"Зуны зугаа" ба насанд хүрээгүйчүүдийн зодоон, "согтуурхал"-ын цаана

Хоёр хоногийн өмнө /2025.05.31/ Төв цэнгэлдэх хүрээлэнд "Реппер 113"-ын "Зуны зугаа" шоу тоглолт болсон. Энэ үеэр олон хүн хутгалуулж, хүнд гэмтэж, эмнэлэгт хүргэгдсэн тухай мэдээллүүд, иргэний гомдлууд нийгмийн сүлжээнд цацагдаад буй. Эл асуудлаар Цагдаагийн ерөнхий газар өнөөдөр мэдээлэл хийв.
Мэдээлэлдээ "Tоглолтын үеэр цагдаагийн байгууллагын 140 алба хаагч хяналт тавьж ажилласан. Тухайн тоглолтын үеэр гэмт хэрэг зөрчлийн 35 дуудлага бүртгэгдсэнээс одоогоор 22 хэрэг зөрчилд мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Бид уг арга хэмжээний үеэр 10 хутга, хоёр зодооны хэрэгсэл хураан авч, 18 гээгдсэн зүйлсийг эздэд нь хүлээлгэн өгсөн. Мөн төөрсөн болон согтуурсан 22 иргэнийг ар гэрт нь хүлээлгэн өгсөн" гэж дурдав.
Эл асуудлын хүрээнд,
Нэгдүгээрт, Хотын дарга Х.Нямбаатар тус өдөр архи, согтууруулах ундаа худалдаалах, түүгээр үйлчлэхгүй байх захирамжаа яагаад өөрчлөв гэдэг асуудал хөндөгдөнө. Эхний захирамжаар бол бямба, ням гарагт согтууруулах ундаа худалдан борлуулж, үйлчлэх хориотой болсон. Гэтэл захирамж өөрчлөгдөж зөвхөн ням гарагт буюу зургаадугаар сарын 01-нд болгосон. Бямба гарагт "Guys" хамтлагийн тоглолт мөн болсон. Энэ хүрээнд тоглолтын зохион байгуулагчид болоод уран бүтээлчид нөлөөлсөн байж болох. Өөрөөр ямар нэг шалтгаан анзаарагдсангүй.
Хоёрдугаарт, тоглолтын үеэр аюулгүй байдлын хяналтыг хэрхэн тавьж, шалгасан бэ гэдэг асуудал яригдана. Тодруулбал, 10 ширхэг хутга хураан авсан гэдгээ ЦЕГ мэдэгдсэн. Үүнийг талбай руу нэвтрэхийн өмнө илрүүлэх боломж цагдаагийн 140 алба хаагчид байгаагүй юу. Нөгөө талд хутга авч орж байгаа этгээдүүд ямар зорилго тээв гэдэг анхаарал татна. Мөн архи, согтууруулах ундаагаар үйлчилсэн газрууд насны хязгаар заасан уу. Учир нь насанд хүрээгүй олон хүүхэд согтуу байсан, хоорондоо зодолдсон, асуудал үүсгэсэн гэдгийг тухайн тоглолтыг үзсэн, бичлэг хийж цахим орчинд түгээсэн иргэд мэдээлж буй.
Ингээд харвал тоглолт зохион байгуулагчид болон алба хаагчдын хайхрамжгүй үйлдлийн золиос гэмгүй иргэд болж байна. Гэсэн ч тоглолтын эзэд, төв цэнгэлдэх хүрээлэнгийн удирдлага, захирамжаа өөрчилсөн хотын дарга одоог хүртэл чимээгүй.
Нэмээд нэгнээ хэрцгийгээр зодож, гэмтээж, "согтуурхаж", ёс зүйн хэм хэмжээг давж, дураараа авирлаж байгаа залуу үеийн хүмүүжлийн асуудал ч энд хөндөгдөх ёстойг дурдъя.
Д.УЛСАА















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Яахаараа улсын мөнгөөр хамгаалдаг юм
Иймхэн байж Солонгосын алдар нэртэй дуучдыг зүгээр үзэж чадах уу монголчууд минь хүн шиг байгаад өгөөч
Ийм цуглаан шоуны өдөр архи зарахыг хориглох хэрэгтэй
Архи уух уухгүйг хүн өөрөө л зохицуулна даа.Эргүү юмнууд ихэссэн хорвоо гэж