"Түймэр унтраахад тусласан иргэддээ талархал илэрхийлье”
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан цаг үеийн асуудлаар ээлжит мэдээлэл хийлээ.
Тэрбээр "Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх чиглэлээр эргүүл хийж байгаа газруудад 25 зөрчил өнгөрсөн өдрүүдэд бүртгэгджээ. Айл өрхүүдэд гал түймрийн аюул осолд өртөх эрсдэл өндөр байна.
Тухайлбал, Эргүүлийн хугацаанд Сүхбаатар дүүргийн Өвөрсогоотын аманд 6 га газар, Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Яргайтын задгайд 1 га газар, Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо Жаргалантын аманд 2.5 га газар, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Соёмботой уулын 10 га газар, Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо Сүүл даваанд 6 га газарт гарсан ой хээрийн түймрийн дуудлага дээр нийт 265 алба хаагч цаг тухайд нь очиж ажилласан байна. Мөн өчигдөр Хан-Уул дүүргийн нутагт орших Зайсангийн аманд 2.5 га газар, Арцатын аманд 8 га газар гал түймэрт өртжээ. Галт түймрийн дуудлагаар нийт 86 алба хаагч очиж ажилласан.
Хаврын хуурайшилт ихтэй, гал түймрийн аюул учирч болзошгүй тухай иргэдэд байнга зөвлөж, уриалж байгаа ч харамсалтай нь зарим иргэд хувцас шатаах,санамсаргүй байдлаар гал тавих зэргээс шалтгаалан ой хээрийн түймэр дэгдэж, халдварт өвчинтэй тэмцэж байгаа энэ үед Онцгой байдлын алба хаагчдад ихээхэн ачаалал үүсгэж байна. Тиймээс иргэд сонор сэрэмжтэй байх шаардлагатай байна.
Энэ ташрамд хэлэхэд, өчигдөр Богд ууланд гарсан гал түймрийг унтраахад мотоциклын клуб иргэд оршин суугчид болоод залуус олон зуугаараа ирж алба хаагчдад тусалсан. Нийгмийн хариуцлагаа биелүүлж, эх оронч сэтгэлээр хандсан иргэддээ чин сэтгэлийн талархлаа илэрхийлье.
Барилга нь дуусаагүй байхад барилгыг хүлээн авдаг, тохижилт үйлчилгээ нь дуусаагүй байхад худалдсанаас болж иргэд хохирч байгаа талаар мэдээлэл өмнө нь өгсөн. Өнгөрсөн 7 хоногт хийсэн мэдээллийн дагуу иргэдээс 49 санал гомдлын дагуу 51 мэдээлэл ирсэн. Бид мэдээллийн дагуу дүүрэг, хороо, ААН-ийн чиглэл, улсын комиссийн бүрэлдэхүүнтэй нь шалгаж байна. Орон сууцны дундах нийтийн эзэмшлийн талбай, хүүхдийн талбайн асуудлыг шийдвэрлэж байна
Түүнчлэн нийслэлийн хэмжээнд 196,600 гаруй нүхэн жорлон бий. Дөрөвдүгээр сарын 1-нээс тавдугаар сарын 1-ний хооронд ил задгай 00-уудыг хадваргүйтгэх ажил дүүргүүдэд хийгдэж эхэлсэн. Нийтдээ бид 53.5 мянган метр квадрат талбайд ариутгал халдаргүйтгэлийн ажлыг хийж хэрэгжүүлнэ. ” гэдгийг хэлэв.
Б.УЧРАЛ











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.