"Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээхээр болжээ

Маргааш буюу 11-р сарын 10-нд Их эзэн Чингис хааны мэндэлсний 864 жилийн ой, “Монгол бахархлын өдөр” тохиож буй. Тус өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гарган, төрийн дээд шагнал “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг инжлэх ухааны академид хүртээхээр болжээ.
Монголчуудын эрдэм ухааныг эрхэмлэн дээдэлж, эрдэмтэн мэргэдээ хүндэтгэн ирсэн түүхэн уламжлалыг орчин цагийн шинжлэх ухааны тогтолцоотой холбон хөгжүүлж, үндэсний эрдэм судлалын чадавхыг төлөвшүүлэн, эх хэл, түүх, соёлын өвийг судлан шинжилж, олон улсад сурталчлан таниулж, эх орныхоо хөгжил дэвшилд оруулсан үнэтэй хувь нэмэр, түүхэн гавьяаг нь ийнхүү үнэлж буй аж.
ШУА нь өнгөрсөн 100 гаруй жилийн хугацаанд үндэсний эрдэм судлалын залгамж чанарыг хадгалж, орчин цагийн олон салбар бүхий шинжлэх ухааны тогтолцоог бүрдүүлэхэд голлох үүрэг гүйцэтгэсэн байна. 1921 онд Судар бичгийн хүрээлэн байгуулагдсан нь үндэсний шинжлэх ухааны байгууллагын эх суурь болсон түүхтэй. Хүрээлэн 1931 онд Шинжлэх ухааны хүрээлэн, 1957 онд Шинжлэх ухаан, дээд боловсролын хүрээлэн, 1961 онд БНМАУ-ын Шинжлэх ухааны академи, 1992 оноос Монгол Улсын Шинжлэх ухааны академи нэртэйгээр эрдэм судлалын их үйлсийг удирдан зохион байгуулж ирсэн байна.
Б.САНАА













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.