ҮСХ: Уул уурхайн салбарын нийт үйлдвэрлэл 1.3 их наяд төгрөгөөр буурсан
Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2020 оны эхний дөрвөн сард урьдчилсан гүйцэтгэлээр 4.1 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 1.3 (24.1%) их наяд төгрөгөөр буурсан болохыг өнөөдөр /2020.05.20/ Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.
Нийт үйлдвэрлэл буурахад уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл 1.3 (33.0%) их наяд төгрөгөөр, боловсруулах аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл 65.1 (6.5%) тэрбум төгрөгөөр тус тус буурсан нь голлон нөлөөлжээ.Харин цахилгаан, дулааны эрчим хүч үйлдвэрлэл, усан хангамжийн салбарын үйлдвэрлэл 66.8 тэрбум төгрөгөөр буюу 15.3%-аар өссөн байна.
Энэ талаар ҮСХ-ны Эдийн засгийн статистикийн газрын статистикч Д.Баасан "Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2020 оны эхний дөрвөн сард урьдчилсан гүйцэтгэлээр 2.6 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 1.3 (33.0%) их наяд төгрөгөөр буурсан. Үүнд, нүүрс олборлолт 944.2 (55.0%) тэрбум төгрөгөөр, газрын тос олборлолт 254.2 (77.1%) тэрбум төгрөгөөр, металлын хүдэр олборлолт 113.4 (6.2%) тэрбум төгрөгөөр тус тус буурсан нь голлон нөлөөлсөн Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарт 2020 оны эхний дөрвөн сард алт олборлолт өмнөх оны мөн үеэс 2.1 дахин их, боловсруулах аж үйлдвэрийн салбарт гурил, шингэн сүү, ус, ундаа, жүүс, спирт зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 14.5-32.7 хувиар өссөн. Мөн шахмал түлш болон амны хаалтын үйлдвэрлэл 2020 оны эхний дөрвөн сард өмнөх оны мөн үеэс 4.5-19.2 дахин өссөн” гэв.











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.