Д.Цогт: Улаанбаатарт "Болжмор" байдаггүй. Энэ мэт мэдлэг олгохын тулд амьтдын зурагтай хөзөр хийсэн

Монголд ховордсон амьтдын зургаар хөзөр урлаж, түүгээрээ дамжуулан танин мэдэхүйн боловсрол олгож байгаа Д.Цогттой ярилцлаа. Тэрбээр Монгол улсын их сургуулийн Шинжлэх ухааны сургуулийн Биологийн тэнхимийн Экологийн хөтөлбөрийн гуравдугаар түвшний оюутан. Экологийн хөтөлбөрөөр суралцдаг оюутнуудын тоо хомс учир байгаль, экологийн байдлаар бүх насныханд мэдлэг олгохоор амьтдын зурагтай хөзөр бүтээжээ.
-Энэхүү монгол орны өвөрмөц ан амьтадтай хөзрийг хийх болсон сэдэл, санаа нь хаанаас эхлэлтэй вэ?
-Зундаа хээрийн судалгаагаар их явдаг бас хүүхдүүдэд судалгааныхаа талаар, амьтдын талаар хичээл орж байсан. Тухайн үед манай судалгааны удирдагч ах надад Хятадын “Тогорууны сан”-гийн хөзөр бэлэглэсэн. Тэр хөзөр нь Хятадад байдаг усны шувуудын зурагтай хөзөр байсан. Тэгээд л “Яагаад монгол амьтдынхаа зурагтай хөзрийг хийж болохгүй гэж” гэсэн санаа төрсөн.
Энэ хөзөр маань тогло, суралц, таньж мэд гэсэн уриатай. Хүүхдүүдэд байгаль, экологийн салбарыг таньж мэдэх, сэдлийг бага ч гэсэн суулгах болов уу. Томчууд ч гэсэн энэ салбарын талаар төдийлөн сайн мэддэггүй байх. Жаахан ч гэсэн танин мэдэхүйн ойлголт аваад, эдгээр амьтдыг судлаасай, сураасай гэсэн дээ л бүтээсэн. Хөзөр тоглохдоо л амьтдын талаар мэдлэгтэй болно гэхээр хялбархан байгаа биз дээ.
-Хөзөртөө ямар амьтдыг түлхүү багтаасан бэ?
-“Монгол орны амьтад” гэсэн энэ эхний дугаарын хөзөрт маань хөхтөн амьтад болон шувуудыг багтаасан 54 төрөл зүйлийн амьтад багтсан. Улаан өнгийн хөрзрүүдэд нь шувуу харин хар өнгийн хөзөрт нь хөхтөн амьтад байгаа. Үүнд нэг зүйлийг тодотгож хэлэхэд, монголд ховордсон мазаалай, эдлэг шонхрыг “Joker” болгосон.
-Тэгэхээр олны сайн мэдэхгүй төрлийн амьтдын зураг байгаа гэж ойлголоо. Сонин, содон амьтдаас дурдвал?
-Хээрийн бор шувуу. Магадгүй хүмүүсээс "Улаанбаатар хотод болжмор байдаг уу" гэж асуувал ихэнх нь “Байдаг, бид нар өдөр болгон жиргэхийг нь сонсдог” гэж хариулах байх. Гэхдээ яг үнэндээ Улаанбаатар хотод болжмор гэдэг шувуу байдаггүй бор шувуу л байдаг. Харин бор шувуу нь “Хээрийн бор шувуу, Оронгын бор шувуу” гээд хоёр төрөл байгаа. Өдөр бүр хардаг, өдөр бүр сонсдог энэ шувуугаа хүмүүс ялгаж мэдэхгүй байгаа. Үүнээс харахад, экологийн салбарын тухай мэдээ мэдээлэл ямар байгааг дүгнэж болох байх.
2018 оноос хойш экологийн чиглэлээр Монгол улсын хэмжээнд сонгон суралцагчдын тоо мянга ч хүрэхгүй цөөн байна. Хүний нөөцийн тал дээр дутуу дулимаг байдаг гэсэн үг. Харин дэлхий биднийг эсрэгээрээ байхыг хүсдэг гэж бодож байна. Илүү олуулаа болж, байгаль экологио таньж мэдэх хэрэгтэй байх. Юмс хэдий хөгжиж байгаа ч гэсэн оршин буй бүхэн анхныхаа хэвэндээ л эргээд орох байх.

-Оюутан хүн учраас санхүүжилтээ хэрхэн бүрдүүлсэн бэ. Хамтарсан байгууллага юм уу хувь хүн байсан уу?
-Г.Дорж гээд байгалийн зураг дардаг ах маань надтай ижил, санаа бодолтой байсан учраас “Монгол орны шувууд, Монгол орны хөхтөн амьтад” гээд хоёр номынхоо зургуудыг ашиглуулсан. Харин бусад зардлыг нь өөрөөсөө яаж ийгээд л гаргасан. Анхны туршилтын хөзрүүдэд маань нэлээн алдаа байсан. Тэр алдаа болгоноо дараагийн хэвлэлтээсээ засаад, сайжруулна. Яг үнэндээ Монголд хөзөр захиалж хийлгэхэд өртөг нэлээн өндөр байсан. Тиймээс дараагийнхаа хэвлэлтүүдийг БНХАУ-д хийлгэж байгаа.
-Цаашдаа хөзрөө хэрхэн нэмж, хөгжүүлэх төлөвлөгөөтэй байгаа вэ?
-Хөзрөө хөгжүүлэх хэд хэдэн санаа байгаа. Эхний хэвлэлт бол нэг гэсэн дугаартай. Хоёр гэдэг дээр хөхтөн амьтан, шувуу хоёрынхоо өнгөний байрыг сольж болно. Тэгэхээр хоёр төрлийн хөзөр авсан тохиолдолд нэр төрлөөр нь нийлүүлээд тоглож бас болно. Гурав, дөрөв гээд дараа дараагийн дугаарууд дээрээ загас, хоёр нутагтан, мөлхөгч, ургамал гээд зургийг нь илүү арвижуулна. Бас дан ганц хөзөр гэхгүй цаашдаа хөлөгт тоглоом ч гэсэн гаргана.
-Туршилтын хөзрөө хэр их хэмжээгээр гаргасан бэ. Хэрхэн борлуулав?
-Эхний ээлжид 100 ширхгийг өнгөрсөн долоо хоногт хэвлэсэн. Эргэн тойрныхон, найз нөхөд, гэр бүлийнхэн аваад хоёр хоногийн дотор л дууссан. Дараагийн хэвлэлтийн 200 ширхэг хөзөр маань удахгүй ирнэ. Хүмүүст нэлээн таалагдсан болохоор зах зээл дээр борлуулах боломжтой гэж харж байгаа. Хөзрийн маань нэг давуу тал нь монгол, англи, шинжлэх ухааны нэр гэсэн гурван төрлийн тайлбар нэртэй. Тиймээс аялал жуулчлалын компани, номын дэлгүүр, танин мэдэхүйн чиглэлийн байгууллагуудаас худалдан авах санал ирсэн. Яваандаа үүнийгээ илүү олон төрөлтэй болгож, хөгжүүлэхийн төлөө зөндөө их ажил эхэлнэ ээ.
-Ярилцсанд баярлалаа.
Т.ӨЛЗИЙМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ямар бодол их амьтан сонирхох хүмүүст түгээж байгаад баярлах болно.Сайхан гоё юм зарим байдаг шүү? Хүүхдүүд мэдрэх з�##�уу ч би их харах байх.Өөдөө амжилт хүсье. Дараа ч өөр юм хөгжлүүлэх хүсээрэй.
Сайхан зүйл хийсэнд баяр хүргэе, улам их амжилт хүсье. Хөзөр нь хаагуур зарагдах бол, яаж олж авах вэ
Шинийг сэтгэсэн байна шдээ. Хөөрхөн юм байна. Хаагуур зарагдах бол?
Manai end zondoo boljmor bna.
Баяо хүрэе.
Болжмор гэж ямар шувуу бдг юм бэ. Зургийг нь тавиад өгөөч. Хармаар бнх
УБ т болжмор байгаа шүү. Түүнийг мэддэггүй з�##�уус олширчээ. Юун хүүхдүүддээ заах.
Хотод бор шувуу байна бор шувуу болжмор хоёроо ялгаж мэддэг юм уу даа
Сайн бнаа дүү минь.