Танилц: Тэргүүн зэргийн "Чингис хаан" одон хүртсэн эрхэмүүд
Маргааш буюу мягмар гарагт Их эзэн Чингис хааны мэндэлсний 864 жилийн ой, "Монгол Бахархал"-ын өдөр тохиож байна. Тус өдрөөр Монгол Улсын төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг гардуулдаг уламжлалтай. Уг одонг Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийг бэхжүүлэх, эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм байгуулах, төр улсаа хөгжүүлэх, хүн төрөлхтний соёл иргэншлийн хөгжилд жинтэй хувь нэмэр оруулсан онцгой гавьяатай иргэд, байгууллага, гадаадын төр, нийгмийн зүтгэлтэнд олгодог билээ.
Анх 2004 онд Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Багабандийн санаачилгаар УИХ-ын 21 дүгээр тогтоолоор тус шагналыг бий болгосон бөгөөд жил бүр Их Эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр буюу "Монгол бахархлын өдөр" гардуулдаг уламжлал тогтсон. Одонг хүртсэн хүнд 9 жин 336 грамм цэвэр алттай тэнцэх хэмжээний мөнгөн шагнал, эсвэл түүнтэй дүйцэх хэмжээний доллар, валютыг олгодог.
Өнгөрсөн жил Хууль зүйн шинжлэх ухааны доктор Содномцэрэнгийн Нарангэрэл тус шагналыг хүртсэн. Тэгвэл энэ жил "Чингис хаан" одонг хэн хүртэх бол гэсэн асуулт иргэдийн анхаарлыг татаж байна.
Тус одонг хүртэж байсан эрхэмүүдийг танилцуулж байна:
- 2005 онд Пунсалмаагийн Очирбат /Монгол Улсын анхны Ерөнхийлөгч/
- 2006 онд Бямбасүрэнгийн Шарав /Төрийн шагналт, Ардын жүжигчин, хөгжмийн зохиолч/
- 2009 онд Дашийн Бямбасүрэн /Монгол Улсын Ерөнхий сайд асан/
- 2010 онд Раднаасүмбэрэлийн Гончигдорж /УИХ-ын дарга асан, Улсын Бага Хурлын дарга/
- 2011 онд Нацагийн Багабанди /Монгол Улсын хоёр дахь Ерөнхийлөгч/
- 2012 онд Дамдингийн Дэмбэрэл /УИХ-ын дарга асан/
- 2013 онд Думаагийн Содном /Монгол Улсын Ерөнхий сайд асан/
- 2014 онд Хавтгайн Намсрай /Академич, нэрт физикч/
- 2015 онд Гомбожавын Мэнд-Ооёо /Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч/
- 2016 онд Ганбаатарын Ариунбаатар /МУГЖ, дуурийн дуучин/
- 2017 онд Найдангийн Түвшинбаяр /Хөдөлмөрийн баатар, Олимпын аварга/
- 2019 онд "The Hu" хамтлаг /Хүннү рок урсгалыг дэлхийд тунхагласан хамт олон/
- 2021 онд Жүгдэрдемидийн Гүррагчаа /Монгол Улсын сансрын нисгэгч, Хөдөлмөрийн баатар/
- 2021 Монгол Улсын Зэвсэгт хүчин /Энхийг сахиулах үйлсэд оруулсан хувь нэмрийг үнэлж хамт олноор нь шагнасан/
- 2022 онд Дашдоржийн Доржготов /Академич, хөрс судлаач эрдэмтэн/
- 2022 Жак Уэтерфорд /АНУ-ын эрдэмтэн, монгол судлаач/ ("Өнөөгийн дэлхий ертөнцийг үндэслэгч Чингис хаан" номын зохиогч)
- 2023 онд Морин хуурын чуулга /Үндэсний соёл урлагийг дэлхийд сурталчилсан Монгол Улсын Филармонийн чуулга/
- 2024 онд Бан Ги Мүн /НҮБ-ын 8 дахь Ерөнхий нарийн бичгийн дарга/
- 2025 онд Содномцэрэнгийн Нарангэрэл /Академич, Хууль зүйн шинжлэх ухааны доктор/ нар хүртэж байжээ.
Б.САНАА













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.