АМЬДРАЛЫН НОМ

АМЬДРАЛЫН НОМ| Т.Мандир: Амьдрал буцалж оргилоод ширгэдэг, эргээд ундарсаар байдаг зүйл

Ном хэмээгч зүйл амьдралынх нь салшгүй нэг хэсэг болсон хүмүүс бий. Ийм хүмүүс иргэншсэн нийгмийн чухал эд эс – номын соёлыг өөрөөсөө эхлүүлдэг ч түүнийгээ тэр бүр анзаардаггүй. Ямар салбарт ажилладаг, ямар хүсэл эрмэлзэлтэйгээсээ үл хамааран өнгөрсөн үед бүтээсэн оюуны өвийг ямагт хүндэлж, өөртөө нээхийг эрмэлздэгээрээ идэвхтэй уншигч хүмүүс нийгмийн оюун санааны гол хөдөлгүүр, өнгөрсөн болоод ирээдүй цагийн холбогчид байдаг. Чухам ийм холбогчдыг Eguur.mn сайт “Амьдралын ном” буландаа урьж байна.

Номын соёлтой, идэвхтэй уншигч хүмүүсийг уулзуулж, өнөөдрийн бие хүнийг нь бүтээлцсэн бүтээл туурвилын тухай ярилцах “Амьдралын ном” булан танд долоо хоног бүр өртөөчлөн хүрдэг билээ.


ЗОЧИН: Я.Баяраагийн урилгаар ТАНГАДЫН МАНДИР

–Таны амьдралд хамгийн хүчтэй нөлөөлсөн, “Амьдралын ном”-оо нэрлэ гэвэл ямар ном нэрлэх вэ?

-Би 1959 оны нэгдүгээр ангийн сурагч юм л даа. Хүчтэй нөлөөлсөн ном гэхээр би арга байхгүй Самуил Маршакийн “Муурын байшин” гэж номыг нэрлэмээр санагдаж байна. Хүүхэд байхдаа “Муурын байшин” хэмээх их гоё зурагтай үлгэрийг олж үзчихээд, ном гэж ямар сайхан зүйл байдгийг ойлгосон. Тэр бол миний амьдралд нөлөөлсөн гайхамшигтай ном. Тэгээд бичиг үсэг сураад, ер номын ертөнц рүү орж ирсэн дээ. Номын ертөнцөд ороход анх нөлөөлсөн нь Хятадын зурагт номууд байсан. Тэр үед Хятадууд монголчуудад зориулж “Хүйтэн уулын бичиг” гэж их том үлгэрийг зурагт ном болгож, монгол бичгээр тайлбарлан гаргаж байсан. Үүнийг уншихдаа анх ааваар монгол бичиг заалгасан. 1961-1963 он хавьцаа. Ингэж баахан хятад үлгэрийн баатруудын нэртэй боллоо. “Барсыг алсан Ү Сүн”, “Хувилгаан Ху Шан” гээд л.

Ингэж байтал арга байхгүй кирилл үсэгтээ сайжраад ирмэгцээ уншсан анхны монгол ном маань “Монголын нууц товчоо”. Ингээд номын ертөнц рүү эргэлт буцалтгүй шигдлээ, орлоо. Тэр асар өтгөн, шигүү ой байна. Цаашлаад 1960-аад онд гарсан “Том Сойерын адал явдал”, “Дэвид Копперфильд” гэх мэт гайхалтай романуудтай танилцсан. Ерөнхийдөө миний номын ертөнц Маршакаар эхлээд, АНУ-ын зохиолч Марк Твенээр дараалаад, Хятадын Луа Гуанжун гээд л явж өгч байгаа юм. Тэр завсар Монголын зохиолчдын бүтээлээс аргагүй “Алтайд” романыг уншиж байлаа. Ш.Гаадамба гуайн сонин сонин ёгт үлгэрүүд, Ц.Дамдинсүрэн гуайн жижиг өгүүллэгүүд гээд л, уншсан. Сүүл рүүгээ миний уран зохиолын гараа Монголын утга зохиол руу шилжсэн дээ. В.Инжанашийн “Хөх судар”-ыг би 1965 оны үед уншаад дууссан санагдаж байна. Тэр бага насны минь хэлний соёл, найруулгад өндөр нөлөөлсөн. 1966 оноос Луа Гуанжуны “Гурван улсын үлгэр” гэж алдартай бүтээл рүү орж ирсэн л дээ. Энэ бол миний зохиол бичих, хүн төрөлхтний түүх сонирхох замыг минь хөтөлсөн.

Энэ завсар хэлэхэд орчуулагчид гэдэг Монголын бүх л цаг үед дэлхийн соёлыг түгээж ирсэн гарамгай, гайхамшигт анги давхарга юм. “Үүлэн зардас”-ыг орчуулснаас эхлээд л. Цаашлан нэрлэвэл Вальтер Скотт, Александр Дюма, Майн Рид гээд явж өгнө. Хүүхэд насанд амьдралын зорилго чиглэлд хөтөлдөг нь үнэхээр Александр Дюма байдаг л даа. Майн Ридийн зохиолууд хөнгөхөн, нэг загварын юм шиг мөртлөө тухайн цаг үеийн сэтгэлгээ, барууны ертөнцийн амьдралын онцлогийг яг тусгаад өгчихдөг. Би 1960-аад оны хүүхэд цагаа санаж байна, манай ангийн хүүхдүүд цөмөөрөө “Морь унасан толгойгүй хүн”-ий гол баатар Морис Жеральд болж, бахархацгаадаг байсан. Ингээд нэрлээд байвал дуусахгүй дээ.

-Эдгээр номтой та анх хэзээ, хэрхэн учирч байв?

Энэ их сонин. Үнэхээр чамд яримаар түүх. 1966 онд их үер болсон. Үерийн үеэр манайх Дунд голын хөвөөнд байсан юм. Төмөр замын буудлын чанх урд талд л даа. Тэнд бид нэлээд удсан. Манай хашаанд аавын минь найз Хайдавын Шараа гэж, их номонд дуртай хүн байлаа. Бид тэр үед өвгөн гэж ярьдаг байсан, одоо эргээд бодоход ер 40 гарсан л хүн байж. Тэр ном их цуглуулдаг, номондоо их хайртай. Манай найзууд хашаанд тоглоход Шараа гуай “Ном руу минь орчих вий” гэж их айдаг, бүх номоо хайрцганд хийгээд хураачихдаг байсан. “Шараа гуайн номноос унших юм сан” гэж боддог байв, ер хавьтуулахгүй. Ингээд үер боллоо, манай хоёр гэр хоёул үерт дайруулж, аав минь зохион байгуулан, Шараа гуай бид нар Таван буудалд ирж буусан.

Эхний өдөр усанд норсон ахуйн юмсаа авчирч хураалаа. Гэтэл хамгийн аймшигтай нь Шараа гуайн өнөөх айхавтар хайрцагтай номууд нэвт норчихсон, машин дээр ачигдаж ирлээ. Шараа гуай “Түй чёрт” гээд л аваад чулуудаад байв. Номууд зүгээр шавар тоосго шиг юм болчихсон байсан. Дэлгэхээр л урагдаад. Шараа гуай хаях юмнууд руу нийлүүлээд тавьчихлаа. Хоёр хонолоо. Номнууд байгаад л байна.

Би зүрхлээд Шараа гуайгаас “Энэ номнуудаас авч болох уу?” гэж асуулаа. Гэтэл “Ав, ав. Гэхдээ нэг юм захья. Чулуу болоогүй дээр нь хуудас, хуудсаар нь сийрүүлж хатаагаарай. Хатаахдаа байшингийн сүүдэрт хатаадаг юм шүү” гэж байна. Тэгж би анх “Гурван улсын үлгэр”-ийг шавар тоосго шиг номоор олж аваад, найзуудтайгаа нийлж, хуудас нэг бүрээр нь дэлгэж хатааснаар олж уншсан юм. Нэг л гамшиг үлдсэн дээ, бүх хуудсаар нь ялгасны дараа миний хамарт байнгын замагтай усны үнэр шингэчихсэн. Сийрүүлж байх завсраа л уншаад байсан. Бээжингийн төмөр бар гэж нэрлэдэг техникээр хэвлэгдсэн, маш сайн гаргацтай.

Ингэж “Гурван улсын үлгэр”-ийн амтанд орсон. Түүхэн уран зохиол бичих хүслийг маань энэ өдөөж өгсөн. Зургадугаар ангид байхад л Б.Ринчен гуайн “Заан залуудай” роман анх гарч байлаа. Түүнийг уншаад айдаг. Б.Ринчен гуайг хөгшин хөвөөгүй доктор л гэдэг байсан. “Доктор шиг ингэж бичнэ ч гэж байхгүй юм байна аа” гэж боддог байлаа. Үг нь их тансаг, нэг өгүүлбэр дотор хэчнээн ч үг байгаа юм, дуусахгүй. Гэтэл “Гурван улсын үлгэр”-ийн найруулга маш ойлгомжтой мөртлөө тансаг. “Өөрөөр бичиж болдог юм байна” гэсэн бодлыг төрүүлсэн л дээ.

-Эдгээр ном таны оюун санааны амьдралд юу өгсөн бэ?

-Би ер энд тэнд “Гурван улсын үлгэр”-ийг ярих дуртай. Нангиад уран зохиолын дотроос үнэхээр дэлхий нийтийн түвшинд хүрсэн, танигдсан нь яах аргагүй энэ. Уншихад эндээс яруу найраг ч гарна, үлгэр ч гарна, ид шид ч гарна. Тэгсэн мөртлөө бидний хэлдгээр реалист, бодит амьдрал бас гарна. Хүмүүс хоорондын сайн сайхан харилцаа, хар хорон сэтгэл, дайсагнал. За, төрийн хувьд болбол ярих юм байхгүй. Төрийн бодлого гэдэг энэ дотор аргагүй 100-аад жилийн түүхээр багцлагдаад бичигдсэн байдаг. Уран зохиолд нэрээ үлдээе, монгол хэлт уран зохиол бичье гэж байгаа хүмүүс “Гурван улсын үлгэр”-ийг уншихаас өөр арга байхгүй.

“Гурван улсын үлгэр” гэдэг туульс Хятадын төр улсын үе солигдсон түүхийг бүхэл бүтнээр нь гаргасан. Тоолоход 60, 70-аад түүхэн хүний дүр төрөхөөсөө үхэх хүртлээ багтсан байдаг.

Хожим нь “Хөдөлмөр” сонины ажилтан боллоо. Зураач ч гэсэн сонирхлоороо сурвалжилга хийгээд яваад байсан. Тэр үед Монголынхоо баатруудыг, түүхэн хүмүүсийг бичиж, залуучууддаа танилцуулах  юм сан гэж боддог байсан. Гэхдээ Б.Ринчен гуай шиг бичмээргүй. Маш товчхон бөгөөд эрчтэй бичиж өгмөөр санагдаад. Тэгж явтал 1980-аад оны дундуур цэргийн найзтайгаа уулзах гээд 19-р хороолол руу очлоо. Тэнд номын дэлгүүр байлаа, орсон чинь шинэ ном харагдахгүй юу. Ярослав Голованов гэсэн автортой, “Эрдэмтдийн тухай зураглал” гэсэн жижигхэн дөрвөлжин ном байна. Тэр номыг аваад унштал миний ирээдүйн “Хорин нэгэн хөрөг” бичих үндэс тэнд байж байсан. Нэг эрдэмтний намтрыг дөрвөн нүүрээс хэтрүүлээгүй. Тэр далайц, хүнд хүрэм хурц бичлэг, тэр тухайн салбарыг мэдсэн, тоймлосон байдал бол гайхамшигтай санагдсан. Тэр ном гарын авлага шиг л болчихсон.

-Амьдралын номоосоо хүмүүст уншуулчих юмсан гэж боддог хэсгээс эшлээч?

“Гурван улсын үлгэр”-ийн оршилд энэ хэдэн мөр шүлэг байдаг юм. Эш татах их дуртай.

Мэлмэлзэн цалгилах хөх мөрний уснаа

Мэргэд баатруудын сайн мууг тунгааж дуусгав

Зөв, буруу онож алдсан бүхэн тэргүүн өргөмөгц хоосроод

Хөх уулс ор орондоо дүндийж, үдшийн наран хэвээр улайнам

Насжсан загасч, буурал түлээчин мөрний хойгийн дээр ундарсаар

Намрын саран хаврын салхин лугаа ижилдэн даслаа

Нэгэн хувийн амтат архиндаа баярлалдан зугаацаж

Эрт эдүгээгийн түмэн хэргийг энэхүү найрын зугаа болгож, салхин урвуу тонилгоно.

Энэ бол ингээд л гүн ухаан. Бид өнөөдөр бахархаж байна. Түүхийг ингэж хэлсэн мөртийг би олон газраас уншаагүй ээ. Энэ бол гайхамшигтай. Зүгээр л хүмүүний сэтгэл. Энд ямар нэг үндэстэн мүндэстэн байхгүй. Аливаа үндэстэн өөрийнхөө түүхийг эргээд уншихад яг л... Энд “Ундарсаар” гэж гоё үг байгаа. Энэ бол одоогийн бидний хэлдгээр “Амьдарсаар” гэсэн үг. Ундраад л. Амьдрал гэдэг буцалж, боргилж явдаг. Ширгэдэг. Дахиад ундардаг.

Ийм маш чухал булан сэдсэн Eguur.mn сайтын эрхэм дүү нартаа баярлалаа. Сэтгэлгээний соёлын хамгийн чухал давлагаа бол уран зохиол. Энэ үйлсээ арвин үргэлжлүүлээрэй, залгаарай гэж хүсье.

-“Амьдралын ном” булан маань цаашид өртөөчлөн үргэлжлэх юм. Та дараагийн зочныг урина уу?

Юуны өмнө О.Содномпилтэй уулзаж, номын тухай яриулбал. Манай хүн энэ талаар их ярих хүн. Хоёрдугаарт нь, Б.Галаарид. Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн Ерөнхийлөгч байсан. Нэрлэмээр хүн зөндөө байна л даа. Сүүлд нь “Та намайг...”, эсвэл “Чи намайг яагаад нэрлэсэнгүй вэ” гэх хүн гарч ирэх байх. Тэр ч гарцаагүй, өнгөрсөн. Одоо Улаанбаатарт амьдарч байгаа, Н.Сүхдорж гэж зохиолч бий. Ховдын гаралтай боловч Сэлэнгэд насаараа амьдарч, ажилласан. Асар олон жүжиг тавьсан их том уран бүтээлч бий. Энэ хүнтэй уулзаж, номын тухай яриулбал сайхан. Давын өмнө ийм гурван хүн нэрлэе дээ.


ӨМНӨХ КОНТЕНТ| Я.Баяраа: Роман бичнэ гэдэг өөрийн гэсэн хот, хороолол, янхны газартай ертөнц үүсгэхийн нэр

Дэлгэрэнгүйг энд дарж уншина уу.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

М. Тэнгис

Олон улсын харилцааны мэргэжилтэй, сэтгүүл зүйн салбарт таван жил ажиллаж байна. Нийгэм, улс төрийн сэдвээс гадна дүрслэх урлагийн шүүмж, ярилцлага бэлтгэдэг. Eguur.mn сайтын Ерөнхий редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button