Дугаарын хязгаарлалтад орвол зам ашигласны төлбөрөөс хоногт ₮274-1,370 суутгах эсэхийг НИТХ шийднэ
НИТХ-ын өнөөдрийн ээлжит хуралдаанаар нийслэлийн авто зам ашигласны төлбөрийн хэмжээнд өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг хэлэлцэж байна. Уг тогтоолын төслийн хүрээнд COP17 олон улсын хурал болон хичээлийн шинэ жилийн бэлтгэлтэй холбоотойгоор автомашины улсын дугаарын тэгш, сондгой хязгаарлалтад орсон иргэн, аж ахуйн нэгжийн ирэх оны авто зам ашигласны төлбөрөөс хөнгөлөлт үзүүлэхээр тусгасан байна.
Энэ оны есдүгээр сарын 1-ний байдлаар нийслэлд 744,246 тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байгаагаас дугаарын хязгаарлалтад хамрагдах 720,122 тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцсон аж. Тогтоолын төсөлд дугаарын хязгаарлалт үйлчилсэн хоногийн тоогоор авто зам ашигласны төлбөрийг буцаан тооцохоор тусгажээ. Ингэснээр тээврийн хэрэгслийн төрлөөс хамааран иргэд нэг хоногт 274-1,370 төгрөг, 14 хоногт 3,836-19,180 төгрөг, нэг сард 8,220-41,100 төгрөгийн хөнгөлөлт эдлэх тооцоо гарсан байна.
Харин нийслэлийн төсвөөс нийт 14 хоногийн хязгаарлалтын нөхөн тооцоонд 4.2 тэрбум төгрөг, 30 хоногоор тооцвол 9 тэрбум орчим төгрөгийг буцаан олгох тооцоолол гаргажээ. Уг хөнгөлөлтөд дипломат байгууллагын, тусгай дуут болон гэрлэн дохио ашиглах зөвшөөрөлтэй, байлдааны болон тусгай зориулалтын тээврийн хэрэгсэл, хөгжлийн бэрхшээлтэй хүний таних тэмдэг бүхий автомашин, нийтийн тээвэр, хүүхэд болон ажилчдыг зохион байгуулалттайгаар тээвэрлэдэг автобус хамаарахгүй аж. НИТХ-ын төлөөлөгчид тогтоолын төслийг хэлэлцэж, хөнгөлөлт үзүүлэх эсэх болон эцсийн хэмжээг шийдвэрлэх юм.
Б.САНАА













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.