Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл ₮100 саяар зөвлөх үйлчилгээ авна
Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажлын албанаас 100 сая төгрөгөөр Хүн худалдаалахтай тэмцэх, Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх үндэсний хөтөлбөрийн зөвлөх үйлчилгээ авах тухай хоёр тендер зарласан байна.
Хүн худалдаалахтай тэмцэх үндэсний хөтөлбөрийн зөвлөх үйлчилгээний хувьд хоёр багц ажлыг 50 сая төгрөгөөр хийлгэх юм байна. Ингэхдээ 30 сая төгрөгөөр хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч хамгаалах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, 20 сая төгрөгөөр хүн худалдаалах гэмт хэргийн виктимологийн судалгааны ажил хийлгэхээр тусгасан байна. Уг тендерт тусгагдсан нийт өртөг энэ онд санхүүжих бөгөөд эх үүсвэр нь тус газрын урсгал төсвөөс гарах юм байна. Тендерийн зарыг өнөөдөр буюу /2025-04-08/-ны өдөр байршуулсан бөгөөд материалыг энэ сарын 22-ны өдөр хүртэл хүлээн авах аж.
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх үндэсний хөтөлбөрийн зөвлөх үйлчилгээний тухайд ямар нэгэн багц ажилд хуваагаагүй 50 сая төгрөгөөр зөвлөх үйлчилгээгээ авахаа илэрхийлсэн байна. Тухайн тендерт тусгагдсан нийт өртөг энэ онд санхүүжих бөгөөд эх үүсвэр нь тус газрын урсгал төсвөөс гарна. Тендерийн зарыг өнөөдөр буюу /2025-04-08/-ны өдөр байршуулсан бөгөөд материалыг энэ сарын 23-ны өдөр хүртэл хүлээн авах юм байна.
Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын алба нь Монгол Улсад гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг улсын хэмжээнд уялдуулан зохицуулах, төрийн болон төрийн бус байгууллагуудын үйл ажиллагааг нэгтгэн чиглүүлэх үүрэгтэй байгууллага юм. Энэхүү алба нь Хууль зүй, дотоод хэргийн яамны харьяанд ажилладаг аж.
З.УЧРАЛ

















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.