"Нийгмийн даатгалын хөнгөлөлт, чөлөөлөлтийг ирэх долоо хоногоос хэрэгжүүлж эхэлнэ”

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг мэдээлэл хийлээ.
Тэрээр “Нийгмийн даатгалын шимтгэлийг дөрөвдүгээр сарын 1-нээс аравдугаар сарын нэгэн хүртэл чөлөөлөх, дөрөвдүгээр сарын 1-нээс долоодугаар сарын 1 хүртэл хувийн хэвшлийн ААН-үүдэд 200 мянган төгрөг олгохоор шийдвэрлэсэн. Үүнтэй холбоотой журмыг Засгийн газраас өнөөдөр хуралдаж,баталлаа. ТББ-ууд болон хувиараа хөдөлмөр эрхлэгчид хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамаарна. Төрийн болон орон нутгийн өмчит, төрийн оролцоотой ААН-үүд хамаарахгүй.
Ажилтан болон ажил олгогчийн НДШ-ийг зургаан сарын хугацаанд төлснөөр тооцож, бичилт хийнэ. УОК, Аймаг, ниймлэлийн онцгой комиссын шийдвэрээр үйл ажиллагаа нь зогссон, орлого 50 хувиар буурсан ААН-ийн ажилтнуудад 200 мянган төгрөг гурван сарын хугацаанд олгоно. Хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн НДШ-ийн хөнгөлөлт чөлөөлөлтийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 420 мянган төгрөгөөр тооцож, зургаан сараар хариуцан төлнө. Үүнээс дээш төлөх бол иргэн өөрөө хариуцаж, зөрүүг төлнө. Ирэх долоо хоногт НДЕГ Татварын ерөнхий газраас мэдээлэл авч, арга хэмжээг дөрөвдүгээр сард багтаан зохион байгуулна.
Хүүхдийн мөнгийг өчигдрөөс эхлэн 30 мянган төгрөг болгон олгож эхэлсэн. Гэтэл зарим иргэд хүүхдийн мөнгө нэмэгдэлгүй орсон гэж байна. Иргэд хүүхдийн мөнгөө сар бүр 20 мянган төгрөг хийж байхаар хадгаламж нээлгэсэн бол хадгаламжид 20 мянган төгрөг орж, үлдсэн нь хүүхдийн мөнгө олгодог дансанд орсон байгаа. Данс, хадгаламж хоёроо хамтатгаж харах нь зүйтэй” гэлээ.











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.