"Тавдугаар сарын 1-ний нислэгээр БНСУ-д оршин суудаг, түр хугацаагаар байгаа иргэдийг авчирна”

УОК-ын Шуурхай штабын хурлын үеэр Гадаад харилцааны яамны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг БНСУ-аас хийгдэх нислэгийн талаар мэдээлэл өглөө.
Тэрбээр "Америк, Австралиас эх орондоо ирэх хүсэлт гаргасан иргэдийн тоо нийлээд 3,000 гарсан. Сөүлээс дөрөвдүгээр сарын 30-ны өдөр хийх, зөвхөн транзит зорчигч авах нислэг нь Америк, Австрали зэрэг бусад улсаас ирэх гээд ирж чадахгүй байгаа иргэдэд боломж олгох үүднээс УОК-ын даргын шийдвэрээр хийхээр болсон нислэг гэдгийг хэлэхэд таатай байна.
Штаб дээр маш олон өргөдөл ирж байна. Бид өмнө нь зарласан ба шинэ бүртгэл Элчин сайдын яам дээр хийхгүй. Элчин сайдын яам өмнө нь ирсэн 9,000 гаруй өргөдлийг хүндэтгэн үзэх шалтгаанаар нь ангилж, нотлох баримтыг нэг бүрчлэн аваад, Шуурхай штаб дээр ирүүлсний дараа энд эцсийн шийдийг гаргана. Өөрөөр хэлбэл, ангилсны дараа баталгаажсан нэрсийг Шуурхай штаб дээр эцэслээд холбогдох элчин сайдын яамдад хүргүүлэх дарааллаар ажлууд хийгдэнэ.
БНСУ-аас тавдугаар сарын 1-нд хийгдэх нислэг нь зөвхөн БНСУ-д оршин суудаг, түр хугацаагаар байгаа иргэдэд боломж олгож байна. Мөн визний хугацаагаа хэтрүүлээд Солонгосын түр саатуулах байранд саатуулагдсан иргэдийг зайлшгүй авахаас өөр аргагүй байгаа.
Маргааш үдээс өмнө гэхэд Америк, Канадын чиглэлээр ирэх зорчигчдын жагсаалтыг Шуурхай штаб дээр хүлээж авахаар тогтсон. БНСУ-ын Инчеоны Олон улсын нисэх онгоцны буудал нь олон орноос нислэг үйлдэх боломжтой ба Америкийн чиглэлд агаарын зам нээлттэй байна. МИАТ компанийн шууд нислэг үйлддэг Инчеоны онгоцны буудал нь Ази, Хойд америк чиглэл дэх хамгийн том дамжин өнгөрөх буудал гэж үзэж байгаа учраас сонгосон” гэв.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.