Д.Эрдэнэбат: О.Баасанхүү манай намд элссэн тул АН-ын бүлэг байгуулагдана

УИХ дахь Ардчилсан намын зөвлөл өнөөдөр /2020.04.27/ хуралдаж, гаргасан шийдвэрийнхээ талаар мэдээлэл хийлээ.
Зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат: “Коронавирусийг далимдуулж хэрхэн ял шийтгэл оноох вэ гэж хэт хэлбийсэн хууль боллоо гэж бодож байна. Бидний өргөн барьсан хуулийн төслөөс 8-9 зүйл заалтыг хуулийн төсөлд оруулах нь зүйтэй гэж үзэж байна. Мөн Эрүүгийн хуульд оруулсан заалтыг давхардуулсан байна. Иргэдийн амьжиргаа доголдсон энэ үед хэт өндөр торгууль ногдуулж, хэн нэгэнд ял шийтгэл оноох нь буруу. Зөрчлийн тухай хуульд сануулах заалт оруулах нь зүйтэй. УИХ-ын гишүүн О.Баасанхүү өнгөрсөн долоо хоногт манай намд элссэн. Ингээд манай нам найман гишүүнтэй болсон тул УИХ-д бүлэг байгуулах хууль эрх зүйн орчны шаардлага хангалаа. Энэ долоо хоногт багтаж бид УИХ-ын даргад бүлэг байгуулах хүсэлтээ өргөн барина” гэлээ.
УИХ-ын гишүүн О.Баасанхүү: “Коронавирусээс болоод гадаадад байгаа иргэдийг хэрхэн татаж авах талаар МАН-ын бүлэг ажил хийж байна гэх боловч хууль хүн бүрт тэгш үйлчилж чадахгүй байна. БНСУ-д суугаа АСЯ-ны гадаа Монгол иргэд суулт зарласан. ОХУ, Турк, Австралид ийм байдал ч үүсэж байна. Оюутнуудын байдал маш хүнд байна. Өртөг өндөртэй газар зарим нь эд зүйлээ зараад нутагтаа ирэхийг зорьж байна. Элчин сайдын яамд ажлаа сайн хийгээч. Монголд зарагдаагүй маш олон барилга байшин, зочид буудал бий. Урсгал зардлыг нь шийдээд тэнд гадаадаас иргэдээ авчирч тусгаарлаач ээ. Австралид байгаа иргэд надад санал явуулсан. Чартер онгоц дээр заавал МИАТ гэлгүй бусад авиакомпаниудын онгоцыг түрээслэж татаж болно шүү дээ. Кореанайр л гэхэд бид онгоц гаргаад Монголын иргэдийг буцааж хүргэхэд асуудалгүй гэж хэлж байна шүү дээ хэмээн ярилаа.










АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.