ОБЕГ: Сэлэнгэд гарсан түймрийг унтраахаар 2 нисдэг тэрэг ажиллаж байна

УОК болон ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газраас улсын хэмжээнд гарсан ой, хээрийн түймрийн нөхцөл байдлын талаарх цаг үеийн мэдээлэл хийлээ.
УОК-ын Нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү: Сүүлийн 5 хоногт Сэлэнгэ, Булган, Дархан, Төв аймагт нийтдээ 22 удаагийн гал түймэр бүртгэгдсэнээс 12 түймрийг бүрэн унтраасан. Өнөөдрийн байдлаар Хэнтий аймгийн Өмнөдэлгэр, Дархан-Уул аймгийн Хонгор, Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг дэвсгэрт 7 гал түймрийг цурамд оруулсан нөхцөл байдалтай байна. Харин Сэлэнгэ аймгийн Мандал, Хүдэр, Алтанбулаг сумдад гарсан 4 түймрийг унтраахаар ажиллаж байна. Түймрийг унтраах үйл ажиллагаанд ОБЕГ-ын 542 алба хаагч, 74 автомашин, 1 нисдэг тэрэг, Зэвсэгт хүчний 1 нисдэг тэрэг, Хил хамгаалах байгууллагын 14 алба хаагч, 2 автомашин, Цагдаагийн байгууллагаас 10 алба хаагч орон нутгийн иргэд, төрийн захиргааны байгууллага, тусгай хамгаалалтын газар болон сайн дураараа нэгдсэн иргэдтэй хамтран гал түймрийг унтраах ажиллагаа үргэлжилж байна. Түймрийн голомттой Дархан, Сэлэнгэ, Төв аймаг төвийн бүс нутгуудад ойрын өдрүүдэд бага зэргийн бороо орж байна. Хэдийгээр бороо орж түймэр унтраах ажиллагаанд зарим талаараа дэмжлэг үзүүлж байгаа ч гэсэн нөгөө талаар хуурайшилт ихтэй байгаа энэ цаг үед түймэр дахин гарах нөхцлийг бүрдүүлж байна.
Он гарсаар өнөөдрийг хүртэлх зургаан сарын хугацаанд 12 аймгийн 65 суманд, Нийслэлийн 3 дүүрэгт 144 удаагийн ой хээрийн гал түймэр гарсан. Нийт дуудлага, мэдээллээс ойн 79, хээрийн 69 дуудлага. Энэ нь өмнөх оны мөн үеэс 49,3 хувиар өссөн. Ой хээрийн түймрийн улмаас нийт 650 га талбай өртөж 5 байшин, 49 гэр, 5940 бог мал, 479 бод мал өртөж 7 тэрбум төгрөгийн хохирол учирсан. Дээрх гал түймрийг унтраахад 7800 алба хаагч гар бие оролцож ажилласан талаар мэдээлэв.
Г.МИШЭЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.