Богд уулнаас тарвага агнахыг завдсан хэрэг дахин гарчээ

Энэ сарын 19-ний өдөр Богдхан уулын Өгөөмөрийн аманд тарвага агнахыг завдсан этгээдийг Дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны байгаль хамгаалагч илрүүлж, байгаль орчны улсын байцаагч буу сумыг нь хурааж авсан байна. Хууль бусаар ан агнахыг завдсан этгээд болох Төв аймгийн Сэргэлэн сумын 5-р багийн харьяат Н овогтой Н нь мотоциклынхоо улсын дугаарыг авч хөдөлгөөнд оролцон гэмт хэргээ нуун дарагдуулахыг оролдсон байна.
Сүүлийн үед Богд уулнаас тарвага агнахыг завдсан, агнасан зөрчил хэд хэдэн удаа гарсан. Тиймд тус бүсийн хамгаалалтын захиргааны дарга Э.Цогбадралын 2025 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн шуурхай хурал дээр өгсөн үүрэг даалгаврын дагуу тарваганы дош тоолох, мөн мануул, үнэг, хярс зэрэг амьтанд тавьсан урхи шалгах хяналт шалгалтын ажлын хүрээнд амьтан агнах үйлдлийг таслан зогсоож, хууль сахиулах ажил үргэлжилж байна.
Хамгаалалтын захиргааны зүгээс иргэдэд удаа дараа анхааруулж, холбогдох хууль, тогтоомж сурталчилж байгаа боловч хориотой ан агнах, агнахыг завдсан хэрэг гарсаар байна.
Д.ЦЭГЦ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.