Харийн нутагт гялалзаж яваа 13 настай од

Уран гулгалтын спортоор хичээллэн, чамлахааргүй амжилт гаргаж яваа монгол тамирчин цөөнгүй. Энэ жил гэхэд дэлхийн оюутны наадамд Г.Марал-Эрдэнэ оролцон, анхдагч болсон.
13 настай уран гулгагч Отгонбаярын Ивээлийн гаргаад буй амжилт олон хүний бахархлыг төрүүлээд байна. Тэрбээр “Ванкувер-2010” олимпод БНСУ-ын алдарт гулгагч Ким Юүнаг түрүүлэхийг зурагтаад үзээд уран гулгагч болохоор шийдсэн гэнэ. Улмаар гуравхан настайдаа мөсөн дээр анх гарчээ.

Ганцхан жил хичээллээд Колорадо мужийн уран гулгалтын холбооны тамирчин болж, клубийнхээ аварга шалгаруулах тэмцээнд түрүүлж, анхныхаа алтан медалийг хүртжээ. Тэгээд Денверийн клубүүдийн аваргаас техникийн төрөлд мөнгөн медаль хүртэн, Колорадогийн аварга болж, амжилтын буухиагаа үргэлжлүүлж.

Тэгж явсаар 2013 онд АНУ-ын уран гулгалтын холбооны тамирчин болжээ. Энэ үеэр түүнд нэг бэрхшээл тулгарч. Тэр нь бэлтгэлээ мэргэжлийн, өндөр зэрэгтэй дасгалжуулагчийн удирдлагад хийх шаардлага тавьсан байна. Улмаар аав, ээж нь түүнийг Наталия Козова гэдэг орос багшийн шавь болгожээ. Орос багшийн сургалтын төв О.Ивээлийнхээс 115 км зайтай. Тэглээ гээд аав, ээж нь бууж өгөөгүй. Охиноо өнөөг хүртэл долоо дахь жилдээ бэлтгэл рүү зөөж, тарахаар нь авч байгаа гэнэ.
Тэгэхээр бэлтгэлээ хийхийн тулд ганцхан өдөрт л гэхэд 300 км туулдаг гэсэн үг. Хажуугаар нь булчин суллах дасгал хийн, усан сэлэлт, бүжиг, балетын спортоор хичээллэнэ. Гимнастик, жүжиглэлтээ давтана. Тэгж зүтгэн, хөдөлмөрлөж байгаагийнхаа хүчинд энэ жил л гэхэд Канад, Япон, БНСУ-ын тамирчид оролцсон “Broadmoor open” тэмцээнээс мөнгөн медаль хүртжээ. Тэгэхдээ мастеруудын ангилалд авсныг нь онцолъё.

О.Ивээл есдүгээр сарын 18-нд Польшийн “Их дуулга”-д, дараа нь есдүгээр сарын 25-28-нд Загребын “Их дуулга”-д оролцохоор бэлтгэлээ базааж байна. 13 настай О.Ивээл “Iveel Mongolia” гэж дуудуулан тэмцээнд оролцохоо тэсэн ядан хүлээж, догдолж суугаа гэнэ. Ийм нэгэн тамирчин харийн оронд уран гулгалтаар хичээллэн, чимээгүйхэн гялалзаж байна.

Б.БУЯНДАЛАЙ









АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.