СПОРТ

Ган хоолойт ууган аварга

“Хүй цөглөсөн өлгий нь

Хүрээмаралын толгод

Хүчтэний дэвжээнд түшсэн

Хонгор нутгийн уулс

Баяр баярын дээдийг

Олны сонорт хүргэсэн

Багшийн эрхэм алдраар

Түмний хайрыг хүлээсэн

Морьтны цэнхэр далбааг

Дэлхийн дэвжээнд мандуулахад

Монгол хэмээн уухайлж

Дөрвөн далай цалгисан

Хөх Монголын анхныХөх дэлхийн аварга” хэмээх үгтэй нэгэн дуу бий. Соёлын гавьяат гавьяат зүтгэлтэн, улсын начин С.Эрхэмбаяр дуулж, олны хүртээл болгосон эл бүтээлийн эзэн нь хэдийгээр өдгөө бидний дунд байхгүй ч их спортод гаргасан амжилт, тайлбарлагчийн ур чадвараараа үеийн үед дуурсагдаж, шавь нар нь бөхийн төрлийн өнгийг тодорхойлж, багшийнхаа үйл хэргийг үргэлжлүүлж явна. ДАШТ-д түрүүлсэн Монголын анхны бөх, Гавьяат тамирчин, улсын начин, алдарт тайлбарлагч Шагдарын Чанравыг дурсав.

Баянхонгор аймгийн Хүрээмарал сумын харьяат тэрбээр 1948 оны арваннэгдүгээр сарын 20-нд Г.Шагдарын бага хүү болон мэндэлжээ. Ш.Чанрав багаасаа уулнаас мод бэлтгэх, түлээ хөрөөдөх зэрэг хар ажилд нухлагдан, хөдөөгийн бусад хүүхдийн адил дээл, гутлаа ханзартал барилдаж өсчээ. Хичээлдээ толгой цохин, Хүрээмарал сумын сургууль (хожим түүний нэрэмжит болсгосон)-ийн анхны “Таван онц”-ын эзэн болсон ч барилдахаас илүү сайхан зүйл түүнд байсангүй. Ямар сайндаа ангийнх нь багш Б.Вангуржав “Ганц дээлт барилдаанч, ганц морьт уралдаанч гэдэг ёстой үнэн юм байна. Чи хүүхдүүдтэй барилдаж байгаад хичээлээсээ үргэлж хоцордог. Тэгэхдээ дээлээ дандаа урна. Муу ээж чинь чамд хэчнээн дээл хийж өгөх чадалтай билээ” хэмээн түүнийг зэмлэсэн гэдэг.

Алдарт аваргуудын тухай домог яриаг чих тавин сонсож, спортод өдөр ирэх тусам улам хорхойссон түүний аав 1951 онд залуудаа зуурдаар нас барахад Ш.Чанрав гурван настайдаа өнчирч хоцорчээ. Ээж А.Цэдэнбалжир нь том хүү Ш.Сэнгэравданг эрдмийн мөр хөөлгөн, Ш.Чанравыг сонирхлынх нь дагуу бөх болгох хүсэлтэй байв.  Хэдийгээр Ш.Чанрав онц сурдаг байсан ч ээжийнхээ гар, хөлийнх нь үзүүрт дэм болохын тулд дөрөвдүгээр анги төгсөх жилээ сургуулиас гарсан. 1964 оноос бригадынхаа 300 гаруй адууг маллан, хоёр жилийн дараа гэхэд аймгийнхаа аварга адуучин болжээ. Тэрбээр энэ тухай хань Л.Лириймаадаа “Адуу маллаж явсан үе бөх болохын минь суурь, бэлтгэл болж байсныг бүр сүүлд мэдсэн. Олон адуу уургалан, дэллэж, хөөвөрлөн, сургах амаргүй. Өдөрт цөөндөө 3-4 морь эцээнэ. Тийм их ажил ундарч байв. Орой гэртээ ирэхэд хоёр гар сарвайгаад бараг уураг даахгүй болдог сон. Давстай хар цайгаар шавшиж, шавшиж унтана. Тэгж явсныхаа ачаар хэчнээн удаан барилдсан ч гар минь бадайрч, сарвайхын зовлонг мэдрээгүй” гэж дурсжээ.

Ш.Чанрав 1967 оны хавар 19 насандаа цэрэгт татагджээ. Баянхонгороос Улаанбаатар хотод ирэхийнхээ өмнө нэгэн барилдаанд зодоглохдоо шөвгийн дөрөт үлдээд Г.Батсүхт өвдөг шорооджээ. Нутгаасаа нийслэлд ирэх замд цэргүүд зав л гарвал барилдана. Тэр бүрт нь  Г.Батсүх тэр хоёр түрүү, үзүүр булаалддаг байж. Хожим хоёулаа дэлхийн аварга болж, улсын начин цол хүртэнэ чинээ хэн нь төсөөлөөгүй явсан биз ээ. Барилгын цэргийн 012 дугаар ангид алба хаасан Ш.Чанравын авьяас төд удалгүй тодров. Архангайгаас цэргийн ангийн мал тууж явахдаа Төв аймгийн Алтанбулаг сумын наадамд түрүүлж, заан цол хүртэн, анхны амжилтаа гаргажээ. 1969 онд одоогийн Бүх цэргийн наадамд 29 давж, арслан цолны эзэн болсноосоо хойш заал танхимын барилдааныг алгасахаа болив. Дараа жил нь цэргээс халагдаад Х.Намшир багшийн удирдлагад бэлтгэл хийж эхэлжээ. Тэр жил самбо бөхийн анхны тэмцээн “Хоршоолол” нийгэмлэгт болоход Б.Эрдэвт ялагдан, мөнгөн медаль хүртэв. 1972 онд  Польш, Бакуд болсон олон улсын тэмцээнд үзүүрлэн, дараа жил нь Москва хотод зохион байгуулсан ах, дүү армиудын аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль авсан. Тэр бүхэн ДАШТ-д түрүүлсэн Монголын анхны бөх болохынх нь эхлэл, айсуй амжилтынх нь жимийг гаргажээ.

ДАШТ-д ТҮРҮҮЛСЭН МОНГОЛЫН АНХНЫ БӨХ

Монголчууд байт сурын спортын төрөлд дэлхийн анхны аваргаа өлгийдөн, баярлаж суусан цаг саяхан. Гавьяат тамирчин Д.Дэмбэрэлийн амжилт булган сүүлтэй байж спортын цөөнгүй төрөлд олон тамирчин дэлхийн дэвжээнд Төрийн дууллаа эгшиглүүлээд байна. Тэднээс анхдагч Ш.Чанрав 1973 онд Иранд болсон самбо бөхийн ДАШТ-ий эрэгтэйчүүдийн 62 кг-д түрүүлсэн. Эхний тойргуудад Болгарын Г.Веоиков, Испанийн Роца, АНУ-ын Пручежский нарыг ялж, аваргын төлөөх барилдаанд ЗХУ-ын Н.Козицкийг өвдөг шороодуулсан тэрбээр ДАШТ-д түрүүлсэн Монголын хоёр дахь, бөхийн төрлийнхнөөс анхны тамирчин болсон юм. Ш.Чанрав энэ тухай тэмдэглэлдээ “1973 оны есдүгээр сарын 12. Миний хамгийн том баярын өдөр. Дэлхийн аварга болсон өдөр. Өнөөдөр би 07.00 цагт босон, постны хашааг хоёр тойроод, хэд суниан, гүйлээ. 12.00-т жингээ үзүүлэн, таван цагийн дараа барилдав. Би цэнгэлдэхэд очиж, хувцсаа өмсөн, бие халаалт хийхээс маш их дургүй хүрээд байлаа. Тэгэхээр нь дэвжээнд гарахдаа биеэ халаан, бага зэрэг суниав. Козицкий миний хажууд халаалт хийж байгаад явлаа. Тэрбээр Европын гурав, ЗХУ-ын таван удаагийн аварга бөх. Би түүнтэй барилдахдаа мэх хийлцэлгүй торгуулсан ч тохойг нь сөхөн, хонгодоод хоёр оноо авлаа. Дараа нь Козицкий дутуу тонгороод эргэхэд нь бас суйлж нэг оноо авсан. Барилдаан дуусахад 45 секунд дутуу байхад тэрбээр миний хөлд өчих мэх хийхэд нь нэг алхаад цэвэр ялав” гэж дурсжээ.

ДЭЛХИЙН ХОШОЙ АВАРГА БОЛОХ БОЛОМЖ ТҮҮНД БАЙСАН Ч...

Ш.Чанрав ДАШТ-д түрүүлж, хошой аварга болохыг туйлын хүсэж, зорьсон нь мэдээж. Монгол түмэн ч бас тэгээсэй гэж хүсэн, дээлийнх нь захыг мушгиж байв. Тэрбээр 1974 онд манай улсад болсон ДАШТ-ээс мөнгөн медаль хүртэн, дэлхийн энтэй бөх болохоо дахин нотолжээ. Дараа жилийнх нь ДАШТ-д IV байрт шалгарсан түүнд амжилтаа батлах боломж дүүрэн байв. Харамсалтай нь, хүсэхэд хаяна гэгчээр тус тэмцээнийг 1976-1979 он хүртэл бүтэн дөрвөн жил зохион байгуулаагүй. Ид үед нь ДАШТ болоогүй, амжилтаараа хохироод үлдсэнд монгол түмэн өдгөө ч харамсдаг. Ш.Чанрав Монголын шилдэг жүдочдын нэг байлаа. 1975 онд Австрид болсон ДАШТ-д шагналт байрт шалгарсан тэрбээр дотоодын болон олон улсын тэмцээний 14 медальтай, интернационалын хоёр удаагийн аварга. 1976 онд Монреалын олимпод оролцсон нь хэр ур чадвартай жүдоч байсныг бэлхнээ гэрчилнэ.

УЛСЫН ЦОЛТНЫ ГЭР БҮЛД БАГТАВ

Цэрэгт байхаасаа л тодорсон Ш.Чанрав 1974 онд Төрийн наадамд гурав даваад улсын арслан Л.Сосорбарамд өвдөг шорооджээ. Дараа жил нь мөн гурав даваад Л.Дашдаваа начинд унав. Түүнээс хойш самбо, жүдогийн тэмцээнд зодоглон, улсын наадмыг гурван жил өнжсөн. 1979 онд гурвын даваанд улсын заан Ж.Ганболдыг, дараагийнхад нь улсын арслан Ж.Чойжилсүрэнг, начин цолны даваанд улсын арслан Л.Сосорбарамыг өвдөг шороодуулжээ. 31 насандаа улсын цолтны гэр бүлд багтсан тэрбээр зургаагийн даваанд дархан аварга Ж.Мөнхбатад унасан юм. Тэр жил түүнтэй хамт Б.Онх, Д.Нэгдэл, А.Баатархүү, Д.Баяраа нар улсын цол хүртсэн билээ. Ш.Чанравын тухай Б.Онх начин “Наадмын чимэг” номдоо “Улсын цолгүй бөхчүүдийн барилдаанд 171 см өндөр, далаад кг жинтэй, цэргийн арслан цолтой шар залуу барилдаж эхэлснийг би сайн санадаг юм. Ш.Чанрав харахад гулжигнасан, бяр нь хаанаа байгаа юм гэмээр мөртлөө огт тийм биш. Мэдрэмж сайтай, баруун сэнжигний барьцнаас хөнтөрч суйлдаг, тонгордог, барилдааны явцаас шалтгаалан гараараа олон хувилбар мэх хийдэг” гэж дурссан удаатай.

ҮНДЭСНИЙ ШИГШЭЭ БАГИЙГ 21 ЖИЛ ДАСГАЛЖУУЛСАН

Нэгэн цагт Монголын жүдо, самбо бөхийн спортын нүүрийг тахалж, тив, дэлхийд эх орныхоо нэрийг гаргаж байхдаа “Би” гэж омгорхолгүй, даруухан амьдарсан ч он цагийн эргэлтэд мартагдалгүй, өдгөө ч үлгэр, домог мэт дуурсагдаж буй хүчтэн бол Ш.Чанрав. Үүний сацуу улсынхаа хамгийн шилдэг дасгалжуулагчийн нэг нь яах аргагүй тэр мөн. Тэрбээр үндэсний шигшээ багийн дасгалжуулагчаар 21 жил ажилласан. Тэгэхдээ жүдо, самбо бөхийн шигшээ багийн туслах дасгалжуулагчаар 1975-1985, самбо бөхийн шигшээ багийн ерөнхий дасгалжуулагчаар 1989-1999 онд зүтгэжээ. Ш.Чанрав зөвхөн самбо, жүдо төдийгүй үндэсний бөхийн төрөлд олон шавь бэлтгэсэн гавьяатан. Улсын харцага Д.Батболд, улсын начин, Гавьяат зүтгэлтэн С.Эрхэмбаяр тэргүүтэй олон хүчтэн түүний шавь. Тэд багшийнхаа гэр бүлийнхэнтэй хамтран хөшөөг нь Хүрээмарал сумд сүндэрлүүлсэн юм.

БӨХИЙН ОЛОН ТӨРЛИЙГ 35 ЖИЛ ТАЙЛБАРЛАЖЭЭ

Ш.Чанрав агсны тухай дурсахгүй өнгөрөхийн аргагүй нэг зүйл бол яах аргагүй түүний барилдаан тайлбарлах ур чадвар. Үндэсний бөх төдийгүй ямар ч бөхийн бусад төрлийн барилдааныг  түүний тайлбаргүйгээр төсөөлөх аргагүй. Спортын мэргэжлийн тайлбарлагчийн өндөр босгийг тогтоосон гавьяатан бол яах аргагүй тэр. Нэг жил Баянхонгор аймагт битүүлж байсан ээжийнхээ гэрт хүү нь ороод ирэх шиг л болсон гэдэг. Энэ талаар түүний ах Ш.Сэнгэравдан “Цагаан сарын үндэсний бөхийн барилдаан үзэж суутал нэг их танил хоолой сонсогдов. Манай гэрийнхэн их гайхтал тэр барилдааныг дүү минь тайлбарласан юм билээ. Тэгэхэд Ш.Чанраваар их бахархсан. Дүү минь биднийг олон удаа баярлуулсан. Дэлхийн аварга болоход нь магнайгаа хагартал баярлаж билээ” гэв. Ш.Чанрав зарим жил улсын наадамд барилдангаа тайлбарладаг байв. Хүч сорьж дуусангуутаа тайлбарын өрөө рүү жирийлгэдэг байсан гэдэг. 1979 онд улсын начин болоход нь МҮОНРТ-ийнхэн их тэвдсэн гэдэг. Зарим нь бүр “Гялс уначихаад тайлбараа хийхгүй, улсын ажил хойш нь татлаа” хэмээн хошигносон гэдэг. Улсын наадам, Цагаан сарын барилдаан төдийгүй бөхийн бусад төрлийн тэмцээнийг радио, телевизээр 35 жил тайлбарлаж, монгол түмнээ спортод дурлуулсан түүгээр бахархахгүй байхын аргагүй. Монголд болж буй олон улсын бүхий л тэмцээнийг тэр л тайлбарладаг байв. Хүмүүс түүнийг ЗХУ-ын гавьяат жүжигчин, алдарт тайлбарлагч Озеровтой жишин, “Монгол озеров” хэмээн бахархдаг. 2001 онд Монголд болсон Азийн АШТ-ий дараа “Таван цагариг” сонинд “Ш.Чанравын тайлбарыг сонсоход жүдо бөхийн үзүүлэнтэй хичээлд суусантай адил болдог” гэж тодотгосон нь түүний ур чадвар бусдад хүлээн зөвшөөрөгдсөний илрэл. Ш.Чанравын талаар МҮБХ-ын дэд тэргүүн асан, Соёлын гавьяат зүтгэлтэн Д.Данзан “Ш.Чанрав гуай олон жил зодоглосон, дэлхийн энтэй бөх тул бусад тамирчны барилдаан, мэхийг андахгүй. “За, тийм мэх хийх нь” гэхэд яг түүгээр нь болдог байлаа. Тэр давлаа, тийм мэх хийлээ гэж тайлбарлавал хүмүүсийн сонирхлыг татахгүй. Түүнээс сайхан хоолойтой хүн төрж магадгүй. Харин Ш.Чанрав шиг мэдрэмжтэй, аль нэгнийх нь талд оролгүй, голыг нь олоод тайлбарлах хүн дахиж төрөхгүй” гэв. Барилдааны нарийн мэдрэмжтэй, онцгой авьяастай тэрбээр хүнд өвчний улмаас  шаналж байхдаа ч улсын наадмын бөхийн барилдааныг тайлбарласан гэдэг.

Энэ тухай түүний хань Л.Лириймаа “2007 онд хань минь хүнд өвчний улмаас шаналж байсан ч “Улсын наадмаа дахин тайлбарлаж чадаа ч уу, үгүй ч үү” гээд тайлбарлаж билээ. Тэгэхэд нь би өөрийн эрхгүй уйлсан. Ш.Чанрав наадмаас хэдхэн хоногийн дараа бурхан болсон. Амьсгал хураатлаа бөхийн спортоор амьсгалсан ханиараа бахархдаг. Ш.Чанрав их сайхан, дөлгөөн хүн байсан. Хэр баргийн юманд дуугарахгүй. Ханьдаа нөмөр түшигтэй, хүүхдүүддээ энэрэлтэй, Монгол эр хүний дээд нь байсан. Цагаан сарын барилдаан дуусангуут “За, аав нь ирэх нь” гээд ундыг нь бэлтгэдэг байсан сан. Тэгээд л хань минь ирээд идээгээ засна. Ер нь бид битүүнд эрт унтаж үзээгүй (инээв). Жил жилийн Цагаан сар, улсын наадмын барилдаан дуусангуут эвгүй санагддаг, ханийгаа их үгүйлдэг юм” хэмээлээ.

Ийм л энгийн атлаа энгүй нэгэн алдарт бөх, суут тайлбарлагч байсан юм, Ш.Чанрав. Түүний баргил хоолой өнөө ч Төв цэнгэлдэхэд хүнгэнэн, түмний сэтгэлийг мялааж байгаа нь лавтай.

Б.БУЯНДАЛАЙ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button