмал, зожиг, хэн нэгэнтэй харилцаа холбоо тогтоохоос шууд татгалздаг, өөрийгөө хянахгүйгээр уурлаж, уцаарлах, анхаарал төвлөрөхгүй байх, тогтож сууж чадахгүй байнгын тэвдүү хөдөлгөөнтэй болох, нүд хурдан хурдан цавчлах зэрэг шинжүүд нь анхан шатны донтолттой хүнд илэрч болдог. Хэрэв ийм шинж тэмдэг илэрч байгаа бол дэлгэцийн хамааралтай байх өндөр магадлалтай.

-Энэ шинж тэмдэг илэрсэн ч дэлгэцийн хамааралтайгаа тоохгүй даамжруулбал сэтгэл зүйд ямар уршигтай вэ?

-Дээрх шинжүүд илэрсээр байтал тоохгүй бол сурлагын амжилт, чанар муудна. Өөртөө итгэлгүй, зожиг болж мэднэ. Өөрийгөө илэрхийлэх чадвар суларч, багаар ажиллах чадвар муудна. Хариуцлага хүлээхээс татгалзаж нээлттэй биш болох эрсдэлтэй. Мөн сэтгэлийн мэдрэмжээ илэрхийлэх чадвар эрс сулардаг. Энэ нь даамжирсаар сэтгэцийн өвчинд хүргэх эрсдэлтэй.

-Түлхүү ажиглагдаж буй гурван шинжүүд дунд үе тэнгийнхэн биенийхээ сэтгэл зүйд нөлөөдөг хэмээсэн. Тэд ямар байдлаар биендээ нөлөөлдөг юм бол?

-Сурагчид санаатай ба санамсаргүй байдлаар биенийхээ сэтгэлийг гэмтээдэг. Хамгийн наад зах нь биенээ хочилдог. Хоч өгч байгаагаа энгийн зүйл гэж боддог бол хочлуулж байгаагаа ч энгийн мэтээр ойлгодог. Ийм явдал хүүхдэд бусадтайгаа ялгаатай харьцаж болно гэдэг ойлголттой болгочихдог юм. Хэвийн юм шиг бусдыг ялгаатай байдлаар нь харж, харьцах нь буруу шүү дээ.

Тэд биенийхээ сэтгэлийг нь гэмтээе гэж бодолгүйгээр хэн нэгэнд хоч өглөө гэхэд хочлуулж байгаа хүүхэд нь өөртөө итгэлгүй болж, үзэл бодлоо илэрхийлэх чадваргүйдэж, сэтгэл гутралд хүрэх эрсдэлтэй.

Үүнээс гадна үе тэнгийнхний харилцаа сүүлийн үед цахим хэлбэртэй болчихсон. Энэ нөхцөлд тэд цахим орчинд биенийгээ дээрэлхэх явдал их байна. Пост, комментоор шоолох, сэтгэгдэл бичиж доромж үг хэрэглэх, өсвөр насны зөв буруугаа дөнгөж ялгах гэж яваа насныхныг этгээд, бүдүүлгээр доромжлох нь сэтгэл зүйн хувьд хүнд гэмтэл өгөх магадлалтай. Цахимд дээрэлхүүлсэн бол зарим нь сөргөлдөж, хурц байдлаар илэрхийлдэг. Харин бусад нь өөрсдийгөө хааж, мэдрэмжийн блокт орно. Мэдрэмжийн блоктой хүүхэд юу ч болж байсан бусдад хэлэхгүй. Дотроо зөвхөн өөртөө бодож зовоод л байдаг.

-Зөвлөгөө авч байгаа сурагчдыг хүйсээр ангилбал аль хүйснийхэн давамгайлдаг вэ?

-Эрэгтэй хүүхдийг бага байхаас нь битгий уйлаад бай, эмэгтэй хүүхэд шиг гэдэг томчуудын хандлага эрэгтэй хүйстнийг хаалттай болгох суурь болдог. Нөгөө талаасаа эрэгтэй эмэгтэй хүмүүсийн сэтгэл зүйн онцлог бий. Тиймээс эрэгтэй сурагчид сэтгэл зүйн зөвлөгөө авч байгаа байдал охидоос бага байна.

-Насны онцлогоос шалтгаалж байна уу?

-1-12-р ангийн сурагчдад зөвлөгөө өгөх үүрэг хүлээсэн. Гэхдээ насны онцлог сэтгэл зүйн зөвлөгөө авахад нөлөөлж байна. Бага ангийнхан бие дааж шийдвэр гаргаад, удаан, дунд хугацаанд үргэлжилж байнга шийдвэрлэх чадваргүй. Тэдгээр хүүхдүүдийг эцэг, эх, анги удирдсан багш нар чиглүүлдэг. 7-12-р ангийн сурагчид өөрийн мэдрэмж бодлоо таньж, ялгах мэдрэмж нь хөгжсөн байдаг учраас бие даагаад шийдвэрээ гаргадаг.

-Мэдрэмжийн блокт ороод өөрийгөө бусдад илэрхийлэх чадваргүй болсон хүүхэд яаж тэр байдлаасаа гарах боломжтой вэ, Магадгүй сэтгэл зүйчид ч өөрийгөө нээхийг хүсэхгүй байж мэдэх юм?

-Бүгдийг нь дурдана гэвэл маш олон зүйл ярина. Гэхдээ хамгийн чухал нь ямар нэг зүйлийн сонирхдог байх чухал. Тэр нь юу ч байж болно. Өдрийн тэмдэглэл хөтлөх, зураг зурах, шүлэг бичих, шүр хэлхэх, урлаг спортоор хичээллэх гээд ямар нэгэн зүйлийг сонирхдог байна гэдэг маш чухал. Ядаж үгээр биш, үйлдлээрээ өөрийн мэдрэмжээ шингээж гаргадаг.

Зарим хүүхэд сониуч биш болчихсон байдаг нь гэрийнхэн нь “бөмбөг хөөгөөд хоолоо олж идэхгүй”, “битгий юм юм руу үсчээд бай” зэрэг үг хэлчихдэгээс болдог. Хүүхдийн сонирхох хүслийг мохоох нь хариуцлагаас зугтах, бие даан асуудал шийдэх чадваргүй болгодог. Энэ бүхэн нь цаашдын амьдралд нь, ажлын бүтээмжид нь нөлөөлнө. Хүүхдийг сониуч байсан үед нь ирийг нь мохоож, боль гэдэг. Спортод дурлаад, сонирхсон хүүхдийг боль гэчихвэл эрүүл хөдөлгөөнтэй байхад нь хөшиг татаад хаачиж байгаатай агаар нэг.

-Тэгвэл яаж үүнийг мохоохгүй байх вэ?

-Тиймээс хүүхдийг хүслээр нь байлгаж, зорилго тэмүүлэлтэй байвал мохоох үг хэлэхгүйгээр дэмжиж урамшуулаад, магтдаг байх хэрэгтэй. Боломж бололцооноосоо болоод дэмжиж чадахгүй бол адаглаад үгүйсгэхгүй байх чухал.

Бүх насны хүүхэд, томчууд ч ялгаагүй сэтгэл зүйн дархлаагаа дэмжээсэй. Ер нь бие өвдвөл сэтгэл өвдөнө, сэтгэл өвдвөл бие өвдөнө гэдэг нь нэг юмны хоёр тал шүү. Харамсалтай нь дийлэнх иргэд бие өвдөөд байна гээд эмчлүүлдэг ч сэтгэл зүйн дархлаандаа цаг, мөнгө зарцуулдаггүй. Биеэ хэдий эмчлүүлээд ч үр дүнд хүрэх магадлал бага байдаг. Сэтгэлзүйн дархлаатай хүний бие өвдөх нь ч бага байдаг. Үр хүүхдүүдээ сэтгэлзүйдээ анхаардаг болоход санаа тавих их чухал.

-Ярилцсанд баярлалаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Уншигч
Уншигч
2021-10-23 08:58

Ээж аавууд уншаасай

Зочин
Зочин
2021-10-23 16:47

Sarantuya setgel zuichid amjilt husye ????

Зочин
Зочин
2021-10-24 15:43

Хүүхэд төрүүлээд өсгөж зөв хүмүүжүүлж чадахгүй байгаа эцэг эхчүүдэд хууль гаргаж хариуцлага нэммээр бна.

Холбоотой мэдээ

Back to top button