Нийгмийн

ХУУЛЬ: Жирэмсэн, нялх хүүхэдтэй, эсхүл хүндээр өвдсөн тохиолдолд гэрлэлтийг цуцлахгүй

Гэрлэлтийг Монгол Улсын Иргэний хууль болон Гэр бүлийн тухай хууль хуульд заасан үндэслэлээр захиргааны буюу шүүхийн журмаар цуцалдаг.

Нэг.Гэрлэлтийг захиргааны журмаар цуцлах

Гэрлэлтээ цуцлуулахыг харилцан зөвшөөрсөн, 18 хүртэлх насны хүүхэдгүй, эд хөрөнгийн маргаангүй гэрлэгчид энэ тухай тус тусдаа бичиж, гарын үсэг зурсан хүсэлтээ улсын бүртгэлийн байгууллагад гаргана. Хилийн чанадад буюу гадаад улсад ажиллаж байгаа иргэн Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн газарт хүсэлтээ гаргана.

Гэрлэгчдээс гаргасан уг хүсэлтэд үндэслэн гэрлэлтийг улсын бүртгэлийн байгууллага, хилийн чанадад ажиллаж байгаа Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн газар 30 хоногийн дотор цуцална.

Хоёр.Гэрлэлтийг шүүхийн журмаар цуцлах

Гэрлэлтийг захиргааны журмаар цуцлахаас бусад тохиолдолд гэрлэгчдийн харилцан тохиролцсон буюу тэдний хэн нэгний, эсхүл иргэний эрх зүйн эрхийн бүрэн чадамжгүй гэж тооцогдсон эхнэр, нөхрийн асран хамгаалагчийн нэхэмжлэлийн дагуу гэрлэлт цуцлах асуудлыг шүүх шийдвэрлэнэ.

Гэрлэлт цуцлах асуудлаар дараахаас бусад тохиолдлоор эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулж, эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явагдсаны дараа шүүх иргэний хэрэг үүсгэж, гэрлэлт цуцлалтыг шүүхийн журмаар шийдвэрлэнэ.

Дараах тохиолдолд гэрлэлт цуцлахад эвлэрүүлэн зуучлах ажиллагааг шүүхээс шаардахгүй.

  • Гэрлэгчдийн хэн нэгний байнгын хүчирхийлэл үйлддэг, дарамталдаг;
  • Гэр бүлийн гишүүдийн амь нас, эрүүл мэндэд ноцтой хохирол учирч болзошгүй, эсхүл учирсан нь тогтоогдсон;
  • Хүүхдийн хүмүүжилд ноцтой хохирол учирч болзошгүй, эсхүл учирсан нь тогтоогдсон.

Шүүх шаардлагатай гэж үзвэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг гурван сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлж, энэ хугацаанд гэрлэгчдийг эвлэрүүлэх бүх талын арга хэмжээг эвлэрүүлэн зуучлагчаар дамжуулан авна. Гэрлэгчид эвлэрэх боломжгүй бол шүүхийн шийдвэрт заасан хугацаа дуусмагц шүүх гэрлэлтийг цуцална.

Гэрлэгчид гэрлэлт цуцлах үед хүүхдээ хэний асрамжид үлдээх, түүнийг болон хөдөлмөрийн чадваргүй эхнэр, нөхрөө тэжээн тэтгэх, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөө хуваах тухайгаа бие даан, эсхүл эвлэрүүлэн зуучлалын журмаар харилцан тохиролцож болно.

Тохиролцоогүй бол хүүхдийн нас, эцэг, эхийн халамж, ахуйн нөхцөл, бололцоо, ёс суртахууны байдал, хүчирхийлэл үйлдсэн эсэхийг нь харгалзан хүүхдийг эцэг, эхийн хэн нэгний асрамжид үлдээх, тэтгэлгийн хэмжээг тогтоох, хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг хуваах асуудлыг шүүх шийдвэрлэнэ.

Хүүхэд асрамжийн асуудлыг шийдвэрлэхэд долоо ба түүнээс дээш настай хүүхдийн саналыг харгалзан үздэг.

Эхнэр нь жирэмсэн буюу хүүхэд нь нэг нас хүрээгүй, эсхүл хариуцагч хүндээр өвчилсөн тохиолдолд гэрлэлтийг цуцлахыг хориглоно.

Б.БАЯРТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-05-13 09:03

Тэгдэг юм уу мэдмээр юм байна

Зочин
Зочин
2022-05-13 12:45

yostoi heregtei yum baina daa

Холбоотой мэдээ

Back to top button