НийгмийнЯрилцлага

Д.Ундраа: Би ядарч, зүдэрсэн хүүхдүүдээр хэзээ ч бизнес хийхгүй, нүүр бардам хэлчихье

Бэлгийн хүчирхийлэлд өртсөн хохирогч хүүхдүүдийг хамгаалах, нөхөн сэргээх чиглэлийн үйлчилгээ үзүүлж буй цорын ганц газар бол “Үжин төв” юм. 2009 оноос хойш хүүхэд хамгаалал, тэр дундаа бэлгийн хүчирхийллийн золиос болсон балчир үрсийг харж хамгаалах чиглэлээр ажиллаж, 2018 онд “Үжин төв” 1, 2 төвийг байгуулжээ. Гэвч түрээслэгч төлбөрөө гэнэт 200 мянган төгрөгөөр нэмсэнд “Үжин 2” төв төсөвгүй болсон тул эрхгүй хаалгаа барихад хүрсэн байна. Тус төвд 2-6 сар үйлчилгээнд хамрагдаж байсан 1.6-15 насны 15 хүүхдийг арга буюу төрийн хамгаалах байр руу шилжүүлжээ.

Уг нь УИХ-ын дарга Г.Занданшатар ХНХ-ийн сайд С.Чинзориг нарт төрийн зарагдахгүй байгаа олон байрнаас “Үжин” төвд өгөх эсвэл дэмжиж ажиллахыг үүрэг болгож байсан. Гэвч тус шийдвэр хэрэгжихгүй байсаар хүчирхийлэлд өртсөн хөөрхийлөлтэй үрс үл хайхрагч эцэг эх, гэр бүл рүүгээ эргээд очих нь. Энэ асуудлаар тус төвийн захирал Д. Ундраатай ярилцсан юм.


ТҮРЭЭСЛЭГЧ МААНЬ ТӨЛБӨРӨӨ НЭМЭЭД ЗОГСОХГҮЙ, БҮТЭН ЖИЛЭЭР НЬ БӨӨНДӨЖ АВНА ГЭСЭН ТУЛ ЦӨХРӨӨД БАЙНА

-Ярилцлагаа “Үжин 2” төвийн одоогийн нөхцөл байдал ямар байгаа талаар эхэлье?

-Яг үнэнийг хэлэхэд үнэхээр хүнд байдалтай байна. Өөрийн хүүхдээс дутуугүй хайрлаж, халамжилж ирсэн хүүхдүүдээ ингээд тарааж байгаадаа сэтгэл үнэхээр эмзэглэж байна. Манай төвийн хүүхдүүд бүгд намайг ээж гэж дууддаг. Ямар сайндаа л хүүхдүүдээ хамгаалах байр руу шилжүүлэх гэтэл бүгд уйлаад, гуйгаад ирэхэв дээ.

Би яагаад Үжин 2 төвөө хаах болсон бэ гэхээр ковид-19-тэй холбоотойгоор хоёр сараас хойш хувиараа олдог мөнгө маань зогссон. Ийм учраас бидэнд санхүүгийн бэрхшээл тулгарч эхэлсэн. Нийгмийн ажилтнуудынхаа цалингаас эхлүүлээд, хүүхдүүдийнхээ хоол тэжээлийг хүртэл залгуулахад хүндрэлтэй болж эхлээд байна. Хоёрхон хүүхэдтэй айлын хувьд л хоолны ямар их зардал гардаг билээ. Гэтэл бид чинь 15, 16 хүүхдийг хоёр төв дээрээ байрлуулж байна шүү дээ. Тэд жирийн хүүхдээс илүү их арчилгаа, нэмэлт хоол хүнс болон эм бэлдмэлийн хэрэгцээ байдаг учир үнэхээр хэцүү байна. Тахал бидэнд маш их нөлөөллөө. Яах аргагүй түрээсийн байр маань түрээсээ нэмж, төлбөрөө бөөнд нь буюу бүтэн жилээр нь бодож авна гэдэг асуудал яригдсан учир бид байраа хугацааг нь дуусахаар хүлээлгэж өгөх бодолтой байгаа.

-Түрээсийн төлбөр нэмэгдэх болсон шалтгаанаа танд хэлэв үү?

-Ер нь бол тухайн түрээслэгч маань хувь хүн юм. Тиймээс түрээсээ нэмэх, хасах эсэхийг тухайн хүн өөрөө л шийднэ шүү дээ. Манайх анх орохдоо ханын цааснаас эхлээд бүгдийг шинээр сольж, бүтэн засвар хийж байсан. Тиймээс манайхыг яаж ч чадахгүй гэж бодсон учраас гэнэт ийнхүү түрээсээ нэмсэн болов уу гэж таамаглаж байна. Тухайн хүн хувь хүн, дээр нь байр объектоо түрээсэлж мөнгө олж байгаа учир буруутгах хэцүү. Хувиараа жижиг оёдлын цех ажиллуулдаг газруудаас эхлээд бүхий л газрууд коронавирусээс хамааралтайгаар дампуурч байна. Манайх ч гэсэн төсөв, санхүүгийн хувьд хүнд байдалд орж, ажилчдаа цалинжуулж чадахгүйд хүрсэн.

-МУ-ын ерөнхий сайд У.Хүрэлсүх УИХ-ын дарга Г.Занданшатар болон ХНХ-ын сайд С.Чинзориг нарт “Үжин төв”-ийн байрны асуудлыг шийдэж өгөхийг үүрэг болгож байсан шүү дээ. Танд хариу өгөв уу?

-Гадаадаас санхүүжилт авдаг том хандивлагч нартай хувийн асрамжийн газрууд дуугүй ажиллаж байхад Д. Ундраа дуугарлаа гэдэг шүүмж их ирдэг юм. Гэтэл төрийнхөө хийх ёстой ажлын ачаанаас үүрэлцчихээд, төрөөсөө олигтой санхүүгийн дэмжлэг авахгүй өдийг хүрлээ. Түүнчлэн маш олон худлаа амлалтууд байна. УИХ-ын дарга нь манай төв дээр ирсэн. Тэгээд тавдугаар сарын 21-ны өдөр МУ-ын ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ахладаг Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн хурал хийсэн. Энэ хурлаараа бэлгийн хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдийг нөхөн сэргээх зардлыг төр хариуцна, Эрүүл мэндийн даатгалын санд өөрчлөлт оруулна гэх зүйлсийг ерөнхий сайд нь амласан. Гэтэл одоо болтол хэрэгжээгүй байна. Яагаад амласан зүйлээ биелүүлдэггүй юм. Ерөнхий сайд нь үүрэг өгсөн л бол, үүнийг нь биелүүлэх учиртай юм биш үү.

Эсвэл, хүүхэд сонгуульд санал өгдөггүй болохоор ингэдэг юм болов уу. Гэтэл энэ хүүхдүүд маань 20, 30 жилийн дараах Монгол улсыг авч явах иргэд маань шүү дээ. 2030, 2040 онд бид хүүхдүүдээ ямар өсгөнө тэр хэмжээгээр энэ хүүхдүүд төрийг авч явна. Магадгүй хүчирхийлэлд өртөж байсан тэдгээр хүүхдүүд таны гэрт бэр болоод очно. Яагаад үүнийг ойлгодоггүй юм. Өөрт нь л ийм асуудал тулгараагүй бол гэдэг аминч бодлоо орхих цаг болсон.

Өнгөрсөн нэгдүгээр сард Үжин төв-ийн байрыг шийдэж өгнө гэхэд нь би ХНХ-ын сайд С.Чинзоригт их баярлаж байсан. Хүүхдийн хамгаалал, хөгжлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа төрийн бус байгууллагуудыг орон байраар хангана гэдэг хуулийн заалт хүртэл байдаг. Гэтэл одоо энэ хуулийн заалт нь хэрэгжихгүй байна. Би заавал ингэж зууралдах албагүй л дээ. Гэхдээ миний зүрх сэтгэлд хүчирхийллийн хохирогч болсон хүүхдүүдийн асуудал үнэхээр хүнд байна. Би нийгмийн ажилтан хүнийхээ, эх хүнийхээ хувьд зориглоод эхлүүлсэн гурван жилийнхээ ажлыг ингээд хаячихмааргүй байна шүү дээ.

САНХҮҮГИЙН БЭРХШЭЭЛЭЭС БОЛООД АЖИЛЧДАА ЦАЛИНЖУУЛЖ ЧАДАЛГҮЙ ХЭДЭН САР БОЛЛОО

-Нөхцөл байдал хэдийн хүндэрсэн ч танд тэдгээр хүмүүсийг гэх горьдлого үлдсэн үү?

-Баянзүрх дүүргийн төрийн байгууллагаас надтай холбогдоод намайг ирж уулзаач гэсэн. Тиймээс юмыг яаж мэдэх вэ гээд горьдлого тээсэн хэвээр байна. Ялангуяа өнгөрсөн оны 11 сараас хаашаа ч очих боломжгүй, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг Үжин төв-дөө авсан юм. Жишээ нь дөрвөн настай хүүхэд гэхэд бие нь дөнгөж 8,9 сартай хүүхэд шиг жижигхэн, маш их тураалтай ирж байсан. Одоо тураалаас гарчихсан, хөөрхөн болж байна. Мөн 15, 16 жил тэргэнээс босоогүй хүүхдийг бид явуулдаг болголоо. Манай төвийн нийгэм халамжийн ажилтнууд маань уйгагүй хөдөлмөрлөж байгаа. Манай хэд маань үнэхээр халширч байна. Аргагүй шүү дээ. Санхүүгийн бэрхшээлээс болоод цалин мөнгийг нь цагт нь тавьж чадахгүй явсаар хэдэн сарын нүүр үзлээ. Манайхыг асрамж халамжийн төвүүдтэй харьцуулаад бусад чинь дуугүй ажлаа хийгээд байхад намайг бараг дуугарлаа л гэж байна.

Монгол улсын үндсэн хуулин дээр гэр бүл, хүүхдийн эрх ашигийг төр хамгаална гээд заагаад өгчихсөн. Түүгээр ч барахгүй 2019-2020 оныг Хүүхдийн хөгжил хамгааллын жил болгоод зарлачихсан. Гэтэл хүүхдийн чиглэлээр ажилладаг тэдгээр мянга мянган төрийн бус байгууллагууд яагаад хамгаалах байр нээхгүй байгаа вэ гэдэг асуудал байна. Хамгаалах байр гэдэг өөрөө нийгмийн хамгийн хүнд ажлуудын нэг юм. Яагаад гэхээр хохирогчийн сэтгэл зүй маш хүнд. Яр шарханд баригдчихсан 6 настай хүүхэд, хүчирхийлэлд олон жил өртөж бие болоод сэтгэл зүйн гүн цочролд орсон, байнга доороос нь юм гардаг хүүхдүүдтэй 24 цагийн турш тулж ажиллана гэдэг баргийн нийгмийн ажилтны зориглон хийх ажил биш юм.

-“Үжин төв”-д байгаа хүүхдүүдийн одоогийн нөхцөл байдал ямар байгаа вэ“Үжин төв” нь хүүхдийн тусламжийн 108 утасны төвөөс юугаараа ялгаатай вэ?

-Түр хамгаалах байрны стандарт 2019 онд батлагдсан байдаг. Хүүхдийн тусламжийн 108 утасны төв нь 72 цагийн үйлчилгээтэй. Яаралтай аюулгүй байдлыг хангах зориулалттай. Түүнээс хохирогч хүүхдийг байнга буюу урт хугацаагаар байлгах боломжгүй. Харин Үжин төв-ийн хувьд нэг сараас нэг жил хүртэлх хугацаанд хүүхдийг байрлуулж, түүнээс цааш байнгын хяналтдаа авч ажилладаг. Манайд ой гурван сартайгаас 15 нас хүртэлх 15 хүүхэд байсан. Зургаа, хоёроор нь 108 төвд хүлээлгэж өгсөн. Одоогоор таван хүүхэд үлдсэн байгаа. Явсан хүүхдүүддээ одоо ч санаа зовж байна. Гэр бүлтэй нь огт тулж ажиллахгүй хэрнээ өнөө л хүчирхийлэгч гэр бүлүүддээ эргэн очиж байгаа гэж бодохоор сэтгэл эмзэглэж байна. Яагаад вэ гэхээр бидний хэдэн сар, жил ажиллаж байж бүтээсэн хүүхдэд гарсан эерэг өөрчлөлтийг маань эргээд үр дүнгүй болгочихно шүү дээ.

-Эдгээр хүүхдүүд “Үжин төв”-д ирээд багагүй хугацааг өнгөрүүллээ. Тус төвийг гэр шигээ, таныг эх шигээ хайрлаж хүндэлдэг байх. Хүүхдүүд энэ харамсалтай шийдвэрийг хэрхэн хүлээж авсан бэ?

-Хандах ёстой газарт нь бид өргөдөл гомдлоо бичээд өгье. Ямар газар хандах вэ, бид “Үжин төв”-өөсөө явмааргүй байна гэсэн. Мэдээж энд бол дандаа эрсдлийн түвшин өндөр хүүхдүүдийг авдаг. Бүр хамгийн өндөр хүүхдүүдийг шүү. Амиа хорлох оролдлогыг удаа дараа хийсэн. Төрсөн эцгийнхээ хүчирхийлэлд удаа дараа өртөж байсан, зан үйлд нь өөрчлөлт орж, донтох эмгэгт өртсөн хүүхдүүд байсан. Манайд байх хугацаандаа сэтгэл санаа нь тайвширч, овоо уужраад байсан гэх үү дээ. Ер нь бол тэдгээр хүүхдүүдийг сар юм уу, хэдэн хоног ажиллаад шууд л үр дүн харагдахгүй. Доод талдаа гурван сар түүнээс дээш хугацаанд ажиллаж байж л эерэг өөрчлөлтүүд гарч эхэлдэг. Тэр бүү хэл гурван жил хүртэлх хугацаанд ч ажиглаад анхаараад явж байгаа хүүхэд бий. Бид хүүхдүүдийнхээ араас явж, ойр ойрхон эргэж очдог. Өчигдөр манай нийгмийн ажилтан 108 төвд хүлээлгэж өгсөн хүүхдээ эргэж очсон байсан. Тэгээд л хөөрхий хоолой нь чичрээд ярьж байна лээ.

-“Үжин төв” өнөөдрийг хүртэлх зардал, түрээсийн мөнгөө хэрхэн болгож байв?

-Манайх хоёр жил дараалан хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ үзүүлэх магадлан итгэмжлэгдсэн төрийн бус байгууллагаар шалгарсан. Иймээс Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар-аас тендер зарлаад энэ тендерээр нь 2018 онд 49 сая төгрөг, 2019 онд 43 сая төгрөгийг тус тус хүүхэд хамгааллын зардлаас авсан. 2020 оны тендер зарлагдсан боловч, хүчингүй болоод дахин зарлах уу, эсвэл гэрээлэх үү гэдэг асуудал одоогоор яригдаад явж байгаа юм билээ.

-Таныг ядарсан хүүхдүүдээр бизнес хийж, улсаас мөнгө аваад байна гэх яриа сошиалаар явах болсон. Үүнд ямар хариу өгөх вэ?

-Би бүх зүйлээ ил тавьдаг. Тэр нь ч амар байдаг юм. Би боловсол нийгмийн хамгааллын салбарт 20 жил ажилласан. Нийгмийн хамгааллын тэргүүний ажилтан. Дээрээс нь би өөрөө эрх зүйч мэргэжилтэй, хуульч хүн. Мөн Санхүү эдийн засгийн дээд сургууль -ийг Нягтлан бодогч мэргэжлээр 2004 онд төгсөж байлаа. Ер нь бол аливаа бүх зүйлийг хуулийн дагуу, үнэн шударгаар шийдэхийг хүсдэг. Ер нь нийгмийн ажилтан хүн хууль ёсыг сахих, хүний эрхийг дээдэлдэг олон зарчмын хүрээнд ажилладаг. Миний аав ч гэсэнМонголын залуучуудын эвлэл-ийн даргаар олон жил ажилласан хүн байдаг. Ядарсан, зүдэрсэн хүүхдүүдээр бизнес хийхгүй гэдгээ би нүүр бардам хэлчихье. Манай төвтэй холбоотой санхүүгийн тайлангуудыг харж болно л доо. Төрөөс манайхыг 2018, 2019 онуудад хоёр жил дараалан үнэлгээ хийсэн. Гэрээний дүгнэлтээр хоёуланд нь Аүнэлгээ авсан. Тэгэхээр төрийн байгууллагууд ч гэсэн манайхыг харж байгаа гэсэн үг шүү дээ.

БИ ЯДАРЧ, ЗҮДЭРСЭН ХҮҮХДҮҮДЭЭР ХЭЗЭЭ Ч БИЗНЕС ХИЙХГҮЙ, ХАТУУ ХЭЛЧИХЬЕ

-Хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдтэй ажиллахад маш хүндрэлтэй байдаг байх. Тэдний зан төлөв, сэтгэл зүй хэрхэн өөрчлөгдсөн байдаг вэ?

-Хүчирхийлэлд өртсөн хүүхдүүд нийтлэг бүх бурууг өөртөө тохох хандлагатай байдаг. Түүнчлэн хүний нүд рүү эгцэлж харж чадахгүй байх, шөнө унтаж чаддаггүй. Хэрвээ чи санаж байгаа бол манай төв дээр 15 настай охин төрсөн шүү дээ. Бид тэр охиноо үзүүлэхээр 46 удаа эмнэлгийн байгууллагад хандсан байдаг юм. 46-г хоёроор үржихээр хэдэн удаа байх уу. Ийм олон удаа зөөсөн байх нь. Гэтэл бид нарын энэ ажлыг ойлгохгүй мөртлөө, хүүхдээр мөнгө олдог амархан ажил хэмээн дүгнэдэг. Үгүй шүү дээ. Ямар хүнд ажил гэж бодож байна. Эх хүн төрсөн хүүхдүүдээ асрахад л ямар байдаг билээ. Гэтэл хүчирхийлэлд өсчихсөн, тэмбүү туссан гээд олон аймар оноштой хүүхэд ирж байгаа шүү дээ. Тэгэхээр бид нэлээн хүнд ажлыг л нугалж байна. Бас их сэтгэлтэй ийм л хүмүүс манайд ажиллаж байна.

-Хүүхдүүдийг хүмүүжүүлэхэд хэр хүндрэлтэй байдаг вэ?

-Маш хэцүү байдаг. Асар их худлаа ярина. Тамхи татдаг, архи уудаг гээд төрөл бүрийн л хүүхдүүд ирж байгаа шүү дээ. Хоёр сараас бүтэн жилийн хугацаанд ажиллаж байж тэдгээр муу зуршлаас нь салгах үе байна. Бага насны хүүхдүүдийг бол ээжтэй нь хамт байлгахыг хүсдэг. Хүүхдүүдийнхээ шүүх хуралд оролцоод явж байхад, нөгөө талаас бидэн рүү дайрч давшлах гээд асуудал их. Ер нь маш их хэцүү бэрхийг туулж байж ажиллаж байгаа. Тэдгээр хүүхдүүдтэй 24 цагийн турш тулж ажиллана гэдэг хэр баргийн хүний хүсээд хийх ажил биш. Энийг л ойлгохгүй байгааг их гайхах юм.

-Таныг энэ салбарт тэсч үлдэхэд юу нөлөөлөв?

-Би боловсол нийгмийн хамгааллын салбарт 20 жил ажилласан. Нийгмийн хамгааллын тэргүүний ажилтан. 2008, 2009 оноос тасралтгүй хүүхэд хамгааллын чиглэлээр, тэр дундаа бэлгийн хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдтэй тулж ажилласан. Ажиллаж байх явцад бол яалт ч үгүй л нөхөн сэргээх төв байх ёстой юм байна, урт хугацааны нөхөн сэргээх эмчилгээг хийхгүй л бол хохирогч болсон энэ хүүхдүүдэд эмгэг үлдээгээд байж байдаг. Хохирогч хүүхдүүдэд бүгдэд тусалж чаддаггүй юмаа гэхэд ядаж 10 хувьд нь ч болов үйлчилгээ үзүүлээд явъя гэдэг чин сэтгэл байсан юм. Гэхдээ одоо үнэндээ төр нь дэмжихгүй бол заавал амь амьдрал биш, бүр сүүлдээ шантраад болъё гэж бодоход хүрч байна. Сонгуулийн пи ар хийдэг нөхдүүдээр элдвээрээ хэлүүлэн байж ажилласнаас Үжин төв-өө бүр мөсөн хаачихдаг ч юм уу гэсэн бодол толгойд эргэлдэх боллоо.

-Төвийнхөө нэрийг яагаад “Үжин” хэмээн нэрлэсэн бэ?

-2016 онд төрийн захиргааны байгууллага болох “Хүүхэд, залуучуудын хөгжлийн газар”-ын хүүхдийн асрамж халамж хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан. 2018 онд хүүхдийн тусламжийн утасны 108 төвийн даргаар томилогдсон. Өөрийн хүсэлтээр өргөдлөө өгөөд гарч байлаа. Миний зорилго бол бэлгийн хүчирхийлэлд өртсөн хүүхдийн нөхөн сэргээх төвийг байгуулах байсан. Төр эдийн засгийн боломжгүй байлаа гэхэд би байгуулаад төртэйгээ хоршоод ажиллъя гэх үүднээс “Үжин” төслийг боловсруулж байсан юм. Ингээд хамгаалах байрныхаа нэрийг “Үжин” гэж өгсөн. Тус маань анх хоёр давхар хаустай их тансаг эхэлж байлаа. Хүүхдийн орчиндоо түлхүү анхаарч, яг л гэртээ байгаа мэт сэтгэгдлийг төрүүлэхийг хичээж байсан. Тэдгээр хүүхдүүд хоол тэжээл, хайр халамжийн дутагдалд орчихсон байдаг учир, тэдгээр хүүхдүүдэд аль болох элбэг дэлбэг хоол хүнсээр үйлчлэхийг эрмэлздэг.

“ҮЖИН ТӨВ”-ӨӨ БҮР МӨСӨН ХААЧИХДАГ ЮМ УУ ГЭСЭН БОДОЛ ТОЛГОЙД ЭРГЭЛДЭХ БОЛЛОО

-Таныг он гарсаар нэгдүгээр сард хөдөө орон нутгуудаар явж, сургалт сурталчилгаа хийгээд ирсэн гэж сонссон?

-Би жилдээ 16, 17 аймгуудаар тойроод ирдэг юм. Ингэхдээ 160, 170 орчим сумдуудаар очиж, хүчирхийллээс урьдчилан сэргийлэх сургалт нөлөөллийн ажлын хүрээнд ард иргэдийг соён гэгээрүүлэх, хүчирхийллийг үл тэвчих нийгмийн сэтгэл зүйг бий болгохын тулд төрийн болон олон улсын байгууллагуудтай хамтарч ажилладаг. Ингэж сургалт хийхдээ төрөөс хүүхдийн хамгааллын чиглэлээр ямар бодлого баримталж байгаа, тэрчлэн ямар хууль дүрэм хэрэгжиж байгаа болон үүнийг ард иргэдэд сурталчлан таниулах ажлыг хийдэг. Өнгөрсөн борооны хойноос цув нөмрөх гэгчээр хүүхдүүдийг хүчирхийлэлд өртсөнийх нь дараа үйлчилгээ үзүүлэх бус, урьдчилан сэргийлэх нь чухал шүү дээ. Тийм учраас төрийн албан хаагчдыг чадавхижуулах ард иргэдийг соён гэгээрүүлэх, өсвөр насны хүүхдүүдийг өөрийгөө хамгаалах, дүү нараа хамгаалах ийм арга зүйд сургаж явдаг.

-Ингээд явахад иргэдийн бэлгийн боловсрол, хүчирхийллээс хамгаалах сэтгэл зүй нь хэр байна вэ?

-Ер нь бол манай улсад нэг л зүйл дутагдаад байна. Энэ нь хууль сурталчлах ажил юм. Ард иргэдэд яг хөрсөн дээр буй хэрэгжих боломжтой хуулийг сурталчлан таниулах. Жишээ нь, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулийн 28.3 дээр хүүхдийн дэргэд архидан согтуурахыг хориглосон. Гэтэл ээж, аав нар энэ хуулиа мэдэхгүй л хүүхдийнхээ дэргэд архидаад байна шүү дээ. Тэгэхээр хууль сурталчлах ажлыг бид асар сайн хийх хэрэгтэй юм байна. Ард иргэд тань мэдээллээр цангачихсан байдаг юм байна. Би сая Өмнөговь аймгийн зургаа долоон сумаар тойроод ирлээ. Ер нь энэ жилийн хувьд нэг сараас хойш Баян-Өлгий аймгийн найман сумыг тойроод нийтдээ 64, 65 сум тойрчихоод байна шүү.

Ингээд ажиглахад, хүмүүс маань Фейсбүүкээр асар их хэрэггүй мэдээллийг авдаг юм байна. Хоорондоо талцаж, их намчирхадаг юм байна. Суман дээр л намчирхал гэдэг асуудал аймар байдаг юм байна шүү дээ. Энэ нам, тэр нам гээд хуваагдчихсан байх жишээтэй. Малчин өрх, тэр дундаа эмэгтэйчүүд хүчирхийлэлд өртөж буй байдал их харагдлаа. Үүнийгээ миний амьдрал гээд хүлээн зөвшөөрчихсөн байх шиг. Одоо хүмүүс маш зэрлэг болж байна. Хэнтий аймагт 2015 онд эхнэрийнхээ нэг нүдийг ухаад, гурван жилийн ял аваад эргэж ирэхдээ сая гуравдугаар сарын 7-нд нөгөө нүдийг нь ухсан хэрэг гарлаа. Хэнтий аймагт нэг сарын дотор гэр бүлийн хүчирхийллээр хоёр хүн нас барлаа. Хөвсгөл, Баян-Хонгор, Увс аймгуудад гэр бүлийн хүчирхийлэл ноёлж байна. Гадаад улс орнуудаас ч мөн гэр бүлийн хүчирхийллийн дуудлага их ирж байна. Тэглээ гээд би тэдгээр хүмүүсийн зурвасыг задлах эрх, ёс суртахуун байхгүй. Хүнлэг биш, ёс зүйгүй хэрэг болно шүү дээ.

-Сошиалд жүжигчин Б.Цэцэг хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдийн зурвасыг олон нийтэд задалсан. Та үүн дээр ямар байр суурьтай байгаа вэ?

-Хувь хүний нууцын тухай хуулинд энэ тухай тусгасан байдаг. Фэйсбүүк чат, гар утасны зурвас нь тухайн хүүхдийн хувьд ил захидал гэсэн үг шүү дээ. Хүүхэд ч бай, хүний захиаг ингэж задлах нь буруу. Тухайн эмэгтэйн хүчирхийллийн эсрэг дуугарч буй нь сайшаалтай боловч, хэтэрхий ёс зүйгүй санагдсан. Ийм хүнд асуудлыг хөндөж байгаа бол ядаж мэргэжлийн хүмүүсээс заавар зөвлөгөөг авах хэрэгтэй. Хүүхдүүдэд тохиолдсон зүйлийг задлах нь эсрэгээрээ зарим этгээдүүдэд сэдэл төрүүлэх өндөр эрсдэлтэй байдаг. Яахав залуу хүнийхээ хувьд алдаа оноо байхыг үгүйсгэхгүй. Би ч гэсэн түүний насанд байсан учраас энэ үйлдлийг нь ойлгож хүлээж авсан. Түүний хувьд магадгүй бодлогогүй үйлдлийг хийж, дүрэлздэг насан дээрээ явааг үгүйсгэхгүй.

Б.ЦЭЦЭГ ХҮЧИРХИЙЛЭЛД ӨРТСӨН ХҮҮХДҮҮДИЙН ЗУРВАСЫГ ЗАДЛАСАН НЬ ХЭТЭРХИЙ ЁС ЗҮЙГҮЙ САНАГДСАН

-Сонгууль ойртож байна. Таны хувьд нэр дэвших бодол бий юу?

-Надад маш их санал ирсэн. Хэрэв би сонгуульд нэр дэвшвэл шоу хийлээ гээд намайг барьж иднэ.

Ер нь ганцаараа дуугараад нэмэргүй юм байна гээд өнгөрсөн оноос эхлэн Хүүхэд хүчирхийллийн үндэсний хөдөлгөөн- ийг үүсгэн байгуулж, үүнд маань 46 төрийн бус байгууллага нэгдсэн. Тус хөдөлгөөнд маань 10300 орчим ээж, аавууд нэгдсэн. Энэ хөдөлгөөнийг хуульч, өмгөөлөгт Р.Булгамаатай хамтраад анх байгуулж байлаа. Тухайн үед намайг хүмүүс маш их улс төржүүлж харж байсан. Тэр үед нь би мэдэгдэл ч хийж байлаа. Би аль нэг намаас нэр дэвшихгүй. Монгол улсад маань хүүхэд хүчирхийлэлд битгий өртөөсэй, хүчирхийлэлгүй нийгэмтэй улс болчихоосой. Хүүхдийн хөгжлийг тэргүүнд тавьдаг болоосой гэх үүднээс энэ хөдөлгөөнийг байгуулсан. Иймд хөдөлгөөнөөрөө дамжуулаад төрдөө дуу хоолой болъё хэмээн зориглож байсан юм. Мөн бид эрүүгийн хуулинд хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэгт өөрчлөлт оруулахаар хуулийн төсөл боловсруулснаа өргөн барихаар бэлдээд байна. Бид удахгүй боловсруулсан хуулийн төслөө өргөн барина. Манай хөдөлгөөний гол зүйл нь 15 чиглэлээс бэлгийн хүчирхийлэгч нарын ялын бодлогыг зөв болгох, хуулийг эрх тэгш хэрэглэхэд анхаарч ажиллана. Яагаад хохирсон хүүхдүүдийн ялтанд ялгаатай шийтгэл оногдуулдаг юм. Хүүхэд л бол хүүхэд биз дээ. Тиймээс бид ялын оновчтой бодлого, хүчирхийлэл үйлдэгчид хохироосон хүүхдээ насан туршид нь тэжээн тэтгэх хуулийг өргөн барина. Тэгвэл ялтан шоронд зүгээр суух бус хийсэн хэргийнхээ шийтгэлийг илүү сайн мэдрэх болно. Мөн бие махбодь, сэтгэл санааны хохирлыг заавал барагдуулдаг байх заалтыг оруулж өгөх хэрэгтэй.

Ард иргэдийн дунд хүчирхийллийг үл тэвчих нөлөөллийн ажлуудыг хийх хэрэгтэй. Мөн манай улс гэрч хохирогчийг хамгаалах хөтөлбөртэй хэрнээ тэр төсөвдөө нэг ч мөнгө байхгүй. Тэгсэн мөртлөө цагдаагийн ерөнхий газарт Гэрч хохирогчийг хамгаалах хэлтэс гэж байдаг. Нэг ч мөнгөгүй газраар хохирогчийг яаж хамгаалуулах гээд байгаа юм. Цагдаагийн ерөнхий газар манайхтай санамж зурсныхаа дагуу хүчирхийлэлд өртсөн, хамгаалалтад буй хүүхдүүд манайд ирдэг юм. Асар их шантарч байна. Олон найз нөхөд маань сонгуульд бие даан нэр дэвшээч гэж санал тавьсан. Ер нь бол дэвших хэрэгтэй л гэсэн. Гэхдээ би сонгуульд нэр дэвшихийг хүсээгүй ээ.

ХЭРЭВ БИ СОНГУУЛЬД НЭР ДЭВШВЭЛ ШОУ ХИЙЛЭЭ ГЭЭД НАМАЙГ БАРЬЖ ИДНЭ

-Та энэ олон жил хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдтэй тулж ажиллаж байна. Та бусдын л адил эх хүн, эмэгтэй хүн шүү дээ. Энэ хугацаанд гэр бүлд тань ямар нэгэн хүндрэл гарч байв уу?

-Ер нь бол асар их нөлөөлнө. Хамгаалах байр байгуулагдсанаас яг гурван жилийн хугацаанд зан байдлын хувьд ч гэсэн маш их өөрчлөлт гарсан. Стресс ихтэй учраас амархан уурлах, бухимдах, салганах гээд олон зүйлтэй учирсан. Дээрээс нь хүүхэд хамгаалах байр учир утсаа салгах, унтраах эрх байхгүй. Утас үргэлж асаалттайн дээр, шөнө нойргүйдэх зэрэг сөрөг шинж тэмдгүүд их илэрсэн. Хувь зан байдал тогтворгүй болсон тул найзууд маань намайг хэсэг завсарлахыг зөвлөх болсон. Бараг сүүлдээ ажлаас өөр зүйл мэдэхгүй, хавь ойрын хүмүүсийг анхаарч чадахгүй байна л даа. Хажуудах хань ижилд маань хүртэл миний зан байдал нөлөөлөөд байх шиг. Ийм ажлыг хийхэд ойлгодог хань ижил, үр хүүхэд, ээж аав чухал байдаг юм байна. Тэднийхээ буянд бас их зүтгэлээ. Гэхдээ хүнд туйлдаа хүрнэ гэдэг зүйл ирдэг юм байна. Хүүхдүүдээ хүлээлгэж өгснийхөө дараа нийгмийн ажилтан маань над руу залгаад асар их уйлсан. Ингэж ажилчихаад элдвээрээ хэлүүлэх мэдээж хэцүү шүү дээ.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ Ц.МЯГМАРСҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2020-05-05 13:33

Ундраа минь битгий шантраарай. Чи дайчин учраас л энэ ажлыг хийж байгаа юм. Бага з�##�уудаа хамтран ажиллаж байсан найз на бнаа

Зочин
Зочин
2020-05-05 14:22

Хууль гаргаж түрээсийн төлбөр урьдчилж бөөнөөр авахыг хориглох хэрэгтэй. Ядуу орон. Хөгжилтэй орныхон ч сар сард нь авдаг.

Холбоотой мэдээ

Back to top button