Нийгмийн

Монгол Улс хатаасан сүүний үйлдвэртэй болсноор жилд 30 сая ам.долларыг хэмнэх боломжтой

Сүү бэлтгэн нийлүүлэлтийн сүлжээний гол оролцогчид болох малчид, үйлдвэрлэгч, фермерүүд нэгдэж “Сүүний салбарын сэргэлт ба хөрөнгө оруулалт” сэдвээр чуулж салбарын асуудлаа тодорхойллоо. Хэлэлцүүлгийн үр дүнд сүү бэлтгэн нийлүүлэлтийн улирлын чанартай онцлогийг чухалчилсны зэрэгцээ зуны улиралд малчид эрчимтэй сүү нийлүүлэх тогтолцоог бий болгох хөгжлийн зөв шийдэл боломж бол хатаамал сүүний үйлдвэр хэмээн санал нэгдсэн юм. Тиймээс энэ чиглэлд оролцогч талууд хамтран ажилласнаар жилд дунджаар 30 сая ам.долларын валютыг дотооддоо үлдээх боломжтой хэмээн тооцоолсон байна. Учир нь манай улс жилд дунджаар 30 орчим сая доллартай тэнцэхүйц хэмжээний хатаамал сүүг импортоор авч буй.

Малчид болон үйлдвэрлэгчдийн зүгээс төрийн дэмжлэгтэйгээр энэхүү урсгалыг дотооддоо үлдээх боломжтой хэмээн харж байна. Сүү бэлтгэн нийлүүлэлтийн тогтолцоонд манай орны улирлын онцлог байдал мөн нөлөөлдөг байна. Тухайлбал,  хүйтний улиралд сүүний гарц мууддаг учир малчид өвөл төдийлөн сүү нийлүүлэх боломжгүй байдаг нь гол асуудал болж байгаа юм.

Энэхүү асуудлыг шийдэх зорилгоор “АПУ Дэйри” ХХК нь хатаамал сүүний үйлдвэр дотооддоо байгуулах зорилго тавин ажиллаж байна. Үүний тулд төр, хувийн хэвшил, малчид хамтран хөрөнгө  оруулалт, нийлүүлэлтийн боломжийг эрэлхийлж, нягт хамтран ажиллах шаардлагатай байгааг чуулганд оролцогчид онцоллоо.

Чуулганд оролцсон малчид, фермерүүд, компанийн төлөөлөл ийнхүү ярьж байна.

Г.Баярмагнай /АПУ Дэйри ХХК-ийн Гүйцэтгэх захирал/

Олон улсад эрүүл мэндийн байгууллагуудын зөвлөмжийн дагуу нэг хүнд ногдох сүү, сүүн бүтээгдэхүүний жилийн хэрэгцээ 160-180 кг байхаар зөвлөсөн байдаг. Гэтэл манай улсад 3-4 дахин бага буюу 30-50 кг байна. Тиймээс сүүний салбарын гол алдаа дутагдал, харах анхаарах ёстой асуудлууд яг хаана байгааг зөвлөлдөж ярилцахаар энэхүү хэлэлцүүлгийг зохион байгуулж байна. Мөн малчид эдийн засгийн эргэлтэд сүүний зах зээлийг  хэрхэн зөв оновчтой өсгөж болох уу, энэ салбарт цаашдаа ямар хөрөнгө оруулалт, бодлого хэрэгтэй вэ гэдгийг тодорхойлж ярилцах чухал ач холбогдолтой хэлэлцүүлэг юм.

Г.Алтанцэцэг /Төв аймгийн Батсүмбэр сумын малчин/

Сүүг хатаамал байдлаар боловсруулах үйлдвэр чухал байна. Учир нь хатаамал сүү шингэн сүүтэй харьцуулахад хадгалах хугацаа удаан, чанарын хувьд илүү. Мөн улирлын онцлогоос хамаарч буюу сүүний гарц муудсан үеүүдэд өмнө нөөцөлсөн хатаамал сүүгээ хэрэглэвэл илүү тохиромтой, чанарын ялгаагүй. Үнийн хувьд шингэн сүүнээс жаахан ахиу байж болно гэж харж байгаа.

Д.Хишигжаргал /Малчин/

Манайх өдөрт дунджаар 300 литр сүү нийлүүлдэг. Зуны улиралд буюу сүүний гарц сайн байх үед сүүгээ их хэмжээгээр хатаамал болгож нөөцлөөд өвөл түүнийгээ шингэн сүү болгоод хэрэглээнд нэвтрүүлбэл давуу талтай санагдаж байгаа. Тиймээс хатаамал сүүний үйлдвэр зайлшгүй хэрэгтэй. Үүнийг төрөөс бодлогын хүрээнд дэмжиж өгөөсэй гэж хүсэж байна.

Ж.Баттөгс /Үхэрчдийн холбооны тэргүүн/

Бид “АПУ” компанитай хамтран кластер фермийн аж ахуйг хөгжүүлэхээр тав дахь жилдээ ажиллаж байна. Ингэснээр өрхийн фермерүүд хөгжих боломжтой. “АПУ Дэйри” компанийн давуу тал нь  урьдчилан худалдан авалт хийж байгаа явдал юм. Тодруулбал, бид жил бүр 60 сая төгрөгийн урьдчилгаа аваад буцаан төлөхдөө сүүгээр тооцдог ийм зарчимтай. Мөн цаашид энэ компанитайгаа хамтраад гаднаас өндөр ашиг шимтэй үхрийг импортлоод, оруулж ирсэн үхрээ малчид фермерүүдэд зээлээр өгөх том боломжийг нээж байгаа.

Мөн хэлэлцүүлгийн үеэр монгол хүний дархлаажуулалтын чухал хүнс болох сүү, сүүн бүтээгдэхүүний хэрэглээг нэмэгдүүлэх шаардлагатай байгааг чухалчиллаа. Олон улсад эрүүл мэндийн байгууллагуудын зөвлөмжийн дагуу нэг хүнд ногдох сүү, сүүн бүтээгдэхүүний жилийн хэрэгцээ 160-180 кг байхаар зөвлөсөн байдаг. Харин манай улсад 30-50 кг байна. Тиймээс дотоодын сүүний хэрэглээг гурав дахин нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагатай тулгарч буй юм.

Өнөөдрийн байдлаар “АПУ  Дэйри” компани 1000 гаруй малчин өрхөөс сүү цуглуулж байна. Хэрэв хатаасан сүүний үйлдвэр байгуулбал малчид зундаа сүүгээ эрчимтэй нийлүүлж, нөөцөлсний үр дүнд өвлийн улиралд үр өгөөжийг нь хүртэх боломжтой. Үүнтэй холбогдуулж 21 аймаг болон бүс нутгуудад сүүний анхан шатны боловсруулалт хийх цэгүүдийг байгуулах шаардлага бий болно. Энэ ажлыг жийж чадвал 5000 орчим малчин өрхийн орлого нэмэгдэхээр тооцоо байгаа юм.

Түүнчлэн өндөр ашиг шимт фермерийн үнээний аж ахуйг хөгжүүлснээр сүүний гарц, нийлүүлэлтийг нэмэгдүүлэх боломжтой. Тиймээс энэ чиглэлд эргэлтийн хөрөнгийн санхүүжилт, малчдыг дэмжих чиглэлд бодлогын шийдэл богино хугацаанд шаардлагатай байна. Үйлдвэрүүд дулааны улиралд малчдаас үнээний шинэ сүүг нь худалдан авч үйлдвэрийн аргаар усыг нь ууршуулж хатаан нөөцөлснөөр дараа нь сүү, сүү бүтээгдэхүүн үйлдвэрлэхдээ сэргээн ашиглах боломжтой бөгөөд тэрхүү сэргээсэн сүү нь шингэн сүүтэй ижил найрлагатай гэдгээрээ давуу талтай аж.

Д.МӨНХБАТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-05-12 09:10

Huurhun yum be

Холбоотой мэдээ

Back to top button