Чулуун нүүрсний экспорт 62.4 хувиар буурчээ

Оны эхнээс дөрөвдүгээр сарын 14 хүртэлх хугацаанд Монгол Улс нийт 3.45 сая тонн чулуун нүүрс экспортолжээ. Энэ нь 2019 оны мөн үетэй харьцуулахад 62.4 хувиар буурсан үзүүлэлт юм байна. Мөнгөн дүнгээр тооцвол мөн л буурч, 274.5 сая ам.доллар болсон талаар Гаалийн ерөнхий газар мэдээлэв.
Боомтуудаар нь харвал Гашуунсухайт боомтоор 1.58 сая тонн чулуун нүүрс гаргасан нь жилийн өмнөхөөс 66.4 хувиар бага байна. Экспорт сэргэснээс хойш өдөрт 20-30 автомашин гарч байсан бол даваа гарагийн байдлаар 107 болж нэмэгджээ. Хэвийн үед өдөрт 800-1000 автомашин гардаг аж.
Шивээхүрэн боомтын нүүрсний экспорт 868.2 мянган тонн байгаа нь жилийн өмнөхөөс 76.4 хувиар буурсан талаар Гаалийн ерөнхий газар мэдээллээ. Тус боомтоор Нарийнсухайтын бүлэг ордын компаниуд нүүрс экспортолж байгаа юм. Өдөрт дунджаар 70 орчим автомашин нүүрс гарч байсан бол даваа гарагт 160 автомашин гарч нэмэгджээ.
Гэвч энэ нь ердийн үед 600-800 автомашин нүүрс гардагтай харьцуулахад ойролцоогоор дөрөв дахин бага байна.
Монголд “COVID-19”-ийн шинэ тохиолдлууд нэмэгдсээр байгаа нь цаашид нүүрсний худалдаанд асуудал дагуулж магадгүй гэж “Өсөх зоос” ХХК-ийн Ерөнхий захирал Ч.Чинбат мэдэгдээд байгаа аж.
У.УЯН













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Манайх шиг машинаар нүүрсээ зөөдөг улс байхгүй дээр бас нүүрсээ түүхийгээр нь гаргаж байхад яаж үнэд хүрэх билээ. Нүүрсээ эцсийн бүтээгдэхүүн болгоод төмөр замаа тавичахвал ч ашиг орлого арвин байх юм биш үү