ДАШТ-ий хошой хүрэл медальт Б.Шоовдор: Ялчихаад хамгийн түрүүнд үзэгчдийн дундаас аавыгаа хайсан

ДАШТ-д таван удаагаа оролцохдоо гуравт нь медалийн төлөө барилдан, хошой хүрэл медальтан болсон үндэсний шигшээ баг, “Хасу мегастарс” клубийн тамирчин, Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын харьяат Баатаржавын Шоовдортой цахим хуудсаар нь холбогдон ярилцлаа.
Дэлхийн дэвжээнд сүүлийн гурван жил дараалан медалийн төлөө барилдана гэдэг яах аргагүй том амжилт.
Азийн АШТ-ий мөнгө, хүрэлт, И.Ярыгиний нэрэмжит “Алтан гран при, “Монголиа опен”-ы аварга, насанд хүрэгчдийн УАШТ-ий таван түрүүтэй Б.Шоовдор ДАШТ-ээс хоёр болон түүнээс олон медаль авсан Монголын чөлөөт бөхийнхнөөс 17, эмэгтэйчүүдээс долоо (С.Батцэцэг, О.Насанбурмаа, О.Бурмаа, С.Цэрэнчимэд, Т.Мөнхтуяа, Д.Отгонцэцэг) дахь тамирчин болсон юм.

-Юуны өмнө дэлхийн хошой медальтан болсон танд баяр хүргэе. ДАШТ-д гурван жил дараалан медалийн төлөө барилдан, хоёрт нь ялна гэдэг том амжилт. ДАШТ-ий хошой медальтай боллоо гэх бахдал, медалийнхаа өнгийг хувиргаж чадсангүй гэх харууслын аль нь илүү төрж байна вэ?
-Баярлалаа. Энэ жил амжилтаа ахиулах, дэлхийн аварга болох зорилготой өрсөлдсөн. Тэгэх боломж бүрэн байсаан. Бэлтгэл сайтай, өөртөө их итгэлтэй байлаа. Даанч санаснаар болсонгүй.
-Хагас шигшээд 2016 оны ДАШТ-ий хүрэл медальт, Канадын бөх Линда Мориаст дийлдсэн. Та түүнийг өмнө нь хоёр ч удаа ялаад байсан. Энэ удаа дахин дийлнэ гээд өөртөө хэт их итгэлтэй барилдсан тал бий юү?
-Өө, юу гэж тэгэх вэ. Өрсөлдөгчөө хэзээ ч басаж болохгүй. Канадын бөхийг энэ удаа дахин ялна гэдэгтээ итгэлтэй байсан. Нэгэнт ялагдсан барилдааны талаар тэгсэн, ингэсэн гээд яах вэ. Түүнд ялагдсандаа их харамссан. Уг нь ялчихсан бол амжилтаа ахиулан, дэлхийн аваргын төлөө барилдах байсан юм.
Бүх зүйл тэгээд дуусчихаагүй тул хүрэл медалийн төлөөх өрсөлдөөнд өөрийгөө бэлдсэн. Сэтгэл санаагаа аль болох тайван байлгаж, төвлөрөхийг хичээлээ. Шокноосоо аль болох хурдан гарсаан.
-Хүрэл медалийн төлөөх барилдаанд Украины бөхийг цэвэр ялсан. ДАШТ-ээс хоёр жил дараалан медаль хүртэнэ гэдэг яах аргагүй амаргүй амжилт.
-Тийм ээ. Украины бөхийг ялсныхаа дараа үнэхээр их баярласан. Цэвэр ялангуутаа үзэгчдийн дундаас аавыгаа хайсан. Хөгжөөн дэмжигчдийн дунд баярласандаа уйлж зогссон аавыгаа хараад сэтгэл бүр их хөдөллөө.
Дэлхийн дэвжээнд “Баатаржавын Шоовдор” гэж дуудуулан барилдахаас илүү сайхан зүйл гэж юу байх вэ.
-Аав тань өмнө нь Б.Шоовдортой тэмцээнд хамт явж байсан уу?
-Үгүй ээ, анх удаа надтай хамт явсан юм. ДАШТ-ий үзэгчдийн дунд аав минь суугаа, би ялагдаж болохгүй гээд өөрийгөө улам хурцалсан. Аав миний араас газраар Казахстанд очсон юм.
Шагнал авсныхаа дараа уйлж суугаа аавыгаа хараад өөрөөрөө бахархсан.
-Ээжтэйгээ холбоо барьсан уу. Их баярлаж суугаа байх.
-Холбоо барилгүй яах вэ. Медаль хүртсэнийхээ дараа цахим хуудсаар холбоо барихад ээж уйлаад ер ярьж чадаагүй.
-Эх орондоо хэзээ ирэх вэ?
-Энэ сарын 23-нд үүрээр очно. Намайг үргэлж дэмждэг Монголын чөлөөт бөхийн холбоо, БТСГ, “Хасу мегастарс” клубийнхэндээ, дасгалжуулагч нартаа, гэр бүлийнхэндээ маш их баярлаж байна.
Б.ШООВДОРЫН ТУХАЙ СОНИРХОЛТОЙ БАРИМТУУД
НЭГ: Волейболчин байсан

Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын харьяат түүний аав биеийн тамирын багш, волейболын спортын мастер цолтой. Б.Шоовдор чөлөөт бөхөөс өмнө волейболоор хичээллэж байсан. Зүгээр нэг хичээллэх бус “Уурхайчин” клубт довтлогчийн байрлалд дөрвөн жил тоглосон юм. Тэгж спортын суурь, амжилтын гараагаа эхлүүлжээ.
Хоёр: 20 настайдаа чөлөөт бөхөөр хичээллэсэн

20 настайдаа Хан-Уул дүүргийн дасгалжууагч Энхтөрөөр чөлөөт бөх заалгажээ. Дараа нь “Алдар”-ын Ц.Цогтбаяр, Ц.Хосбаяр гавьяатын удирдлагад жил гаруй бэлтгэл хийсэн юм. Тэгээд “Цастын барс” клубийн Батням багшаар чөлөөт бөх заалгаж байгаад өдгөө “Хасу мегастарс” клубийн дасгалжуулагч Ц.Баярсайхан, Сумъяа нарын удирдлагад амжилтын төлөө зүтгэж явна.
ГУРАВ: УРАМ АВСАН АНХНЫ АМЖИЛТ

Чөлөөт бөхөөр барилдаж эхэлснийхээ дараа жил Азийн АШТ-ээс мөнгө, “Монголиа опен”-оос хүрэл медаль хүртсэндээ урамшин, тууштай хичээллэхээр шийджээ.
ДӨРӨВ: Эхээс долуулаа, бүгд эмэгтэй

-Тэрбээр эхээс долуулаа, бүгд эмэгтэй. Өнгөрсөн жил ДАШТ-ээс хүрэл медалийн хүртсэнийх нь дараа аавынх нь найзууд “Хэдийгээр долоон эмэгтэй хүүхэдтэй ч мундаг барилддаг, хүүгийн дайтай охин заяажээ” хэмээн магтсан гэдэг.
ТАВ: МҮБТДС-ийн дасгалжуулагчийн ангийг төгссөн

Б.Шоовдор МҮБТДС-ийг 2014 онд дасгалжуулагч мэргэжлээр төгссөн. Өнгөрсөн жил ДАШТ-ээс медаль авсан гурван тамирчин (О.Насанбурмаа, Б.Шоовдор, Т.Түвшинтулга) бүгд МҮБТДС-ийн төгсөгч.
ЗУРГАА: 2017 онд ДАШТ-д бэртэлтэй барилдаад V байрт шалгарсан

2017 онд ДАШТ-ий өмнө бэртэн, нэлээд зовиуртай Азербайжаны Бакуд очсон. Жин ихтэй, хөл нь зовиурлан нэлээд өвдөж. Гэсэн ч шүд зуун барилдсаар медалийн үзүүрээс атгаад алдан, V байрт шалгарсан.
ДОЛОО: 2015 онд үндэсний шигшээ багийн тамирчин болсон

2015 онд “Монголиа опен”-д үзүүрлэн, И.Ярыгиний нэрэмжит “Алтан гран при”-д түрүүлснийхээ дараа үндэсний шигшээ багийн тамирчин болж, ДАШТ-д анх удаа барилдсан.
Б.БУЯНДАЛАЙ












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
баяр хүргъе. Сайн байна. ОДОО олимдод хичээгээрэй