Гадаад мэдээДЭЛХИЙ

Reuters: Монгол дахь “Trafigura”-гийн Э.Жононбаяр нагац эгчийнхээ компанид 500 сая ам.доллар зээлүүлсэн

“Reuters” агентлаг “Монгол дахь “Trafigura”-гийн даргын нагац эгч гол түнш компанийг нь удирдаж байсан” гарчигтай нийтлэл оруулжээ. Тус нийтлэлийг орчуулж хүргэе.


Швейцарын худалдааны компани болох “Trafigura”-гийн Монгол дахь даргаар ажиллаж байсан Э.Жононбаяр нагац эчгийнхээ фирмд 500 сая ам.доллар зээлүүлсэн гэдгийг “Reuters” агентлаг илрүүллээ. “Trafigura”-гийн Монгол дахь дарга байсан Э.Жононбаяр нь ажлаасаа чөлөөлөгдсөн бөгөөд тус компани тэрбум ам.долларын залилангийн хэргийг шалгаж буй.

“Trafigura”-гийн Монгол дахь гол түнш болох “Lex Oil” фирмийг Э.Жононбаярын нагац эгч н.Эрдэнэтуул эзэмшдэг байсан гэдгийг “Trafigura”-тай ойр гурван эх сурвалж хэлж, эзэмшлийн баримт бичиг харуулж байгаа юм. “Trafigura” өнгөрсөн аравдугаар сард дотоод шалгалтаар Монгол дахь нефтийн бүтээгдэхүүний нийлүүлэлтийн бизнесийн зарим ажилтан ноцтой зөрчил гаргасан нь илэрсэн гэж мэдэгдсэн. Үүнд төлбөрийн дүнг хуурамчаар нэмэгдүүлэх, хугацаа хэтэрсэн өр авлагыг нуун дарагдуулах зэрэг үйлдлүүд багтаж байсан юм. Үүнээс болж тус компани 1.1 тэрбум ам.долларын алдагдал хүлээсэн.

“Trafigura” мэдэгдэл хийхдээ Монгол дахь үндсэн харилцагч нь тус компанид их хэмжээний өртэй гэсэн ч мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжилж байгаа тул нөгөө тал болон хувь хүмүүсийн нэрийг зарлаагүй байсан билээ. Харин эх сурвалжуудын хэлж буйгаар бол Э.Жононбаяр нагац эгчийнхээ компанид шатахуун зарж, олон зуун сая ам.доллар зээлдүүлсэн байна.

“Reuters”-ийн ярилцсан эх сурвалжуудын хэлснээр, “Trafigura”-гийн эрсдэлийн хэлтэс гэр бүлийн холбоог шалгаж, ашиг сонирхлын зөрчил байгаа эсэхийг тогтоох ёстой байсан аж. Энэ явдал нь дэлхийн хамгийн том эрчим хүч, түүхий эдийн худалдааны компаниудын нэг болох “Trafigura”-гийн хяналтын тогтолцоо баттай эсэхэд эргэлзээ төрүүлж буй.

“Trafigura” компанийн хэлэлцсэн банкны хоёр эх сурвалж хэлэхдээ тэдний санаа зовж буй гол асуудал нь тус компани дотоод шалгалтаараа нэмж залилангийн хэрэг илрүүлж магадгүй явдал гэжээ.

“Reuters”-ийн энэхүү нийтлэл нь “Trafigura” компанийн Монгол дахь үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй мэдээлэлтэй гурван эх сурвалж, хоёр банкны эх сурвалж, түүнчлэн Монгол Улсын Улсын бүртгэлийн ерөнхий газраас гаргасан, он саргүй баримт бичигт дурдагдсан “Lex Oil” компанийн эзэмшлийн мэдээлэлд тулгуурласан.

“Trafigura” компанийн хэвлэлийн төлөөлөгч хэлэхдээ мөрдөн байцаалтын ажил үргэлжилж байгаа гэсэн юм. Тус компани мөрдөн шалгах ажиллагааны явц, ямар нэгэн ажилтнуудыг албан тушаалаас нь түдгэлзүүлсэн эсэх, мөн үндсэн хамтрагч компанитай Э.Жононбаяр ямар холбоотойг мэдэж байгаа эсэх талаар “Reuters”-ийн тавьсан асуултад хариу өгөөгүй байна.

Э.Жононбаяр нь 2012 оноос хойш “Trafigura”-д ажилласан гэж тус компанийн ойрын гурван эх сурвалж хэлсэн юм. Мөн Э.Жонобаярын “LinkedIn” дахь профайл энэ мэдээллийг харуулж байна. Эх сурвалжууд хэлснээр тэрбээр өнгөрсөн жил ажлаасаа халагдсан цөөн тооны “Trafigura”-гийн ажилчдын нэг аж. Э.Жононбаяр, түүний нагац эгч Эрдэнэтуул, “Lex Oil” болон тус фирмийн хуульч цахим шуудангаар илгээсэн мэдээлэл авах хүсэлтэд хариу өгөөгүй. “Reuters” агентлаг Э.Жононбаярыг өмгөөлж буй хуульчийг тодруулж чадаагүй байна.

Гаалийн холбоо сүлбээ

Э.Жононбаяр нагац эгчийнхээ компанитай бизнесийн холбоотой байснаас гадна түүний эх н.Эрдэнэсүрэн буюу н.Эрдэнэтуулын төрсөн эгч нь Монгол Улсын Гаалийн ерөнхий газарт ажилладаг байжээ. Тус газар нь түлшний импортыг хянадаг гэж гурван эх сурвалж мэдэгдсэн. Тэдний хэлж буйгаар “Trafigura” нь 2014 оны орчим Монгол Улсын түлшний гол ханган нийлүүлэгчдийн нэг болсон. н.Эрдэнэсүрэн 2018 он хүртэл ГЕГ-ын эрсдэлийн хэлтэст ажилласан гэж эх сурвалжууд мэдээлэв.

“Trafigura” энэ асуудлаар нэг ч ажилтныг нэрлээгүй, аравдугаар сард гаргасан мэдэгдэлдээ зөвхөн зохих сахилгын арга хэмжээг авч байгаа гэсэн билээ. Гурван эх сурвалж хэлснээр “Trafigura” дотоод шалгалтаараа “Lex Oil” эсвэл “Trafigura” ГЕГ-аас ямар нэгэн давуу эрх эдэлсэн гэдгийг харуулах баримт олоогүй байна.

Аравдугаар сард “Trafigura” дэлхий даяарх сүлжээндээ эрсдэлийн үнэлгээ хийж, өндөр эрсдэлтэй газруудыг тодорхойлсон гэсэн ч нэрийг нь дурдаагүй. Эдгээр газруудад хийсэн шалгалтын үр дүнд ноцтой зөрчил илрүүлээгүй гэж тус компани мэдэгдсэн.

Өмнөх дуулиант хэрэг

"Trafigura” компани хамгийн жижиг зах зээлүүдийнхээ нэгт 1.1 тэрбум ам.долларын алдагдал хүлээсэн нь тус компанийн банкны худалдааны түншүүдийг цочроосон гэж банкны эх сурвалжууд хэллээ. Ялангуяа энэ хэрэг тус компанид 600 сая ам.долларын хохирол учруулсан Сингапур дахь хуурамч никелийн хэрэг явдлын дараа тохиолдсон нь түгшүүрийг нэмэгдүүлсэн байна. “Trafigura” Монголд гарсан асуудлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй ч Монгол дахь бизнесийнх нь зарим ажилтан 2019-2023 оны хооронд ноцтой зөрчил гаргасан гэж үзсэн.

“Lex Oil” компани 2019 онд байгуулагдаж, “Trafigura”-тай хамтран ажиллаж эхэлсэн гэж гурван худалдааны эх сурвалж мэдээлэв. “Trafigura” нь “Lex Oil” компанид зээл олгож, тэрхүү зээлээр нь “Lex Oil” дотоодын хэрэглэгчдэд түлшний зээл олгон, дизель түлш худалдаж авах боломжийг бүрдүүлдэг байжээ. “Lex Oil” болон “Trafigura” компаниуд ОХУ, Сингапураас түлш импортолж байсан гэж хоёр худалдааны эх сурвалж хэллээ. Гэхдээ “Trafigura”-аас “Lex Oil” руу шууд мөнгөн зээл олгосон баримт “Reuters” олоогүй байна.

2020 онд цар тахал гарснаар Монголын нүүрсний экспорт зогсож, уул уурхайн салбарын үйл ажиллагаа саарсан нь түлшний эрэлтэд сөргөөр нөлөөлсөн. Гэсэн ч “Lex Oil” түлш импортолж, түлшний хольц борлуулсаар байсан ба дотоодын компаниудад зээл олгосоор “Trafigura”-д өртэй болсон гэж худалдааны эх сурвалжууд хэлэв.

“Trafigura” өнгөрсөн оны арванхоёрдугаар сард гаргасан санхүүгийн тайландаа "Мэдээлэл, баримт бичгийг санаатайгаар өөрчилж, хугацаа хэтэрсэн өр төлбөрийг нуун дарагдуулсан" зөрчил илэрсэн гэсэн. Үүнтэй холбоотойгоор 2024 онд Монголын зах зээлээс тус компани 358 сая ам.долларын алдагдал хүлээсэн байна.

Өмчлөлийн баримтын скриншотоос харвал н.Эрдэнэтуул 2022 онд “Lex Oil” компанийг нөхөр Ч.Дашнямд худалджээ. Ч.Дашням “Reuters”-ийн тодруулга авах хүсэлтэд хариу өгөөгүй юм. Засгийн газрын цахим бүртгэлээс эдгээр мэдээлэл устсан ч Монголын “OpenDataLab” мэдээллийн санд өмчлөл шилжсэн тухай баримт байсаар байгаа юм.

Монголын Засгийн газрын нэгэн эх сурвалжийн мэдээлснээр, өнгөрсөн жил байгуулагдсан шинэ засгийн газар энэ хэргийг мөрдөн шалгах ажиллагаа эхлүүлсэн ч үр дүнг одоогоор зарлахад эрт байна гэжээ. “Trafigura” компанийн тайланд сүүлийн жилүүдэд хяналт шалгалтаа нэмэгдүүлсний үр дүнд Монгол дахь зөрчил илэрсэн гэж дурдсан байна. "Бид энэ ажлаа улам эрчимжүүлж, өргөжүүлэн үргэлжлүүлж байна" гэж тус компани мэдэгджээ.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
3 сар 26, 2025 13:04

Naizuudaaraa damjuulj ih munguu ugaasan, ted nar n toimgui bayajsan daa

Tumur
Tumur
3 сар 26, 2025 14:39

ЭР ХУРГА , мэх мэхэндээ , яаж луйвардагийг барууныхан өөрсдөө СУРГАСАН , ХОХИНО.

Зочин
Зочин
3 сар 27, 2025 16:01

Арг�##� ойл, МТ зэрэг колонкууд чинь Трафигурагийн компани бөгөөд хамгийн хямд усан онгоцны түлшийг оруулж ирээд холиод зардагийм даа мэдэх хүмүүс нь мэднээ мэдэхгүй нь яах вэ машиндаа хийгээл явна биз маньд хамаагүй зүгээр л хэлсийн

Zochin
Zochin
3 сар 29, 2025 21:18

Huuramch benzin hiij olon hun hordoj hawdar bolj uheed bna

Холбоотой мэдээ

Back to top button