УЛС ТӨР

“Давхар дээл”-тэй гишүүдийн тоог хязгаарлах хуулийн төслийг өргөн барилаа

Ирэх тавдугаар сарын 25-нд хэрэгжүүлж эхлэх Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд Засгийн газрын “давхар дээл”-тэй гишүүдийн тоог хязгаарлахаар болсон. Ерөнхий сайдаас гадна дөрөв хүртэлх гишүүн УИХ-ын гишүүн байж болох зохицуулалтыг Үндсэн хуульд тусгасан юм. Харин Үндсэн хуулийг хэрэгжүүлж эхлэхээр одоогийн Засгийн газрын гишүүдийн олонхыг чөлөөлөх үү, үгүй юү гэдэг нь тодорхой бус байгаа.

Тэгвэл өнөөдөр Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлттэй нийцүүлэн боловсруулсан Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг  ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барив.

Засгийн газрын тухай хууль нь 38 зүйлтэй бөгөөд Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлттэй уялдуулан хуулийн дөрвөн зүйл, хэсэг, заалтыг өөрчлөн найруулж, хоёр хэсэг, нэг заалтыг шинээр нэмж, таван зүйлд нэмэлт, өөрчлөлт оруулж, дөрвөн хэсгийг хүчингүй болгохоор төсөлд тусгасан байна. Тодруулбал,

  • Сонгуулийн дүнгээр аль ч нам, эвсэл олонхын суудал аваагүй тохиолдолд улс төрийн нам, эвсэл заавал олонх бүрдүүлж Ерөнхий сайдад нэр дэвшүүлэх шаардлагыг Засгийн газрыг эмхлэн байгуулах үндэслэл, журам хэсэгт,
  • Ерөнхий сайд Засгийн газрын бүтцийн тухай болон Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуулийн төслийг Ерөнхийлөгчтэй зөвшилцөн УИХ-д өргөн мэдүүлэх, зөвшилцөж чадаагүй тохиолдолд өөрөө өргөн мэдүүлэх зохицуулалтыг,
  • Засгийн газрын гишүүн УИХ-д тангараг өргөх бөгөөд тангараг өргөх журмыг УИХ тогтоохоор,
  • Ерөнхий сайд УИХ, Ерөнхийлөгчид танилцуулсны үндсэн дээр Засгийн газрын гишүүнийг томилох, чөлөөлөх, огцруулах зохицуулалтыг,
  • Ерөнхий сайдыг огцруулах, Ерөнхий сайд огцорвол Засгийн газар бүрэлдэхүүнээрээ огцрох талаарх зохицуулалтыг,
  • Ерөнхий сайд улсын төсвийн болон бодлогын тодорхой асуудлаар өөрт нь итгэл хүлээлгэх тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр, УИХ тогтоолыг баталсан бол Ерөнхий сайдад итгэл үзүүлж, тухайн асуудлыг дэмжсэнд тооцохоор, тогтоолыг батлаагүй бол Ерөнхий сайдыг огцорсонд тооцох,
  • Ерөнхий сайд болон Засгийн газрын гишүүдийн дөрвөөс илүүгүй нь УИХ-ын гишүүн байж болох зохицуулалтыг нэмэхээр тусгажээ.

Мөн Засгийн газар гэсэн нэршил, Засгийн газрын бэлгэдлийг иргэн, хуулийн этгээд хэрэглэхийг хориглох заалт нэмсэн байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button