НИЙГЭМУРЛАГ

Д.Урианхай: “Аарууру” тууж хүмүүс хоорондын харилцааг төгс эерүүлэх нуугдмал, байгаллаг үнэнийг ухаж гаргахад чиглэжээ

"Бие биеийнхээ эгээрэл, зорилгыг хүний хэлээр бус “хүчний хэл”-ээр ойлгуулах хандлагын үнэн өнөөдөр “нуувч нуруу нь ил, даравч дал нь ил” цухуйжээ"

Энэ сарын 15-нд болох "Poetry and Acoustic Night" арга хэмжээ буюу зохиолч Д.Гүнболдын "ААРУУРУ" туужийн нээлтийн ёслолд Азийн тэргүүн яруу найрагч Д.Урианхай хүндэт зочноор оролцож, шүлэг бүтээлээ унших нь.

Д.Урианхай найрагч шавийнхаа үргэлжилсэн үгийн бүтээлийн талаар өгүүлэхдээ "Хүн төрөлхтөн өнөөдөр “шуудайнд чихсэн үхрийн эвэр” шиг амьдарч байна. Улс үндэстнүүд бие биедээ итгэх итгэл, бие биедээ ханьсан нөхөрлөх сэтгэл, хүн төрөлхтний өнөөгийн нийгмийн гажуудмал харилцааны “хар нүх”-энд сорогдон мэдээ, чимээ тасарч хүн төрөлхтөн бидэнд “хүн” байгал-нийгмийн “амьтан”-ынхаа ижилслийн “татах хүч”-ээр адилсах, ах дүүсэх найдвар “утопи мөрөөдөл” болж хувирсан харамсалтай үйл явц жилээс жилд асар хурдтай эрчимжсээр дэлхийг хамлаа. Хүний мөн чанарын үнэнүүд дотор нэг айхтар бат бөх үндэстэй үнэн нь “үнэнээ нуудаг” чанар боловч хүн төрөлхтний түүхийг ноцтой харлуулж буй хүмүүс хоорондын харилцааны хүйтрэл, зөрчил, үл ойлголцол, дайсагнацал, бие биеийнхээ эгээрэл, зорилгыг хүний хэлээр бус “хүчний хэл”-ээр ойлгуулах хандлагын үнэн өнөөдөр “нуувч нуруу нь ил, даравч дал нь ил” цухуйжээ.

Хүн төрөлхтөн бидний амьдрал дахь өөрсдөө бид тодорхой мэдрэхүй, сэтгэлгээнд маань өртөхгүй байгаа том эмгэнэл бол эв нэгдлийн найдвартай механизм олж чадахгүй амьдарч байгаа явдал юм. Уг нь хүн төрөлхтний эв нэгдлийн хамгийн бөх, хүчирхэг холбогч нь, хүмүүс хоорондын харилцаан дахь харьсал, холболт, гадуурхалт, өрсөлдөөн, үзэн ядалтын орон зайг туулж давах “гүүр” нь хүний “дотоод ертөнц”-ийн гэгээрэл, хайр, хүний сэтгэлд “өндөглөөстэй” байгаа бурханлаг энэрэхүй чанар юм. Д.Гүнболдын “Аарууру” туужийн утга агуулгын гол философи санаа хүмүүс хоорондын харилцааг төгс эерүүлэх нуугдмал, байгаллаг буюу анхдагч суурь үнэнийг ухаж гаргахад чиглэжээ. Бичлэгийн арга, сэтгэлгээ орчин үеийн, бас сонирхолтой сэдэв сонгосон нь энэ түүний онцлог юм" хэмээжээ.

"ААРУУРУ" туужийн нээлтэд зочин яруу найрагчаар Б.Батзаяа, С.Начин, Ө.Үлэмжтөгс, Я.Баяраа, А.Урантогос, Б.Алтанхуяг нар мөн оролцох бол зочин уран бүтээлчээр Амгаа /Nisvanis/, Цэцээ, Баясаа /Night Train/, Одно /The Lemons/, Билгүүн /The Pips/, The Galtmah зэрэг артист ая дуугаа өргөнө.

Л.АРГАМЖИН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button