ДЭЛХИЙНИЙГЭМЭнтертайнмент

Азийн орнуудын Цагаан сарыг тэмдэглэх ёсон

Цагаан сарыг Азийн улс орнууд хэрхэн тэмдэглэн өнгөрүүлдэг талаар өгүүлэхийн өмнө Аргын тоолол, Билгийн тооллын талаар цухас өгүүлье.

Аргын тоолол гэдэг нь дэлхий нарыг тойрох үечлэлийг ажиглан цаг хугацаа, он жилүүдийг тоолдог тоолол. Энэ ч утгаар Аргын тооллыг нарны тоолол хэмээн нэрлэх нь ч бий. Өнөө цагт дэлхийн ихэнх улс болон Монголд албан ёсоор хэрэглэгдэж буй Григорийн тоолол бол аргын тоолол юм. Григорийн тооллоор шинэ жилийг үргэлж нэгдүгээр сарын 1-нд эхэлдэг гэж тооцдог.  

Билгийн тоолол бол харин сар дэлхийг тойрох үечлэлийг ажиглан цаг хугацаа, өдөр сарыг тоолдог тоолол. Энэ ч утгаар Билгийн тооллыг мөн сарны тоолол хэмээн нэрлэдэг. Монголд билгийн тооллыг аргын тоололтой хослуулан хэрэглэсээр ирсэн билээ.

Цагаан сар. Цагаан сарыг билгийн тооллоор тооцох ба энэ нь сар дэлхийг тойрох үечлэл буюу сарны байршил, хөдөлгөөнөөр хэмждэг. Билгийн тооллын шинэ жил нь сарны үечлэлээс хамаарах тул Григорийн тооллоор нэгдүгээр сарын 21-нээс хоёрдугаар сарын 20-ны хооронд тохиодог.

Билгийн тооллын шинэ жил буюу Цагаан сарыг Азийн улс орнууд өөр өөрөөр нэрлэнэ. Тухайлбал, Буриадад “Сагаалган”, Хятадад “Чунь Жиэ”, Японд “Ошёогацү”, Өмнөд Солонгост “Соллал”, харин Вьенамд “Тет” гэхчилэн нэрлэдэг.

БУРИАДЫН ЦАГААН САР “САГААЛГАН”

Буриадад билгийн тооллын шинэ жилийн баяр бүтэн сар үргэлжлэх ба тэд үүнийгээ “Сагаалган” гэж нэрлэдэг. Энэ нь “Цагаан сар” гэсэн утгатай.

“Сагаалган” нь Монголын ард түмний эртний үндэсний уламжлалаас улбаатай баяр. Уг нь анх намрын улиралд цагаан идээний баяр болгон тэмдэглэдэг байжээ. Дараа нь харин Хятадын зурхайн нөлөөгөөр Эзэн богд Чингис хааны ач хүү Хубилай хаан эл баярыг өвлийн адаг  сар луу шилжүүлсэн түүхтэй. Цаг хугацаа өнгөрөх тусам цагаан сарын утга учир нь зөвхөн сүү цагаан идээ байхаа больсон. Өнөө цагт “Сагаалган”-ыг өргөн дэлгэр тэмдэглэх болжээ. “Сагаалган” нь хүн ба байгаль дэлхий өнгөө өөрчилж, бүх муу муухай зүйлсээс ангижран ариусаж, аз жаргал, хөгжин цэцэглэхийн дээдийг ерөөсөн баяр юм.

ОХУ-д Цагаан сарыг Буриад, Халимаг, Тува, Алтай, Өвөрбайгалийн хязгаар нутгуудад өргөн дэлгэр тэмдэглэдэг. Тэдгээр бүс нутгийн оршин суугчдын хувьд Цагаан сарын шинийн нэгний өдрийг ажил хийхгүй өдөр хэмээдэг ёс уламжлалтай. Тэнд бүтэн сарын турш ард олноороо найр наадам хийж, дуулж хуурдан, басхүү идээ ундаан наадам хийдэг.

Гэсэн ч, үргэлж тийм байсангүй. 1930-аад оны үед хуучнаар ЗХУ-д бусад шашны баяруудын адил “Сагаалган”-ыг тэмдэглэхийг хориглосон байдаг. Үүнийг үл ажран, ёс заншил, өв уламжлалаа дээдлэн ирсэн зон олон “Сагаалган”-ыг  нууцаар тэмдэглэн өнгөрүүлж, ахмад үеэс залуу үеийнхэндээ өвлүүлж чаджээ. “Сагаалган”-ыг 90-ээд оны эхэн үе хүртэл нууцаар тэмдэглэн өнгөрүүлдэг байсан ч хожим нь Буддын шашны бусад бүс нутгуудад эл хоригийг цуцалсан аж.  

Домогт өгүүлснээр, Цагаан сарын шинийн нэгэнд Балдан-Лхамо бурхан айл болгоор зочилж, гэр бүлийн гишүүн бүрийг бүртгэж, хүн бүрт аз жаргал тэгш бэлэглэдэг хэмээдэг. Тиймээс ирж буй жилийнхээ аз жаргалыг алдахгүйн тулд өглөө эртлэн босдог заншилтай. Буддын шашинтнууд өглөө нойрноосоо сэрсэнийхээ дараа Бурхан тахилдаа залбирч, Бурхдад өргөл барьц өргөж, хүндэтгэлийн мөргөл үйлддэг.

“Сагаалган”-аар заавал айлаар зочилдог уламжлалтай. Биестээ шинэ жилийн баярын мэнд хүргэж, бэлэг сэлт өгдөг сайхан уламжлалтай. Өөрийн эцэг, эхээс авхуулаад настан буурлууд гээд бүх л хамаатан садныхаараа зочилдог ёсон бий. Баярын эдгээр өдрүүдэд мэндчилгээ нь ч бас онцгой байна. Бага залуу бол хоёр алгаа дээш харуулан ахмад настны хоёр тохойг дээш өргөн мэндчилнэ. Энэ дохио зангаа бол хайр хүндэтгэлийг илэрхийлнэ. Сонирхуулахад, гадаад шинж тэмдгээр нь хараад ахмад настан үгүйг нь таних боломжгүй бол “Та хэдэн настай вэ” гэж асуухыг цээрлэдэггүй аж. Харин энгийн үед бол ахмад настнаас нас сүүдрийг нь шууд асуудаггүй ёс уламжлалтай. “Сагаалган” баярын үеэр асуухыг зөвшөөрдөг аж.

“Сагаалган” баярын ширээнд мах, сүүн бүтээгдэхүүн заавал байх ёстой. Ширээний тэргүүнд бууз байна. Бууз бол “Сагаалган”-ы хамгийн чухал зоог. Бууз нь гаднаас нь харвал яг л нүүдэлчдийн уламжлалт сууц эсгий цагаан гэрийг санагдуулна.

ХЯТАДЫН ЦАГААН САР “ЧУНЬ ЖИЭ” БУЮУ ХАВРЫН БАЯР

春节 Chūnjié “Чунь Жиэ” буюу “Хаврын баяр” 16 өдөр үргэлжилдэг. Билгийн тооллын арван хоёрдугаар сарын 23-наас эхлэн айл өрхүүд орон гэртээ “өвлийн их цэвэрлэгээ” хийдэг байна.

Зарим хүмүүс гэрээ “Хаврын баяр”-аас хэдхэн хоногийн өмнө гэр орноо улаан өнгийн гоёл чимэглэлээр чимдэг. Гэсэн ч, сүүлийн үед хятадуудын ихэнх нь баярын өмнөх өдөр гэрээ чимдэг болсон аж. Гэр орноо улаан өнгийн зүүлт гоёлоор чимэглэснээр муу ёрын хүчийг зайлуулдаг хэмээн үзэж, урт нас, энх тунх тайван амьдралыг бас бэлгэддэг.

Баярын өдрийн өмнө халуун ам бүлээрээ цугларч, баярын зоог барих ба энэ нь заавал хийх ёстой уламжлалд ордог. Гэр бүлийн зоогонд загас, банш, нианго гээд аз бэлгэдсэн хоол унд хэрэглэнэ. Ингэж хооллосны дараа хүүхдүүдэд улаан дугтуйтай мөнгө өгч, ирж буй жилдээ эрүүл саруул, хөгжиж дэвшин, сайн сурахыг  ерөөдөг. Хятад хүмүүс улаан өнгөнд их дуртай байдаг нь аз авчирдаг хэмээн үздэгтэй нь холбоотой. Тиймээс улаан дугтуйнд мөнгө хийж өгөхийг “азын мөнгө” хэмээн бэлгэддэг.

“Чунь Жиэ” баярын өмнөх өдөр хүмүүс шөнө орой унтдаг уламжлалтай. Өмнө нь харин хүмүүс унталгүй шөнөжин сэрүүн өнгөрөөдөг байсан ч орчин үед шөнө дунд хүртэл хүлээж байгаад унтдаг болжээ.

Бас нэг онцлох зүйл гэвэл Билгийн тооллын шинэ жил болсныг илтгэн хонх хангинуулдаг. Хятад хүмүүс том хэмжээтэй хонх дуугаргахыг аз хийморь авчирна хэмээн үздэг.

Баярын өдөр болоход Хятад үндэстэн шинэ хувцас хунараа өмсөн, бие биедээ “Гонгши” буюу “Сайн сайхныг хүсье” гэх үгийг хэлдэг. Баярын өдөр галт наадам буюу салют буудуулдаг. Галт наадмыг Хятад даяар хийх ба салют хэдий хэр чанга тэсрэх дуу чимээ гаргана төдийчинээ сайн сайхан зүйл тохионо хэмээдэг.  “Чунь Жиэ” баярын хоёр дахь өдөр гэрлэсэн эмэгтэйчүүд эцэг, эхдээ золгож, гэр бүлийнхэндээ бэлэг сэлт өгдөг уламжлалтай. Эл өдөр хүмүүс эд агуурс,  мөнгөний бурхандаа өргөл өргөдөг.

“Чунь Жиэ” баярын шинийн гурваас долоо дахь өдөрт хүмүүс хамаатан садан болон найз нөхдийнхөөрөө зочилдог. Найм дахь өдөр ихэнх хүн ажилдаа эргэн ордог байна.

Харин шинийн 15-нд “Дэнлүүний баяр”-ыг тэмдэглэдэг. Зарим хүн дэнлүү асааж, тэнгэрт хөөргөдөг бол зарим нь асаасан дэнлүүгээ гол усанд урсгадаг уламжлалтай. Энэ нь өөд болсон төрөл төрөгсдөд үзүүлж буй хүндэтгэл юм.

ӨМНӨД СОЛОНГОСЫН ЦАГААН САР “СОЛЛАЛЬ”

Өмнөд Солонгосчууд “Соллаль” баяр болохоос нэг долоо хоногийн өмнө гэр бүл, найз нөхдөдөө зориулан бэлэг сэлт худалдаж авдаг. Тэд ихэнхдээ бэлгийн багц, бэлэн мөнгө, мах, загас, жимс, хүн орхоодой, зөгийн бал гээд эрүүл мэндийн бүтээгдэхүүнээс сонгож бэлэглэдэг.

“Соллаль”-ын баярын өмнөх өдөр хүний ертөнцөд буй сүнс сүүдрүүд өөрт таарсан гутлаа хулгайлахаар ирдэг гэсэн домог ярианд Солонгосчууд итгэдэг. Домогт, хэрвээ сүнс өөрт таарсан гутлаа олоод хулгайлбал тэр гутлын эзэнд тэр жилийн турш азгүй явдал тохиолддог гэлцдэг. Тиймээс, “Соллаль” баярын өмнөх өдөр Солонгосчууд гутлаа нуудаг заншилтай. Баярын өдрийн өглөө “Бокжори” гэх хулсаар сүлжсэн шүүлтүүр ханандаа өлгөдөг. Ингэснээр гэртээ аз жаргал дууддаг хэмээн Солонгосчууд итгэдэг.

Мөн “Соллаль” баярын үеэр гэрэлтэй сайхан ирээдүйг бэлгэшээн үндэсний хувцас болох “Ханбуг”-аараа гангарцгаадаг. “Соллал” баяраар үйлддэг өөр нэг чухал уламжлал бол өвөг дээдэстээ зориулан тахилын зоог бэлтгэдэг. Үүнийг “Чарэ” хэмээдэг. “Чарэ” бэлтгэх ширээнд зоог өрөх тогтсон хатуу дүрэм хүртэл байдаг. Хамгийн чухал тахилын зоог бол “Доггүг”. “Доггүг” гэдэг нь будааны зутан шөл юм. “Доггүг” дээр нэмээд “Калбижим” буюу үхрийн шарсан мах, “Жабчэ” /чихэрлэг төмстэй гоймонтой шөл/, мөн “Ханьгуа” /Солонгос үндэсний жигнэмэг/ гэх мэт олон тооны зоог бэлтгэдэг. “Доггүг” идсэн хүн нэг жилээр нас нэмдэг хэмээдэг тул “Соллаль” баяраар Солонгосчууд бие биенээсээ хэдэн аяга “Доггүг” идсэн талаар сонирхон асуудаг. Мөн гэр бүлийн гишүүд хоорондоо Солонгос үндэсний тоглоом наадгай тоглодог уламжлалтай.

ВЬЕТНАМЫН ЦАГААН САР “ТЕТ”

Вьетнамчуудын улс даяараа тэмдэглэн өнгөрүүлдэг томоохон баяруудын нэг бол “Тет” юм. “Тет” баярыг Билгийн тооллын шинэ жилийн эхний өдрөөс эхлэн дор хаяж гурван өдөр тэмдэглэдэг.

“Тет” баяраар вьетнамчууд гэр орноо чимэглэхээр тоорын цэцгийн болон жүржийн мод худалдаж авдаг. Тэд худалдан авсан модоо вааран дотор суулгаад гэрийнхээ өмнө тавьдаг уламжлалтай. Вьетнамчууд улаан, шар өнгийг аз хийморь авчирдаг хэмээн үздэг тул гэр орны чимэглэлийн өнгийг улаан, шар өнгийг сонгодог.

Вьетнам гэр бүлүүд ихэнхдээ өвөг дээдэстээ зориулсан тахилын ширээтэй байх ба чухамхүү “Тет” баярын үеэр тахилын ширээг цэвэрлэн, шинэхэн өргөл тавьдаг заншилтай.

Вьетнамчууд баярын өдөр гэр бүлээрээ цугларч, шинэ хувцас хунараа өмсөн ахмадуудтай золгодог уламжлалтай. Билгийн тооллын шинэ жилийн эхний өдөр ирсэн зочин тэр жилийн аз хийморийг төлөөлдөг хэмээн Вьетнамчууд итгэдэг. Тиймээс, вьетнамчууд зөв төлөвшилтэй, шударга үнэнч хүнийг хамгийн эхэнд гэртээ урьдаг байна. Үлдсэн өдрүүдэд хүмүүс хамаатнууд болон найз нөхдийнхөөрөө зочилдог байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-02-02 08:46

Олон орны үндэсний баяр юм даа

Зочин
Зочин
2022-02-02 08:47

Азийн орнууд өь уламжл�##�аа онцгой дээдэлдэг ард түмэн дээ

Зочин
Зочин
2022-02-02 10:04

Азийн оронд Буриадыг оруулаад яахав дээ. Холдуулах гэсэн явуулга уу? Тэртээ тэргүй бид 1 үндэстэн. Цага�##�ган, цагаан сар гэж ялгаагүй утгатай. Баруун тийшээ ч цага�##�ганаар гэж ярилцдаг.

Зочинххх
Зочинххх
2022-02-03 23:49

солонгос христын шашины нөлөөгөөр исүсын төрсөн өдрийг тэмдэглэдэг шашин соёлоо �##�дсан амьгүй улс

Холбоотой мэдээ

Back to top button