"Трафигура" $1.1 тэрбумын алдагдлынхаа ТАЛААС ИЛҮҮГ Э.Жононбаярын нагац эгч, хүргэн ахын "Лекс ойл"-оос ИЛРҮҮЛЖЭЭ
Монгол дахь улс төр, бизнесийн бүлэглэл дэх шинэ биш томоохон тоглогч, хуурамч шатахууны зах зээлд ноёлогч гэгддэг "Trafigura" компанид холбогдох мэдээллүүд гадны хэвлэлээр сүүлийн үед идэвхтэй цацагдах болов. Энэ талаар бид орчуулан хүргэж байна.
Хамгийн анх Bloomberg агентлагт тус компани ихээхэн хэмжээний алдагдал хүлээхэд ойртсон гэж мэдээлсэн.
Зэрэгцээд Financial Times (FT) сонин 2024.10.30-нд, "Швейцарийн "Трафигура" компани ажилчдынхаа хөрөнгө шамшигдуулсан, залилан мэхэлсэн байж болзошгүй үйлдлээс үүдэн 1.1 тэрбум ам.долларын алдагдалтай ажилласнаа санхүүгийн тайландаа тусгасан” хэмээсэн байв.
Тодруулбал, 2023 оны эцэст Монгол дахь салбар бизнестэй нь холбоотой, тайлан тооцооны асуудал илэрсэн ( Бичиг баримт засварласан, нуун дарагдуулсан зэрэг зөрчил) аж.
Энэ талаар "Трафигура"-гийн төлөөлөгч мэдээлэхдээ "Монгол дахь газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлдэг салбарт ноцтой зөрчил илэрсэн" гэж онцолсон байна.
Энэ луйврын шинжтэй зөрчил нь,
- Ойролцоогоор таван жил үргэлжилж байсан
- Улмаар "Трафигура"-гийн хэд хэдэн ажилтан чөлөөлөгдсөний дотор Монгол дахь Гүйцэтгэх захирал Михаил Зелдович багтжээ.
Энэ нь тэдний хувьд 2016 оноос хойш үүссэн хамгийн том алдагдал аж.
Олон улсын хэвлэлд мэдээлснээр, "Трафигура" нь Монголын дистрибьютерүүдэд зээлээр бүтээгдэхүүн зардаг байсан нь үүний гол шалтгаан гэжээ.
Reuters агентлаг: Цар тахлын жилүүдэд "Трафигура" нь Lex Oil компанид мөнгө зээлсээр байсан
Тэгвэл, өнгөрсөн долоо хоногт Reuters агентлаг "Трафигура" компани алдсан 500 сая ам.доллароо илрүүлэхээр ажиллаж байгаа талаар мэдээлэв.
Тэрхүү хэргийн талаар мэдээлэлтэй гурван эх сурвалж тус агентлагт мэдээлэл өгсөн байна. Гурван эх сурвалж мэдээлснээр “Trafigura”-ийн Монгол дахь гол түнш нь “Lex Oil” компани байсан гэх.
“Lex Oil” компани нь “Trafigura”-д 1.1 тэрбум ам.долларын тал гаруй хувийг нь төлөх өртэй гэдгээ хүлээн зөвшөөрсөн байна. Харин үлдсэн 500 сая орчим ам.долларын хаашаа алга болсон нь одоогоор тодорхойгүй байгаа юм. Тэр 500 сая ам.доллар нь хэрхсэн гэдгийг илрүүлэхээр “Trafigura” ажиллаж байгаа хэмээн эх сурвалжууд хэлжээ. “Lex Oil” компани Reuters агентлагийн мэдээлэл авах хүсэлтэд хариу өгөөгүй байна.
Монгол дахь түншийнх нь хэрэг илэрсний дараа “Trafigura” компани олон улс дахь бусад сүлжээндээ эрсдэлийн хяналт хийжээ. Эрсдэл өндөр газруудыг тодорхойлж, шалгалт явуулсан аж.
Гурван эх сурвалжийн хэлснээр “Trafigura” компани 2014 оноос эхлэн Монгол Улсын түлшний гол нийлүүлэгчдийн нэг болжээ. Тус компани ОХУ-ын дизель түлшийг Сингапураас авсан онгоцны керосинтой хольж зардаг байсан юм.
Гурван эх сурвалжийн хэлснээр “Trafigura” 2019 онд “Lex Oil” компанитай түншлэлийн гэрээ байгуулсан байна. Түншлэлийнхээ хүрээнд “Trafigura” компани “Lex Oil”-д орон нутгийн хэрэглэгчдийг хангахад нь тусалж зээл олгосон аж.
Энэхүү ажиллагаа нь 2020 онд коронавирусийн цар тахал гарахад Монголын түлшний хэрэглээ буурсан тул нуран унасан юм. Гэхдээ “Lex Oil” компани энэ ажиллагаагаа үргэлжлүүлж “Trafigura” компаниас мөнгө зээлсээр байсан гэж гурван эх сурвалж хэлсэн байна.
Үүнээс гадна “Lex Oil” компани цар тахлын үеэр бусад Монгол компаниудад зээл олгож ч байж. Цар тахлын үеэр тэдгээр компаниудын зарим нь “Lex Oil”-оос авсан зээлээ төлж чадалгүй дампуурал зарласан байна.
“Reuters” агентлаг дампуурлаа зарласан компаниудын нэрийг олж чадаагүй аж. Гурван эх сурвалжийн нэг нь “Trafigura компанийн Монголд байгаа гэж бодсон зүйл нь алга болжээ” гэсэн юм.
Oil Capital: Сингапурын онгоцны түлштэй хольж, Монголын "Лекс ойл"-д зардаг байсан
Түүнчлэн, ОХУ-ын Oilcapital сайтад мөн ижил агуулгатай нийтлэл гарчээ.
Нийтлэлд,
"Трафигура" Оросоос ирсэн дизель түлшийг Сингапурын онгоцны түлштэй хольсон нэр бүхий түншээсээ 500 сая ам.долларын авлагаа авахаар, Монголд хөөцөлдөж байна.
"Трафигура" өнгөрсөн сард Монгол дахь нэгж нь хугацаа хэтэрсэн авлагатай болох нь тогтоогдсон. Тус улсын худалдаа эрхлэгчдэд нийт 1.1 тэрбум ам.долларын алдагдал хүлээсэн гэж мэдэгдсэн.
Lex Oil бол "Трафигура"-тай харьцсан Монголын гол компани байжээ. Лекс 1.1 тэрбум долларын талаас илүү хувьд нь өртэй гэдгээ хүлээн зөвшөөрсөн.
"Трафигура" компанид Оросын дизель түлш нийлүүлэхэд Lex зэрэг Монголын импортлогчид оролцсон гэж худалдааны гурван эх сурвалж мэдээлэв. Дараа нь швейцарь худалдаачин Оросын дизель түлшийг Сингапурын онгоцны түлштэй хольж, холимгийг нь Монголын “Лекс” зэрэг компаниудад буцааж зарсан байна. Trafigura тэдэнд түлшний худалдан авалтыг санхүүжүүлэхийн тулд мөнгө зээлсэн гэж арилжааны гурван эх сурвалжийн хоёр нь мэдэгдэв" гэхчлэн дурджээ.
"Лекс ойл" ХХК хэнийх вэ?
"Лекс ойл" ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар Э.Индра ажиллаж байв. Одоо бүртгэлд Дашнямын Чинбат байна. Монгол дахь шатахууны магнатуудаас тийм ч олны танил биш. 2021 оны есдүгээр сард, шатахууны хомстол үүсэхэд Монголоос ажлын хэсэг гарч, ОХУ-ын талтай уулзаж байв. Энэ ажлын хэсэгт хувийн хэвшлийг төлөөлж, "Лекс ойл"-оос Э.Индра явж байжээ.
Энэ компани 2019 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд 2020-2022 онд "Монголын топ 100 ААН"-ийн жагсаалтад шалгарсан.
Өөр дорвитой мэдээлэл үгүй.
Харин эх сурвалжууд, үүнийг "Трафигура монгол" компанийн захирал асан Э.Жононбаярын шууд бусаар "удирддаг" гэх.
Ингээд энэ бүхэн дахин Э.Жононбаяр луу чиглэх юм.
Э.Жононбаярын нагац эгч, хүргэн ах нь "Лекс ойл"-ыг эзэмшиж байна
Хөшигний ард Э.Жононбаяр хэрхэн Монголын шатахууны салбарт ноёрхсон, өөрөө хөлжсөн, улс төрд ч нөлөө бүхий санхүүжүүлэгч болсон талаарх яриа хөвөрсөөд өдийг хүрч байгаа. Э.Жононбаяр "Трафигура"-гийн Монголд хүлээсэн 1.1 тэрбум ам.долларын алдагдалд шууд холбоотой гэдэг цаг хугацааны давхцалаар ойлгомжтой юм.
Харин "Лекс ойл" зэрэг нь Э.Жононбаярын хамаарал бүхий компани мөн бол, тэр өөрөө өөртөө давуу байдал үүсгэсэн байх магадлалтай болно.
"Лекс ойл"-ын бүртгэлийн мэдээллийг шалгавал, Доржгочоогийн Эрдэнэтуул хувь эзэмшиж байгаад 2023 онд хасагдсан байна.
Харин Э.Жононбаярын "Ай си ай си" компанийн Гүйцэтгэх захирлаар Доржгочоогийн Төмөртогоо ажиллаж буй.
Түүнчлэн "Лекс ойл" ХХК нь "Транс ойл импекс"-ээс хувь эзэмшдэг. Гэтэл "Транс ойл импекс"-д мөн Доржгочоогийн Эрдэнэсүрэн ТУЗ-ийн даргаар ажилладаг гэж бүртгэгджээ.
Тэгвэл, дээр дурдсан нэрс болох,
- Доржгочоогийн Эрдэнэсүрэн нь Э.Жононбаярын ээж
- Доржгочоогийн Эрдэнэтуул нь нагац эгч
- Доржгочоогийн Төмөртогоо нь нагац ах
- "Лекс ойл"-ын Гүйцэтгэх захирал Дашнямын Чинбат нь хүргэн ах нь болж таарч байна.
Иймд Э.Жононбаяр нь "Лекс ойл"-д холбоотой гэх мэдээллийн сэжүүр тийм ч бодит бус биш юм.
Ирэх оны томоохон дуулианд сэдэв "Трафигура" болох нь. "Трафигура" алдагдал хүлээсэн, Монгол дахь салбараа хэрхэх нь тодорхойгүй болчихлоо гэсэн утга бүхий эдгээр мэдээллүүд чухам ямар өрнөлд хөтлөх нь анхаарал татсаар байна.
Бид энэ сэдвийг хөшигний ар дахь үйл явц, хуулийн байгууллагад авагдсан мэдээллүүдэд үндэслэн, үргэлжлүүлэн хөндөх болно.
Б.БУЯНДОРЖ, М.ТЭНГИС