“Хянан шалгах түр хороо байгуулах тухай” УИХ-ын тогтоолын төсөл өргөн мэдүүлэв

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд өнөөдөр (2025.06.27) Улсын Их Хурлын гишүүн О.Батнайрамдал, Б.Баярбаатар, А.Ариунзаяа, Б.Бат-Эрдэнэ, Б.Уянга, Н.Наранбаатар, Ц.Мөнхбат, Ц.Идэрбат, С.Зулпхар, Ж.Золжаргал, П.Сайнзориг, М.Бадамсүрэн, Дав.Цогтбаатар, Н.Алтаншагай, Х.Жангабыл нарын 89 гишүүн Хянан шалгах түр хороо байгуулах тухай Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл өргөн барилаа.
“Жавхлант”, “Шивээ толгой”-н стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн талбайд Монгол Улс төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоохдоо хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд Улсын Их Хурлын оролцоо, хяналттайгаар, түүнд олон нийтийн санал хүсэлтийг ил тод, нээлттэй тусгах замаар, өмнөх алдаа давтагдахаас зайлсхийх нь чухал байна.
Иймд, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт заасныг үндэслэн Оюутолгой төслийн санхүүжилтийн хүүгийн хувийг 2025 онд багтаан хянан үзэх хугацаа тохиож буйтай холбогдуулан, “Оюутолгой бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэх”-тэй холбоотой баримт бичиг, үйл ажиллагаанд хяналт шалгалт хийхээр Хянан шалгах түр хороо байгуулах тогтоолын төсөл боловсруулсан байна.
Тогтоолын төсөлд тусгай шалгалтын хүрээ хязгаарыг “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайн нөөцийг тогтоож, үнэлгээг тодорхойлсон болон холбогдох бусад баримтуудад үндэслэн төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоохтой холбогдуулан хяналт шалгалт хийхээр тусгасан байна. Мөн “Оюутолгой” ХХК-ийн “Нэмэлт, өөрчлөлт оруулж дахин тодотгосон хувь нийлүүлэгчийн гэрээ”-ний санхүүжилтийн хүүгийн хувь, түүнийг олон улсын зах зээлийн жишигт нийцүүлэн бууруулах талаар авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, холбогдох үр дагаврыг судлан хяналт шалгалт хийх, санал, дүгнэлт гаргах юм
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.