Гадаад мэдээДЭЛХИЙКатар 2022

Катар 2022: 50 жилийн цуст тулаан ногоон талбайн цусгүй тулаанаар үргэлжилнэ

Хөлбөмбөгийн ДАШТ-ий өнөөдрийн тоглолт Франц болон Мароккогийн шигшээ багийн хооронд өрнөх юм. Энэхүү тоглолт түүх сонирхогчдын хувьд ихээхэн сонирхолтой байх болов уу. Учир нь тус хоёр улсын хувьд олон жилийн арвин түүхээр холбоотой билээ.

-Марокко болон Франц улсын хоорондын харилцаа-

Марокко болон Франц улс хооронд урт хугацааны турш цус урсгасан дайн болсон. 19 дүгээр зууны сүүлээр европчууд Африк тивийг эзлэн түрэмгийлэх бодлого барьж байсан нь Мароккод сүүдрээ тусгасан юм. Байгалийн баялгаас болсон энэхүү дайнаар Марокко Францын эзэмшилд орсон бөгөөд 1912 онд колоничлогдсон байдаг.

Африк иргэдийн ёс заншилд нөлөөлөхгүйгээр эрх чөлөөг нь боомилсон энэхүү колоничлолоос гарахын тулд Марокко улс 50 жилийн турш тэмцсэн юм. Тэдний хоорондох тэмцэлд Мароккогийн Эль-Херри тосгоныхон нүцгэн гараараа франц цэргүүд винтов буутай байлдаж байсан гэдэг.

Францчууд хуяг, онгоц, танк ашиглан ямар ч бослогыг нухчин дардаг байсан бөгөөд мароккочуудыг дахин босохооргүй нөхцөл байдлыг үүсгэдэг байсан гэж эх сурвалжуудад тэмдэглэсэн байдаг ажээ.

-Дэлхийн I болон II дайн-

Дэлхийн I дайн эхлэхтэй зэрэгцэн Франц улс марокко иргэдийг дайнд дайчилжээ. Герман руу илгээсэн цэргүүд дунд нийт 15 мянган иргэн нас барсан гэх тооцоолол бий. Дайны дараа Францын Засгийн газрын дарамтаар мароккочуудыг араб болон бербер хэмээн хоёр хуваасан юм.

Улмаар Дэлхийн II дайны дараа буюу 1943 онд улс орон даяар эсэргүүцлийн хөдөлгөөн өрнөсөн байна. АНУ-ын ерөнхийлөгч Марокко тусгаар тогтнох ёстой хэмээн хэлсний улмаас Францын Засгийн газраас үүссэн нөхцөл байдлыг намжаахын тулд цус урсган, хүчээр дарж байлаа.

Мароккочуудын тэмцэл дуусаагүй, тэд ч шантраагүй. 1952 онд дахин бослого гарахад 100 гаруй хүн нас барсан. Дараа жил нь мароккочуудын хаан Султаныг баривчилж, Мадагаскарт цөлж байв. Мароккогийн иргэд тэмцсээр л. Францын талаас гаргасан харгис шийдвэр бүрийн эсрэг боссон юм.

Гэвч Францын харгис үйлдэл зогссонгүй. Тэд зургаан удирдагчийг нь олны өмнө цаазлав. Мароккочууд хэдэн мянгаараа тэмцлээ. Хоёр сарын дотор 1000 иргэний амийг тасалсан байдаг.

Мароккочуудын шантрашгүй тэмцлийн үр дүнд цөллөгт явуулсан Султаныг авч ирж, Францын Засгийн газартай гэрээ байгуулснаар дайн зогсож, цуст тулаан дууссан юм. Ийнхүү Марокко тусгаар тогтнолоо олж авсан түүхтэй.

-Одоо Франц болон Марокко-

Тэд худалдааны томоохон түнш улсууд болсон. Мароккочуудын 40 орчим хувь нь францаар ярьдаг. Францад 1.5 орчим сая марокко гаралтай иргэн байгаа гэх судалгаа ч бий. Мөн марокко гаралтай цагаач 755 мянган байгаа гэх. Товчхондоо цагаач дүрвэгчдийнх нь 18 хувь нь марокко иргэд байдаг ажээ.

Энэ жилийн ДАШТ-д Марокко улсын шигшээ багт Францад төрсөн хоёр тоглогч бий. Мөн Францын багт харьяалагдах таван тоглогч байгаа ажээ. Өмнөх ДАШТ-д Францад төрсөн 10 тоглогчтойгоор Мароккогийн шигшээ баг тэмцээнд оролцож байсан юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Н. Анужин

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхмийг 2021 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн. "Uguumur media" агентлагийн харьяа myuvs.mn сайт, "Увс нам бус телевиз"-д ажиллаж байсан. "Өглөөний сонин"-д Нийгэм, соёл, эдийн засгийн албаны сэтгүүлчээр ажиллаж байсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
АРД
АРД
2022-12-15 11:39

Марокко хожно. Марокко 2 - Франц 1 гоол оруулна.

Холбоотой мэдээ

Back to top button