"ДЭМБ-аас улс орнууд эв нэгдэлтэй байх хэрэгтэй хэмээн уриалсан”

ЭМЯ-наас коронавирусийн талаарх цаг үеийн мэдээлэл хийлээ.
Энэ үеэр тус яамны Шуурхай удирдлагын газрын дарга Д.Нарангэрэл дараах мэдээллийг өглөө.
ДЭМБ-аас өчигдөр ээлжит хурлаа хийсэн. Энэ үеэр ДЭМБ-ын ерөнхий захирал Тедрос Адханом "Дэлхий дахин энэ вирустэй 100 дахь хоногтоо хамт байна. Цаашид байдал хэрхэн өөрчлөгдөж, тархалт хэр хэмжээнд байхыг таашгүй. Тиймээс улс орнууд эв нэгдэлтэй байх хэрэгтэй” гэдгийг уламжилсан.
Дэлхийн 212 оронд COVID-19 халдвар бүртгэгдэж, 1.5 сая хүн халдвар авлаа. БНХАУ-д 61 тохиолдол зөөвөрлөгдөн орж ирж, шинээр бүртгэгджээ. Монголд 16 хүн бүртгэгдсэнээс 4 нь эдгэрч эмнэлгээс гарлаа. Улсын хэмжээнд 1572 хүн ажиглалтад байна. тусгаарлалтад байгаа иргэдэд эмч, эмнэлгийн ажилтан 310 хүн тусламж үзүүлж байна. 257 зорчигч Сөүл-Улаанбаатарын онгоцоор ирсэн. Тэднийг ХӨСҮТ, Цэргийн эмнэлэг, Жаргалант сувилал, Энхсаран сувилал болон нэр бүхий хоёр зочид буудалд тусгаарласан” гэв.
ЭМЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны газрын дарга Б.Янжмаа, "Их Британид нас баралт 938 бүртгэгдэж, эндэгдлийн тоо 7000 даваад байна. Францын Засгийн газар дөрөвдүгээр сарын 15 хүртэл хөл хорио тогтоосон ба дэглэмээ цуцлахгүй, үргэлжлүүлнэ гэдгээ мэдэгдсэн. Турк Улсад 24 цагийн хугацаанд шинээр COVID-19-ийн 4117 тохиолдол, 87 нас баралт бүртгэгдлээ. Тус улсад нийт 812 хүн уг халдвараар нас баржээ. Япон Улсад лхагва гарагт 500 гаруй тохиолдол шинээр бүртгэгдсэн байна. Үүнээс 144 тохиолдол нь нийслэл Токио хотод бүртгэгджээ. Хонконгт дөрвөөс олон хүн цуглахыг хориглох шийдвэр гарсан байна. ДЭМБ-аас Европын зарим улсад тархалтын муруйд өөрчлөлт орж, эерэг шинж тэмдэг илэрч байгаа ч тайвшрах болоогүй хэмээн анхааруулсан” гэлээ.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.