СПОРТ

Хонконгчуудыг дэмжсэн “Хьюстен рокетс” багийн ерөнхий менежерийг хятадууд шүүмжлэв

NBA-ийн “Хьюстен рокетс” багийн ерөнхий менежер Дэрил Морей тун хүнд байдалд ороод байна. Тэрбээр цахим хуудсандаа “Хонконгийг чөлөөл” хэмээн жиргэсэн нь хятадуудад ихэд шүүмжлүүлсээр. Хэдийгээр Дэрил Морей постоо даруй устгасан ч хятадууд аль хэдийнэ мэдсэн байв.

Түүний энэ болчимгүй үйлдлээс болж “Хьюстен рокетс”-ыг ивээн тэтгэдэг Хятадын томоохон спорсорууд түрүүчээсээ гэрээгээ цуцлан, хамтын ажиллагаагаа зогсоохоо мэдэгдсэн. БНХАУ-ын спорт хувцасны “Li Ning” брэнд гэрээ цуцлах болсноо, урд хөршийн хамгийн том спортын суваг “Тencent soprt” хүртэл “Хьюстен рокетс”-ын тоглолтыг улсдаа дамжуулахгүйгээ мэдэгдээд байна.

Маш их эсэргүүцэлтэй нүүр тулсан Дэрил Морей “Миний жиргээ NBA болон “Хьюстен рокетс” багийг төлөөлөхгүй. Тэр бол зөвхөн миний үзэл бодол” хэмээн хятадуудаас уучлалт гуйсан ч тусыг эс олов. Урд хөршийнхөн түүний уучлалтыг юман чинээ тоосонгүй. Уг нь хятадууд “Хьюстен рокетс” багт их хайртай. Учир нь тус багт Хятадын тамирчин Яо Мин (2002-2011 он хүртэл), Жереми Лин (2012-2014 онд) нар тоглож байсан юм.

NBA-гийн удирдлага Д.Морейгийн үйлдэлд харамсаж буйгаа илэрхийлж, түүнд ямар нэгэн арга хэмжээ авахгүйгээ мэдэгдсэн.

Тэгвэл Дэрил Морейгийн үйлдлийг дэмжин, NBA-г буруушааж буй хүн цөөнгүй. Техас мужийн сенатор Тэд Крус “Хятадын Коммунист намын явуулж буй дарамт шахалтыг эрэлхэгээр сөрж буй Хонконгчуудыг дэмжсэн Дэрил Морейгоор бахархаж байна. NBA гэр бүлийнхээ гишүүнийг өмөөрсөнгүй. Мөнгөнд шившигтэйгээр өвдөг сөхөрлөө” хэмээн шүүмжилсэн юм.

Б.БУЯНДАЛАЙ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button