“Тээврийн жолооч хоёр долоо хоногийн өмнө халдвар авсан байх эрсдэлтэй”

Өнөөдрийн /2020.04.22/ ЭМЯ-ны хурлын үеэр ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга Л.Амбасэлмаа өчигдөр халдвар авсан нь батлагдсан тээврийн жолоочийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө. Тэрбээр,
“Бид олон улсын тээврийн жолооч нарыг хилээр орж ирмэгц тосож аваад, шинж тэмдэг илрээгүй бол ажиглах байранд тусгаарлаж байгаа. Энэ хүн ч мөн тусгаарлагдсан байсан.
Энэ сарын 16-ны өдөр Алтанбулагийн боомтоор 32 тээврийн машин орж ирсэн. 21 жолооч нь орос хүмүүс байсан тул тэр даруй нутаг буцсан. Үлдсэн 11 хүний хоёр нь үлдээд, бусад нь бас буцсан. Буцсан есөн монгол хүний дөрөв нь эргэж ирээд тусгаарлагдсан, тав нь ирээгүй байна.
Батлагдсан тохиолдлын хавьтал болох 49 хүнийг тогтоож, байгаа байгаа газар нь тусгаарласан. Тэдний Улаанбаатарт тусгаарлагдсан 24-ийн нь шинжилгээ сөрөг гарсан. Замын-Үүдэд тусгаарлагдсан хүмүүсийн шинжилгээ үүрээр ирсэн, хариу удахгүй гарна.
Халдвартай тээврийн жолооч Оросоор дамжаад хоёрдугаар сарын 21-нд Унгарын Будапешт хот хүртэл яваад ирсэн. 14 хоногийн өмнө буюу дөрөвдүгээр сарын 8, 9 хавьцаа халдвар авсан болов уу гэж таамаглаж байна” гэлээ.
Х.ЭРХЭС















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.