Сурвалжилга, Нийтлэл

Танайд зочилъё: Токио дахь Монгол айлын ШИНИЙН НЭГЭН

Япон улсын Токио хотод сар шинийн өглөөний наран эртээ гэгч мандлаа. Угаас “Их наран улс” хэмээлцдэг болохоор эндхийн өглөөний нар “эртэч”. Хэдий Японы он тооллоор нэгдүгээр сарын 1-нд туулай жил хэдийнээ айлчилчихсан ч эндэхийн Монголчууд “бар” жилдээ торойж хоцроод, эх орныхоо он тооллоор сар шинээ угтан золгож буй билээ. Япон улсад өглөөний 07:00 цаг болж байхад Улаанбаатарт 06:00 цаг болж байлаа. 

…Төмөрбаатарын Төгөлдөрийнх сар шинийн баяраа тав дахь жилдээ Япон улсад ийнхүү  угтаж байна. Эхнэр Б.Мөнхдарам Токиогийн Гадаад хэл судлалын Их сургуулийн “Монгол хэл шинжлэл”-ийн докторант, том хүү дунд сургуулийн нэгдүгээр анги бол, бага хүү бага сургуулийн гуравдугаар ангид суралцдаг. Хэдийгээр гадаад улсад суралцаж, ажиллаж, амьдарч буй ч эх соёл, эх хэлдээ тун чиг хүндэтгэлтэй ханддаг энэ гэр бүлд XVII жарны “Үзэсгэлэн болгогч” хэмээх усан туулай жилийн сар шинээр саатах тохиол олдсонд ихэд талархан байна...

Эднийх сар шинийн баяртаа өнгөрсөн зунаас л эхлэн бэлдэж эхэлсэн тухайгаа ийн хөгжилтэйгээр хөөрөлдөв. Цар тахлын хүндхэн жилүүдийн ард, өнөө зун нутаг юугаа зорьж ижий аавдаа үнсүүлэх боломж тохиожээ. Буцахдаа үндэснийхээ баяр ёслолуудаа хүндэтгэн өмсөх дээл хувцас иж бүрнээр нь зэхэж ирснээ өнөө жилийн сар шинээр гарган гоёлоо.  Тэр бүү хэл сар шинийн тавгийн идээгээ засна гэж ааруул, цагаан идээ тэргүүтнийг үүцэлж ирсний дотор хил гаалиар хориотой боловч хааяа аз нь таарвал асуудалгүй нэвтэрчихдэг өрөм хүртэл байсан гэлээ. Гэрийн эзэн Т.Төгөлдөр “Хил гааль дээр хориотой боловч хулгайгаар ачаандаа хийгээд л “Бурхандаа найдчихсан”. Ингэж хууль зөрчин байж авч ирсэн өрмөө хадгалж хайрласаар энэ сар шинээр хайлмаг хайлж идээ тавгаа чимсэн” гэж инээмсэглэн ярив. 

Үнэхээр л тэдний сар шинийн баярын ширээнээ арааны шүлс асгаруулам шинэхэн хайлмаг алаглан харагдах нь хичнээн нүнжигтэй сайхан. 

ГАДААДАД БАЙХ ТУСМАА ЦАГААН САРАА АЛГАСАХГҮЙ ТЭМДЭГЛЭХ УЧИР

Монгол залуус сар шинийн баярыг төвөгшөөн, хойрго хандах хандлага үе үе цухалзах болсон ч гадаадад байгаа монголчууд эсрэгээрээ ийн сэтгэл дэвсэн, баяраа тэмдэглэх нь нэгийг бодогдуулна. Нэгэнт Япон соёлын дунд өсөн торниж буй боловч хүүхдүүддээ өөрсдийн өв соёлоо танилцуулах өвлүүлэх, мэдүүлэх нь Монгол хүн болсон бидний үүрэг буй. Гэрийн эзэгтэй Б.Мөнхдарам “Хилийн чинадад амьдардаг хүмүүс хүүхдүүддээ энэ уламжлалт баяраа сайн таниулж, үг хэллэгийг нь зааж өгч, өвлөж уламжлуулж байхгүй бол байгаа газрынхаа соёлд илүү дурлах гээд байдаг тал нь айдастай. Япон соёлд илүү дурлаад байх шиг санагдах үед эх хэл, соёл уламжлалаа ч алдахгүй авч яваасай гэж хүсэж их хичээдэг. Гадаадад өссөн хүүхэд гэхээрээ л ийм байдаг юм уу гэхээргүй, эх соёлтой нь ойр өсгөхсөн гэж хүсдэг” хэмээлээ. 

Нээрэн л, сар шинийн баярыг сэтгэл гарган тэмдэглэнэ гэдэг салат хийж, бууз идэх нэр бус. Монгол хүнийг Монгол хүн болгон өсгөх асар их агуулгатай, нэгж бүрийн оролцоотой нийтээрээ тээх үндэсний дархлаа гэлтэй.

Хүүхдүүддээ өв соёлоо таниулах “алтан боломж” гэж үзэхийн зэрэгцээ аав ээж нь ч өөрсдийн дурсамж дурдатгалыг сэргээн бодож, хүүхэд насны догдлол дүүрэн мэдрэмжүүдээ мэдрэх “алтан өдрүүд”. 

“Хүүхэд байхаас аав ээж цагаан сарыг өргөн дэлгэр тэмдэглэж ирсэн болохоор цагаан сар болох сургаар л амттай хоол идэж, шинэ хувцас өмсөж, бэлэг авдаг, удаан уулзаагүй хамаатан саднууд цуглан жаргадаг, бүх зүйл нь өөгүй сайхан санагдах хүүхэд насны хамгийн сайхан дурсамж цагаан сар шүү дээ. Тийм болохоор хаана ч байсан тэмдэглэхийг эрмэлздэг. Цагаан сар дөхөөд ирэхэд сэтгэл догдлон бэлдэж эхэлдэгтээ талархалтай ханддаг. 

Нөгөөтэйгүүр, сар шинийн баярын бэлгэдэлт утга агуулгад ач холбогдол өгдөг. Тэр жилээ хэрхэн угтан авах нь тухайн жилийнхээ өнгө гэж үздэг учраас гэр орноо жимбийтэл цэвэрлэж, идээ будаагаа хичээнгүйлэн засаж, бурхан тахилдаа идээгээ өргөж, бохир заваан хоосон хөндий суухыг цээрлэдэг. Ингэж гэр орноо цэвэрлэхэд сэтгэл хүртэл сайхан болдог шүү дээ. Гадны хүмүүст зүгээр л нэг өдөр өнгөрч буй мэт боловч бидний сэтгэлд шинэ зүйл, шинэ жил, шинэ бүхэн эхэлж буй асар өөр сэтгэлзүй бэлтгэгдэж байдаг биш гэж үү” хэмээн тэд учирлав. 

ЗҮГ МӨРӨӨ ГАРГАЖ ЧАДААГҮЙ УЧИР НЬ...

Шинийн нэгний өглөөний нар мандахад Төгөлдөрийн гэр бүлийнхэн хэдийнээ босчихсон ээж нь цайгаа чанаж, буузаа жигнэнэ. Аав ширээ тавгаа зэхэж, хоёр хүүтэйгээ амар мэндээ мэдэн золгоно. Бага хүү нойрмоглон эрхэлсэн ч дээл хувцасаа цэгцтэйхэн өмсөөд, аав ээжийнхээ тохойг өргөн хүндлэв. Ээж цайныхаа дээжийг өргөөд, аавд сар шинийн анхны сүлэрсэн сайхан цайг барина.  Хөвүүд ааваасаа хөөргө авч, тамхилангаа учир начрыг нь асууж, сониучхан ярилцана. Жил бүр энэ тухай яриа ширээний ард өрнөдөг. Ээжийн урласан даалин ширээн дээр өнгө нэмэн харагдана. “Найман жил урласан юм шүү дээ” гэж тэд инээлдэцгээв. Монголд бага хүүгээ төрүүлж амаржсаныхаа дараа даалин урлахаар эхлүүлсэн ч удахгүй ажил, хичээлдээ зэрэгцэн орж, хойш тавьжээ. Харин уржнан Японд байхдаа ахин “барьж авч”, дутуу материал торгыг нь эрэл сурал болгон, монголоос захиж зэхэж байж дуусгасан учиртай даалин юм гэж тэд сонирхуулав. “Үгүй нээрэн, Монголд байхдаа хийдэггүй байсан зүйлсээ энд ирээд л хийдэг болчхоод байгаа юм. Хайлмаг хайлах, тавгийн боов боорцог хайрах, даалин урлах гээд л. Эх орондоо байхад бүх зүйл бэлэн болохоор худалдаж аваад л болчихдог байж. Эсрэгээрээ гадаадад байхад эх орноо санагалзаж, ижий ааваа дурсаад, элгээ дэвтээх гэж илүү их сэтгэл гаргаж,  илүү хүндэтгэлтэй хандаж, илүү их суралцдаг ч юм шиг” гэж тэд бодолхийлэв. 

Баярын ширээний хойморт мөн ээжийн хайрсан тавгийн идээний боов тослогтонхон харагдана. Талх печениэр засчихсан байлаа ч сэтгэл шингэсэн бол идээ болох боловч Б.Мөнхдарам гэртээ өөрөө талхаа барьчихдаг болохоор монгол соёлдоо багахан ч болов дөхүүлэхсэн гэж хүсээд мушгиа боов хийж идээ юугаа засан шинэлж буй нь энэ юм. 

Аав харин гэрийн эзний хувьд нар мандахтай уралдан жилийнхээ цээрийг гаргаж, заслаа хийхээр зүг мөрөө гаргах тухай сайт, сонин шүүв. Аавын мөр гаргах зурхайд харин цаас хийсгэх, гурилаар нохойн толгой хийн газарт булаад буян хишгийн зүгээс буцан ирэх тухай буужээ. “Харамсалтай нь Токиод гэрээсээ гараад юм булах шороо гэж байхгүй, шороо байлаа ч юм булаад суугаад байвал цагдаа дуудаад өгч мэдэхээр л улс шүү” гэж бид инээд хөөр бололцов. Харин оронд нь заслынхаа маань мэгзэмийг сүслэн уншиж залбирсаар шинийн нэгнээ эхлүүлсэн гэлээ. 

...Ийнхүү идээ шүүсээ амсаж дуусуут хоёр хүү хичээлдээ яаравчлан гарч одлоо. Нээрэн өнөөдөр чинь Япон улсад жирийн л нэг ажлын өдөр шүү дээ. Мянга, мянган хүний урсгал эгэл жирийнээрээ урсан байна. Аав ээжтэйгээ дуу дүрсээ харан золгож мэнд мэдэлцсэнийхээ дараа тэр их хүн урсгалын дунд адилхан орж явна. Гэхдээ зүрх сэтгэл тэднийхээс арай өөр гэгэлгэн. “Одоо ээж цайгаа чанаж байгаадаа, одоо тэднийхэн ирдэг цаг яг л болж байна даа, одоо харин хэнийх ирээ бол” гэх мэт гэгэлгэн, гэгээн бодлуудаар өдөржин догдолно. Зав гарвал л аав ээж, ахан дүүс, найз нөхөд рүүгээ залгаж  мэнд мэдэн, сонин хачин хуучлан, баясана. Эгээ л хамт байгаа юм шиг гэрт орж ирсэн зочинтой хүртэл хууч хөөрөн, хүүхдүүд нь ямар том болсныг гайхан, шинэ хүргэн бэрүүдтэй танилцан мэндэлж ураг төрлийнхөө баярыг ч хийгээд авна. Айдаа цагаан сар гэдэг чинь ийм л сайхан сан даа. Амар түвшин байх болтугай.

Япон улс Токио хот

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
8 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Ррййй
Ррййй
2023-02-22 10:37

Эхнэр нөхөр 2 золгодоггүй бас тамхилдаггүй ёстой шүү үнэхээр ёс жаяагаа дагах гэж байв�##�

Зочин
Зочин
2023-02-24 11:14
Reply to  Ррййй

Hutsaj ungaj huruu amaa doloo p###a min

Зочин
Зочин
2023-02-22 11:22

Сайхан шинэлээрэй

Зочин
Зочин
2023-02-22 11:33

Mundag ger buld az jargal husey

Сараа
Сараа
2023-02-22 12:49

Мундаг хөдөлмөрч з�##�уусын төлөөлөл байнаа. Цаашдын ажил амьдр�##�д нь аз хийморь амжилт бүтээл хүсэн ерөөе. Монголын соёлт үрс маш олон болтугай

Зочин
Зочин
2023-02-22 17:56

Ай даа үнэн гоё

Зочин
Зочин
2023-02-23 03:49

Хөөрхөн гэр бүл бна хаа байгаагаас үл хамаарч монгол ёс заншилаа өөрийн гэр бүлийн хүрээнд гоё сэтгэлээсээ бэлдээд тэмдэглэж бгаад баяр хүргье

Зочин
Зочин
2023-02-23 04:52

Хэдий гадаадад байсан ч монгол ЕС заншилаа хадг�##�ж өвлүүлж яваа Төгөлдөр , Мөнхдарам түүний хүүхдүүд мундаг юм аа.Та хэдийн өмссөн хувцас гое зохьжээ.МОНГОЛООРОО БАХАРАЖ нэг өдөр японы гудмаар �##�хаа чээ.сар шинийн мэнд хүргэе.Харь нутагт монгол өв соел тээж яваа 2 дүүдээ баярлав.Бид монгол үндэстэн шүү

Холбоотой мэдээ

Back to top button