Хонь ноослох, ноос боловсруулах “Алтан хайч” тэмцээн зохион байгуулагдана

Монгол Улс 2025 онд дэлхийн хамгийн нэр хүндтэй мал аж ахуйн тэмцээн болох “Алтан хайч” (Golden Shears) олон улсын тэмцээнийг анх удаа зохион байгуулахаар болсон байна. Энэхүү тэмцээн нь хонь ноослох, ноос боловсруулах ур чадварыг спортын түвшинд үнэлдэг дэлхийн хэмжээний томоохон арга хэмжээ юм.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор зохион байгуулах энэхүү тэмцээнийг ирэх сарын 20, 21-нд зохион байгуулах аж.
“Алтан хайч” тэмцээн нь анх 1961 онд Шинэ Зеландын Мастертоны хотод үүсгэн байгуулагдсан бөгөөд жил бүр зохион байгуулагдаж, дэлхийн 30 гаруй орны шилдэг ноослогч, ноос боловсруулагчид оролцдог. Монголд анх удаа зохион байгуулагдаж буй энэхүү арга хэмжээ нь манай улсын мал аж ахуйн хөгжил, ноос бэлтгэлийн чанар, олон улсын стандартыг шинэ шатанд хүргэх ач холбогдолтой талаар холбогдох албаны хүмүүс илэрхийлсэн.
Тэмцээний зорилго:
- Хонь ноослох ур чадварыг олон улсын түвшинд таниулах
- Түүхий эд бэлтгэлийн чанарыг сайжруулах
- Дэвшилтэт техник, технологи нэвтрүүлэх
- Монгол ноослогчдын ур чадварыг дэлхийд сурталчлах
Тэмцээн нь олон улсын түвшинд ноос пресслэгч, ангилагч гэсэн төрлөөр болдогт ба манай улсын хувьд 2022 оноос мэргэшсэн хяргагч бэлтгэж эхэлсэн ба өнөөдрийн байдлаар 28 хүн энэ чиглэлээ мэргэшээд байгаа юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.