НИЙГЭМ

Хогийг алт болгох дахин боловсруулах үйлдвэрийн ажлыг хогийн цэгийнхэн хийж байна

Хогийн цэг дээр ажилладаг иргэдийн нийгмийн асуудалтай зэрэгцэж хог дахин боловсруулах үйлдвэр дутагдалтай, хэд хэдэн цэгт байгуулах хэрэгтэй гэдэг сэдэв хөндөгдөж таарч байна. Жишээлбэл бидний сурвалжилсан Нарангийн энгэр дэх Улаан чулуутын хогийн цэгт өдөрт 300-400 хүн ажилладаг.

Тэдний гэр бүлийн гишүүдийг дөрвөөр дунджилбал энэ хогийн цэг л гэхэд өдөрт 1200-1600 хүний санхүүгийн эх үүсвэр болж байгаа юм. Цаашлаад эдгээр иргэдийн ялгаж, ангилж түүсэн хог хаягдлыг авч байгаа үйлдвэр, энэ чиглэлд үйл ажиллагаа явуулдаг ААН, хувь хүмүүсийн асуудал ч хөндөгдөнө. Товчхондоо бизнесийн нүдээр харвал маш их мөнгө энд эргэлдэж буй гэж хэлж болно.

Улаанбаатар хотод доорх зургаан төвлөрсөн хогийн цэг бий.

  • Нарангийн энгэр – Сонгинохайрхан дүүрэгт байрладаг
  • Цагаандаваа – Баянзүрх дүүрэгт байрладаг
  • Морингийн даваа – Хан-Уул дүүрэгт байрладаг
  • Налайх дүүргийн хогийн цэг
  • Багануур дүүргийн хогийн цэг
  • Багахангай дүүргийн хогийн цэг

Эдгээрээс ганцхан Морингийн даваанд л дахин боловсруулах үйлдвэр байгуулсан. Бусад цэгт үгүй. Тиймээс энэ хогийн цэгүүд нийслэлийн хог хаягдлыг хүлээн авч, дарж булшлах үйл ажиллагаа явуулдаг. Жишээлбэл, Нарангийн энгэрийн хогийн цэг Сонгинохайрхан, Баянгол, Чингэлтэй дүүргийн бүх хог хаягдал болон Сүхбаатар дүүргийн хог хаягдлын 50 хувийг хүлээн авдаг.

Хогийн цэг дээр ажилладаг иргэдийн төлөөлөл өдөрт 100-300 мянган төгрөг олдог гэдгээ бидэнд ярьсан. Сараар нь тооцвол сард хамгийн багадаа гурван сая ихдээ ес орчим сая төгрөг олох боломжтой гэсэн үг. Энэ нь ийм хэмжээний мөнгө хог болоод хогийн цэг дээр хаягдаж байна гэдгийг илэрхийлнэ. Тиймээс л хог дахин боловсруулах үйлдвэрүүд зайлшгүй хэрэгтэй байгаа юм.

​2021 оны байдлаар Монгол Улсад хог хаягдал дахин боловсруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 40 орчим үйлдвэр бүртгэгдсэн байна. Эдгээр үйлдвэрүүд нь хуванцар, цаас, металл зэрэг төрөл бүрийн хог хаягдлыг дахин боловсруулж, шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд хувь нэмэр оруулдаг.

Мөн улсын хэмжээнд 160 гаруй ялган бэлтгэх цэг ажиллаж, эдгээрт нийт 1500 гаруй хүн ажиллаж байна. Хэдийгээр дахин боловсруулах үйлдвэрүүдийн тоо нэмэгдэж байгаа ч нийт хог хаягдлын 3–5 хувийг л дахин боловсруулаг.

Д.УЛСАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button