Ярилцлага

М.Баасандэлгэр: Z үеийнхнийг сул дорой байгааг нь ойлгуулах гэж “HumanZ.mn” сайтаа нээсэн

HumanZ.mn сайтын үүсгэн байгуулагч, сэтгүүлч М.Баасандэлгэртэй ярилцлаа.

-Z ҮЕИЙНХЭНД ЗОРИУЛЖ САЙТ АЖИЛЛУУЛАХАД АШИГ ОЛОХ БОЛОМЖ ХОМС-

-HumanZ сайтыг нээхээс өмнө ямар ажил хийж байсан бэ, үүнээс яриагаа эхэлье.

-Би 2017 онд МУБИС-ийг Сэтгүүлч мэргэжлээр төгссөн. Оюутан байхдаа iToim.mn сайт, Зууны мэдээ сонин, БНСУ-ын KCBN телевиз зэрэг газруудад ажиллаж байлаа. Гэхдээ онц сурдаг, мэргэжилдээ итгэл үнэмшилтэй оюутан байгаагүй л дээ. Барагтай сэтгүүлч болох эсэхээ ч мэддэггүй байсан гэмээр. Зөөгч, худалдагч гэх мэт өөр цагийн ажлууд ч хийж үзсэн. Ер нь ажил хийгээгүй жил гэж оюутан ахуйд маань байхгүй.

Харин төгссөн хойноо Зууны мэдээ сонины Улс төр, эрэн сурвалжлах, шуурхай мэдээний албанд нэг жил ажиллаад, Эдийн засгийн албанд орж байсан. Сүүлдээ залуу хүний хувьд сонингийн ажлын цагийн хуваарь, дотоод уур амьсгал уйтгартай санагдаж эхэлсэн тул Tusgai.mn гэдэг сайтыг ажиллуулахаар авч байлаа. Сайтын ажил яаж явдаг талаар юу ч мэддэггүй байсан учир гурван сар ажиллуулаад дампуурсан л даа. Ингээд ажлаасаа гарч, тэр үед НИТХ-ын дарга байсан С.Амарсайханы хэвлэлийн төлөөлөгчөөр таван сарын хугацаанд ажиллаж үзсэн. Гэхдээ төрийн албанд ажиллах миний төсөөлсөн шиг сайхан байгаагүй. Ер нь бол хүний дор ажиллаж буй гэдэг утгаараа л байдаг юм билээ. Хэвлэлийн төлөөлөгч хийвэл чадвартай сэтгүүлчид зэвэрдэг гэж ярьдаг, би ч үүнийг өөр дээрээ мэдэрч эхэлсэн тул сайн дураараа мөн л гарсан. Үүний дараа News.mn, Control.mn гэх мэт сайтууд дээр очиж, гологдохдоо гологдож, нэг хэсэг маш их ажил сольсон.

Ингэж явсаар Newspress.mn сайтад орсон. Энд нэг жил гаруйн хугацаанд ажиллахдаа 100 гаруй ярилцлага, сурвалжилга бэлдэж нийтэлсэн байна. Саяхан манай сайт зарагдахаар болсон тул би гарсан. Гараад HumanZ сайтаа эхлүүлээд байна.

-Өөрийн гэсэн сайт нээж буй сэтгүүлчид сэтгүүлзүйн ертөнцөд байр сууриа бий болгосон, нас тогтсон хүмүүс байх нь олонтаа.  Гурван жил ажилласан туршлагатай, залуу сэтгүүлчийн хувьд сайт нээх болсон шалтгаан нь юу вэ?

-Newspress.mn-д ажиллаж байхдаа HumanZ гэдэг буланг бие даан хөтөлж, таван зочин урьж оролцуулсан. Энэ нэг сэдэл болсон гэж болно. Нөгөө талаар залуу хүний хувьд, надад эдгээр бүх мэдээллийн сайтуудаас унших юм олддоггүй. Ажилд ороод нийгмийн даатгалаа хэрхэн төлөх, эсвэл гараад даатгалын асуудлаа хэрхэн зохицуулж явах вэ гэдгээ залуус мэддэггүй. Мэдэж авъя гээд хайхад унших боломжтой сайт байдаггүй.

Би Newspress.mn-с гараад, дахиад өөр сайтад ажилд орж болно шүү дээ. Өглөө болгон ажилдаа яваад л. Гэвч хүүхэд, залууст байнга Фэйсбүүк ухаж байхын оронд ороод өөртөө хэрэгтэй ганц мэдээлэл уншчихдаг тийм сайт байх ёстой, үүнийг би хийх хэрэгтэй юм шиг санагдсан. Зөвхөн Z үеийнхэнд зориулсан сайт.

Энэ бол зах зээлээ маш хумьж байгаа хэрэг. Монголд Z үеийн 470 мянган залуус байна гэсэн статистик бий. Ашиг олох боломж нь хомс. Гэхдээ тэднийг унших, үзэх зүйлтэй, ядахнаа яагаад их сургуульд сурч, мэргэжил эзэмшиж байгаа юм бэ гэдгийг нь ойлгуулах материалтай сайт хийх учиртай гэж зорьсон. Ингээд арваннэгдүгээр сарын 1-нд сайтдаа анхны материалуудаа нийтэлсэн. Дэргэд маань ямар нэг сэтгүүлч байхгүй, би ганцаар эхэлсэн.

-ЗАЛУУ ҮЕИЙГ СОЁН ГЭГЭЭРҮҮЛЭХ АЖИЛ ХИЙЕ ГЭХЭД ТУСЛАХ ХҮН ОЛДДОГГҮЙ ЮМ БИЛЭЭ-

-Эдийн засгийн эх үүсвэр болгохоос илүү залуу үеийг унших зүйлтэй байлгая гэсэн хувь хүний эрмэлзэл байж гэж харлаа. Гэхдээ үүнийг ажил, амьдралаа болгож явахын тулд зайлшгүй ашиг олох шаардлага тулгарна. Эдийн засгийн хувьд хөлжих боломжийг нь хэрхэн харж байна вэ?

-Миний харснаар, анх сайт нээж буй хүмүүс хэн нэг мөнгөтэй, эрх мэдэлтэй хүний дор оффис түрээсэлж, хэдэн сэтгүүлчид ажилд аваад эхэлдэг юм билээ л дээ. Надад тийм зүйл одоогоор алга. Оффис ч байхгүй байна.

Гэхдээ үүнийг эхлүүлэхийн өмнө хоёр хүнд хандаж үзсэн юм. УИХ-ын гишүүд болон нөлөө бүхий эрхмүүд дундаас Z үеийнхэн гэж ярьдаг хоёр л хүн байсан. Нэг нь ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, нөгөө нь УИХ-ын гишүүн Н.Учрал. “Z-үүдийн дуу хоолойг сонсъё” гэж цөөнгүй хурал, уулзалт зохион байгуулж байхыг нь хараад би маш их найдсан. Энэ хүмүүст хэлээд үзье гэж бодсон. Нуулгүй хэлэхэд, дэмжлэг болгож 10 сая төгрөг гуйсан /инээв.сурв/. Тэгсэн боловч дэмжээгүй. Н.Учрал гишүүний хувьд дороо олон сайт, телевизтэй учир боломжгүй гэсэн хариу өгсөн. Харин Л.Оюун-Эрдэнийн төлөөлөгчийн зүгээс, “Өөрт нь уламжилсан, хариу өгөөгүй байна” гэж мэдэгдсэн.

Үүнээс хойш хэн нэг хүнээс тусламж гуйх утгагүй юм байна гэж бодсон. Цэвэр зах зээлийн дүрмээр нь, “Би танай байгууллагыг ингэж сурталчилж өгье, хариуд нь танайх ийм туслалцаа үзүүл” гэсэн маягаар ажиллахаар шийдсэн. Ингээд өдөр болгон хэд хэдэн компаниудтай уулзаж, сайтаа танилцуудаад явж байна. Би сайт, сонинд ажиллаж байсны хувьд ийм төрлийн гэрээ, хэлэлцээр яаж хийгддэгийг системийнх нь хүрээнд ойлгож байгаа.

Гэхдээ яг үнэнийг хэлэхэд нийгэм, залуу үеийг соён гэгээрүүлэх ажлыг дэмждэг хүн байдаггүй л юм билээ. Миний хамгийн анхны гэрээ “Тэсо” компанитай хийгдсэн. 500 мянган төгрөгний бүтээгдэхүүн бартердах /инээв. Сурв/. Авсан бүтээгдэхүүнээ хүмүүст зүгээр л бэлэглэсэн, сайтаа сурталчлангаа. Зарж борлуулаад мөнгө болгож болох байсан байх л даа. Гэхдээ миний хувьд, нэг гоё юм санаад явж байхад бүтэх юм шиг санагддаг байхгүй юу. Яг ийм бодлоор “Тэсо”-той гэрээ хийсэн.

Би бичиж чадна. Эх сурвалжаа цуглуулаад, ямар ч сэдэв дээр ажиллаж чадна, ярилцлага хийгээд буулгаж чадна. Надад байгаа капитал нь энэ. Удахгүй давгүй гэрээ хийгдэнэ гэж итгээд хүмүүстэй уулзаад л явж байна. Харин хувь хүний санхүүгийн хувьд, өдөр хоол идэхгүй, такси барихгүй автобусанд суугаад, яг ингэж л амьдарч байна. Залуу хүний хувьд энэ тийм том асуудал гэж бодохгүй байна.

-ХҮҮХЭД НЭГ БҮР ДЭЭР ОЧООД “ЧИ Z ШҮҮ” ГЭЖ ХЭЛЖ ЧАДАХГҮЙ УЧИР НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГААР ОЙЛГУУЛАХЫГ ЗОРЬСОН-

-Заавал Z үеийнхэнд чиглэсэн агуулга бүхий сайт нээх болсон шалтгааныг дэлгэрэнгүй тайлбарлавал?

-Өнөөдөр баруун солгойгүй Z үе гэж ярьж байгаа хэр нь, тэд өөрсдөө Z гэдгээ ойлгоогүй яваа. Америкт залуус үе үеэрээ ялгарч, нийгэмд баялаг бүтээж явахад манай залуус Z гэдгээ ч мэддэггүй. Дата байвал осолгүй Фэйсбүүк, Инстаграм орохоос цааш, өөрт хэрэгтэй аппликейшнүүдийг ашиглаж чаддаггүй. Фэйсбүүк дээрээ кирилл үсгээр хэдэн өгүүлбэр зөв бичээд постлочихож чаддаггүй. 12-р ангийн боловсролоо ч бүрэн эзэмшээд төгсөж чадахгүй байна. Жилд 3 сая төгрөг төлөөд Их сургуульд сурч байгаа хэр нь тэр мөнгө юунд зарцуулагдаад байгааг, төгсөөд ямар ажил хийхээ ч мэдэхгүй байна. Z-үүдэд зориулж контент бүтээнэ гэж сүртэй зүйл яриад байгаа болохоос, яг үнэндээ тэднийг ийм сул дорой байгааг олж харсан учраас л ийм зүйл хийж буй.

Би сургуулиа төгсөөд сард сая төгрөгний цалин аваад ажиллаж үзсэн үү, үзсэн. Гэхдээ амьдрал ерөөсөө дээшлээгүй. Тийм болохоор хийж буй ажил маань ядаж бусдад үр өгөөжтэй байгаасай гэсэндээ хувийн юм эхлүүлээд байна. Би хүүхэд нэг бүр дээр очоод, “Чи Z шүү” гэж хэлж чадахгүй юм чинь, нэг нийтлэл, нэг ярилцлага, нэг бичлэгээр ойлгуулахыг зорьж байна.

“Наадах чинь тийм ч супер санаа биш шүү дээ, Бааска. Хэдэн мянгаараа байдаг л зүйл. Илүү ашиг олох, том старт-ап сэтгэ л дээ” гэж надад нэг биш хүн хэлсэн. Би харин ч эсрэгээрээ, үгүй гэж бодож байгаа. Асар их боломжтой, гоё улсад төрчхөөд гадаад руу явахгүй л бол болохгүй байна гэж гомдоллодог тэднийг ямар “мяа” байгаагаа ойлгоосой л гэсэн зорилго. Түүнээс олны танил хүмүүстэй ярилцлага хийж хэдэн мянган хандалт аваад, түүнийгээ үзүүлж байгууллагуудаас гэрээ гуйж явахдаа сонин биш.

Хамгийн эхлээд монгол хэлний зөв бичих дүрмийг хэсэг, хэсгээр нь оруулах гээд бэлдэж байна. Ийм маягтай.

-Арваннэгдүгээр сарын 1-нээс сайтаа ажиллуулж эхэлсэн гэлээ. Одоогийн байдлаар сэтгэл ханамж хэр байна вэ? Цаашид үргэлжлүүлэх урам зоригийн хувьд?

-Арваннэгдүгээр сарын 1-ний өглөө хэдэн нийтлэлээ оруулчхаад, “Юутай ч нийтэлчихлээ” гэж Фэйсбүүктээ биччихээд унтаад өгсөн.  Сэрээд хартал материалуудын хамгийн доод хандалт нь 1500 байсан. Надад болмоор санагдсан. Хамгийн гол нь хүмүүс миний материалыг уншчихсан байсан. Ингээд маргаашнаас нь идэвхийлэн ажиллаж эхэлсэн, 100 хүрэхгүй уншилттай материал ч гарч байгаа. Ер нь дажгүй байгаа гэж харж байна. Хамгийн гол нь бүх зүйл надаас шалтгаална. Ганцаараа урагшлуулж байгаа учраас өөрөөсөө өөр буруутгах хүн байхгүй.

Амаргүй юм зөндөө л байна. Гэрээс гарах мөнгө байхгүй, утасныхаа датаг цацаж материалаа нийтлээд, хүнээс ярилцлага авъя гэхэд, “Ийм сураггүй сайт өгөхгүй” гэсэн хариу сонсоод л. Гэхдээ эхний гурван жил иймэрхүү байдалтай явна гэдгээ төсөөлчихсөн байсан.

-Айдас байна уу?

-Байна. Ээж, аав хоёрын тухайд л гэхэд намайг яг юу хийгээд явааг ойлгохгүй байгаа. Бас дээрээс нь би ах, эгч нар шигээ мэргэжлийн, өндөр түвшинд бичиж, нийтэлж чадахгүй шүү дээ. Тэгэхээр ирээдүйд өөрийнхөө нэрэнд халгаатай, хогийн юм хийчих вий дээ гэсэн айдас бий. “Надаас өөр хүн Z-үүдэд зориулсан гоё сайт хийж чадах байтал би урдуур нь ороод хачин юм хийчих вий” гэх мэт. Ийм учраас өөрийнхөө карьерийг өргөж байна уу, унагаж байна уу гэдгээ бодож байна. Сайтаа сайн ажиллуулахын тулд Бизнесийн удирдлагаар Магистрт сурч эхэлсэн. Ер нь бол томоор харж байна.

-Алс хэтийн зорилго нь юундаа юм бол?

-Z-үүд ажлын байр хайсан ч, амьдрал нь бүтэлгүйтсэн ч, сэтгэлээр унасан ч бүх л үед манай сайт руу ороход хэрэгтэй бүх мэдээлэл нь олддог байх... Зөвхөн контентоор хангах биш. Шаардлагатай салбарынх нь туслалцааг үзүүлэх хүний нөөцийг хүртэл бүрдүүлсэн, Z-үүд манайд гишүүнчлэл авч нэгддэг, ийм л дүр зургийг төсөөлж байна.

-Үүнд хүрнэ гэсэн итгэл хэр байна вэ?

-Итгэлтэй байгаа. Тэр хүртэл хийчихнэ гэж бодож байна.

 -Ярилцсанд баярлалаа.

М.ТЭНГИС

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: А.МАНДУУЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

М. Тэнгис

Олон улсын харилцааны мэргэжилтэй, сэтгүүл зүйн салбарт таван жил ажиллаж байна. Нийгэм, улс төрийн сэдвээс гадна дүрслэх урлагийн шүүмж, ярилцлага бэлтгэдэг. Eguur.mn сайтын Ерөнхий редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Be Strong
Be Strong
2019-11-25 12:25

Бааска эгчдээ амжилт хүсье. Илүү их хичээгээрэй.

Холбоотой мэдээ

Back to top button