Гадаад мэдээДЭЛХИЙ

Думын сонгууль дууссан тул Кремль цэрэг дайчилгаа явуулна гэх айдас оросууд дунд нэмэгдлээ

ОХУ-ын эрх баригчид энэ сард Төрийн Думын сонгууль явуулсныхаа дараа цэрэг дайчилгаа эхлүүлэх тухай цуу яриа тус улсын хэвлэлүүдээр сүүлийн хэдэн сарын турш эргэлдсэн.

Тэгвэл тус сонгуулиар ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиний талын Нэгдсэн Орос нам урьд өмнө нь байгаагүй олон суудал авсан нь энэ болгоомжлолыг улам нэмэгдүүлжээ. Дайныг эсэргүүцэгч идэвхтнүүд болон цэргийн албанаас зайлсхийхэд оросуудад тусалдаг хуульчид “The Moscow Times” сонинд энэ талаар ярьсан байна. Шинээр явуулж магадгүй дайчилгаа 2022 оныхоос ч хурдан, зайлсхийхэд илүү хэцүү байж болзошгүй гэж тэд үзэж байгаа юм.

2022 оны есдүгээр сард Кремль Дэлхийн II дайнаас хойш анх удаа 300 мянган нөөц цэргээ дайчлах шийдвэр гаргасан. Үүний улмаас олон арван мянган эрэгтэй гадаад руу гарч, Оросын хотуудад эсэргүүцлийн жагсаал өрнөсөн юм. Бие даасан судлаачдын тооцооллоор бол 2022 онд дайчлагдсан цэргүүдээс энэ сард 20,468 хүн амиа алджээ.

Дайчилгаа явагдана гэх цуурхал нь оросуудын 2022 онд туулсан айдас, хүнд хэцүү дурсамжийг дахин сэдрээж байгаа талаар идэвхтнүүд ярьж байна. Жишээлбэл, Тувагийн уугуул иргэдийн эрхийг хамгаалдаг, дайныг эсэргүүцдэг “Шинэ Тува” хөдөлгөөний идэвхтэн “Энд бараг хүн болгоны л найз, хамаатан садан дайчилгаанд өртсөн. Тиймээс энэ сэдэв хүмүүст маш хүнд тусаж, нөлөөлдөг” гэж хэлсэн байна. Хүнд сэдвээр ярьсан тул тэрбээр нэрээ нууцлуулсан аж.

Хүн амын тоонд харьцуулсан дайны хохирлоороо ОХУ-ын бүс нутгууд дунд Тува хамгийн өндөр үзүүлэлттэй байгаа юм. Идэвхтнүүдийн цуглуулсан мэдээллээр тус нутгийн 2,100 гаруй хүн дайнд амиа алджээ.

Зургийн эх сурвалж: Getty Images

2022 оны дайчилгааны үеэр Тувад эрэгтэйчүүдийг ажлын байрнаас нь албадан авч явах, гудамжинд баривчлах, шөнө гэрээс нь хулгайлж фронт руу илгээх тохиолдлууд гарч байсан аж. “Шинэ Тува” хөдөлгөөний Шолбаана Куулар хэлснээр тус бүс нутагт тухайн үед үүссэн айдас одоо ч арилаагүй байна. Тэр “The Moscow Times” сонинд ярихдаа “Бид өнгөрсөн зургаадугаар сараас хойш айдас, түгшүүртэй амьдарч байна. Эхний давлагаа гэж нэрлэдэг тэр дайчилгааны үр дагаврыг одоо хүртэл давж гараагүй” гэж хэлсэн байна.

Украины дайнаас хойш анх удаа болсон Думын сонгуулийн талаар Путин үг хэлэхдээ сая сая хүн ОХУ-ын цэргүүдийн ард зогсож байгааг харуулж, сонгуулиа өгөхийг уриалсан юм. Тэрбээр шинэ дайчилгаа явуулна гэх яриаг үгүйсгэж байгаа. Мөн ОХУ-ын бусад өндөр албан тушаалтнууд хэд хэдэн удаа дайчилгаа явуулахгүй гэж мэдэгдэл гаргажээ. Тодруулбал өнгөрсөн гурван сарын хугацаанд эрх баригчид дайчилгаа явуулахаар төлөвлөж байгаа гэх мэдээллийг үгүйсгэсэн мэдэгдэл 18 удаа гаргасан юм.

Өмнөх дайчилгааны үеэр ч мөн адил эрх баригчид тийм зүйл болохгүй гэж мэдэгдэл хийж байжээ. Гэхдээ тухайн үед цэрэг дайчлахад ашиглаж байсан ерөнхийлөгчийн зарлиг одоо ч гэсэн хүчин төгөлдөр хэвээр. Өөрөөр хэлбэл эрх баригчид хүсвэл дайчилгаа явуулах эрх зүйн суурь нь байгаа гэсэн үг.

2022 оны дайчилгааны үеэр хүчтэй эсэргүүцэл үүссэнээс хойш Кремль өндөр цалин, урамшуулал амласан гэрээгээр цэрэг татах болсон. Кремль цэргийн алба хаах нэг жилийн гэрээ хийсэн хүмүүст 5.5 сая рубль хүртэл буюу ойролцоогоор 70 мянган ам.долларын цалин амлаж байгаа юм. Сүүлийн үед гэрээт цэрэг олох стратеги нь улам албадлагын шинжтэй болж, зарим хүмүүсийг гэрээ байгуулахыг шахаж тулгадаг болжээ. Нэгэнт байгуулсан цэргийн гэрээг цуцлах боломжгүй. Тиймээс гэрээт болон дайчлагдсан цэргүүд дайн дуусах эсвэл эрх баригчид тэднийг чөлөөлөх хүртэл алба хаах үүрэгтэй болдог аж.

ОХУ-ын нийгмийн идэвхтнүүд албадлагаар цэргийн гэрээнд гарын үсэг зуруулахыг оролдсон тохиолдлуудын бүртгэдэг юм. Тэгвэл дор хаяж 17 бүс нутагт цэргийн бүртгэл, дайчилгааны ажилтнууд гудамжинд явж буй эрэгтэйчүүдийг баривчилж, гарын үсэг зурахыг шахсан тохиолдол гарчээ. Зарим тохиолдолд эрэгтэйчүүдийг хар тамхины хэрэгт унагана гэж сүрдүүлсэн хэмээн эх сурвалжууд мэдээлсэн байна.

Цэрэгт элслүүлэх албаны ажилчид албадахаас гадна өөр арга ашиглаж байна. Тэд цэргийн алба хаших насны эрэгтэйчүүдтэй уулзаж, одоо сайн дураар гэрээ байгуулбал алба хаах зарим нөхцөлийг өөрсдөө сонгох боломжтой гэж хэлдэг болжээ. Харин дайчилгаа эхэлбэл ийм сонголтгүй болно хэмээн анхааруулдаг аж.

Орос эрэгтэйчүүдэд цэргийн албанаас зайлсхийхэд тусалдаг “Идите лесом” буюу “Тонил” байгууллага мэдээлснээр, сүүлийн саруудад цэргийн насны эрэгтэйчүүд болон хугацаат цэргийн алба хааж буй хүмүүст үзүүлэх дарамт эрс нэмэгджээ. Тус байгууллагын хэвлэлийн төлөөлөгч Иван Чувиляев “The Moscow Times сонинд ярихдаа “Эрх баригчид дайчилгаанаас айх айдсыг маш үр дүнтэйгээр ашиглаж байна” гэжээ.

2024 онд ОХУ цэргийн алба хаах боломжтой эрэгтэйчүүдийн мэдээллийг багтаасан цахим цэргийн бүртгэл нэвтрүүлсэн. Энэ нь шинээр дайчилгаа явуулах процессыг хөнгөвчилнө гэж ажиглагчид үзэж байна.

Уг бүртгэлийг ашиглан дамжуулан цахимаар зарлан дуудах хуудас илгээж, цэрэг татлагад хамрагдах хүмүүсийг хил давахаас хориглох боломжтой. Цэргийн албанд заавал татагдах үүрэгтэй иргэний зарлан дуудах хуудас цахим бүртгэлд орсноос долоо хоногийн дараа иргэн зарлангаа хүлээн авсанд тооцдог аж. Тухайн хүн зарлан хуудсыг өөрөө нээж үзсэн эсэхээс үл хамаарч хүлээн авсан гэж үзэх юм.

“Шинэ Тува”-гийн гишүүд нутгийн иргэдээ хуульчидтай холбож өгөхөөс гадна цэргийн албанаас хэрхэн зайлсхийх талаарх зөвлөмжийг тува болох тувин хэлээр орчуулж өгдөг байна. Куулар “Тувад далд дайчилгаа явагдаагүй нэг ч өдөр гэж байхгүй. Тиймээс бидний ажил ч мөн тасралтгүй үргэлжилж байна” гэж хэлжээ.

Эх сурвалж: The Moscow Times

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button