НийгмийнНИЙГЭМЯрилцлага

Х.Цогбадрах: Аврагчаар завсаргүй 16 жил ажиллахдаа 1100 гаруй хүний амь аварсан

Өчигдөр Улсын их дэлгүүрт гарсан галыг унтраасан онцгойгийн алба хаагчдаар монгол түмэн бахархаж байгаа нь мэдээж. Бусдын төлөө өөрийгөө, хувийн амьдралаа умартан зүтгэдэг энэ буянтай мэргэжлийн үнэ цэнэ юунд оршдог бол. Бид Нийслэлийн онцгой байдлын газрын Аврах 105 дугаар ангид завсаргүй 16 дахь жилдээ ажиллаж буй, Үйлчилгээний гавьяат ажилтан Х.Цогбадрахтай энэ оны гуравдугаар сард ярилцсанаа СЭРГЭЭН НИЙТЛЭВ.

“Нэг удаа Туул голд нэгэн иргэн живлээ гэх дуудлага ирэв. Бид живсэн газар нь эрээд олсонгүй. Тэгээд голын урсгал дагуу эрэв. Би ганцаараа, явган явж байгаад өнөөх охиныг олсон юм. Голын дунд, нэгэн модонд тээглэчихсэн байв. Бүтэн биеэрээ доошоогоо харчихсан, толгой нь усан дотор. Намайг олтол лав тийм байдалтай 30 минут болсон. Горьдлого тээсээр очих нь ээ амьгалахгүй, өөд болчихсон юм шиг байв. Бусад дээрээ аваачихаар үүрээд явж байтал гэнэт судас нь цохилсон. Эндчихэж гэж бодсон би баярласан гэж жигтэйхэн. Хиймэл амьсгал хийн, эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлж байтал ашгүй ухаан оров. Өнөөх охин ухаан оронгуутаа их гайхсан, шууд орилсон. Аргагүй л дээ. Би учир байдлыг нь тайлбарлан, амийг нь аварснаа хэлэхэд тайвширсан. Живж байхдаа ухаан алдаад, усан дотор доошоогоо харсан байдалтай 30-аад минут болсон хүн амьд гарна гэдэг үнэхээр ховор тохиолдол. Тэр охиныг олоод, бүр амийг нь авраад үүрч явахдаа аврагч болсноороо үнэхээр их бахархаж билээ” хэмээн мэргэжлээрээ бахархан өгүүлэх түүнийг Халтарын Цогбадрах гэдэг.

Онцгой байдлын байгууллагад тэр тусмаа Нийслэлийн онцгой байдлын газрын Аврах 105 дугаар ангид завсаргүй 16 дахь жилдээ ажиллаж буй тэрбээр аврагчдаас мэндэлсэн гуравхан гавьяатын нэг тэр тусмаа отгон нь.

Шинэ оны босгон дээр Үйлчилгээний гавьяат ажилтан хэмээх эрхэм цолоор энгэрээ мялаасан Х.Цогбадрах 16 жил ажиллахдаа 1100 гаруй иргэний амь аварч, 2300-аад аюулт үзэгдэл, ослын дуудлагаар ажиллан, 300-гаад хүнд эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлж, иргэд, аж ахуй нэгж, байгууллагын 70 гаруй сая төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалсан гавьяатан.

Ховд аймгийн Зэрэг сумын харьяат тэрбээр мөн Сэлэнгэ аймагт гарсан ой, хээрийн түймэр нийт 86 өдөр үүрэг гүйцэтгэн, 1800 гаруй га талбайн гал түймрийг унтраасан юм. Энэ мэт түүний байгуулсан гавьяа, ажлын үр дүнг дурьдвал цаг, цаас нэлээд орно. Х.Цогбадрах гавьяаттай ярилцлаа.

Биднийг ярилцлага авахаар Аврах 105 дугаар анги дээр очиход тэрбээр жижүүрт гаран, албан үүргээ гүйцэтгэж байсан юм.

-Таны утасны юнимюзик дээр “Гамшиг, ослоос урьдчилан сэргийлцгээе” гэсэн утга бүхий уриа явдаг юм байна. Утас руу нь залгангуутаа дугаар андуураагүйгээ мэдсэн. Та хэчнээн жил ийм юнимюзиктай байгаа вэ?

-Энэ дугаарыг хоёр жил гаруй барьж байна. Аврах 105 дугаар ангиас өгсөн дугаар. Анх надад өгөхөд л ийм юнимюзиктай байсан. Одоо ч хэвээрээ. Өнгөрсөн хугацаанд ганц ч удаа солиогүй.

-Өнөөдөр та ээлжинд гарсан, 24 цагаар ажиллана. Ачаалал хэр байна вэ, өглөөнөөс хойш хэр олон дуудлага ирэв?

-Өнөөдөр харьцангуй тайван байна. Өглөө 09.00 цагт ажил эхэлж, ээлжээ хүлээж авсан. Дадлага, сургуулилалтаа хийн, багаж хэрэгслээ засаж, сэлбээд хуваарийн дагуу ажиллаж байна. Ачаалал тухайн өдрөөс шалтгаалдаг, харилцан адилгүй. Зарим өдөр дуудлага ихтэй. Заримдаа гайгүй. Одоохондоо дуудлаганд гараагүй байна. Үдээс хойш сургуулилалт хийгээд дөнгөж сая дууслаа.

БИ ЗОРИН БАЙЖ АВРАГЧ БОЛСОН

-Аврагчдаас мэндэлсэн гуравхан гавьяатын нэг нь та. Бусдын төлөө үргэлж зүтгэн, хүний амь авардаг эл салбартай амьдралаа хэрхэн холбосон бэ?

-Аврагч болсноосоо хойш энэ ангид завсаргүй 16 жил ажиллаж байна. Би Ховд аймгийн Зэрэг сумын уугуул. Эхээс есүүлээ, найм дахь нь. Олуулаа тэрсхэн өссөн. Цэргийн алба хааж ирснийхээ дараа нутагтаа хоёр жил амьдарсан. Багадаа цэргийн хүн эсвэл жолооч болохыг мөрөөддөг байлаа. Тэгээд л Улаанбаатар хотод шилжиж ирснийхээ дараа Онцгой байдлын албанд шалгуулаад тэнцсэн юм.

-Тэгэхээр мөрөөдлөө биелүүлэхийн тулд зорьж байгаад орсон юм байна, тийм үү?

-Тийм ээ. “Ямар ажил хийх вэ” гэж эргэлзээгүй. “Энд шалгуулаад үзье. Тэнцвэл оръё” гэж бодоогүй. Бүр анхнаасаа Онцгой байдлын албанд ажиллая, аавын олон хөвгүүдтэй хамт хөдөлмөрлөе, түмний төлөө үргэлж зүтгэдэг буянтай ажил хийе гэж зорьсон юм. Түүндээ 2004 онд хүрч, Аврах 105 дугаар ангид орж байлаа. Хурдхан л туршлагажаад аврах ажиллагаанд орохын түүс бололгүй яах вэ. Гэтэл тийм амархан санаснаар болоогүй. Юу гэж дөнгөж тэнцэнгүүт нь ийм чухал ажил хийлгэх вэ. Олон шалгуураар бэлтгэж, жимстэй харьцуулбал бүрэн боловсорсных нь дараа аврах ажиллагаанд оролцуулдаг юм билээ. Жил гаруй энгийнээр буюу цолгүй, дагалдан хийсэн. Дадлагын оюутан гэсэн үг. Тэгж байхдаа ажлынхнаасаа их зүйл сурсан. Жилийн дараа аврагч, усчин албан тушаалтай, шинэхэн дэд ахлагч цолтой “жинхлэгдэж” байлаа. За, одоо жинхнээсээ дуудлаганд явах нь, хүний амь аврах нь гээд их баярлаж билээ.

-Хамгийн анх ямар дуудлаганд явж байв?

-Туул голын гүүрэн дээрээс өөрийгөө боомилсон хүний цогцсыг нь буулгах дуудлаганд очиж байлаа. Надад ямар нэгэн хүндрэл, бэрхшээл гараагүй. Гүүрэн дээрээс нь олсоор буугаад, өөртэйгээ холбож байгаад цогцсыг нь буулгасан юм.

- Хүн, тэмээ хоёр сэгнээсээ айдаг гэдэг. Анхны дуудлагандаа үхсэн хүн хараад эвгүйцсэн үү?

-Огт тэгээгүй. Ер нь ямар ч аврах ажиллагааны үед тэгэх сөхөө гардаггүй шүү дээ.

ИРГЭДИЙН 70-аад САЯ ТӨГРӨГИЙН ӨМЧ ХӨРӨНГИЙГ НЬ АВРАН ХАМГААЛСАН

-Одоогоор та хэчнээн дуудлаганд явж, аврах ажиллагаа гүйцэтгээд байгаа вэ?

-Оны төгсгөлд лав 2012 болчихсон байсан. Одоо хэд болж байгаа юм бүү мэд. За, одоо тэд боллоо гэж тоолдоггүй шүү дээ, аврагч бид. Лав 2300 хавьцаа элбэг хүрсэн байх. Би 300-гаад хүнд эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлж, 200 гаруй иргэнийг эмнэлгийн байгууллагад хүлээлгэж өгөн, иргэд, аж ахуй нэгж, байгууллагын 70 гаруй сая төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалсан.

-Таныг Үйлчилгээний гавьяат цол хүртэхэд “Х.Цогбадрах 1035 хүний амь аварсан” гэж тодотгосон. Одоо хэд хүрсэн бол?

-Нэлээд өссөөн. 1100 лав гарчихсан байгаа.

-Тэгэхээр он гарснаас хойш, гурван сар гаруйн хугацаанд 70-аад хүний амь аварчихаад байгаа юм байна.

-Нээрэн тийм юм байна. Би түрүүн хэлсэнчлэн аврагчид бид “Тэдэн дуудлаганд явлаа, төчнөөн хүний амь аварлаа” гэж тоолдоггүй. Бид ажлаа хийж, үүргээ биелүүлж яваа хүмүүс. Сая та асуухад чинь л 1100 гаруй хүний амь аварснаа анзаарлаа, тэд гээд хариулчихлаа.

АВРАХ АЖИЛЛАГАА АМЖИЛТТАЙ БОЛЖ, СЭТГЭЛ ТЭНЭГЭР ХАРИХ САЙХАН

-Ажлаа сайн хийж, улсынхаа өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж буйн тань илрэл шүү дээ. Нөгөө талаар аврагч хүний нэгэн бахархал, мэргэжлийн тань хамгийн сайхан зүйлүүдийн нэг байх.

-Ёстой тийм шүү. Аврах ажиллагаа амжилттай болж, хүний амь нас аварч, эд хөрөнгийг нь бүрэн бүтэн үлдээчихээд сууж байх ёстой жинхэнэ жаргал байхгүй юу. Тэгэхэд л жаахан сөхөө ордог шүү дээ. Тэрнээс өмнө бол яаж тэр галыг унтраах вэ, тухайн иргэнийг хэрхэн аврах вэ гэж л бодно. Юун өөр зүйл бодох манатай. Хүн гал, усанд ам гарч болдоггүй гэдэг яг үнэн. Аврагч хүний амь нас үхэл, амьдралын зааг дээр байдаг гэж зарим хүн ярьдаг. Хамгийн хэцүү нь галд, усанд, өндөрт ажиллах. Ямар ч барьцгүй, амиа ч алдах эрсдэлтэй учраас хэцүү л дээ. Улаан гал дүрэлзэн, хэзээ мөдгүй нурах дөхсөн барилга дотроос хэн нэгэн аврал эрвэл бид аюулыг сөрөөд л орно. Бидний үүрэг юм чинь өөр яах ч аргагүй, эргэлзэх эрхгүй. Аврах ажиллагаа амжилттай болж, сэтгэл тэнэгэр гэртээ харих шиг сайхан зүйл байхгүй.

-Эсрэгээрээ амжилтгүй болвол нэг хэсэгтээ сэтгэл тань хямардаг байх. Тийм үед сэтгэл санаагаа хэрхэн тайвшруулдаг вэ?

-Ёстой тийм шүү. Хүний амь эрсдэхэд их хүнд тусдаг. Үргэлж бодогдоно, нүдэнд харагдана. Нээрэн тэгсэн бол амийг нь аврах байж, амжилттай болгох байж хэмээн янз бүрээр бодно. Өөрийгөө зэмлэх, чамлах үе ч гарна.  Аврах ажиллагаа бүхэн хүнд. Тэр нь амар, энэ нь хэцүү гээд онцлох аргагүй. Бүгдээрээ л аргаа бараад Онцгой дуудаж байгаа шүү дээ.

СЭЛЭНГЭД ГАРСАН ТҮЙМРИЙГ УНТРААХЫН ТУЛД 86 ХОНОГ ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭСЭН

 -Та түрүүн 2100 гаруй хүний амь аварсан гэлээ. Тэднээс хэд нь тантай эргэн холбогдож, баярласнаа илэрхийлсэн бэ?

-Холбогдоно оо, холбогдоно. Олонх нь баярлалаа гээд утсаар ярьдаг. Юу ч болоогүй юм шиг өнгөрөх нь ч бий. Тэглээ гээд би гомддоггүй. Тэднээс талархлын үг хүлээх эрх бидэнд байхгүй, бидний үүргээ л биелүүлсэн юм чинь. Аврах ажиллагааны үеэр би өөрөө үхэл, амьдралын зааг дээр очсон удаа цөөнгүй. Тийм хүнд байдалд ороход “Ингээд л үхэх нь” гэж бодогддог юм билээ. Ялангуяа, өвөл усан доороос хүн аврах шаггүй. Мөсөн доогуур удаан сэлээд хүний амь аврах ёстой жинхэнэ эр зоригийн ажил. Сэлэнгэ аймагт гарсан ой, хээрийн түймэрт нийт 86 хоног үүрэг гүйцэтгэсэн удаатай. Дундуур нь ганц, хоёр хоног гэртээ ирээд буцсан болохоор тэр хамгийн удаан нь биш байх. Уснаас хүн аврах, хайх эрэлд удаан хугацаагаар явдаг. Хэзээ эрлээ олно, тэр цагт л гэртээ ирнэ шүү дээ.  

БИ ӨӨРИЙГӨӨ ГАВЬЯАТ БОЛНО ЧИНЭЭ ЁСТОЙ ТӨСӨӨЛЖ БАЙГААГҮЙ

-Аврагч болсноороо, энэ мэргэжлийг сонгосноороо хэзээ хамгийн их бахархав?

-Оны өмнө Гавьяат болохдоо. Гавьяат болно чинээ зүүдэлж ч явсангүй, ёстой төсөөлж ч байгаагүй. За, би гавьяатын болзол хангах дөхсөн гэх ч юм уу тиймэрхүү бодол огт төрж байгаагүй. Би аврагчдаас мэндэлсэн гурав дахь, 50 жилийн түүхтэй Аврах 105 дугаар ангиасаа төрсөн анхны Гавьяат цолтон.

Арванхоёрдугаар сарын 27-нд манай байгууллагын шинэ жил болсон юм. Гэнэт утас дуугарав. Утсаа авах нь ээ “Халтарын Цогбадрах гэдэг хүн мөн үү. Ерөнхийлөгчийн Тамгын газраас ярьж байна” гэлээ. Би гайхаад, хэн нэгний дугаарыг асуух гэж байгаа юм болов уу гэж л бодсон. Тэгсэн чинь харин “Таныг Үйлчилгээний гавьяат ажилтан цолоор шагнахаар боллоо. Баяр хүргэе” гэхэд нь итгэж ядсан. Ёстой шоконд орсон шүү. Баярт мэдээгээ даргадаа, ангийнхандаа хэлээд бөөн баяр болсон. Дараа нь эхнэртээ хэлэхэд эхэндээ итгээгүй. Ховд аймагт амьдардаг ээж минь өнгөрсөн өвөл манайд өвөлжсөн юм.  “Ямар сайхан юм бэ. Өдий насалсны хэрэг гарлаа. Хүүгээрээ бахархаж байна” гээд их баярласан.

-Та шагналаа нөгөөдөр нь гардаж авсан. Хоёр хоног хэр удаан өнгөрөв?

-Аврагч цаг хугацаатай үргэлж уралдаж байдаг ажил шүү дээ. Амьдралын маань хамгийн удаан өнгөрсөн хоёр хоног тэр байсан. Цаг хугацаа ёстой явдаггүй юм билээ. Гавьяат болоод Төрийн ордноос гарч ирэхдээ хамгийн түрүүнд аав, ээж, хань, хамт олноо бодлоо. Өөрийн эрхгүй уйлчихсан. Энэ бол яалт ч үгүй хамт олны минь амжилт. Би ганцаараа ийм амжилт гаргаж чадахгүй байсан шүү дээ. Гавьяат цолоо энгэртээ гялалзуулсаар очоод ээждээ үнсүүлэх хамгийн сайхан байлаа. Аав минь 2006 онд бурхан болсон. Нөмөр нөөлөг, орон зай нь их үгүйлэгдэв. Тэнгэрийн орноос харж, хүүгээрээ бахархсан байх аа.

-Та ээжийгээ баярлуулж чадлаа шүү дээ.

-Ингэж бодохоор сэтгэл жаахан тайтгарч байна. Ажлын маань хамт олон аавыг минь орлолоо. Би Аврах 105 дугаар ангидаа, ангийнхаа хамт олонд их хайртай.

-Энд орсныхоо дараа ханьтайгаа танилцсан уу?

-Тэгсэн, 2009 онд. Хань минь намайг үнэхээр сайн ойлгож, дэмждэг. Манайх хоёр хүүхэдтэй. Хоёулаа аав шигээ аврагч болно гэдэг.

ХҮНИЙ АМЬ АВРАХ, БУСДЫГ БАЯРЛАЖ БАЙХЫГ ХАРАХ ХАМГИЙН САЙХАН

-Аврагч мэргэжлийн хамгийн сайхан нь юу вэ?

-Бусдын амийг аврах, баярлаж байхыг нь харах. Санаанаас огт гардаггүй дурсамжтай, харамсалтай олон ажиллагаа бий. Хэдэн жилийн өмнө газ дэлбэрсны улмаас нэгэн барилга нурж, хоёр хүн дарагдсан юм. Хоёуланг нь нурангаас гаргасны дараа нэг нь гэрийнхэнтэйгээ утсаар ярив. Би түүнд эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэн, гарыг нь боож байсан юм л даа. Тэр хүн хүүхэд рүүгээ залгаад “Аав нь зүгээр ээ. Ус уух хувьтай байж. Аврагчид аавыг нь аварсан. Одоо алзахгүй, битгий санаа зовоорой” гэсэн юм. Би ч амийг нь аварсандаа бөөн баяр. Гэтэл өнөөх хүн харамсалтай нь, эмнэлэг рүү явж байх замдаа өөд болсон. Нурангин доороос дөнгөж гарч ирчихээд хүү рүүгээ залгаад, ярьсан тэр хүний царай одоо ч миний санаанаас гардаггүй юм. Ямар ч байсан бурхан болохоос нь өмнө хүүтэй нь яриулж чадсан гэж бодохоор сэтгэл өег явдаг. Гэхдээ мэдээж амьд үлдсэн бол гэж харамсалгүй яах вэ.

ТЭР ҮНЭХЭЭР УС УУХ ХУВЬТАЙ ОХИН

-Таныг нэг удаа усанд живсэн охиныг аварсан, тэр тухай нь асуугаарай гэж ангийнхан нь захьсан. Тэр дуудлага бусдаасаа юугаараа онцгой вэ?

-Мэргэжлээрээ хамгийн их бахархсан дуудлагуудын нэг нь тэр. Үнэхээр ус уух тавилантай охин. Тэр охин найзуудтайгаа хамт төрсөн өдрөө тэмдэглэхээр гол дээр очсон юм билээ. Тэгээд усанд сэлж байхдаа живчихэж. III цахилгаан станцын урд талын Туул голд хүн живлээ гэсэн дуудлагын дагуу бид очсон. Бид очоод живсэн газар нь эрэхэд олдоогүй. Тэгээд усны урсгалын дагуу эрэв. Голын хоёр салаа байхаар нь би ард талынхаар нь явлаа. Ганцаараа, явган явж байтал нөгөө охин чинь голын дунд нэгэн модонд тээглээд тогтчихсон байв. Бүтэн биеэрээ доошоо харчихсан, толгой нь усан дотор байсан. Горьдлого тээсээр очих нь ээ амьгалахгүй, өөд болчихсон юм шиг байлаа. Би бусад аврагчтайгаа Яармагийн гүүрэн дээр уулзахаар тохирсон юм. Тэгээд өнөөх охиныг үүрээд Яармагийн гүүр рүү алхаж явтал гэнэт судас нь цохилсон.

-Та очоод уснаас гаргатал хэр удсан бэ?

-Лав 30 гаруй минут болсон.

-Тэр хүртэл усанд доошоогоо харсан байдалтай байсан уу?

-Тийм ээ. Би эндчихэж л гэж бодсон юм.

-Тухайн охин хэр удсаныхаа дараа ухаан орсон бэ?

-Би судас нь цохилж эхлэнгүүт эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлсэн юм. Хиймэл амьсгаа хийж байхад тэр охин гэнэт ухаан орсон. Их гайхсан, шууд орилсон. Аргагүй л дээ. Ухаан ороход нь танихгүй хүн дэргэд нь байхаар. Би учир байдлыг нь тайлбарлан, амийг нь аварснаа хэлэхэд тайвширсан. Усанд дотор ухаан алдаад, доошоогоо харсан байдалтай 30-аад минут болсон хүн амьд гарна гэдэг үнэхээр ховор тохиолдол. Тэр охиныг олоод, бүр амийг нь авраад үүрсээр очихдоо аврагч болсноороо үнэхээр их бахархсан.

-Тэр охинтой дахиж уулзсан уу?

-Нэлээд хэд хоногийн дараа надтай утсаар холбоо бариад “Эмнэлгээс гарлаа. Баярлалаа” гэсэн.

16 ЖИЛ АЖИЛЛАХДАА ГАНЦ Ч УДАА УТСАА УНТРААЖ ҮЗЭЭГҮЙ

-Аврагч хүн хэзээд бэлэн байх үүрэгтэй. Гэртээ амарч байхдаа ч утсаа огт унтраадаггүй юм билээ. Энэ бүхэн заримдаа танд дарамттай санагддаг уу?

-Үгүй ээ. Харин ч эсрэгээрээ сайхан санагддаг. Миний амьдрал тэр хэрээр үнэ цэнэтэй, утга учиртай байдаг. Аврагчид амарч байхдаа утсаа унтраах, хотоос гарах эрхгүй. Хэзээд дуудахад бэлэн байх үүрэгтэй. Би 16 жил ажиллахдаа нэг ч удаа утсаа унтрааж, биеэсээ холдуулж үзээгүй. Зай нь дуусчих вий гээд үргэлж шалган, цэнэглэдэг.

-Та ажил, амьдралын энэ хэмнэлдээ бүр дасчихсан уу?

-Тэгсэн. Манайх Баруунсалаанд байдаг. Гэртээ амарч байхад гэнэт цугларах, нэгдэх болвол ажил дээрээ чавхдаад л ирнэ. Баруунсалаанаас манай ажил дээр ирэх хамгийн дөт, түгжрээгүй замыг ёстой андахгүй. Аврагчид 20 жил ажиллаад гавьяаныхаа амралтанд гардаг. Одоо надад дөрвөн жил дутуу байгаа. Гэхдээ би тэтгэвэртээ гарсныхаа дараа ч үргэлжлүүлэн ажиллана. Өөрийгөө, амьдралаа Аврах 105 дугаар ангигүйгээр, аврагч мэргэжилгүйгээр төсөөлдөггүй.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ Ц.МЯГМАРСҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
13 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
зочин
зочин
2020-03-25 13:06

батүүлийг бодвол жинхэнэ баатар бна

Зочин
Зочин
2020-03-25 13:54

Сайхан юмаа буян нь бум түм болж үржиг ээ

Зочин
Зочин
2020-03-25 14:13

Тус нэхдэггүй эгэл баатрууд

ИргэнХхх
ИргэнХхх
2020-03-25 15:48

100 нас�##�ж юу санасан 9 хүсэл нь биелж байх болтугай

Ттт
Ттт
2020-03-25 18:33

Аз жарг�##� хүсье. Амжилт хүсье

abaazan
abaazan
2020-03-25 18:55

unshaad unheer baharhaj setgel omogshihloo . uilav

Зочин
Зочин
2020-03-25 22:46

Сайн л з�##�уу юм. Даанч муухай амьтны зургийг хамт тавьдаг нь яаж байна? Мөн бичсэн хүнд нь хэлэхэд өнөөх гэж бчигээр бичиж байхыг анх удаа харж байна. Аман яриаг бичгээр арай өөрөөр буулгах ёстой !

Болд
Болд
2020-03-25 23:53

Сайхан з�##�уу Бурхан өршөөг

Зочин
Зочин
2020-03-26 01:35

Ur huuhded ni buyn ireg

Оогий
Оогий
2020-03-26 20:22

Жоохон даруухан бай л даа баг хамт олонтойгоо нэлээд хүний амь аврахад хамт оролцсон гэж бай.мэдэхгүй гэж бодсон юм байх даа.багийн нөхөд нь ч гэсэн төдий тооны хүн аварсан юм байж таарна бүгдэд нь адилхан шагн�##� өгөх хэрэгтэй

Zochin
Zochin
2020-03-27 09:43

Manai sum oron nutgiihan ene zaluud bair avch uguh yumsan

Зочин
Зочин
2020-03-27 10:44

Яаж тоолохоор 1100 болж байна аа?

Анхаа
Анхаа
2020-12-09 15:44

Хэнийг муухай амьтан гээд бнаа? Юу ч бсн шүлсээ үсэргэж бдг муухай хүмүүс их бх юмаа.

Холбоотой мэдээ

Back to top button