"Шар өвсний түймэр 3.5 хувиар нэмэгдсэн"

Улаанбаатар хотод гарсан гал түймэр, хариу арга хэмжээний талаар Нийслэлийн Онцгой Байдлын Ерөнхий Газар /НОБГ/ болон Нийслэлийн Байгаль Орчны Газар /НБОГ/-аас мэдээлэл өглөө.
Он гарснаас хойш нийслэлд ой хээрийн түймэр гурав бүртгэгджээ.
Тодруулбал,
- Баянзүрх дүүргийн 33 дугаар хороо Шарын хоолой гэдэг газар
- Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Богдхан уул
- Чингэлтэй дүүргийн 22 дугаар хороо Зүрх ууланд түймэр гарсныг тухайн үед нь түргэн шуурхай унтраах арга хэмжээг зохион байгуулсан юм.
НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, дэд хурандаа Д.Хадбаатар "Он гарснаас хойш шар өвсний гал түймэр гарсан тухай 255 дуудлага мэдээлэл бүртгэгдлээ. Үүнийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал 3.5 дахин өссөн үзүүлэлт. Гарч буй гал түймрийн шалтгаан нөхцөл нь татсан тамхиа унтраалгүй хаях, шар өвсөө шатаах, үнс нурмаа тагтай саванд хийгээгүйгээс үүдэлтэй буюу ил галаас болж байна. Мөн зуслангийн бүсэд байгаа айл өрхүүдийн гагнуурын очноос, цахилгаан ашиглалтын угсралтын буруугаас ч шалтгаалж байгаа.
Гал түймрийн улмаас айлын хашаа 75, өвөл, зуны сууц 10, гэр 10, ариун цэврийн байгууламж зургаа, хүлэмж нэг, автомашин нэг гээд нийт 108 эд хөрөнгө шар өвсний түймэрт өртсөн. Хуурайшилтын үед иргэд та бүхэн сэрэмжтэй байж ил гал гаргахгүй байх, өөрсдийн аюулгүй байдлыг хангахыг хүсье. Нийслэлийн Засаг даргын захирамжаар энэ оны гуравдугаар сарын 20-ны өдрөөс зургаадугаар сарын 10-ны өдрүүдэд нийслэлийн ногоон бүсэд иргэд зорчихыг хориглосон. Ойрын үед их, дээд сургууль, ерөнхий боловсролын сургуулийн төгсөлтийн баярууд болж байна. Анги хамт олноороо ногоон бүсэд зорчихгүй байхыг хүсье. Дулаарсан үед иргэд ногоон бүсэд зорчих нь ихэсдэг. Иймд захирамжаар хориглосон байгаа учраас зургаадугаар сарын 10-н хүртэл хэрэгжилтийг хангана уу. Нэг хүний санамсар болгоомжгүй, тоомжиргүй байдлаас шалтгаалж шар өвсний түймрийн дуудлага мэдээлэл эрс нэмэгдэж байгаа учраас иргэд та бүхэн дор бүрнээ анхаарч, өөрийн болон бусдын эд хөрөнгийг эрсдэлд оруулахгүй байхыг хүсье" гэлээ.
Б.НОМТ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.