Энэ сард манай улсад 3х3 сагсан бөмбөгийн том тэмцээнүүд зохион байгуулагдана

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын төв, Сүхбаатарын талбайд 3х3 сагсан бөмбөгийн хамгийн нэр хүндтэй тэмцээнүүд болно.
Тодруулбал,
- зургаадугаар сарын 18-19-нд Дэлхийн эмэгтэйчүүдийн цуврал “FIBA 3x3 Women’s Series Ulaanbaatar 2025” тэмцээн,
- 20-21-нд эрэгтэйчүүдийн Дэлхийн Их Дуулга “FIBA 3x3 Ulaanbaatar World Tour” тэмцээн,
- 23-29-нд 3х3 сагсан бөмбөгийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулахаар болжээ.
Дэлхийн эмэгтэйчүүдийн цуврал “FIBA 3x3 Women’s Series Ulaanbaatar 2025” тэмцээнд чансаагаараа дэлхийд эхний тавдугаарт эрэмбэтэй Герман, долоодугаарт эрэмбэтэй Канад, Монгол Улсын “Улаанбаатар Амазонс” тэргүүтэй шилдэг 12 баг өрсөлдөнө. Дэлхийн их дуулга "FIBA 3х3 Ulaanbaatar World Tour" тэмцээнд Сербийн Лиман, Байхраны Риффа, БНХАУ-ын Чонмин тэргүүтэй 12 баг оролцоно.
Монгол Улсаас Улаанбаатар “ММС Энержи” болон Завхан “Сайнскор” багууд өрсөлдөх юм. Мэргэжлийн багуудын хамгийн нэр хүндтэй тэмцээнүүдийн дараа 3х3 сагсан бөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн мөн Улаанбаатарт зохион байгуулагдана.
Монголын сагсан бөмбөгийн холбооны ерөнхийлөгч Л.Мягмаржав: 2017 онд 3х3 сагсан бөмбөгийн Азийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулснаас хойш Монголын 3х3 сагсан бөмбөгийн холбоо олон улсын томоохон тэмцээнүүдийг эх орондоо зохион байгуулсаар ирсэн. Энэ удаагийн хувьд 2025 оны зургадугаар сард дэлхийн хэмжээний гурван тэмцээнийг эх орондоо зохион байгуулахаар бэлтгэл ажилдаа ороод байна. 3х3 сагсан бөмбөг нь олимпод ордог томоохон төрөл бөгөөд Монгол улсад хурдацтай хөгжиж байгаа. Монгол Улсын багийн спортын түүхэнд олимпийн төрлийн хамгийн анхны насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг эх орондоо зохион байгуулах гэж байна. Уг тэмцээний ач холбогдлын хувьд дэлхийн 150 гаруй оронд шууд дамжуулж, гадны тамирчид болон албаны хүмүүс гээд 500 гаруй хүмүүсийг эх орондоо хүлээн авна. 3х3 сагсан бөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулах гэрээг 2022 онд байгуулан үүнээс хойш дэлхийн стандартад нийцүүлэн зохиохоор 200 гаруй хүн ажиллаж байна. Монголын сагсан бөмбөгийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга С.Төгсжаргал: Манай улс 2017 оноос хойш нийтдээ 26 олон улсын тэмцээнийг зохиосны дараа ийнхүү гурав дараалсан тэмцээнийг зохион байгуулах эрхийг авсан нь Олон улсын сагсан бөмбөгийн холбооноос манай улсын 3х3 сагсан бөмбөгийн холбоо, тамирчдын амжилтад өгч буй үнэлэлт дүгнэлт гэж харж байна. 3х3 сагсан бөмбөгийн Дэлхийн Аварга шалгаруулах тэмцээнд нийт 27 орны 40 баг ирж өрсөлдөнө. Энэ 3х3 сагсан бөмбөгийн Дэлхийн Аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулснаараа 3х3 сагсан бөмбөгийн Азийн аварга, U18 насны дэлхийн аварга, U23 насанд хүрэгчдийн дэлхийн аварга буюу олимпоос бусад бүх олон улсын 3х3 сагсан бөмбөгийн томоохон тэмцээнийг зохион байгуулсан дэлхийн цор ганц улс болно.
Б.НОМТ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.